Хэвлэх DOC Татаж авах
2002 оны 566 дугаар тушаалын хавсралт
БАНК, БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД НЭГДСЭН ШАЛГАЛТ
ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас Банкны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийн үйл ажиллагаандаа мөрдөх эрх зүйн баримтын хэрэгжилтийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээр нь нэгдсэн шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2.Нэгдсэн шалгалтыг хийхдээ Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль, Татварын хуулиуд, Үнэт цаасны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн хяналтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтална.
3."Нэгдсэн шалгалт" гэж банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг системийн хэмжээгээр буюу бүх салбар, нэгж болон банкны үйл ажиллагаа эрхэлдэг толгой, охин, хараат компанийн үйл ажиллагааг нэгтгэсэн байдлаар, шаардлагатай тохиолдолд түүний үүсгэн байгуулагч, холбогдох этгээдийн үйл ажиллагааг Монголбанкнаас газар дээр нь шалгахыг хэлнэ.
4.Нэгдсэн шалгалттай холбогдох доорх нэр томьёог дараахь утгаар ойлгоно. Үүнд:
4.1"Үүсгэн байгуулагч" гэж тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж үүсгэн байгуулах гэрээ байгуулсан этгээдийг,
4.2"Хувь нийлүүлэгч" гэж тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг эзэмшиж буй этгээдийг;
4.3"Холбогдох этгээд" гэж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад дурдсаныг;
4.4"Толгой компани" гэж тухайн компанийн дүрмийн сангийн 20-иос дээш хувийг эзэмшиж байгаа хуулийн этгээдийг;
4.5"Хараат компани" гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг;
4.6"Охин компани" гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу компанийн нийт энгийн хувьцааны 51-100 хүртэл хувийг дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг.
5.Хараат компани нь тайлан тэнцлээ тусдаа гаргах ба охин компани нь тайлан тэнцлээ толгой компанийн тайлан тэнцэлтэй нэгтгэн гаргаж тайлагнана. Хараат компанийн дүрмийн сангийн 20-51 хувийг эзэмшиж буй толгой компанийн дансанд эзэмшлийнх нь дүнгээр хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт бүртгэнэ.
6.Банк, банк бус санхүүгийн байгууллага нь толгой, хараат, охин компанийн хэлбэрээр зохион байгуулагдаж болох бөгөөд хэд хэдэн хараат болон охин компанитай байж болно.
7.Банк, банк бус санхүүгийн байгууллага нь толгой компани байх нөхцөлд түүний хараат болон охин компани нь хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна.
 8.Шаардлагатай гэж үзвэл Монголбанк нь банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээр нь шалгалт хийхдээ хяналтын бусад байгууллагуудтай хамтарсан шалгалт хийж болно.
ХОЁР. Нэгдсэн шалгалт хийх
9.Нэгдсэн шалгалт хийхдээ Монголбанкны хяналт шалгалттай холбоотой холбогдох дүрэм, журам, зааврыг удирдлага болгоно.
10.Нэгдсэн шалгалт нь иж бүрэн, хэсэгчилсэн, нийтийг хамруулсан хэлбэрээр хийгдэж болно. Банк, банк бус санхүүгийн байгууллагад иж бүрэн нэгдсэн шалгалтыг графикийн дагуу жилд нэгээс доошгүй удаа, хэсэгчилсэн болон нийтийг хамруулсан нэгдсэн шалгалтыг шаардлагатай тухай бүр хийнэ.
11.Нэгдсэн шалгалтыг тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын актив, өөрийн хөрөнгө, пассив буюу бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, тэнцлийн гадуурх дансд гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр шалгалтыг хийх бөгөөд санхүү, төлбөрийн чадварын байдлыг активын чанар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зах зээлийн эрсдэлийн мэдрэмж, удирдлагын чадварын үзүүлэлтээр тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгнө.
12.Хэсэгчилсэн нэгдсэн шалгалтыг дээрх дөрвөн чиглэлийн аль нэгээр нь эсвэл хослуулан хийж болох бөгөөд тухайн банкны байгууллагын шалгагдаж буй хэсгийг системийн хэмжээгээр нэгтгэж шалгана.
13.Нэгдсэн шалгалт хийхдээ банкны байгууллагын салбар, тооцооны төв, касс, нэгжийн тайлан тэнцэл дэх актив, пассив, өөрийн хөрөнгийн дүнг банкны байгууллагын төвийн холбогдох дансдад шууд нэмэх замаар системийн тэнцлийг гаргана. Системийн тэнцлийг гаргахдаа холбогдох дансдыг цэвэршүүлэн тооцно.
14.Банк, банк бус санхүүгийн байгууллага нь толгой компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд түүний хараат болон охин компанийг тодорхойлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтооно.
15.Нэгдсэн шалгалтыг хийхдээ толгой болон охин компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан банк, банк бус санхүүгийн байгууллагын нэгдсэн санхүүгийн тайланд үндэслэн зохистой харьцааны үзүүлэлт болон Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-4  дүгээр зүйлд заасан хязгаарлалтыг тооцно.
16.Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхэлж буй хараат компанийн дүрмийн санд хувь нийлүүлсэн дүнгийн хэмжээгээр тухайн банкны байгууллагын тэнцлийн актив талд хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт бүртгэнэ.
17.Банк, банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгөөр үүсгэн байгуулагдаж хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа охин компанийн санхүүгийн тайлан тэнцлийн дүнг банкны байгууллагын тэнцлийн холбогдох дансанд шууд нэмнэ.
18.Санхүүгийн нэгдсэн тайлан гаргахдаа хугацааны хувьд болон илэрхийлэх мөнгөн нэгж нь адил байна.
19.Хэрэв банк, банк бус санхүүгийн байгууллага нь хараат болон охин компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан бол нэгдсэн шалгалт хийхдээ толгой компаниас оруулсан хөрөнгийн хэмжээ, зах зээлд эзлэх байр суурь, үйл ажиллагааны чиглэл, эрсдэл хүлээх чадвар зэргийг тодорхойлсны үндсэн дээр банк, банк бус санхүүгийн байгууллагад үзүүлэх нөлөөллийг тогтооно.
20.Шаардлагатай бол банк, банк бус санхүүгийн байгууллага, түүний үүсгэн байгуулагч, холбогдох этгээд, толгой, хараат болон охин компанийн талаарх мэдээллийг холбогдох бусад байгууллагуудаас авч болно.
21.Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд түүний толгой, хараат, охин компаниас үзүүлэх нөлөө, цаашид учирч болзошгүй эрсдэлийг баримт материал, нөхцөл байдал дээр үндэслэн тодорхойлно.
22.Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах буюу холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж болно.
23.Шалгалтын явц, үр дүнг шалгуулагчид танилцуулан холбогдох заавар, зөвлөгөөг өгч шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллах бөгөөд шалгалтаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр шалгана.
24.Нэгдсэн шалгалтын эцсийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч нэгтгэж гаргана.
ГУРАВ. Хяналт, хариуцлага
25.Ажлын хэсгийн гишүүдийн тус тусын чиглэлээр бичсэн акт материал, дүгнэлт, саналыг ажлын хэсгийн ахлагч нь эцэслэн нэгтгэж шалгалтын акт материал, дүгнэлт, саналын эцсийн хариуцлагыг хүлээх бөгөөд удирдлагад танилцуулж хянуулна.
26.Шалгалтын хэсэгт орж ажилласан ажилтнууд нь хариуцсан ажлын чиглэлээр хууль тогтоомжийн өмнө хариуцлага хүлээнэ.