Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2015 оны 248 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Монгол Улсад 2014 оны байдлаар нийт өрхийн 28.0 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, үүнээс Улаанбаатар хотын нийт хүн амын 60,0 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, захиалагчдын санхүүжилтээр орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхиас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байна. Банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо бага хэвээр байна.

Манай улсад 1990 оноос хойш хотжилт эрчимтэй явагдаж, иргэд хот, суурин газарт ихээр шилжин суурьших болсонтой холбоотойгоор төлөвлөлт, зохицуулалтгүйгээр гэр хороолол ихээхэн нэмэгдэж агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээг даваад байна.

Иймээс Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах чиглэлээр 32 байршилд төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд уг төсөлд хамрагдсан иргэдийн түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсаар байна.

Иргэдийн орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, үнэ өндөр байна. Улсын хэмжээнд 2013 онд 18,4 мянган өрх, 2014 онд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарсан гэсэн судалгаа гарсан байна.

Олон улсын туршлагаас харахад өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх ажлыг төрөөс бодлогоор дэмжин бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, нийгмийн зорилтот бүлгийн орон сууцны хэрэгцээг хангадаг байна.


1.2. Орон сууцны тухай хуулийн 6.1.1-д Засгийн газар орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын 1999 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”-ын 21-д “Орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн. Төрийн өмчид байгаа орон сууцны зарим хэсгийг нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхэд зориулна. Нийгмийн халамжийн зориулалтаар нэмж шаардагдах орон сууцыг хувийн түрээсийн зах зээлээс авч, түрээсийн зардлыг орон сууцны тэтгэмжээр дамжуулж буюу шууд халамж хүртэгсдэд олгоно.” гэж заасан.
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн стратегийн зорилт 3-т “... гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлж, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, бага орлоготой иргэд, нийгмийн эмзэг хэсэгт зориулсан орон сууцны татаас, хөнгөлөлтийг бий болгох,  2021 он гэхэд айл өрхийн дийлэнх олонхийг орон сууцтай болгох” зорилтыг дэвшүүлэн тавьсан. 
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онд жил бүр 2000 айлын түрээсийн орон сууцыг төрийн дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулахаар тусгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.3.7-д “төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар 2012-2016 онд түрээсийн 1000 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах”-аар тусгасан. 


Хоёр.  Хөтөлбөрийн зорилго, зорилт


2.1. Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.2.1. түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, ашиглах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.2. түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, ашиглах бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх;
2.2.3. түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглах.


Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл


3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн чиглэлийг  баримтална:
3.1.1. түрээсийн орон сууцны сан нь дор дурдсан журмын дагуу бүрдүүлсэн төрийн, орон нутгийн өмчийн, хувийн өмчийн түрээсийн орон сууцны барилга болон орон сууцны барилгын доторх түрээсийн нэг айлын сууцнуудаас бүрдэнэ:
3.1.1.1. төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар бүрдүүлж ашиглах;
3.1.1.2. орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг аймаг, нийслэлийн Засаг дарга бүрдүүлж ашиглах;
3.1.1.3. аймаг, нийслэлийн Засаг дарга нь концессийн гэрээгээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад хуулийн хүрээнд тодорхой хөнгөлөлт үзүүлж, барьсан орон сууцны барилгын тодорхой хувийг зөвхөн түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглуулах гэрээ байгуулах замаар хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглуулах.
3.1.2. төрийн болон орон нутгийн өмчийн нэг айлын түрээсийн сууц нь барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн, инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 70м2 хүртэлх талбайтай сууц байна. Хувийн хэвшлийн нэг айлын түрээсийн орон сууцны хувьд талбайн дээд хязгаарыг тогтоохгүй бөгөөд талбайн доод хэмжээ 30 м2-аас багагүй байна; /Энэ заалтад ЗГ-ын 2016-11-30-ны өдрийн 169-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.1.3. хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцанд амьдрах зорилтот бүлгийн иргэдийн бодит судалгааг гаргах, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлыг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна;
3.1.4. хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, өв залгамжлуулах, дамжуулан түрээслэх, өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглоно;
3.1.5. төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцыг түрээслэгчээс энэхүү хөтөлбөрийн 4.1.4-т заасан түрээсийн төлбөрийг хуримтлуулж улс, орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлнэ.


Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа


4.1. Хөтөлбөрийн 2.2.1-д заасан түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, ашиглах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. Орон сууцны тухай хуульд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх ашиг, үүрэг хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах;
4.1.2. зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, тэдэнд хөнгөлөлт үзүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх;
4.1.3. түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхэд улс, орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгийг буцаан төвлөрүүлэх  санхүүгийн тогтолцоог бий болгох;
4.1.4. түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг жил бүрийн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-нд тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөөд ялгавартай тогтоож мөрдүүлэх;
4.1.5. барилгын хийц, бүтээцээс хамааруулан орон сууцны барилгын   1м2 талбайн бодит өртгийг тооцон гаргаж, жил бүр индексжүүлэх замаар барилгын үнэ бүрдлийн тогтолцоог шинэчлэх.
4.2. Хөтөлбөрийн 2.2.2-т заасан түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, ашиглах бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. түрээсийн орон сууц, түүний инженерийн дэд бүтцийг шинээр барих, өргөтгөх хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр үе шаттай шийдвэрлэх;
4.2.2. төрийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалтын зээл авах төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид Засгийн газар, Хөгжлийн банкнаас баталгаа гаргах, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж шийдвэрлэх;
4.2.3. түрээсийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээд инженерийн болон нийгмийн дэд бүтцэд ойрхон байрлалд газар эзэмших, ашиглахад зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх, энэ тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд жил бүр тусгах.
4.3. Хөтөлбөрийн 2.2.3-т заасан түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх;

4.3.2. орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг дараах байдлаар бүрдүүлэх:

4.3.2.1. орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтцийн бусад асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэн өгч, баригдсан орон сууцны нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгий өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх арга хэмжээ авах;

4.3.2.2. Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс жил бүр тодорхой хөрөнгө гаргаж, түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр баригдаж, ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх.
4.3.3. аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчидтай орон сууцны барилгын тодорхой хувийг худалдан борлуулахгүйгээр зөвхөн түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглуулах гэрээ байгуулах болон зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн зориулалттай орон сууцны нарийвчилсан судалгааг гаргаж, эрүүл ахуйн стандартын нөхцөл, шаардлагыг хангуулах замаар хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх;
4.3.4. төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах тохиолдолд барилга угсралтын ажлыг зохих туршлагатай орон нутгийн компаниар гүйцэтгүүлэх, тэдний чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах;

4.3.5. түрээсийн орон сууцны барилгын их болон урсгал засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах;

4.3.6. түрээсийн орон сууцны ашиглалт, зохицуулалтыг хариуцах бүтцийн нэгжийг байгуулж тогтвортой ажиллуулах.


Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт


5.1. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000 айлын, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ.
5.2. Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх ажлыг дараах эх  үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.2.1. улс, орон нутгийн төсөв;
5.2.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
5.2.3. гадаад, дотоодын зээл, тусламж;

5.2.4. oрон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

5.2.5. бусад.


Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ


6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд орон сууцны бодлого болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран жил бүр  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр гаргана:

6.2.1. хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцны тоо, байршил;

6.2.2. түрээсийн орон сууцны барилга барихад зориулж улс, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн хэмжээ;

6.2.3. нийгмийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт зориулж улс, орон нутгийн төсвөөс гаргасан хөрөнгийн хэмжээ.


Долоо. Хөтөлбөрийн үр дүн


7.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ:

7.1.1. түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах эрх зүйн орчин боловсронгуй болж, бодлого зохицуулалтын таатай орчин бүрдсэн байна;

7.1.2. нийслэлд 16000 айлын, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдсэн байна;

7.1.3. орон сууц худалдаж авах боломжгүй, нийгмийн зорилтот бүлгийн 20000 өрхийн орон сууцны нөхцөл сайжирна;

7.1.4. орон сууцны болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл, өрхийг түр суурьшуулах орон байрны асуудал шийдвэрлэгдэнэ;

7.1.5. төв, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зохих  хэмжээнд буурна.

 

------- оОо ------