Хэвлэх DOC Татаж авах

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны
549 дугаар тушаалын хавсралт

 
БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГАЧЛАЛ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
 
1.   Санхүүгийн тайлан, түүний зорилго, хариуцлага
 
1.   Санхүүгийн тайлан гэдэг нь банкны санхүүгийн байдал, гүйцэтгэсэн ажил гүйлгээг тодорхой бүтцээр илэрхийлэх санхүүгийн цэгцтэй ерөнхий мэдээлэл юм.
 
2.   Санхүүгийн тайлангийн зорилго нь хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь тухайн банкны санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч), гүйцэтгэл (орлого, үр дүн), мөнгөн гүйлгээний тухай мэдээллээр хангахад оршино.
 
3.   Банкны удирдлага өөрийн банкны бэлтгэн гаргасан санхүүгийн тайлангийн төлөө хариуцлага хүлээнэ.
 
2.   Санхүүгийн тайлан бэлтгэх үндэслэл ба зарчим
 
Банк санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараахь зарчмуудыг баримтална.
 
1.   Үнэн зөв толилуулга. Санхүүгийн тайланд банкны санхүүгийн байдал, санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг үнэн зөвөөр илэрхийлэх ёстой. НББОУС болон шаардлагатай гэж үзсэн нэмэлт тодруулгыг зохих ёсоор нь ашигласнаар санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлж чадна.
 
2.   Нягтлан бодох бүртгэлийн бодлого.       НББОУС болон Монгол улсад мөрдөж байгаа стандартад нийцүүлэн тухайн банкны удирдлага Нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тогтоож, ашиглах ёстой. НББ-ийн бодлого нь зохих шинж чанар бүхий мэдээллээр хангахуйц санхүүгийн тайланг бэлтгэх хэмжээнд боловсруулагдсан байна.
 
      Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь санхүүгийн тайлан гаргах, толилуулахад мөрддөг тухайн банкны баталсан тусгай зарчим, үндэслэл, дүрэм журам, болон практик үйл ажиллагаа юм.
 
3.   Тасралтгүй байх зарчим. Санхүүгийн тайланг бэлтгэхдээ удирдлага нь өөрийн банкны үйл ажиллагааг тасралтгүй зарчмаар үргэлжлэх чадварт үнэлгээ өгөх ёстой. Банкыг татан буулгах эсвэл үйл ажиллагаагаа зогсоохоор завдаагүй тохиолдолд удирдлага тасралтгүй байх зарчмыг үндэслэн санхүүгийн тайлангаа бэлтгэнэ.
 
4.   Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь. Банк нь мөнгөн гүйлгээний мэдээллээс бусад санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь дээр үндэслэн бэлтгэнэ.
 
5.   Илэрхийллийн тогтвортой байдал.         Банкны үндсэн үйл ажиллагааны мөн чанарт гарсан үлэмж хэмжээний өөрчлөлтөөс бусад тохиолдолд санхүүгийн тайлан дахь зүйлсийн илэрхийлэл ба ангиллыг нэг тайлант үеэс нөгөө тайлант үеийн хооронд өөрчлөхгүй байна.
 
6.   Материаллаг байдал ба нэгдэл.    Санхүүгийн тайланд материаллаг зүйлсийг тус бүрээр нь тусгайлан толилуулах ёстой. Материаллаг бус дүнг мөн чанар, үүргээрээ ижил төстэй бусад дүнтэй нэгтгэн толилуулна.                                                         
7.   Суутган тооцох. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын өөр нэг стандартаар шаардах буюу зөвшөөрөхөөс бусад тохиолдолд хөрөнгө ба өр төлбөрийг хооронд нь суутган тооцохгүй.
 
Орлого, зардлын зүйлсийг зөвхөн (1) НББОУС-аар үүнийг шаардсан буюу зөвшөөрсөн; (2) ижил буюу төстэй ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд бий болсон олз, гарз болон холбогдох бусад зардал нь материаллаг бус бол; нэгтгэх буюу суутган тооцож болно.
 
8.   Зэрэгцүүлэглэх зарчим.         НББОУС-д өөрөөр зөвшөөрч, шаардаагүй бол тухайн хугацааны санхүүгийн тайлан дахь бүх тоон мэдээлэл нь арга зүйн хувьд өмнөх ба ирээдүйн хугацааны тоо мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохион байгуулагдсан байх ёстой.
 
9.   Цаг хугацаандаа байх.           Санхүүгийн тайланг балансын дуусгавар болсон өдрөөс хойш хэрэглэгчдэд үр өгөөж, ач холбогдолтой байх үндэслэлтэй хугацааны дотор бэлтгэж, мэдээлэх ёстой. Банкны үйл ажиллагааны онцгой хүндрэлтэй байдал зэрэг нь санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тайлагнахгүй байх шалтгаан болж чадахгүй.
 
3.         Санхүүгийн тайлангийн бүтэц ба агуулга
 
1.   Санхүүгийн тайлангийн агуулга
     
Санхүүгийн тайлан, түүний бүрэлдэхүүн нэг бүр нь маш тодорхой бөгөөд түүнтэй адил байдлаар хэвлэгдсэн баримт, бусад мэдээллээс ялгагдахуйц байх ёстой. Учир нь НББОУС нь банкны жилийн тайлан болон бусад баримтад тусгагдсан аливаа мэдээлэлд биш гагцхүү санхүүгийн тайланд хэрэглэгддэг.
 
Дараахь мэдээллийг тод томруун үзүүлж, уг мэдээллийг үнэн зөв ойлгуулах шаардлага гарвал дахин тодруулна:
 
(а)       тайлагнаж байгаа банкны нэр буюу түүнтэй адилтгах бусад нэр;
 
(б)       санхүүгийн тайлан нь нэг байгууллага, эсвэл хэд хэдэн байгууллагыг хамарч байгаа эсэх;
 
(в)       санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэгт тохирох балансын дуусгавар өдөр буюу санхүүгийн тайлангийн хамрах хугацаа;
 
(г)        тайлагнах мөнгөн нэгж;
 
(д)       санхүүгийн тайлан дахь тоон үзүүлэлтүүдэд ашигласан үнэн зөв байдлын түвшин.    
 
Ихэвчлэн санхүүгийн тайлангийн хуудасны дээд талд зохих шаардлагын дагуу толгой хийж өгдөг.
 
      Тайлагнаж байгаа мөнгөний нэгжийг мянга, саяар авсан эсэх мэдээллийг тусгасанаар санхүүгийн тайлангууд илүү ойлгомжтой болно.
 
 
2.         Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд
 
      Санхүүгийн тайлан нь доорхи бүрэлдхүүн хэсэгтэй байна.
 
(а)             баланс;         
(б)             орлогын тайлан;
(в)             өмчийн өөрчлөлтийн тайлан:
(г) мөнгөн гүйлгээний тайлан;
(д) санхүүгийн тайлангийн тайлбар, тэмдэглэл, нягтлан бодох бүртгэлийн бодлогын нэмэлт тодруулга
 
Санхүүгийн тайлангаас гадна тухайн банкны санхүүгийн гол онцлог шинж, санхүүгийн байдал, тодорхой бус байдал зэргийг тайлбарласан удирдлагын тойм тайлбарыг толилуулж болно.
 
3.   Тайлагнах хугацаа
 
Санхүүгийн тайланг жилд нэгээс доошгүй удаа бэлтгэн гаргах ёстой. Санхүүгийн тайлангийн жил нь 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
 
Зарим онцгой тохиолдолд банкны балансын дуусгавар болох өдөр, санхүүгийн тайлангийн хамрах хугацаа өөрчлөгдөх бол банкны зүгээс санхүүгийн тайланд нэмж тодруулна. 
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ. БАЛАНС
 
1.   Ерөнхий зүйл
 
            Банкны санхүүгийн байдлыг тодорхой нэг хугацаагаар тасалбар болгон харуулдаг тайлан нь баланс юм.
 
       Санхүүгийн байдлыг хэмжихтэй холбогдох элементүүд нь хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч юм.
 
(а) Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд ирээдүйд эдийн засгийн өгөөж авчрах банкны хяналтанд байгаа нөөц баялаг юм.
 
            Ирээдүйн эдийн засгийн өгөөж банкинд орох магадлалтай бөгөөд найдвартай хэмжиж болох өртөг буюу үнэ цэнэтэй хөрөнгийг балансад хүлээн зөвшөөрнө. Харин зарлага гарсан боловч эдийн засгийн өгөөж ирээдүйд орох магадлалгүй бол хөрөнгө биш зардал байдлаар хүлээн зөвшөөрнө.
 
(б) Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон бөгөөд түүний барагдуулалтаар эдийн засгийн өгөөж бүхий нөөц гадагшлахад хүргэх банкны бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.
 
            Үүргийг барагдуулснаар эдийн засгийн өгөөж бүхий нөөц гадагш гарах магадлалтай бөгөөд үр дүнг найдвартай хэмжиж болох тохиолдолд өр төлбөрийг балансад хүлээн зөвшөөрнө.
 
(в) Өмч буюу хуримтлагдсан үр дүн гэдэг нь банкны хөрөнгөөс өр төлбөрийг хассаны дараа үлдэх зүйлс юм.
 
            Банк нь балансдаа хөрөнгө ба өр төлбөрийг хөрвөх чадварын дарааллаар нь жагсаан толилуулна.
           
            Банкны хөрөнгө ба өр төлбөрийн ангиллын хамгийн үр ашигтай арга бол уг зүйлсийн мөн чанараар нь болон хөрвөх чадвараар нь бүлэглэх буюу төлөгдөх хугацаатай нь уялдуулан жагсаах явдал юм. Харин богино болон урт хугацааны зүйл ангиудыг тусгайлан тайлагнадаггүй бөгөөд учир нь банкны хөрөнгө ба өглөгийн ихэнх нь ойрын ирээдүйд зарцуулагдах эсвэл төлбөрт зориулагдахад оршдог.
 
            Хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийг балансад зохих үнэлгээгээр нийт дүнгээр үзүүлнэ. Хөрөнгө ба өглөгийн дүнг суутган тооцсон, эсвэл ингэж тооцохыг хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд балансад тусгасан аливаа хөрөнгө ба өглөгийн дүнг нэгийг нь нөгөөгийнхөөс хасаж тооцдоггүй.
 
            Балансыг (СТ-1) загварын дагуу бэлтгэнэ. Балансын 1, 3 дугаар баганад хэсгийн дүн, 2, 4 дүгээр баганад бүлгийн дүнг бичнэ. Үлдэгдлийг хооронд нь зэрэгцүүлэх шаардлагагүй сар, улирлын баланс нь хоёр баганатай байж болох ба жилийн эцсийн санхүүгийн тайланг заавал зэрэгцүүлж тайлагнана.
 
Балансын зүйл ангийг тайлант жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны бус санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.
 
2.   Балансын элемэнт, зүйлийг тусгах нь
 
1.Хөрөнгө
 
1.1       Мөнгө хөрөнгө
 
Хамрагдах зүйлс:
 
Кассд байгаа үндэсний ба гадаад валютын мөгнөн тэмдэгт, зоос, гадаад валютын чек, Монголбанкинд байршуулсан төгрөг валютын харилцах, хадгаламжийн данс, бусад дотоод, гадаадын банкинд байршуулсан төгрөг, валютын харилцах, хадгаламжийн данс, үнэт металл, мөнгөтэй адилтгах бусад зүйлс орно.
    
Дэд ангилал;
 
-Касс дахь бэлэн мөнгө
-Монголбанкинд байршуулсан хөрөнгө
-Дотоод, гадаадын банк , санхүүгийн байгууллагад хөрөнгө
            -Үнэт металл
 
   Үнэлгээ;
 
         Үндэсний валютыг нэрлэсэн үнээр, гадаад валютыг балансын дуусгавар болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар төгрөгт хөрвүүлж, үнэт металлыг худалдан авсан үнээр балансад тусгана.
 
   Балансад тусгах;
 
            Мөнгөн хөрөнгийг балансын хөрөнгө талд эхний зүйл болгон тусгана.
 
1.2       Богино хугацаат хөрөнгө оруулалт
 
Хамрагдах зүйлс:
 
         Худалдан авсан Монголбанк, Засгийн газрын үнэт цаас, бусад арилжааны болон богино хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаас орно.
 
Дэд ангилал;
 
-Арилжааны үнэт цаас
-Богино хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаас
  
   Үнэлгээ;
 
         Өртөг, зах зээлийн үнийн аль багаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл богино хугацаат хөрөнгө оруулалтын өртгөөс үнэлгээний хасагдуулгыг хассан цэвэр үнэ цэнээр илэрхийлнэ.
 
   Балансад тусгах;
 
         Богино хугацаат хөрөнгө оруулалтыг балансын хөрөнгө талд 2 дахь зүйл болгон тусгана.
 
1.3       Зээл
 
         Банкны зээлийн шинж чанарыг агуулж буй байгууллага, иргэд болон бусад банк, санхүүгийн байгууллагаас авах авлагыг тусад нь балансын хөрөнгө талын 3 дахь зүйл болгон тусгана.
 
   Дэд ангилал;
 
   Зээлийг зохих заавар, журмын дагуу чанараар нь ангилж харуулна.        
 
   Үнэлгээ;
 
         Зээлийг өнөөгийн цэвэр боломжит үнэ цэнээр буюу зээлийн үлдэгдлээс зээлийн эрсдлийн санг хассан дүнгээр илэрхийлнэ. 
 
1.4       Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
 
         Зээлдэгчдээс зээлийн төлбөрт авсан, цаашид худалдан борлуулах зориулалттай хөрөнгийг балансын хөрөнгө талын 4 дэхь зүйл болгон тусад нь харуулна.
 
      Үнэлгээ;
 
         Өртөг, зах зээлийн үнийн аль багаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үнээс үнэлгээний хасагдуулгыг хассан цэвэр дүнгээр балансад тусгана.
 
