Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 405 дугаар
        тогтоолын хавсралт


ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ


1. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход энэ журам үйлчлэхгүй.

21. Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн  3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно. /ЗГ-ын 2015-08-17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмсэн бөгөөд энэ тогтоолыг 2015-1-23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

3. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно. /ЗГ-ын 2015-8-17-ны өдрийн 338-р тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд энэ тогтоолыг 2015-1-23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

4. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна.

5. Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно:

5.1. Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;

5.2. Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хугацаа;

5.3. улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа;

5.4. төрийн албанд ажиллаж байхдаа гурван сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

5.5. төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;

5.6. төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;

5.7. төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

5.8. баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа.

6. Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.

7. Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтаа үрэгдүүлсэн төрийн албан хаагч архивын лавлагаа авна. Архивын лавлагаа авах боломжгүй бол төрийн албанд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгоно.

8. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.

9. Төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нь хянаж үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.

10. Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

 

-----оОо-----