Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

СПОРТЫН ТӨРӨЛ, ЦОЛ, ЗЭРГИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ ТОГТООХ, ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1.Монгол Улсад хөгжиж буй спортын төрөл, тэдгээрийн цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, болзол хангасан тамирчин, шүүгчид цол, зэрэг олгох үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох

2.1.Монгол Улсад нийтлэг хөгжсөн, улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулдаг спортын төрлүүдийн тамирчид, шүүгчдэд спортын цол, зэргийг олгоно.

2.2.Тамирчинд олгох спортын цол, зэрэг нь дараах ангилалтай байна.

2.2.1.Цол:

2.2.1.1.Спортын дэд мастер;

2.2.1.2.Спортын мастер;

2.2.1.3.Олон улсын хэмжээний мастер;

2.2.2.Зэрэг:

2.2.2.1. 3 дугаар зэрэг;

2.2.2.2. 2 дугаар зэрэг;

2.2.2.3. 1 дүгээр зэрэг.

2.3.Спортын шүүгчдэд олгох цол, зэрэг нь дараах ангилалтай байна.

2.3.1.Цол:

2.3.1.1.Улсын шүүгч;

2.3.2.Зэрэг:

2.3.2.1.Шүүгч.

2.4.Монгол Улсад хөгжиж буй спортын төрлүүд, спортын цол, зэргийн нэгдсэн нэг ангилалтай байна.

2.5.Цол олгох ангиллыг тогтоохдоо дараах шалгуурыг харгалзана. Үүнд:

2.5.1.Олон улсын хэмжээний мастер цолыг Олимп, тивийн наадам, Дэлхий, Тив, Дэлхийн зэрэглэлийн болон Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд үзүүлсэн амжилт, нормативийг;

2.5.2.Спортын мастер цолыг олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, олон улсын спортын холбооноос гаргасан чансаа, зэрэглэлийг;

2.5.3.Спортын дэд мастер цолыг үндэсний хэмжээний спортын наадам, улс, аймаг, хотын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, үндэсний хэмжээний чансаа, зэрэглэлийг үндэслэн;

2.5.4.Улсын шүүгч цолыг улс, олон улсын чанартай тэмцээнийг шүүсэн туршлага, шүүгчийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байдал, холбооны шүүгчийн зөвлөлийн шалгалтын дүн, шийдвэрийг;

2.5.6.Зэрэг олгох ангиллыг тухайн спортын холбооны цол, зэргийн зөвлөл тогтооно.

2.6.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй спортын холбоо нь “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллыг шинэчлэх, нэмэлт оруулах тухай саналыг Зөвлөлд тухайн оны 11 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлж, зөвлөл хэлэлцэж дүгнэлт гарган Сайдын тушаалаар баталгаажуулж дараа оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гурав. Спортын цол, зэрэг олгох

3.1.Спортын холбоо нь спортын цол, зэргийн зөвлөлтэй байх бөгөөд уг зөвлөл тамирчинд энэ журмын 2.2.2, 2.3.2-т заасан зэргийг тухайн спортын төрлөөр зэрэг авах болзол хангасан тамирчин, шүүгчдийн хүсэлтийг хянан хэлэлцэж олгоно.

3.2.Нэг спортын төрлөөр хоёр ба түүнээс дээш спортын холбоо үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд спортын цол, зэргийн нэг зөвлөлтэй байх ба холбоо тус бүрийн төлөөллийн оролцоог тэгш хангасан байна.

3.3.Энэхүү журмын 2.2.1, 2.3.1-т заасан цолны болзол хангасан тамирчин, шүүгчийн хүсэлтийг тухайн спортын холбоо нь хүлээн авч холбооныхоо цол, зэргийн зөвлөлийн дүгнэлтийн үндсэн дээр www.sport.gov.mn цахим хуудсаар анкетыг бүртгүүлж баталгаажуулсны дараа дор дурдсан материалын хамт биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар бүрийн 20-ны дотор хүргүүлнэ.

3.3.1.тухайн спортын холбооны албан хүсэлт;

3.3.2.тухайн спортын холбоогоор баталгаажуулсан анкет;

3.3.3.зөвлөлийн хурлын тэмдэглэл;

3.3.4.тухайн болзлыг хангасан тэмцээний албан ёсны тэмдэглэлийн баталгаат хуулбар;

3.3.5.өргөмжлөл, дипломын баталгаат хуулбар.

3.4.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цол, зэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэр дэвшигчийн материалыг хүлээн авч 10 хоногийн дотор хянан үзэж, болзол хангасан тамирчин, шүүгчдэд Сайдын тушаалаар спортын цол олгоно.

3.5.Спортын цолны үнэмлэх, тэмдгийг үнэ төлбөргүй олгоно.

3.6.Цолонд нэр дэвшигчийн баримт бичгийг буцаан олгохгүй, архивын нэгж болгон хадгална.

3.7.Баримт бичгийн бүрдэл гүйцээгүй материалыг тухайн спортын холбоонд дараа сарын 10-ны дотор буцаана.

3.8.Спортын цолны тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгохдоо нөхөн олгохыг хүссэн өргөдөл, нөхөн олгохыг дэмжсэн тухайн спортын холбооны шийдвэр, үрэгдүүлсэн тухай зарлуулсан баримтыг үндэслэн олгоно.

Дөрөв. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөл

4.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд спортын төрөл, цол, зэргийн ангилал тогтоох асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж сайдад танилцуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.

4.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаан нь ээлжит ба ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хуралдаан жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст, ээлжит бус хуралдаан зөвлөлийн даргын зарласнаар тухайн цаг хугацаанд хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар санал хурааж олонхийн саналыг үндэслэн дүгнэлт гаргана.

4.3.Спортын цол, зэргийн зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ нь дарга, нарийн бичгийн дарга, спортын төрлүүдийн /багийн спорт, халз тулааны спорт, оюуны спорт, цэрэгжилтийн спорт, техникийн спорт, үндэсний спортын, пара, дифлиммпийн спорт/ төлөөллөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй байна.

4.4.Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй тохиолдолд зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах саналыг зөвлөлөөс сайдад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Тав. Бүртгэл, судалгаа

5.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тамирчин, шүүгчид олгосон спортын цолны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх асуудлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын спортын цол, зэрэг хариуцсан мэргэжилтэн хариуцна.

5.2.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь шинээр цол, олгогдсон тамирчин, шүүгчийн нэрсийг www.gov.mn цахим хуудсаар дамжуулан сар бүр олон нийтэд мэдээлнэ.