Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны
 461 дүгээр тогтоолын хавсралт
                                    ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт, нөөц мөнгөний төлөвлөлтийг зохих түвшинд байлгах зорилгоор Монголбанкнаас гаргаж буй үнэт цаас /цаашид ТБҮЦ гэх/-ны арилжаатай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Төв банкны үнэт цаас нь Монголбанкнаас гаргасан санхүүгийн хэрэгсэл бөгөөд хямдруулсан хэлбэртэйгээр арилжаалагдаж, тогтоосон хугацааны дараа нэрлэсэн үнээрээ эргэн төлөгдөнө. Монголбанк нь төлөгдөх хугацаа нь болоогүй ТБҮЦ-ыг энэ журмын 3.16 - 3.18-д заасан зарчмыг баримтлан хямдруулан худалдан авч болно.
1.3. Төв банкны үнэт цаасанд активын эрсдлийн сан байгуулахгүй.
1.4. Заавал байлгах нөөцийн хязгаарыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангаж байгаа илүүдэл нөөцтэй банкууд Төв банкны үнэт цаасыг худалдан авах эрхтэй.
ХОЁР. Төв банкны үнэт цаасыг гаргах
2.1.Төв банкны үнэт цаасны гаргах хэмжээ, хугацаа болон хүүгийн хувь хэмжээг мөнгөний бодлого, нөөц мөнгөний зорилтот хэмжээ болон зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан Мөнгөний бодлого, судалгааны газраас саналаа танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
2.2.Төв банкны үнэт цаасны гаргах хэмжээ болон хямдруулалтын хувь хэмжээ (анхны үнэ)-ний саналыг энэ журмын хавсралт 1-д заасан загварын дагуу доорхи үзүүлэлтүүдийг үндэслэн тооцож Мөнгөний Бодлого Судалгааны газраас Ерөнхийлөгчид танилцуулна.  Үүнд:
/ МБЕ-ийн 2002.3.19-ний 133 тоот тушаалаар оруулсан өөрчлөлтийг тусгав. /
1/.Төлөгдөх хугацаа нь болж байгаа үнэт цаасны үлдэгдэл;
2/. Нөөц мөнгөний өсөлт болон зорилтот хэмжээ;
3/. Банкуудын илүүдэл нөөцийн хэмжээ;
4/. Санхүү эдийн засгийн яам, алтны компаниуд, банкуудаас Монголбанкны худалдан авсан болон худалдсан алт, гадаад валютын нөлөөллөөр эдийн засаг дахь мөнгөний хэмжээнд орсон өөрчлөлт;
5/. Монголбанкнаас  банкууд, Засгийн газарт зээл олгосон болон зээл төлүүлсэнээр эдийн засаг дахь мөнгөний хэмжээнд орсон өөрчлөлт;
6/. Улирлын шинж чанартай хүчин зүйлс болон зах зээл дээр гарч буй үнэ, ханшийн огцом өөрчлөлтийн нөлөөлөл;
7/. Инфляцийн өөрчлөлт (жилээр, сараар);
8/. Тухайн үеийн Төв банкны үнэт цаасны хямдруулалтын дундаж хүү.
2.3.Төв банкны үнэт цаасны хямдруулалтын хувь хэмжээг Монголбанкнаас зарлаж болно.
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар оруулсан өөрчлөлтийг тусгав /
2.4.Санхүүгийн зах зээл дээрхи тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан Төв банкны үнэт цаасны гаргах хугацааг Монголбанк тогтооно.
2.5.Төв банкны үнэт цаасыг хямдруулсан хэлбэрээр банкуудад арилжаална. Төв банкны үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 1 000 000 төгрөг байна.
2.6.Хямдруулалттай үнэт цаасны хүүгийн хувь болон хямдруулсан үнийн саналыг дараах томъёогоор тооцоолно.
Хямдруулалтын хувь:   
Хямдруулсан үнэ:                         
d   =     Үнэт цаасны төлөгдөх өдөр хүртэлхи t өдрийн хямдруулалтын хувь хэмжээ, жилээр
t    =    Үнэт цаасны төлөгдөх өдөр хүртэлх хугацаа                 
F   =    Үнэт цаасны нэрлэсэн үнэ
P   =    Үнэт цаасны хямдруулсан үнэ
n  =    Жилийн хоногийн тоо /360 өдөр/
2.7 Төв банкны үнэт цаас нь бүртгэлийн бичилтийн хэлбэрээр Төв банкны тэнцэлд бүртгэгдэнэ.
ГУРАВ. Төв банкны үнэт цаасны арилжааг зохион байгуулах
3.1       Төв банкны үнэт цаасны арилжаа нь дараах хэлбэрээр явагдана:
-Монголбанкнаас гаргасан үнэт цаасыг банкинд үнэ хаялцуулах журмаар худалдан борлуулах анхдагч зах зээлийн үйл ажиллагаа;
-Эзэмшиж буй төлөгдөх хугацаа нь болоогүй үнэт цаасыг банкууд өөр хоорондоо худалдах, худалдан авах хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа;
-Төв банкны үнэт цаасыг Монголбанкинд  буцаан худалдах.
А.Үнэт цаасны анхдагч зах зээлийн үйл ажиллагааг зохион байгуулах, арилжааг явуулах
3.2 Төв банкны үнэт цаасыг гаргах хэмжээ, хугацаа болон хямдруулалтын хувь хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргасны дараа Төв банкны үнэт цаасны арилжааны мэдэгдлийг энэ журмын II хавсралтын дагуу арилжаа явагдах өдрөөс ажлын 1 өдрийн өмнө банкуудад факсаар мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.3 Банк нь арилжаанд оролцох саналаа арилжаа явагдах өдрийн 11:00 цагаас өмнө энэ журмын III хавсралтын дагуу гаргаж, Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтэст авчирч өгнө. Санал Монголбанкнаас явуулсан мэдэгдлийн нөхцөлтэй нийцэж байна.
3.4 Банк нь үнэт цаас худалдаж авах хямдруулалтын хувь хэмжээний саналаа 2 хүртэлх хувилбараар ирүүлж болно. Санал тус бүрийн нийлбэр нь тухайн банкны нийт саналын дүн байна.
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.5 Банкуудын ирүүлсэн саналыг хүлээн авсан хугацааг Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн үнэт цаас хариуцсан ажилтан саналын хуудсан дээр тэмдэглэнэ.
3.6 Монголбанк нь явуулсан мэдэгдэлтэй нийцэхгүй, хугацаа хожимдуулан ирүүлсэн банкны саналаас татгалзах эрхтэй.
3.7 Монголбанкны үнэт цаасны арилжаа хариуцсан ажилтан нь банкуудын саналыг хүлээж авч дуусах хугацаа /арилжаа явагдах өдрийн 11:00/ болмогц үнэт цаасны үнэ хаялцуулах арилжааг энэ журмын 4-р хавсралтад заасны дагуу явуулж, тооцооны хүснэгтийг зааврын дагуу гаргана.
3.8 Монголбанкнаас тухайн арилжааны үр дүнгийн талаар арилжаа явагдсан өдрийн 12 цагт банкуудад мэдэгдэнэ. Арилжааны үр дүн гарч гүйлгээ хийгдэхэд банкууд саналаасаа татгалзах, буцаах, өөрчлөх эрхгүй. ТБҮЦ-ны арилжаанд оролцож үнэт цаас худалдан авах эрхээ банкууд хоорондоо арилжиж болно.
3.9 ТБҮЦ-ны үнэ хаялцуулах арилжаа явагдсаны дараа борлогдоогүй үлдсэн үнэт цаасыг дахин арилжихгүй. Банкууд өөрсдийн активыг Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас болон бусад үнэт цаасыг хоёрдогч зах дээр арилжаалах замаар уян хатан зохицуулна.
 /Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
3.10    Мөнгөний Бодлого Судалгааны газраас арилжаа хийсэн өдрийн 15:00 цагт холбогдох гүйлгээг хийлгүүлэхээр Бүртгэл тооцоо, Мэдээллийн технологийн газарт арилжааны үр дүн, нөхцлүүдийн талаар шийдвэр өгнө.