1.5       Бусад хөрөнгө
 
         Банкны үйл ажиллагааны хувьд туслах чанарын бөгөөд нийт хөрөнгийн дүнд бага хувь хэмжээтэй хөрөнгүүд болох  зээлээс бусад тооцооны авлага, материал, үнэ бүхий зүйлс, хуримтлуулж бүртгэсэн хүүгийн авлага, банкны дотоод ажил гүйлгээгээр гарах тооцооны авлага, урьдчилгааг  хөрөнгө талын балансын 5 дахь зүйл болгон тусгана.
 
         Эдгээр хөрөнгө нь ихэвчлэн богино хугацаат хөрөнгө байдаг.
 
   Дэд ангилал;
 
      -     хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
      -     авлага
      -     материал
      -     Урьдчилж төлсөн зардал
      -     Урьдчилж төлсөн тооцоо
 
   Үнэлгээ;
 
         Авлагыг төлөгдөх боломжит хэмжээгээр буюу авлагын үлдэгдлээс найдваргүй авлагын санг хассан цэвэр үнэ цэнээр илэрхийлнэ.
 
         Урьдчилж төлсөн зардал, тооцоог төлсөн дүнгээр, материал, үнэ бүхий зүйлийг өртгөөр нь, хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг хуримтлуулсан дүнгээр тус тус илэрхийлнэ.
 
 
1.6       Үндсэн хөрөнгө
 
Хамрагдах зүйлс;
 
         Банкны үйл ажиллагаа, удирдлагын зорилгоор ашиглаж буй газар, барилга байгууламж, компьютер, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслэл,  эд хогшил зэрэг орно.
 
Дэд ангилал;
 
         НББОУС 16-д (35-р зүйл) заасны дагуу хөрөнгийн шинж чанар, төрлөөр нь ангилж харуулна.
 
Үнэлгээ;
 
         Үндсэн хөрөнгийг үлдэгдэл өртгөөр нь балансад тусгана. Өөрөөр хэлбэл анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүнгээр илэрхийлнэ.
 
Балансад тусгах;
 
            Үндсэн хөрөнгийг хөрөнгө талын 6 дахь зүйл болгон балансад тусгана.
 
1.7       Биет бус хөрөнгө
 
   Хамрагдах зүйлс;
 
         Нэгээс дээш жилийн хугацаанд ашиглах банкны үйл ажиллагаа, удирдлагын зориулалттай ашиглаж буй биет шинж чанаргүй дараахь хөрөнгүүд орно. Үүнд: патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэг, программ хангамж, зохион байгуулалтын зардал зэрэг болно.
 
Дэд ангилал;
 
         Биет бус хөрөнгийн ижил төстэй шинж чанар болон нэр төрлөөр нь ангилж харуулна.
 
Үнэлгээ;
 
         Биет бус хөрөнгийг үлдэгдэл өртгөөр нь буюу анхны өртгөөс элэгдүүлэлтийг хассан дүнгээр илэрхийлнэ.
 
 
Балансад тусгах;
 
         Биет бус хөрөнгийг хөрөнгийн  сүүлийн зүйл болгон балансад тусгана.
 
1.8       Урт хугацаат хөрөнгө оруулалт
 
Хамрагдах зүйлс;
 
         Нэгээс дээш жилийн хугацаатай өмчийн үнэт цаас, бусад бизнесийн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалт, бонд, барьцаалал, өрийн бичиг, нэгдсэн компанид оруулсан хөрөнгө оруулалт,  хувь оролцоо зэрэг орно.  
 
Дэд ангилал;
 
         Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ижил төстэй шинж чанар болон үнэт цаас, хөрөнгө оруулалтын нэр төрлөөр нь ангилж харуулна.
 
Үнэлгээ;
 
         Урт хугацаат хөрөнгө оруулалтыг худалдаж авсан үнэ, олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэр буюу өртгөөр нь илэрхийлнэ.
 
Балансад тусгах;
 
         Урт хугацаат хөрөнгө оруулалтыг балансын хөрөнгө талд хамгийн сүүлийн зүйл болгон тусгана.
 
2.      Өр төлбөр
 
2.1       Харилцах данс
 
Хамрагдах зүйлс;
 
         Байгууллага, иргэдээс банкинд төлбөр тооцооны зориулалтай байршуулсан бөгөөд ямар нэг хязгаарлалтгүй эх үүсвэр хамрагдана.
 
Үнэлгээ;
 
         Харилцах данс хэлбэрээр татсан эх үүсвэрийг өнөөгийн үнэ цэнэ буюу нэрлэсэн үнээр тайлагнана. Гадаад валютын харилцах дансны үлдэгдлийг балансын дуусгавар болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар төгрөгт хөрвүүлж илэрхийлнэ. 
 
Балансад тусгах;
 
         Харилцах дансдыг балансын өр төлбөрт талд эхний зүйл болгон тусгана.
 
2.2       Хадгаламж
 
   Хамрагдах зүйлс;
 
         Байгууллага, иргэдээс банкинд хүү болон бусад нөхцөлтэй гэрээгээр байршуулсан эх үүсвэр хамрагдана.
 
Дэд ангилал;
 
Хадгаламжийг хугацаатай, хугацаагүйгээр ангилж харуулна.
 
Үнэлгээ;
 
         Хадгаламж хэлбэрээр татсан эх үүсвэрийг өнөөгийн үнэ цэнэ буюу нэрлэсэн үнээр тайлагнана. Гадаад валютын хадгаламжийн дансны үлдэгдлийг балансын дуусгавар болсон өдрийн Монголбанкнаас зарласан  ханшаар төгрөгт хөрвүүлж илэрхийлнэ. 
 
Балансад тусгах;
 
         Хадгаламжийн дансдыг балансын өр төлбөрт талд 2 дахь зүйл болгон тусгана.
 
2.3       Банк, санхүүгийн байгууллагаас татсан  эх үүсвэр
 
Хамрагдах зүйл;
 
         Монгол банк бусад банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, бусад банк, санхүүгийн байгууллагаас тухайн банкинд байршуулсан харилцах, хадгаламжийн данс, банк санхүүгийн байгууллагаас татсан бусад эх үүсвэр хамрагдана.
 
Дэд ангилал;
 
         Эх үүсвэрийн төрлөөр нь ангилж харуулна.
 
                     -           Авсан зээл
                     -           Харилцах
                     -           Хадгаламж
                     -           Бусад эх үүсвэр гэх мэт
 
Үнэлгээ;
 
         Бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэрийг өнөөгийн үнэ цэнэ буюу нэрлэсэн үнээр илэрхийлнэ.
 
Балансад тусгах;
 
         Бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан  эх үүсвэрийг балансын өр төлбөр талд 4 дахь зүйл болгон тусгана.
 
2.4       Бусад  эх үүсвэр
 
   Хамрагдах зүйлс;
 
         Харилцагчид, банкнаас бусад зээлдүүлэгчдээс тодорхой зориулалт, нөхцөлтэй байршуулсан эх үүсвэр болон төлбөр тооцооны бусад хэрэгсдлийн эх үүсвэр болгон ашиглахаар байршуулсан зээлдүүлэгч, хандивлагчдаас авсан эх үүсвэр, зээл баталгаа, батлан даалтын барьцаа, аккредитивын эх үүсвэр, төлбөр тооцооны хэрэгслүүдийн эх үүсвэр орно. 
 
