Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2013 оны

      18 дугаар тогтоолын хавсралт

 

 

Төрөөс иргэний нисэхийн салбарт

2020 он хүртэл баримтлах бодлого

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын зорилго нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгож, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд оршино.

 

1.2.Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого /цаашид “бодлого” гэх/-ын хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэнэ:

 

1.2.1.Монгол Улсын иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

1.2.2.аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд нийцэхүйц, хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг бий болгох;

 

1.2.3.Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зөвлөмжийн дагуу иргэний нисэхийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагыг хангахуйц бүтцийн шинэчлэл хийх;

 

1.2.4.иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлтийг тогтмол хийх;

 

1.2.5.салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх;

 

1.2.6.нисэх буудлуудын дэд бүтцийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх;

 

1.2.7.үндэсний агаарын тээвэрлэгчийг олон улсын зах зээлд бусад улсын агаарын тээвэрлэгчтэй өрсөлдөхөд бэлтгэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх;

 

1.2.8.агаарын навигацийн үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагад нийцүүлэх;

 

                   1.2.9.ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх;

1.2.10.агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар бий болгох;

 

1.2.11.иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих;

 

1.2.12.дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх.

 

Хоёр.Салбарын эрх зүйн орчны шинэчлэл, зохицуулалт

 

2.1.Эрх зүйн зохицуулалт

 

2.1.1.иргэний нисэхийн салбарын хөгжлийг хангахад шаардлагатай олон улсын конвенцид нэгдэнэ.

 

2.1.2.Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад нийцүүлэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний нисэхийн багц дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулна. иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

2.1.3.Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг тухайн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн олон улсын жишгээр өөрчлөн зохион байгуулах хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2.1.4.ерөнхий зориулалтын агаарын хөлгүүдийн нислэгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх агаарын зайг тодорхой болгож, нислэгийн холбогдох дүрэм, журмыг боловсруулна.

 

2.1.5.Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, БНХАУ-ын Засгийн газартай ийм төрлийн хэлэлцээрийг байгуулна. 

 

2.2.Агаарын харилцааны зохицуулалт

 

2.2.1.Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвартай уялдуулан олон улсын агаарын шугамд чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналттай, үе шаттайгаар нээлттэй болгох  бодлогыг баримтална. Үүнд:

 

2.2.1.1.агаарын тээврийг 2016 оноос эхлэн үе шаттайгаар нээлттэй болгох. Энэ хүрээнд АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлнэ;

 

2.2.1.2.хөрш орнуудын хил орчмын хотууд хоорондын агаарын тээврийн үйлчилгээг дэмжих;

 

2.2.1.3.Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон агаарын тээврийн компанийг агаарын тээврийн компаниудын эвсэлд нэгдэх, тухайн нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын дугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжих;

 

2.2.1.4.олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж, томилогдох тээвэрлэгчийн тоог тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох;

 

2.2.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн онцлог, байршлын давуу тал, зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлан ачаа тээвэрлэлтийг бүх талаар дэмжих;

 

2.2.1.6.төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;

 

2.2.1.7.Орон нутгийн агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих.

 

2.2.2.Монгол Улсыг чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг  2016 онд 2012 оны түвшингээс хоёр дахин нэмэгдүүлнэ.

 

2.2.3.Европын Холбооны гишүүн оронтой байгуулсан хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрт агаарын тээврийн 5 дугаар эрхийг хэрэгжүүлэх, Европын зах зээлд нислэгийн цэгийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг 2016 оноос өмнө бүрдүүлнэ.

 

2.2.4.Гадаад улстай байгуулсан Агаарын харилцааны хоёр талт хэлэлцээрийг шинэчилнэ. Энэ хүрээнд агаарын тээврийн 5 дугаар эрхийг хэрэгжүүлэх, аяллын дугаар хуваан эзэмших, агаарын хөлгийн түрээс, агаарын тээвэрлэгчийн томилгоо, багтаамж, нислэгийн давтамжийн талаар тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох эрх зүйн зохицуулалтыг 2024 он хүртэл бүрдүүлнэ.

 

Гурав.Бодлогын зарчим

 

3.1.Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэж агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлнэ.

 

3.2.Иргэний нисэхийн салбарыг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт тооцож, төрийн бодлогоор дэмжинэ.

 

3.3.Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдлэн ажиллана.

 

3.4.Иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2020 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

3.5.Хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр улсын хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болох чиглэлийг баримтална.

 

3.6.Монгол Улс нь үндэсний  агаарын тээвэрлэгч компанитай байна.

 

3.7.Үндэсний агаарын тээвэрлэгч компани нь дараах шаардлагыг хангасан байна:

 

3.7.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хуулийн этгээд байх;

 

3.7.2.“МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгоно;

3.7.3.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон удирдах түвшний ажилтны дийлэнх олонх нь Монгол Улсын иргэн байх.

 

3.8.Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

 

3.9.Гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримталж, үндэсний компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ижил тэнцүү орчинд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.

 

3.10.Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын  ажиллагааны хөтөлбөртэй байна.

 

3.11.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн талаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгоно.