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
Б. Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа
3.11 Төлөгдөх хугацаа нь болоогүй өөрийн эзэмшиж байгаа үнэт цаасыг банкууд хоорондоо худалдаж, худалдан авч болно.
3.12    Монголбанк нь үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр банкуудын хооронд хийгдэх арилжааг зуучлах, бүртгэх зорилгоор оролцоно. Монголбанк зуучилсны шимтгэл авахгүй.
3.13    Арилжаанд оролцогч банкуудын худалдах, худалдан авах үнэт цаасны хэмжээ тохирч байвал энэ журмын 5-р хавсралтын дагуу ТБҮЦ-ны арилжааны хэлцэл хийнэ.
/Энэ хэсгийг МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.14    Монголбанк төлөгдөх хугацаа нь болсон ТБҮЦ-ны нэрлэсэн үнийг түүний сүүлчийн эзэмшигчид төлнө.
3.15    Банк нь өөрийн эзэмшиж буй төв банкны үнэт цаасаа бусдад худалдах, Монголбанкинд болон бусдад барьцаалах тохиолдолд энэ тухай гүйлгээ болон ажил, үйлчилгээ хийгдэхээс өмнө Мөнгөний бодлогын хэлтэст мэдэгдэнэ. Ингэснээр Монголбанк нь өөрийн гаргасан үнэт цаасны шилжилт, хөдөлгөөнийг хянах зорилготой бөгөөд банкууд хоорондоо худалдсан болон барьцаалснаас үүсч болох аливаа хариуцлагыг хүлээхгүй.
В. ТБҮЦаасыг Монголбанкинд буцаан худалдах
3.16 Монголбанк нь 14 буюу 14-өөс бага хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг хугацаа нь дуусахаас өмнө банкуудаас худалдаж авахгүй.
3.17. Банкинд богино хугацааны нөөцийн дутагдал, санхүү, төлбөрийн чадварын хүндрэл гарсан тохиолдолд банк хоорондын захаас илүүдэл нөөцтэй банкуудаас зээл авах эсвэл Монголбанкинд төв банкны үнэт цаасаа барьцаалан зээл авч санхүүжүүлж болно.
3.18. 14 болон түүнээс дээш хоногийн хугацаатай төлөгдөх хугацаа нь болоогүй ТБҮЦ-ыг Монголбанк буцаан худалдан авахдаа хямдруулан худалдан авах ба хямдруулалтын хувь хэмжээг Мөнгөний бодлого судалгааны газраас дараах томъёогоор тооцно:
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний өдрийн 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
Монголбанк буцаан худалдан авах хямдруулсан үнэ:
үүнд,  c - үнэт цаасыг эзэмшсэн хоногийн тоо
d (t-c) - үнэт цаасны хугацаа дуустал үлдэж буй хоногт тооцогдсон хямдруулалтын хувь (жилээр)
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний 133 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.19    Монголбанк хямдруулсан үнээр буцаан худалдан авсан ТБҮЦ-ыг дахин арилжихгүй.
/Энэ хэсэгт МБЕ-ийн 2002.3.19-ний 133 тоот тушаалаар нэмэлт оруулсан/
ДӨРӨВ. Үнэт цаасны төлбөр хийх
4.1 Үнэт цаасны төлөгдөх хугацаа болмогц Монголбанк үнэт цаас эзэмшигчид үнэт цаасны нэрлэсэн дүнгээр төлбөрийг хийнэ.
ТАВ. Үнэт цаасны бүртгэл тайлан мэдээ
5.1 ТБҮЦ-ыг 1998.12.4-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн 537 тоот Нягтлан бодох бүртгэлийн тушаалд дурдсаны дагуу нэрлэсэн үнээр нь тайлан тэнцэлд тусгана.
5.2 Үнэт цаас хариуцсан ажилтан үнэт цаасны тайлан мэдээг тогтмол, шаардлагатай хугацаанд  Ү1 Хавсралтын дагуу удирдлагад гарган өгч танилцуулна.