Дэд ангилал;
 
         Эдгээр эх үүсвэрийг эх үүсвэр, өр төлбөрийн төрлөөр нь ангилж харуулна.
 
Үнэлгээ;
 
         Банк бус нэгжээс татсан бусад эх үүсвэрийг өнөөгийн үнэ цэнэ буюу нэрлэсэн үнээр илэрхийлнэ.
 
Балансад тусгах;
 
         Банк бус нэгжээс татсан бусад эх үүсвэрийг балансын өр төлбөр талд 3 дахь зүйл болгон тусгана.
2.5       Бусад өр төлбөр
 
Хамрагдах зүйлс;
 
         Банкны үйл ажиллагааны хувьд туслах чанарын бөгөөд нийт өр төлбөрийн дүнд бага хувь хэмжээтэй өр төлбөр болох хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг, банкны дотоод ажил гүйлгээгээр гарах тооцооны өглөг, ажилчидтай хийх тооцоогоорхи өглөг, урьдчилж орсон орлого, татвар шимтгэл, ногдол ашгийн өглөг зэрэг хамрагдана..
 
Дэд ангилал;
 
Өр төлбөрийн төрлөөр нь ангилж:
 
·        Хуримтлуулж бүртгэсэн хүүгийн өглөг
·        Өглөг
·        НДШ, ЭМДШ-ийн өглөг
·        Татварын өглөг
·        Ногдол ашгийн өглөг
·        Бусад өглөг; гэх мэт.
 
Үнэлгээ;
 
         Бусад өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр нь илэрхийлнэ.
 
   Балансад тусгах;
 
         Бусад өр төлбөрийг балансын өр төлбөр талын сүүлийн зүйл болгон тусгана.
 
3.         Эзэмшигчдийн өмч
 
3.1       Хувьцаат капитал
 
   Хамрагдах зүйлс;
 
         Банкны хувь нийлүүлэгчдээс оруулсан хөрөнгө болох энгийн болон давуу эрхтэй хувьцаа орно.
 
   Дэд ангилал;
 
·        энгийн хувьцаа
·        давуу эрхтэй хувьцаа
·        халаасны хувьцаа
   Үнэлгээ;
  
         Эргэлтэнд байгаа энгийн болон давуу эрхтэй хувьцааны нэрлэсэн буюу тогтоосон үнээр илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл энгийн хувьцаа, давуу эрхтэй хувьцааны нийт дүнгээс халаасны хувьцааны нэрлэсэн үнийг хассан дүнгээр илэрхийлнэ.
 
   Балансад тусгах;
 
            Хувьцаат капиталыг балансын эзэмшигчдийн өмчийн эхэнд тусгана.
 
3.2       Нэмж төлөгдсөн капитал
 
         Хувьцааны борлуулсан үнэ нэрлэсэн үнээс илүү гарсан бол зөрүүг тусгах ба халаасын хувьцааг нэрлэсэн үнээс илүү үнээр худалдаж авсан нөхцөлд энэ зөрүүгээр багасгаж илэрхийлнэ.
 
3.3       Хуримтлагдсан ашиг
 
   Хамрагдах зүйлс;
 
         Банкны үйл ажиллагааны үр дүнгээс  бий болсон өмчийн цэвэр өсөлт болох өмнөх ба тайлант үеийн хуримтлагдсан ашиг, хуримтлагдсан ашгаас тусгай зориулалтаар тусгаарласан сан, нөөц хамрагдана.
 
   Дэд ангилал;
 
·        тайлант үеийн хуримтлагдсан ашиг
·        өмнөх үеийн хуримтлагдсан ашиг
·        тусгай зориулалтын сангууд.
 
   Балансад тусгах;
 
         Хуримтлагдсан ашгийн дансдыг балансын өмчийн хэсэгт хамгийн сүүлд тусгана.
 
3.4       Дахин үнэлгээний нэмэгдэл
 
         Үндсэн хөрөнгийг дахин үнэлгээгээр нэмэгдсэн өртгийн  зөрүүг  өмчийн энэ хэсэгт тусгана. Дахин үнэлгээ бүрэн хэрэгжсэн нөхцөлд хуримтлагдсан ашигт нэмэгдэнэ.
 
3.5       Хандивын капитал
 
Хандив, урамшуулал зэргийг энэ хэсэгт нэрлэсэн үнэ болон зах зээлийн үнээр тусгана.
 
3.6       Урт хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга
 
         Урт хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаасны өртөг, зах зээлийн үнийн зөрүүг тусгана.
 
 
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
 
1.   Ерөнхий зүйл
 
            Орлого, үр дүнгийн тайлан нь банкны тодорхой хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмждэг тайлан юм. Үйл ажиллагааны үр дүнг хэмжихтэй холбогдох элемэнтүүд нь орлого, зардал юм.
 
(а) Орлого гэдэг нь тайлант хугацаан дахь хөрөнгийн нэмэгдэлт буюу өр төлбөрийн бууралт хэлбэрээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхийг хэлнэ.
 
            Хөрөнгийн өсөлт буюу өр төлбөрийн бууралттай холбоотойгоор ирээдүйн эдийн засгийн өгөөжийн өсөлт гарсан ба найдвартайгаар хэмжиж болох тохиолдолд орлого үр дүнгийн тайланд орлогыг хүлээн зөвшөөрнө.
 
(б)  Зардал гэдэг нь тайлант хугаццан дахь хөрөнгийн бууралт буюу өр төлбөрийн нэмэгдэлт хэлбэрээр эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ.
Хөрөнгийн бууралт буюу өр төлбөрийн өсөлттэй холбоотойгоор ирээдүйн эдийн засгийн өгөөжийн бууралт гарсан ба найдвартайгаар хэмжиж болох тохиолдолд орлого үр дүнгийн тайланд зардлыг хүлээн зөвшөөрнө.
 
            Зардлыг тухайн зүйлсийн орлоготой шууд хамааралтай сууриар орлого үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрдөг. Энэ нь нэг зүйл буюу ажил гүйлгээний орлого, зардлыг нэгэн зэрэг хамтад нь тайлагнаснаар үр дүнг гаргахад чиглэгдэх ба үүнийг орлого, зардлыг уялдуулах зарчим гэнэ.
 
            Энэхүү зарчимд үндэслэн нэг тайлант үеэс илүү хугацаанд эдийн засгийн өгөөжөө өгөх зүйлсийн хувьд орлогын хүлээн зөвшөөрөлттэй холбоотойгоор системчилсэн буюу ул үндэслээлтэй хувиарлах сууриар зардлыг орлогын тайланд хүлээн зөвшөөрдөг. 
 
            Суутган тооцсон хөрөнгө болон өглөгт хамаарахаас бусад орлого ба зардлын зүйл ангийг өөр хооронд нь суутган тооцож (нэгийг нь нөгөөгөөс хасаж) болохгүй.
 