 

3.12.Иргэний нисэхийн салбарт төрийн үйлчилгээний харилцан уялдаатай, нэгдмэл байдлыг хангана.

 

3.13.Онцгой болон тусгай үүргийн нислэгийн агаарын хөлгийг 2014 оноос Монгол Улсын төрийн үйлчилгээнд ашиглаж эхэлнэ.

 

3.14.Төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

3.15.Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь бие даасан, хөндлөнгийн, хараат бус байна.

 

3.16.Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход бус осол, зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, төрийн өмнөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна.   

 

Дөрөв.Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа,

аюулгүй байдлын хяналт, зохицуулалт

 

4.1.Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийн хүрээнд боловсруулсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцсэн “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр” болон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”-тэй байх бөгөөд дээрх хөтөлбөрүүдийг үндэсний хууль тогтоомж болон олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн тухай бүр шинэчилж байна.

 

4.2.Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын түвшинг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тогтоосон болон түүнээс дээш түвшинд байлгахад чиглэсэн хяналт, зохицуулалтыг дараах чиглэлээр тогтмол хэрэгжүүлнэ: 

 

4.2.1.мэргэжлийн ажилтны үнэмлэхжүүлэлт;

4.2.2.агаарын тээвэрлэгч болон иргэний нисэхийн байгууллагын гэрчилгээжүүлэлт;

 

4.2.3.агаарын хөлөг болон тоног төхөөрөмжийн гэрчилгээжүүлэлт;

4.2.4.үйл ажиллагааны хяналт, зохицуулалт.

 

4.3.Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр мэргэжлийн боловсон хүчин болон үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн чадавхтай байна.

 

4.4.Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн ажилтныг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжид заасны дагуу мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг баримтална.

 

Тав.Агаарын навигацийн үйлчилгээ

 

5.1.Иргэний нисэхийн байгууллага нь иргэний зориулалтаар ашиглах агаарын зайн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлаар төрийн бусад байгууллагаас давуу эрхтэй байна.

 

5.2.Агаарын навигацийн үйлчилгээ, тоног төхөөрөмж

 

5.2.1.Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөнд агаарын навигацийн цогц үйлчилгээг үзүүлнэ.

 

5.2.2.Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Холбоо, навигаци, ажиглалт ба Нислэгийн хөдөлгөөний менежмент (CNS/ATM) концепци, үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN) коцепцийг 2020 он хүртэл тус тус бүрэн хэрэгжүүлж нислэгийн аюулгүй байдлыг сайжруулна.

 

Зургаа.Нисэх буудал

 

6.1.Олон улсын нисэх буудал

 

6.1.1.Шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна.

 

6.1.2.Мөрөн, Ховд, Чойбалсан, Даланзадгад хотын нисэх буудлын хатуу хучилттай зурваст хүчитгэл хийж өргөтгөн, олон улсын 4С ангиллын нисэх буудал болгоно.

 

6.1.3.Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдуулан Сайншандад олон улсын зэрэглэлтэй нисэх буудал байгуулна.

 

6.1.4.2015 онд олон улсын нөөц нисэх буудалтай болно.

6.1.5.Олон улсын нисэх буудлын барилга, зам, талбайг хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчих боломжийг бүрдүүлж, холбогдох стандартад нийцүүлнэ.

 

6.1.6.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ олон улсын нисэх буудлын нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх.

                       

                  6.1.7.“Чингис хаан” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулна.

 

 6.2.Орон нутгийн нисэх буудал

 

6.2.1.Орон нутгийн хөгжил, хүн амын суурьшилтай уялдуулан агаарын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нисэх буудлын хүчин чадлыг тодорхойлно. 

 

6.2.2.Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдуулан бүсийн зангилаа (Hub) буудлуудыг байгуулна.

 

6.2.3.Ховд аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ (Хатгал) сум, Баруун-Урт хотын нисэх буудлын зурвасыг 2016-2024 онд хатуу хучилттай болгоно.

 

6.2.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаа, үйлчилгээний менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулна.

 

6.2.5.Алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлнэ.  

 

6.2.6.Хувийн хэвшлийн нисэх буудлын үйл ажиллагааг дэмжинэ.

6.2.7.Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн аэродром, нисдэг тэрэгний хөөрч буух тавцан барьж байгуулах ажиллагааг дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. 

 

6.2.8.Улаанбаатар хотод “Эйрсервис интернэйшнл парк” байгуулна.

6.2.9.Орон нутгийн нисэх буудлын барилга, зам, талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчих боломжийг бүрдүүлж, холбогдох стандартад нийцүүлнэ.

 

6.3.Нисэх буудлын техник тоног төхөөрөмж.

 

6.3.1.Нисэх буудлуудын зэрэглэлийг дээшлүүлж, техник тоног төхөөрөмжийн сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

6.4.Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын зарим төрлийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагад концессын гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлнэ. 

 

6.5.Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ачаа эргэлтийн терминал, ачаа тээврийн ложистик төвийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.

