Хэвлэх DOC Татаж авах

 

Хууль зүйн сайдын 2015 оны

А/41 дүгээр тушаалын хавсралт

 

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ОЛГОХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

          1.1.Энэхүү журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн  этгээдийн нэр олгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

         

          1.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтыг хэрэглэнэ.

 

          1.3.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасан харъяалал харгалзахгүй гаргана. 

 

        1.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэгдэнэ.

         

          1.5.Иргэн, хуулийн этгээд нь дараах тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэнэ:

 

                     1.5.1.хуулийн этгээд шинээр болон өөрчлөн байгуулагдах;

 

      1.5.2.хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөх.

 

Хоёр.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлт гаргах

 

2.1.Иргэн, хуулийн этгээд нь нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэн эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

 

2.2.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг дараах эрх бүхий этгээд гаргана:

 

                     2.2.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

 

     2.2.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

 

                  2.2.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

         

2.3.Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.

         

2.4.Иргэн, хуулийн этгээд ажлын нэг өдөрт 3 хүртэл нэрийг баталгаажуулж болно.

 

 

Гурав.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахад

тавигдах шаардлага

          3.1.Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно.

          3.2.Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна.

 

          3.3.Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй.

 

          Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт.

 

          3.4.Гадаад үг, үсэг болон тоогоор илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр галиглан бичнэ.

 

Жишээлбэл: Топ солюшн, Эй Би Си, Гурван шагай гэх мэт.

          3.5.Энэ журамд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй.

         

Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.

 

3.6.Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг эсхүл товчилсон үгийг бичнэ.

 

          Жишээлбэл: “Алтан төгрөг ББСБ”, “Монгол даатгал”, “Хадгаламжийн банк”, “Мон аудит”, “Өмгөөллийн мэргэн ХХН” гэх мэт.

          3.7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5, 8.1.6-д заасан хуулийн этгээдийн нэрийг эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн бусад хуулийн этгээдийн нэртэй давхардуулахгүйгээр баталгаажуулна.

          Жишээлбэл: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Архангай аймгийн эрүүл мэндийн төв гэх мэт.

 

3.8.Хуулиар хориглосон эсхүл нийтийн зан суртахуунд сөргөөр нөлөөлөх үгээр хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахгүй.

 

          Жишээлбэл: Терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал болон тамхи, тамхины үйлдвэрийн нэр гэх мэт.

 

3.9.Төрийн бус байгууллагын нэрийг гадаад үг, товчилсон үсгээр баталгаажуулахгүй.

 

Жишээлбэл: Монголиан девелопмент ассоциаци, МХӨТ нийгэмлэг гэх мэт.

 

          3.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй.

 

Жишээлбэл: “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт.

 

3.11.Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй.

 

Дөрөв.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах

 

          4.1.Улсын бүртгэгч нь энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна.

 

          4.2.Нийлүүлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.

 

          4.3.Тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болсон хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.

 

          4.4.Хуваах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болсон хуулийн этгээдийн нэр тус бүрийг баталгаажуулна.

 

4.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу  хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална. Энэ хугацаа улс төрийн нам, шашны байгууллагын нэрийн баталгаажуулалтад хамаарахгүй.

 

4.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно.

 

Тав.Бусад

 

5.1.Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхардаж олгогдсон тохиолдолд нэр баталгаажуулсан огноо, дугаарыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэнэ.

 

 

 

 

---о0о---