            Орлогын тайланг (СТ-2) загварын дагуу бэлтгэнэ.Орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг дүнгээр үзүүлэх ба орлого, зардлын бус шинжтэй зүйлийг орлогын тайланд тусгахгүй.
 
            Банк орлого, зардлыг үндсэн төрлөөр ангилан орлого, үр дүнгийн тайлан гаргаж, тодруулга хийнэ.
 
            Орлогын тайланд ашиг, алдагдлыг нийт ашиг (алдагдал), үйл ажиллагааны ашиг (алдагдал), ердийн үйл ажиллагааны ашиг (алдагдал), татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал), цэвэр ашиг (алдагдал) гэж үзүүлнэ.
 
2. Орлого үр дүнгийн тайлангийн элемэнт, үзүүлэлтийг тайланд тусгах нь
 
       Банк нь НББОУС бусад стандартуудын шаардлагыг хангах үүднээс орлого, үр дүнгийн тайлангийн доор дурдсан орлого ба зардлын үзүүлэлтийг, гэхдээ зөвхөн эдгээр ангиллаар хязгаарлахгүйгээр оруулбал зохино. Үүнд:
 
-Хүү ба түүнтэй адилтгах орлого;
-Хүүгийн зардал ба түүнтэй адилтгах зардал;
-Үйлчилгээний шимтгэл, хураамжийн орлого;
-Арилжааны үнэт цааснаас үүссэн, алдагдлыг хасч тооцсон ашиг;
-Хөрөнгө оруулалтын үнэт цааснаас үүссэн, алдагдлыг хасч тооцсон ашиг;
-Гадаад валютын арилжаанаас үүссэн, алдагдлыг хасч тооцсон ашиг;
-Үйл ажиллагааны бусад орлого;
-Зээл ба урьдчилгаанаас үүссэн алдагдал;
-Ерөнхий удирдлагын зардал;
-Үйл ажиллагааны бусад зардал;
-Үндсэн бус үйл ажиллагааны орлого;
-Үндсэн бус үйл ажиллагааны зардал;
-Онцгой шинжтэй зүйлс;
-Татварын зардал;
-Тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал
 
1. Цэвэр хүүгийн орлого
1.1       Хүүгийн орлого
Хамрагдах зүйлс:
 
            Банкны үйл ажиллагаанаас буй болох орлогын үндсэн төрөлд хүүгийн орлого орох ба үүнд зээлийн хүү болон санхүүгийн зах зээлд хөрөнгө байршуулснаас орох бусад хүү түүнтэй адилтгах орлого хамрагдана.
 
Үзүүлэлтүүдийн ангилал;
 
            Хүүгийн орлогыг бүтээгдхүүн үйлчилгээний нэр төрлөөр нь ангилж тайланд тусган, тодруулга хийнэ.
Үнэлгээ;
 
            Банк хүүгийн орлогыг аккруэл сууриар хүлээн зөвшөөрч илэрхийлнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах;
  
            Хүүгийн орлогыг орлого үр дүнгийн эхний зүйл болгож буцаасан хүүгийн орлогын дүнгээр цэвэршүүлж тусгана.
 
1.2       Хүүгийн зардал
 
Хамрагдах зүйлс:
 
   Банкны үйл ажиллагаанаас буй болох зардлын үндсэн төрөлд хүүгийн зардал орох ба үүнд харилцах хадгаламжид төлсөн хүү болон санхүүгийн зах зээлээс авч байршуулсан бусад эх үүсвэрт төлөх хүүгийн болон түүнтэй адилтгах зардал хамрагдана.
 
Үзүүлэлтүүдийн ангилал;
 
            Хүүгийн зардлыг түүний төлж байгаа эх үүсвэрийн төрлөөр нь ангилж тайланд тусган, тодруулга хийнэ.
 
Үнэлгээ;
 
            Банк хүүгийн зардлыг аккруэл сууриар хүлээн зөвшөөрч илэрхийлнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах;
  
            Хүүгийн зардлыг орлого үр дүнгийн 2 дахь зүйл болгож буцаасан хүүгийн зардлын дүнгээр цэвэршүүлж тусгана.
 
1.3       Цэвэр хүүгийн орлого
Хүүгийн орлогоос хүүгийн зардлыг хассан дүнгээр цэвэр хүүгийн орлого тодорхойлогдоно. Цэвэр хүүгийн орлого нь хүүгийн түвшин, зээлдүүлсэн ба зээлсэн дүн хоёрын аль алиных нь үр дүн мөн. Тухайн үеийн хүүгийн дундаж түвшин, ашгаар олсон хөрөнгийн дундаж хүү, өглөгт агуулагдаж буй дундаж хүү эдгээрийг тайлбарласан байх нь санхүүгийн тайлангийн хэрэглэгч болон банкны удирдлагад чухал ач тустай.
 
2. Үндсэн үйл ажиллагааны үр дүн
2.1  Хүүгийн бус, үйл ажиллагааны бусад орлого
 
Хамрагдах зүйлс;
 
            Банкны үйл ажиллагаанаас орох орлогын үндсэн төрөлд орох боловч хүүгийн орлогод хамрагдаагүй үйлчилгээний хөлс ба комиссын хураамж, зуучлах үйлчилгээ болон арилжааны орлого орно.
 
Ангилал;
 
            Хүүгийн бус үндсэн үйл ажиллагааны бусад орлогыг орлогын нэр төрлөөр ангилж тайланд тусган, тодруулга хийнэ. Тухайлбал:
 
-Арилжааны ба хөрөнгө оруулалтын үнэт цааснаас үүссэн, алдагдлыг хасч тооцсон ашиг;
-Гадаад валютын арилжаанаас үүссэн, алдагдлыг хасч тооцсон ашиг;
-Үнэт металлын арилжаанаас үүссэн, алдаглыг хасч тооцсон ашиг;
-Үйл ажиллагааны бусад орлого;
 
Үнэлгээ;
 
            Үндсэн үйл ажиллагааны бусад орлогыг аккруэль сууриар болон орсон дүнгээр  нь илэрхийнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах;
 
            Үндсэн үйл ажиллагааны бусад орлогыг орлого үр дүнгийн тайлангийн 3 дахь зүйл болгон тусгана.
 
2.2  Хүүгийн бус, үйл ажиллагааны бусад зардал
 
Хамрагдах зүйлс;
 
            Банкны үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан боловч хүүгийн зардалд хамрагдаагүй бусад зардлуудыг энэ хэсэгт үзүүлнэ. Эдгээр зардлыг мөн үйл ажиллагааны зардал гэж нэрлэдэг. Зарим үйл ажиллагааны зардлыг түүнтэй адилтгах орлогод суутган тооцож илэрхийлдэг. Тухайлбал:
 
-Арилжааны ба хөрөнгө оруулалтын үнэт цааснаас үүссэн, алдагдал;
            -Гадаад валютын арилжаанаас алдагдал;
 
Ангилал;
 
Үндсэн үйл ажиллагааны бусад зардлыг зардлын  нэр төрлөөр ангилж тайланд тусган, тодруулга хийнэ. Тухайлбал:
 
-Үнэт цаасны арилжааны алдагдал
-Гадаад валютын арилжааны алдагдал
-Үйл ажиллагааны бусад зардал;
Үнэлгээ;
 
            Үндсэн үйл ажиллагааны бусад зардлыг аккруэль сууриар болон орсон дүнгээр  нь илэрхийнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах;
 
            Үндсэн үйл ажиллагааны бусад зардлыг орлого үр дүнгийн тайлангийн 4 дахь зүйл болгон тусгана.
 
2.3  Болзошгүй эрсдлийн сан ба үнэлгээний хасагдуулгын зардал
 
Банк нь санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн болон хүлээн зөвшөөрөгдөөгүй санхүүгийн хэрэглүүрүүдийн ангилал тус бүрийн хувьд эрсдэлд өртөлтийг хамгийн сайнаар илэрхийлж тусгах ёстой.
 
            Санхүүгийн ажил гүйлгээ нь доорхи хэд хэдэн эрсдлийг банк хүлээн авах буюу бусад талд шилжүүлэх үр дүнтэй байж болно.
 
Үүнд: (а) Үнийн эрсдэл-дотроо валютын эрсдэл, хүүгийн түвшний эрсдэл, зах зээлийн эрсдэл гэсэн 3 төрлийн эрсдэл байна.
 
i)                    валютын эрсдэл гэдэг нь гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран санхүүгийн хэрэглүүрүүдийн үнэ цэнэ хэлбэлзэх эрсдэл;
ii)                  хүүгийн түвшний эрсдэл гэдэг нь зах зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтөөс хамааран санхүүгийн хэрэглүүрүүдийн үнэ цэнэ хэлбэлзэх эрсдэл;
iii)                зах зээлийн эрсдэл гэдэг нь зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамаарч санхүүгийн хэрэглүүрүүдийн үнэ цэнэ хэлбэлзэх эрсдэл;
 
(б) Зээл, авлагын эрсдэл-санхүүгийн хэрэглүүрүүдийн нэг тал үүргээ үл биелүүдж, нөгөө талаа санхүүгийн алдагдалд ороход хүргэх эрсдэл;
 
(в) Төлбөрийн чадварын эрсдэл- санхүүгийн хэрэглүүртэй холбогдох үүрэг хариуцлагаа биелүүлэхэд шаардлагатай мөнгөн сангаа бий болгоход хүндрэлтэй тулгарах эрсдэл,
 
(г) Мөнгөн гүйлгээний эрсдэл- мөнгөн зүйлсийн санхүүгийн хэрэглүүртэй холбогдох ирээдүйн мөнгөн гүйлгээ нь дүнгийн хувьд хэлбэлзэх эрсдэл.
 
            Банк дээрх эрсдлүүдийг зохих түвшинд хянасны үндсэн зарим нөөц, сангуудыг тооцож бүртгэдэг ба энэ нь цэвэр ашгийг хорогдуулдаг.
 
            Банк эрсдлийн зардал, үнэлгээний хасагдуулгыг эрсдлийн төрлөөр нь ангилж орлого үр дүнгийн тайланд тусгана.
 
Үнэлгээ;
 
            Эрсдлийн санг үүсч болох эрсдлийн хэмжээгээр, үнэлгээний хасагдуулгыг тухайн санхүүгийн хэрэглүүрийн бүртгэлийн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээр хэмжиж санхүүгийн тайланд илэрхийлнэ.
 
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах;
 
            Эрсдлийн сан, үнэлгээний хасагдуулгыг орлого үр дүнгийн тайлангийн 5 дахь зүйл болгон тусгана.
 
2.4  Үйл ажиллагааны ашиг
 
Цэвэр хүүгийн орлого дээр үндсэн үйл ажиллагааны бусад орлогыг нэмж, үйл ажиллагааны бусад зардал болон эрсдлийн зардлыг хасч тооцсон дүнгээр банкны үйл ажиллагааны ашгийг тодорхойлно.
 
3.Үндсэн бус үйл ажиллагааны үр дүн
 
3.1 Үндсэн бус үйл ажиллагааны орлого
 
Хамрагдах зүйлс;
 
            Орлогын тайлангийн энэ хэсэгт банкны туслах ажиллагаанаас олсон орлого, болох ногдол ашгийн орлого, үйл ажиллагааны түрээсийн орлого, үндсэн хөрөнгө борлуулсны олз, гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого, найдваргүй авлага болон данснаас хасагдсан авлага төлөгдсөн зэрэг орлогууд хамаарна.
 
Ангилал:
 
            Орлогын нэр төрлөөр ангилж орлого үр дүнгийн тайланд тусган, тодруулга хийнэ.
 
Үнэлгээ:
 
            Үндсэн бус үйл ажиллагааны орлогыг .аккруэл сууриар болон орсон дүнгээр нь илэрхийлнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах:
 
            Үндсэн бус үйл ажиллагааны орлогыг орлого үр дүнгийн тайлангийн 6 дахь зүйл болгон тусгана.
 
3.2 Үндсэн бус үйл ажиллагааны зардал
 
Хамрагдах зүйлс;
 
            Банкны үндсэн бус үйл ажиллагааны зардал болох хөрөнгө данснаас хассаны гарз, гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдагдал, бусдад өгсөн хандив, зэрэг зардлууд хамаарна.
 
Ангилал:
 
            Үндсэн бус үйл ажиллагааны зардлыг зардлын нэр төрлөөр ангилж орлого үр дүнгийн тайланд тусган, тодруулга хийнэ.
 
Үнэлгээ:
 
            Үндсэн бус үйл ажиллагааны зардлыг .аккруэл сууриар болон зардал гарсан дүнгээр нь илэрхийлнэ.
 
Орлого үр дүнгийн тайланд тусгах:
 
            Үндсэн бус үйл ажиллагааны зардлыг орлого үр дүнгийн тайлангийн 7 дахь зүйл болгон тусгана.
 
3.3 Ердийн ажиллагааны ашиг
 
            Үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал) дээр үндсэн бус үйл ажиллагааны орлогыг нэмж, зардлыг хасаж ердийн ажиллагааны ашиг (алдагдлыг)-ыг тооцно.
 
4.   Онцгой шинжтэй зүйлс
 
Онцгой шинжтэй орлогод дараах орлогууд хамаарагдана.
-     Худалдсан хөрөнгө оруулалтын орлого
-     Хасагдсан найдваргүй авлагыг олж авсан орлого
-     Бонд төлөх үеийн ашиг
-     Өр төлбөрийг хугацаанаас өмнө барагдуулсаны олз
-     Зогсоосон үйл ажиллагааг сэргээснээс олсон орлого
 
Онцгой шинжтэй зардалд дараах зардлууд хамаарагдана.
-     Худалдсан хөрөнгө оруулалтын алдагдал
-     Бонд төлөх үеийн алдагдал
-     Гэнэтийн аюулаас учирсан алдагдал
-     Биет бус хөрөнгийг данснаас хассан гарз
-     Хөрөнгө хураалт, дайчилгааны алдагдал
-     Өр төлбөрийг хугацаан өмнө барагдуулсаны алдагдал
-     Тусгай дүрэм журмаар тооцож байгуулсан элэгдэл хорогдол
 
5.   Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)
 
Ердийн ажиллагааны ашиг (алдагдал) дээр онцгой шинжтэй орлогыг нэмж, онцгой шинжтэй зарлагыг хасаж татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)-ийг тооцно.
 
6. Орлогын татварын зардал
 
            Тайлангийн хугацааны татвар ногдуулах орлогыг тодорхойлж, түүнд ногдуулж тооцсон татварын зардлыг энэ хэсэгт тусгана.
 
7.  Цэвэр ашиг (алдагдал)
 
            Татвар төлөхийн өмнөх ашгаас орлогын татварын зардалын дүнг хасаж цэвэр ашиг (алдагдал)-ийг тооцно.
 
8. Нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал)
 
            Хувьцаа эзэмшигч нарт тайлагнах зорилгоор цэвэр ашгийг нийт хувьцааны тоонд хувааж, нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал)-ийг тодорхойлно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.  ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН
 
1.    Ерөнхий  зүйл
 
 
            Банк нь өмчийн өөрчлөлтийн тайланг санхүүгийн тайлангийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг болгож бэлтгэнэ. Өмчийн өөрчлөлтийн тайланд дараахь зүйлсийг илэрхийлнэ. Үүнд:
 
(а) тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдал
 
(б) бусад стандартад шаардсаны дагуу өмчлөлийн хувьд шууд хүлээн зөвшөөрсөн орлого ба зардал, олз ба гарзын зүйл тус бүр, эдгээр зүйлсийн нийт дүн
 
(в) нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, авч үзсэн үндсэн алдааны залруулалтын хуримтлагдсан нөлөөлөл.
 
(г)  эзэмшигчидтэй хийсэн өмчийн ажил гүйлгээ, тэдгээрийг эзэмшигчдэд хуваарилсан байдал;
 
(д) тайлант хугацааны эхэнд болон балансын дуусгавар болох өдрөөрх хуримтлагдсан ашиг, алдагдлын үлдэгдэл, мөн хугацаанд гарсан өөрчлөлт;
 
(е) тайлант хугацааны эх болон эцэс дэх эзэмшигчийн капиталын ангилал тус бүрийн дансны үнэ, хувьцааны урамшуулал, нөөцийн тохируулга, өөрчлөлт.
 
            Өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-3 загвараар бэлтгэнэ.
 
2.   Өмчийн өөрчлөлтийн тайлангийн элемэнтүүдийг тусгах
 
            Эзэмшигчийн өмчийн тайлант үеийн эхний үлдэгдлийг өмчийн ангилал бүрийн хувьд өмнөх үеийн эцсийн үлдэгдлээр тусгана.
 
            Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тохируулж, залруулагдсан эхний үлдэгдлийг тодорхойлно.
 
1. Хувьцаат капитал:
 
            Мөнгөөр болон хувьцаагаар ногдол ашиг хуваарилах замаар нэмэгдсэн өөрчлөлтийг хувьцаат капиталын өсөлтөөр илэрхийлнэ.
 
            Хувьцаа халаасалсан болон бусад хэлбэрээрхи бууралтыг хувьцаат капиталын бууралт болгож илэрхийлнэ.
 
2.  Хувьцааны урамшуулал:
 
            Гаргасан хувьцаа нэрлэсэн үнээс илүү үнээр борлогдсон үед гарах зөрүү нь нэмж төлөгдсөн капиталын өсөлт болох ба эсрэгээр нэмж төлөгдсөн капитал буурна.
 
            Нэмж төлөгдсөн капиталын өсөлт (бууралт)-ийн цэвэр дүнгээр хувьцаат капиталын өсөлт, бууралт мөрөнд харгалзуулж тусгана.
 
Дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү:  
 
            Үндсэн хөрөнгө болон урт хугацаат хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний өсөлт, бууралтыг энэ хэсэгт тусгана.
 
Валютын хөрвүүлэх нөөц:
 
            Гадаадын байгууллагын санхүүгийн тайланг хөрвүүлэхэд гарсан валютын ханшийн өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзэж тайланд тусгана.
 
            Дахин үнэлгээний өсөлт, бууралт, гадаад валютын ханшийн өөрчлөлт зэрэг олз, гарзыг өмчид орсон өөрчлөлт гэж үзэн тухайн банкны эзэмшигчидтэй хийсэн буюу тэдэнд хуваарилсан капиталын ажил гүйлгээний хамт хүлээн зөвшөөрдөг.
 
Хуримтлагдсан ашиг:
 
            Хуримтлагдсан ашиг (алдагдал), түүнээс байгуулсан тусгай зориулалтын сангуудыг нэгтгэж энэ хэсэгт тусгана.
 
            Өмнөх үеийн үлдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж, алдагдлын шинжтэй тохируулах бичилт болон ногдол ашгийг хасч тооцон, тайлангийн үеийн хуримтлагдсан ашиг (алдагдал)-ын эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
 
            Хувь нийлүүлсэн хөрөнгө ба ногдол ашиг гэх мэт хувьцаа эзэмшигчидтэй хийсэн ажил гүйлгээнээс үүссэн өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлт нь тайлант хугацааны үйл ажиллагааны нийт олз, гарзыг илэрхийлнэ. Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, нийт хасагдсан өөрчлөлтийн дүнг хасч, өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
 
                  ТАВДУГААР БҮЛЭГ. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН
 
1. Ерөнхий зүйл
 
            Тайлангийн хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ.
 
            Мөнгөн гүйлгээний тайлан нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох тухайн байгууллагын чадвар, эдгээр мөнгөн гүйлгээг ашиглах хэрэгцээг үнэлэх үндэс болдог.
 
            Мөнгөн гүйлгээний тайланг СТ-4 загвараар гаргана.
 
            Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд бус тооцооны аргыг хэрэглэнэ. Шууд аргыг хэрэглэхээр зөвшөөрөгдсөн бол энэ аргад нийцүүлэн тайлангийн бүтцийг өөрчлөн хэрэглэж болно.
 
2.    Мөнгөн гүйлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт дор дурьдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд:
 
                  1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
                  2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
                  3. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
                  4. Бүх цэвэр мөнгөн гүйлгээ
 
1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
            Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн банкны өр төлбөр төлөх, үйл ажиллагааны чадавхийг тогтоон барих, ногдол ашиг төлөх ба гадны санхүүжилтийн эх үүсвэрийн тусламжгүйгээр шинэ хөрөнгө оруулалт хийхэд хангалттай хүрэлцэх мөнгө бий эсэхийг илэрхийлдэг гол үзүүлэлт юм.
 
1.1       Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн мөнгөн орлого болон мөнгөн зардлууд, мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны мөнгөн орлого, зардлуудыг хамарна.
 
1.2       Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг шууд бус аргаар тайлагнахдаа Онцгой зүйл ба татварын өмнөх цэвэр ашгийг дараах зүйлсээр залруулна.
 