 

Долоо.Иргэний агаарын хөлөг

 

7.1.Монгол Улсын агаарын тээвэрт ашиглах иргэний агаарын хөлөгт дараах шаардлагыг тавина:

 

7.1.1.багтаамж ихтэй агаарын хөлгийн хувьд дэлхийн үндсэн үйлдвэрлэгч улсын эрх бүхий байгууллагын маягийн гэрчилгээтэй байх;

 

7.1.2.Монгол Улсын агаарын тээвэрт ашиглах зорчигч тээврийн агаарын хөлгийн насжилт 2020 оноос эхлэн 20 жилээс дээшгүй байх.

 

7.2.Агаарын тээврийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлөх бодлого баримтална.

 

7.3Агаарын хөлгийн шатахуун хангамж

 

7.3.1.Агаарын хөлгийн шатахуун нь стратегийн бүтээгдэхүүн мөн.

7.3.2.Агаарын хөлгийн шатахууныг харилцан хамааралгүй олон эх үүсвэрээс нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ.

 

7.3.3.Агаарын хөлгийн шатахууныг үйлдвэрлэгчээс худалдан авах ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

 

7.3.4.Агаарын хөлгийг шатахуунаар сумлах үйлчилгээнд иргэний нисэхийн салбарт дэлхийд тэргүүлэгч улстай адил стандартыг мөрдөнө.

 

Найм.Хүний нөөцийн бодлого

 

8.1.Иргэний нисэхийн салбарт хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар дараах  чиглэлийг баримтална:

 

8.1.1.иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн /нисэгч, инженер техникийн ажилтан, нислэгийн удирдагч/ болон бусад мэргэжлийн ажилтныг өндөр хөгжилтэй, үндсэн англи хэлтэй улс оронд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагад бэлтгэх;

 

8.1.2.бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнийг олон улсын стандарт, шаардлага, өөрийн орны онцлог, эрх зүйн орчинд нийцүүлэн дадлагажуулах, ур чадварыг хадгалах, давтан сургалт болон дахин мэргэшүүлэх сургалтад хамруулж, хөгжүүлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

 

8.1.3.иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдний гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадварт нийцсэн цалин хөлс, урамшууллын механизм, нийгмийн хамгааллын асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн Иргэний нисэхийн тухай хууль тогтоомжид тусгах;

 

8.1.4.дотоодын сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэний нисэхийн мэргэжлийн сургалтыг өөрийн оронд нутагшуулах.

 

Ес.Бодлогын хэрэгжилт, санхүүгийн бодлого

 

9.1.Агаарын тээврийн салбарт татварын таатай орчин бүрдүүлэх замаар агаарын тээврийн өрсөлдөх болон санхүүгийн чадавхийг сайжруулах, иргэний нисэхийн үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн бодлогыг төрөөс баримтална.

 

9.2.Орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх зорилгоор алслагдсан бүс нутагт болон сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг татвараас хөнгөлөх, чөлөөлөх болон нөхөн олговрын бодлогоор дэмжинэ.

 

9.3.Иргэний нисэхийн салбарт олон улсын түвшинд хүрсэн даатгалын нэгдсэн бодлого баримтална.

 

9.4.Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх төслийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төрөөс баталгаа гаргах замаар хэрэгжүүлж, тодорхой хугацаанд татвараас хөнгөлж, чөлөөлнө.

 

9.5.Алслагдсан, газрын тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийгддэггүй, төрөөс агаарын тээврийн үйлчилгээг зайлшгүй хүргэх ёстой орон нутгийн нисэх буудлын үйлчилгээнд төрөөс нөхөн олговор олгоно.

 

9.6.Бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт.

 

9.6.1.Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бодлого, зохицуулалтаар хангана.

 

9.7.Бодлогыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

 

9.7.1.Агаарын навигацийн үйлчилгээний хураамж;

9.7.2.Улсын болон орон нутгийн төсөв;

9.7.3.Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж;

9.7.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт;

9.7.5.Хөгжлийн банкны зээл;

9.7.6.Нисэх буудал болон нисэхийн бусад үйл ажиллагаанаас олсон хураамж, төлбөр;

 

9.7.7.Улсын Их Хурлаас хуульчлан баталсан бусад эх үүсвэр.

 

9.8.Иргэний нисэхийн дэд бүтцийн өмчлөл

 

9.8.1.Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна.

 

Арав.Бодлогын хэрэгжилтийн үр дүн

 

10.1.Бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

 

10.1.1.Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний худалдааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тогтворжуулж дэмжинэ.

 

10.1.2.байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа бий болно.

 

10.1.3.Монгол Улсын томоохон хот, суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно.

 

10.1.4.агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэж Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжинө.

 

10.1.5.иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурна. Агаарын тээврийн багтаамж нэмэгдэж тариф буурснаар агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэнэ.

 

10.1.6.дотоодын агаарын тээврийн өргөн сүлжээ бүрэлдэж бүс, орон нутгийн болон Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөлийг хангах болно.

 

10.1.7.иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ.

 

10.1.8.аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжинэ.

10.1.9.өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан ерөнхий зориулалтын агаарын тээврийн сүлжээ бүрдэж, нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэх боломжтой болно.

 

 

 

 

---оОо---