Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралт

 

 

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны байгууллагын даргын баталсан журам, маягтыг хэрэглэнэ.

1.3.Улсын бүртгэлийн байгууллага дараах харьяаллын дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэнэ:

1.3.1.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж;

1.3.2.Багануур дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг дүүргийн улсын бүртгэлийн нэгж, нийслэлийн бусад дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж:

1.3.3.орон нутагт бүртгэгдэх хуулийн этгээдийг тухайн аймгийн Улсын бүртгэлийн нэгж.

1.4.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, тодорхойлолт”-д заасан салбарын ангилал, дэд салбараар бүртгэнэ.

1.5.Гадаадын хөрөнгө оруулалттай болон бусад хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт заасан хугацаагаар улсын бүртгэлд бүртгэж болно.

Хоёр. Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх

2.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр үзүүлнэ.

2.2.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд дараах дарааллыг баримтална:

2.2.1.улсын ахлах бүртгэгч нь цахим хэлбэрээр ирсэн өргөдлийг тухай бүрт улсын бүртгэгчид хуваарилна;

2.2.2.улсын бүртгэгч нь өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд энэ журмын 3.3-д заасны дагуу баримт бичгийн эх хувийг ирүүлэх мэдэгдлийг өргөдөл гаргагчид илгээнэ;

2.2.3.улсын бүртгэгч эх хувиар хүлээн авсан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлсэн баримт бичигтэй тулган нягтална;

2.2.4.улсын бүртгэгч эх хувиар ирүүлсэн баримт бичгийг нягталж үзсэний дараа улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна;

2.2.5.улсын бүртгэгч шийдвэр гаргасны дараа цахим мэдээллийн санд бүртгэж, регистрийн болон хувийн хэргийн дугаар олгоно;

2.2.6.улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм, гэрээний эхний хуудас дээр баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарна.

2.3.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг бичгээр үзүүлэхэд дараах дарааллыг баримтална:

2.3.1.улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна;

2.3.2.улсын бүртгэгч баримт бичгийг дугаарлаж, өргөдөл гаргагчид хүлээн авсан тухай баримт олгоно;

2.3.3.хүлээн авсан баримт бичгийг улсын ахлах бүртгэгч тухай бүр улсын бүртгэгчид хуваарилна;

2.3.4.улсын бүртгэгч өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэж байвал улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна;

2.3.5.улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийн мэдээллийг цахим мэдээллийн санд оруулж, регистрийн болон хувийн хэргийн дугаар олгоно;

2.3.6.улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм, гэрээний эхний хуудас дээр баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарна.

2.4.Улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийн эх хувиар ирүүлж, баталгаажуулсан баримт бичгийг цахим архив үүсгэн хадгална.

2.5.Улсын бүртгэгч тухайн баримт бичгийг хянаж хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан мэдэгдлийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр өргөдөл гаргагчид илгээнэ. 

2.6.Өргөдөл гаргагч энэ журмын 2.5-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно.

Гурав. Шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

3.1.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дараах этгээд гаргана:

3.1.1.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

3.1.2.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

3.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

3.2.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

3.2.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

3.2.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

3.2.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулсан шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;

3.2.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

3.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

3.3.Өргөдөл гаргагч иргэний баримт бичигтэй энэ журмын 3.2-д заасан баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор биечлэн ирж, бүртгүүлснээр бүртгэл баталгаажна.

3.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь энэ журмын 3.2-д заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

3.4.1.хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

3.4.2.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

3.4.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн иргэний баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.4.4.гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг нотлох баримт бичиг. Үүнд:

3.4.4.1.бэлэн мөнгө болон мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга;

3.4.4.2.хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гаалийн байгууллагын мэдүүлэг;

3.4.4.3.оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт.

3.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь энэ журмын 3.2-д зааснаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 29.4-дзаасан баримт бичгийг бүрдүүлнэ.

3.6.Өргөдөл гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

3.7.Энэ журмын 3.2-3.5-д заасан баримт бичиг нь монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдэгдсэн бол баталгаат орчуулгыг хавсаргана.

3.8.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ журмын 3.2, 3.4, 3.5-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

3.9.Улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.4-д заасны дагуу кодоор баталгаажсан улсын бүртгэлийн гэрчилгээг олгоно.

3.10.Энэ журмын 3.9-д заасан гэрчилгээг өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллага үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно.

3.11.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээнэ.

Дөрөв. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

4.1.Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ:

4.1.1.хуулийн этгээдийн оноосон нэр;

4.1.2.үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч);

4.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгө;

4.1.4.хувьцаа эзэмшигчийн хувь;

4.1.5.гүйцэтгэх удирдлага;

4.1.6.хаяг;

4.1.7.үйл ажиллагааны чиглэл;

4.1.8.үйл ажиллагаа явуулах хугацаа;

4.1.9.дүрэм, гэрээ.

4.2.Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

4.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

4.2.2.үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол/шийдвэр/;

4.2.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хуульд заасан тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүлшинэчилсэн дүрэм /гэрээ/;

4.2.4.нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ;

4.2.5.компанийн тухайд хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн, хассан тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;

4.2.6.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

4.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

4.3.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэгдэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Тав. Өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

5.1.Хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

5.1.2.нэгтгэх, нийлүүлэх тогтоол /шийдвэр/;

5.1.3.өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт; Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан тохиолдолд өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/76 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

5.1.4.нэгтгэх үеийн санхүүгийн тайлан тэнцэл;

5.1.5.нийлүүлэх тохиолдолд шинээр байгуулсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

5.1.6.шинээр байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;

5.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

5.2.Хуулийн этгээдийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

5.2.2.хуваах, тусгаарлах тогтоол /шийдвэр/;

5.2.3.хуваах, тусгаарлах үеийн санхүүгийн тайлан тэнцэл;

5.2.4.шинээр байгуулсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

5.2.5.шинээр байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;

5.2.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

5.3.Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

5.3.2.хэлбэр өөрчилсөн тухай тогтоол /шийдвэр/;

5.3.3.дүрэм, хуульд заасан тохиолдолд гэрээ;

5.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

5.4.Улсын бүртгэгч энэ журмын 5.1-5.3-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Зургаа. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

6.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг дараах этгээдийн аль нэг гаргана:

6.1.1.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч;

6.1.2.татан буулгах комиссын дарга;

6.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

6.2.Иргэний хуулийн 32.1.1, 32.1.3, 32.1.4-д заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

6.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

6.2.2.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын тогтоол /шийдвэр/;

6.2.3.дуусгалтын тайлан;

6.2.4.татварын байцаагчийн акт;

6.2.5.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

6.2.6.татан буулгах тухай нийтэд мэдээлснийг нотлох баримт;

6.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

6.3.Улсын бүртгэгч энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг хянаж, улсын бүртгэлээс хасах эсэх шийдвэр гаргана.

6.4.Иргэний хуулийн 32.1.2, 32.1.5-д заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгах тохиолдолд энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг шаардахгүй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.

 

 

 

--- о0о ---