А.  Мөнгөн бус зүйлсийн тохируулга:
 
1)      Элэгдэл, хорогдлын зардлын дүнгээр нэмэгдүүлнэ. Тайлант хугацаанд үндсэн хөрөнгөд байгуулсан элэгдэл болон биет бус хөрөнгийн хорогдуулгын  зардлын нийт дүнг тусгана.
 
2)      Тайлант хугацаанд гарсан болзошгүй эрсдлийн зардал болон үнэлгээний хасагдуулгын зардлын нийт дүнгээр нэмэгдүүлнэ.
 
3)      Хүүгийн орлогын нийт дүнгээр хорогдуулна.
 
4)      Хүүгийн зардлын нийт дүнгээр нэмэгдүүлнэ.
 
5)      Үндсэн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаас худалдсны олзыг хасч, гарзыг нэмнэ.
 
Б.  Татварын өмнөх цэвэр ашигт А-д дурьдсан тохируулгыг хийснээр "Ажлын капиталын өөрчлөлтийн өмнөх үндсэн үйл ажиллагааны ашиг" тодорхойлогдоно.
 
В.  Ажлын капиталын өөрчлөлт (1) Үйл ажиллагааны хөрөнгийн өсөлт (бууралт), (2) Үйл ажиллагааны өр төлбөрийн өсөлт (бууралт)-аар тодорхойлогдоно:
 
(1) Үйл ажиллагааны хөрөнгийн өсөлт (бууралт)-ыг дараахь байдлаар тусгана.
 
1)      Зээлийн үндсэн өрийн үлдэгдлийн өөрчлөлт (эрсдлийн нөөцийг тооцохгүй);
2)      Богино хугацаат хөрөнгө оруулалтын анхны өртгийн өөрчлөлт (үнэлгээний хасагдуулгыг тооцохгүй);
3)      Өмчлөх бусад хөрөнгийн анхны өртгийн өөрчлөлт (үнэлгээний хасагдуулгыг тооцохгүй);
4)      Бусад хөрөнгийн  өөрчлөлт (бусад авлага, урьдчилж төлсөн зардал, тооцооны нэрлэсэн үнийн өөрчлөлт, бараа материалын анхны өртгийн  өөрчлөлт);
Бусад хөрөнгийн өөрчлөлтөд хуримтлуулж бүртгэсэн хүүгийн авлага, урьдчилж төлсөн орлогын татварыг оруулахгүй.
 
(2) Үйл ажиллагааны өр төлбөрийн өсөлт (бууралт)-ыг дараахь байдлаар байдлаар тусгана:
 
1)      Харилцах, хадгаламжийн нэрлэсэн үнээрхи өөрчлөлт;
2)      Банк бус нэгжээс татсан бусад эх үүсвэрийн нэрлэсэн үнээрхи өөрчлөлт;
3)      Бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэрийн нэрлэсэн үнээрхи өөрчлөлт;
 
4)      Бусад өр төлбөрийн нэрлэсэн үнээрхи өөрчлөлт;
 
Бусад өр төлбөрийн өөрчлөлтөд хуримтлуулж бүртгэсэн хүүгийн өглөг, орлогын татварын өглөгийг оруулахгүй.
 
Г.   Ажлын капиталын өөрчлөлтийн өмнөх ашиг дээр үйл ажиллагааны хөрөнгө болон үйл ажиллагааны өр төлбөрийн цэвэр өөрчлөлтийг нэмж "Үндсэн үйл ажиллагаанаас бий болсон мөнгө"-ийг тодорхойлно.
 
Д. Бусад тохируулга:
 
1)                  Авсан хүүгийн дүнгээр нэмэгдүүлнэ.
2)                  Төлсөн хүүгийн дүнг ээр хорогдуулна.
3)                  Төлсөн татварын дүнгээр хорогдуулна.
4)                  Эрсдлийн сан руу хаасан зээл, авлагаар хорогдуулна.
5)                  Бусад хасагдуулга, нөөцөд хаасан хөрөнгийн дүнгээр хорогдуулна.
 
Е.  Үйл ажиллагаанаас бий болсон мөнгөнд дээрхи тохируулгуудыг хийж "Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ" тодорхойлогдоно.
 
2.   Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
            Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь ирээдүйд олох орлого ба мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө, нөөц бий болгоход зарцуулсан мөнгийг илэрхийлдэг.
 
            Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамрана.
 
            Мөнгөн гүйлгээний тайлангийн, хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт ба үндсэн хөрөнгийг худалдсаны орлогын дүнг харуулна. Хөрөнгө оруулалтын ажиллагааны зарлага хэсэгт үнэт цаас худалдан авах, бусдад зээл өгөх зэрэг хэлбэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийх болон үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд болон капиталжих их засварт зарцуулсан мөнгөн зардал зэргийг дараахь байдлаар тусгана. Үүнд:
 
1)   Худалдаж авсан үндсэн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалтын анхны өртгөөр хорогдуулна.
 
2)   Худалдсан үндсэн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалтын анхны өртгөөр нэмэгдүүлнэ.
 
3)   Хараат компанийн худалдсан болон худалдан авах авахад гарсан цэвэр мөнгөн орлого, зардал
 
4) Ногдол ашгийн орлогоор нэмэгдүүлнэ.
 
3.   Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
            Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн банкны өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийн өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг хамрана.
 
            Мөнгөн гүйлгээний тайлангийн, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн орлого хэсэгт урт ба богино хугацаагаар авсан зээл, үнэт цаас худалдсаны орлого, хувьцаа гаргасанаас олсон орлого, улсаас авсан санхүүжилт зэрэг орлогуудыг харуулна. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн зарлага хэсэгт урт ба богино хугацаагаар авсан зээл болон урт хугацаат өглөгийн төлөлт, мөнгөөр төлсөн ногдол ашиг зэрэг мөнгөн зарлага зэргийг дараахь байдлаар харуулна.
 
1) Нэмж гаргасан хувьцаат капиталын дүнгээр нэмэгдэнэ.
 
2)   Авсан урт хугацаат зээлийн дүнгээр нэмэгдэнэ.
 
3)   Төлсөн урт хугацаат зээлийн дүнгээр хорогдоно.
 
4)   Төлсөн ногдол ашгийн дүнгээр хорогдоно.
 
4.   Бүх цэвэр мөнгөн гүйлгээ
 
            Үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр бүх цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
 
            Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасаж тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон "Бүх цэвэр мөнгөн гүйлгээ"-ний дүнтэй тэнцүү байна.
 
5.   Мөнгөн гүйлгээнд нөлөөлдөггүй ажил гүйлгээ
 
                        Мөнгөн гүйлгээг нэмэгдүүлэх ба хорогдуулахад нөлөөлдөггүй ажил гүйлгээнд хувьцаа гаргаж орлогод авсан үндсэн хөрөнгө, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, хөрөнгийг хувь нийлүүлэх ба хандивлах үеийн өмчийн нэмэгдэх, хорогдох өөрчлөлт, хувьцаагаар олгох ногдол ашиг, шилжүүлж буй бондын өөрчлөлт гэх мэт орно.