Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны
2011 оны 337 дугаар тогтоолын хавсралт
 
Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, , сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1 Энэхүү журмын зорилго нь жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн данс /цаашид “данс” гэх/ байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх,  зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
Хоёр. Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэр
 
2.1 Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.1-т заасан “жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүл‎эх хөрөнгө”-ийг  Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан шийдвэрээр тооцно.
2.2 Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2-д заасан “Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн торгуулийн орлогын 50 хувь”, 22.1.4-т заасан “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь” эх үүсвэрийг санхүү төсвийн, болон авто замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран баталсан сангийн дансанд шилжүүлэх журмаар тооцно.
2.3 Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.5 –т заасан “мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого;” эх үүсвэрийг Албан журмын даатгагчдын холбооноос /цаашид “Холбоо” гэх/  мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээгээр тооцно.  
2.4 Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр холбооны гишүүн даатгагчаас хөрөнгө төвлөрүүлнэ.
 
Гурав. Сангийн данс байршуулах, харилцагч банкийг сонгох
3.1  Холбоо нь сангийн данс байршуулах, орлого төвлөрүүлэх бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх 3 харилцагч банкийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тухай хуулийн дагуу зохион байгуулна.

3.2 Холбоо харилцагч банкийг сонгохдоо дараахь шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ: 
3.2.1 Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн  2 жилийн байдлаар хангасан;
3.2.2 санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай үйлчилгээг тогтмол үзүүлэх боломжтой;
3.2.3 сангийн үйлчилгээ авах шаардлагатай газар бүрт үйлчлүүлэгч нарт үйлчлэх боломжтой;
3.2.4  харьцангуй бага шимтгэлтэй үйлчилгээг үзүүлэх чадвартай;
3.2.5 түргэн шуурхай, тохиромжтой үйлчилгээг үйлчлүүлэгч нарт үзүүлэх чадвартай

3.3 Холбоо сонгон шалгаруулалтад шалгарсан харилцагч банктай гэрээ байгуулна.
 
3.4  Холбоо нь сонгон шалгаруулсан харилцагч банктай байгуулсан гэрээний хэрэгжилтийг улирал тутам дүгнэж, аливаа маргааныг зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ.
 
3.5 Харилцагч банкны үйлчилгээ хангалтгүй, энэ журмын 3.3-д заасан шалгуурыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд харилцагч банктай байгуулсан гэрээг цуцална. Харилцагч банкийг дахин сонгон шалгаруулна.

3.6  Холбоо нь шалгаруулалтанд тэнцээгүй  харилцагч банкинд данс нээхийг хориглоно.
 
3.7  Сангийн хөрөнгийг дараах хэлбэрээр байршуулж болно.
Үүнд:                                     Хөрөнгө байршуулах хувь                  нэгжид ногдох дээд хувь
                        3.7.1 Засгийн газрын бонд, баталгаат үнэт цаас    100%                    50.0
                        3.7.2 Банкны хадгаламжийн сертификат                   20%                      5.0
                        3.7.3 Банкны харилцах хадгаламж                            100%                     33.4
                        3.7.4 Хорооноос зөвшөөрсөн  бусад хөрөнгө оруулалт
 
3.8 Хөрөнгө байршуулах хэмжээг тооцохдоо нийт хөрөнгийн дүнг харгалзан хөрөнгө байршуулах хувиар үржүүлж тооцно.
 
Дөрөв. Сангийн зарцуулалт
 
4.1 Сангийн хөрөнгийг  Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасаны дагуу зарцуулна.
4.2 Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.1.1-т заасны дагуу нөхөн төлбөр олгохдоо дараах баримтуудаар баталгаажуулсан байна.
4.2.1 даатгалгүй, даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан үед Холбооны жолоочийн даатгалын мэдээллийн сангийн тодорхойлолт;
4.2.2 бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус үед мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт, шийдвэр;
4.2.3 даатгагч дампуурсан тохиолдолд Хорооноос гаргасан тодорхойлолт, мэдэгдэл.
4.3 Нөхөн төлбөрийн нарийвчилсан зааврын төслийг холбоо боловсруулж Хороогоор батлуулна.
 
4.4 Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.1.2, 23.1.3, 23.1.4-т заасан зарцуулалтын хэмжээ нь өмнөх оны жилийн эцэс дэх сангийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй байна. Заасан хувь хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Хорооноос зөвшөөрөл авна.
 
4.5  Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.1-т зааснаас өөр зориулалтаар сангаас хөрөнгө зарцуулахыг хориглоно. Сангаас гарах зардлыг санхүүжүүлэхтэй холбогдсон анхан шатны баримт нь үнэн зөв, бодит тоон мэдээнд үндэслэгдсэн байна. Санхүүгийн тайланд гарсан аливаа алдааг залруулах бол холбогдох нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийж, зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
 
4.6  Зарцуулалтын анхан шатны баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна.
 
4.7 Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.1.4-т заасан сургалт сурталчилгааг санхүүжүүлэхтэй холбогдон гарах зардал нь 1.0 сая төгрөг ба түүнээс дээш үнийн дүнтэй үйлчилгээ авсан нөхцөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах, бараа ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тухай хуулийн дагуу зохион байгуулна.
 
 
Тав.  Хяналт, хариуцлага
 
5.1 Холбоо нь сангийн бүрдүүлэлт, зарцуулалтай холбоотой дараах эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1 Сангийн нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөнд хяналт тавих;
5.1.2 Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн шийдвэрлүүлэх;
5.1.3 Даатгалын нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардаж авах;
5.1.4 Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлөх.
 
5.2 Холбоо нь сангийн бүрдүүлэлт, зарцуулалтай холбоотой дараах үүргийг гүйцэтгэнэ:
 
5.2.1 Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгалын тохиолдол болсон газарт  шуурхай албаны төлөөлөгчөө илгээх;
5.2.2 Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, сан хариуцах;
5.2.3  Сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах;
5.2.4  Даатгагч компаниудаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг дансанд төвлөрүүлэх;
5.2.5 Сангийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг гаргаж, Хороонд тайлагнах;
5.2.6 Сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих, зарцуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг тухайн оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хороогоор батлуулах;
5.2.7  Сангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг даатгагч нарт хүргүүлэх;
5.2.8 Жилийн үйл ажиллагааны үр дүнгийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх;
5.2.9  Сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод явуулах;
5.2.10 Сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах;
5.2.11 Сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын улирлын тайланг дараа улирлын эхний  сарын 20-ны өдрийн дотор Хороонд ирүүлэх;
5.2.12 Жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэх бөгөөд аудит хийх компанийг даатгалын байгууллагын аудитын эрх авсан, сүүлийн 2-оос доошгүй жилд даатгалын компанид аудит хийсэн туршлагатай 3 компаниас сонгоно;
5.2.13 Хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлэх;
5.2.14  Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
 
Зургаа.  Хорооны үүрэг
 
6.1 Хороо нь сангийн санхүүгийн тайланг улирал тутам хянаж, тайлангийн хариуг албан бичгээр хүргүүлнэ.
 
6.2 Хороо нь жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан газар дээрх хяналт шалгалтыг хийж, шалгалтын тайланг удирдлагад танилцуулна.
 
Долоо. Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага.
 
7.1 Сангийн хөрөнгийг зарцуулах, зарцуулалтанд хяналт тавих тайлагнах үйл ажиллагааны талаар энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд холбогдох  хууль тогтоомжид  заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
----оОо----