Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны
2006 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн
23 тоот тогтоолын хавсралт

 


ДААТГАЛЫН НӨӨЦИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ,
ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ



НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Даатгалын тухай хуулийн 14-р зүйлийн 2 дахь хэсгийн 3-д "даатгалын нөөцийн сан бүрдүүлэх, хуваарилах, хяналт тавих журам" заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Энэхүү журам нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх даатгагчид хамаарна.

ХОЁР. ДААТГАЛЫН НӨӨЦИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ
2.1. Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг олгоход зориулагдсан дараахь нөөцийн сангуудыг даатгагч даатгалын бүтээгдэхүүний нэр төрлөөр байгуулна.

2.1.1. Орлогод тооцоогүй хураамжийн нөөц
2.1.2. Нэхэмжилсэн хохирлын нөөц
2.1.3. Учирч болзошгүй хохирлын нөөц

2.2. Даатгалын нийт хураамжийн орлогоос давхар даатгалын хураамж, буцаасан даатгалын хураамжийг хасч даатгалын цэвэр хураамжийг тодорхойлно.

2.3. Давхар даатгалын хураамжийг даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дотоод, гадаадын өөр даатгагчид дахин даатгаж төлсөн төлбрөөр тодорхойлогдоно.

2.4. Буцаасан даатгалын хураамжийг хууль тогтоомжийн дагуу даатгалын гэрээнээс өмнө даатгагч даатгуулагчид тухайн гэрээний үлдэх хугацаанд ногдуулан буцаан олгосон хураамжаар тодорхойлогдоно.

2.5. Орлогод тооцсон хураамжийн орлого гэж даатгалын цэвэр хураамжийн орлогоос тайлант хугацаанд ногдох хураамжийг орлогод тооцон авсан дүнгээр тодорхойлно.

2.6. Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн санг даатгагчийн хүлээн авсан даатгалын хураамжийг гэрээний үлдэх хугацаанд ногдуулан байгуулна. Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн сан нь даатгалын цэвэр хураамжийн орлогоос орлогод тооцсон хураамжийг хассан дүнтэй тэнцүү байна.

2.7. Орлогод тооцсон хураамжийг тухайн улирлын даатгалын цэвэр хураамжийн орлогоос дараах харьцаагаар тооцно.

1 дэх улиралд 1/8
2 дах улиралд 3/8
3 дах улиралд 5/8
4 дэх улиралд 7/8

2.8. Нэхэмжилсэн хохирлын нөөцийн санг тухайн тайлант хугацаанд даатгуулагчаас ирүүлсэн нэхэмжилийн дүнгээр байгуулна.

2.9. Учирч болзошгүй хохирлын нөөцийн санг тухайн тайлант хугацаанд хохирол гараагүй боловч гарч болзошгүй хохирлыг барагдуулахад зориулан байгуулна.

2.10. Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн учирч болзошгүй хохирлын нөөцийн санг орлогод тооцсон хураамжаас тухайн тайлант хугацааны нэхэмжилсэн хохирол, болон даатгалын цэвэр нөхөн олговрыг хассан дүнгээс дор дурьдсан хувиар тооцон байгуулна.

2.10.1. Жолоочийн хариуцлагын 50%
2.10.2. Тээврийн хэрэгслийн 40%
2.10.3. бусад 15%

2.11. Нийт нөхөн олговрын дүнгээс давхар даатгалаас авсан нөхөн олговрын дүнг хассан дүнгээр даатгалын цэвэр нөхөн олговрыг тодорхойлно.

2.12. Давхар даатгалаас авсан нөхөн олговрыг даатгалын тохиолдол болоход давхар даатгалын гэрээний авах нөхөн төлбрөөр тодорхойлогдоно.

ГУРАВ. ДААТГАЛЫН НӨӨЦИЙН САНГ ЗАРЦУУЛАХ
3.1. Орлогод тооцсон хураамжийн орлогоос тухайн тайлант хугацаанд гарсан хохирлыг барагдуулна.

3.2. Орлогод тооцсон хураамж нь даатгалын хохирлыг төлөхөд хүрэлцэхгүй болсон тохиолдолд учирч болзошгүй хохирлын нөөцийн сангаас нөхөн олговрыг олгоно.

3.3. Учирч болзошгүй хохирлын нөөцийн сан хохирол нөхөлтөд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд дүрмийн сангаас олгохоос 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

ДӨРӨВ. ДААТГАЛЫН НӨӨЦИЙН САНД ТАВИХ ХЯНАЛТ
4.1. Даатгалын нөөцийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтанд Санхүүгийн зохицуулах хороо улирал тутам хяналт тавина.

4.2. Даатгалын нөөцийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаархи тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан маягтуудын дагуу гаргаж, Санхүүгийн зохицуулах хороонд улирал бүр ирүүлнэ.

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих