Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2015 оны 325 дугаар

   тогтоолын хавсралт

 

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм.

 

Биологийн нөөц нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд түүний үнэ цэнэ, ач холбогдлыг дэлхий нийтээр ойлгох нь өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүний үйл ажиллагааны дарамтад өртөж, устаж үгүй болж байгаа амьтан, ургамал, экосистемийн хэмжээ, хамрах хүрээ сүүлийн хоёр зууны турш улам нэмэгдсэний улмаас өнөөдөр дэлхийн хүн амын хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 1,5 дахин хэтэрч дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын хөгжлийн түвшинтэй уялдан нөөцийн тэгш бус хуваарилалт, зохисгүй ашиглалтын улмаас 1970-2010 оны хооронд зөвхөн сээр нуруутан амьтдын тоо толгой гэхэд л 52 хувиар буурсан байна.

 

Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм. Конвенцид манай улс нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас олох ашгийг шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах үндсэн гурван зорилгод чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачилгатай хамтран ажиллах, үндэсний бодлого, үр ашигтай зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн.

 

Хоёр. Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах шаардлага

 

Монгол Улсын Засгийн газар 1996 онд “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин хэрэгжүүлсэн бөгөөд 2010 оны байдлаар хөтөлбөрт тусгагдсан 21 ерөнхий зорилго, 87 үйл ажиллагааны биелэлт нь 96 хувьтай байна гэж дүгнэсэн. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монгол орны нийгэм, эдийн засаг, байгаль орчинд гарсан эрс өөрчлөлтүүд болон дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцаас үзэхэд биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хувьд конвенцийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, байгаль орчны талаар боловсруулан гаргасан төрийн бодлого, шийдвэрийн  уялдааг хангасан байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага бий болсон байна.

 

Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 10 дугаар хуралдаанаас “Айчи-20 зорилт”-ыг шинээр боловсруулан баталж, конвенцид нэгдэн орсон улс орон бүрийг өөрийн улсын биологийн олон янз байдлын хөтөлбөрийг тус зорилтод нийцүүлэн шинэчлэн боловсруулах зөвлөмжийг гаргасан юм. 

 

Гурав. Хөтөлбөрийн зарчим

 

            3.1.  Хөтөлбөрийг боловсруулахад дараах зарчмыг баримталсан болно:

 

                        3.1.1. монгол орон болон дэлхий нийтэд биологийн олон янз байдал, байгаль хамгааллын талаарх бодлого, шинэ чиг хандлагыг тусгасан, судалгаанд үндэслэсэн байх;

 

                        3.1.2. Байгаль хамгааллын арга хэмжээний түншлэл (Conservation Measures Partnership)–ийн боловсруулсан "Байгаль хамгаалах практикийн нээлттэй стандарт"  аргачлалыг ашигласан байх;

 

                        3.1.3. “Айчи”-гийн зорилтуудыг Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан хүрсэн үр дүнгээ дэлхий нийтийн зорилттой харьцуулан тайлагнах суурь мэдээ, шалгуур үзүүлэлттэй байхаар сонгосон байх;

 

3.1.4. биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих зорилтот хөтөлбөр, төсөл нь үндсэн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, уялдсан байх шаардлагатайг харгалзсан байх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл,

зорилго, зорилт, үйл ажиллагаа

 

            4.1. Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь Монгол Улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нь баталгаатай болгох нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

 

4.2. Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах тэргүүлэх чиглэлийг баримтална:

 

       4.2.1. тэргүүлэх чиглэл 1: биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах талаарх шийдвэр гаргагч, олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх;

 

       4.2.2. тэргүүлэх чиглэл 2: биологийн олон янз байдлын нөөцийн талаарх шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан зохистой ашиглах болон хамгааллын бодлогыг бий болгон хэрэгжүүлэх;

 

       4.2.3. тэргүүлэх чиглэл 3: биологийн олон янз байдлын тогтвортой ашиглах нөхцөлийг хангах;

 

     4.2.4. тэргүүлэх чиглэл 4: биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалах, ашиглах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах.

 

4.3. Хөтөлбөрийн 1 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.3.1. зорилго 1: бүх шатны боловсролын түвшний агуулгад тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 5-аас доошгүй хувь нь энэ талаар мэдээлэл түгээдэг болох;

 

4.3.2. зорилго 2: байгаль орчны мэдээллийн сангийн биологийн олон янз байдлын мэдээллийн нэр төрөл, хүртэцийг нэмэгдүүлж, биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад ашиглах тогтолцоог бүрдүүлэх.

 

4.4. Хөтөлбөрийн 2 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.4.1. зорилго 3: эдийн засгийн ач холбогдолтой зүйлүүдийн генетикийн нөөцийг хамгаалах, ашиглах, түүний үр өгөөжөөс шударга хүртэх эрх зүйн орчинг бүрдүүлж зохистой ашиглах, генетикийн доройтол, хомсдолоос сэргийлэх;

 

4.4.2. зорилго 4: унаган, нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;

 

4.4.3. зорилго 5: экосистемийн үндсэн төлөөлөл тус бүрийн 30-аас доошгүй хувь, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийг бүхэлд нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, менежментийг нь сайжруулах;

 

4.4.4. зорилго 6: хөрс, усыг химийн болон шим бодисын бохирдлоос хамгаалах;

 

4.4.5. зорилго 7: ойн менежментийг сайжруулснаар монгол орны ойн ойрхог чанарыг 9 хувьд хүргэж, түүний доторх биологийн олон янз байдлыг хамгаалах.

 

4.5. Хөтөлбөрийн 3 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.5.1. зорилго 8: төр, нутгийн иргэд, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар байгалийн нөөц, ялангуяа агнуурын амьтны нөөцийн зохистой ашиглах, хамгааллын менежментийг нэвтрүүлэх;

 

4.5.2. зорилго 9: малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулсан хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгон монгол орны бэлчээрийн доройтлыг 70 хүртэл хувиар бууруулж сайжруулах;

 

4.5.3. зорилго 10: тариалангийн үйлдвэрлэлийн техник технологи, үйл ажиллагааг орчныхоо агробиоценоз дахь биологийн төрөл, зүйлүүдийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад нийцүүлэн шинэчлэх.

 

4.6. Хөтөлбөрийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.6.1. зорилго 11: биологийн олон янз байдлын талаарх шалгуур үзүүлэлтийг үндэсний тооцооны системд нэвтрүүлж, холбогдох салбарын хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд тусган хэрэгжүүлэх;

 

4.6.2. зорилго 12: байгаль орчны стратегийн үнэлгээнд үндэслэн хөдөө аж ахуй, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаас хэрэгжүүлж байгаа биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлөх магадлалтай үйл ажиллагаанд төсвөөс татаас болон хөнгөлөлт үзүүлэхгүй байх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх;

 

4.6.3. зорилго 13: бэлчээр, усны нөөц, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг тооцож нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тогтвортой хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;

 

4.6.4. зорилго 14: биологийн олон янз байдлын стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн боломжит гол эх үүсвэрийг тодорхойлж, үр нөлөөтэй ашиглах тогтолцоог бүрдүүлэх.

 

4.7. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.7.1. зорилт 1: тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч болон олон нийтийн хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулах;

 

4.7.2. зорилт 2: иргэдэд тогтвортой хөгжлийн үзэл санааг системтэй, цогц байдлаар олгох.

 

4.8. Хөтөлбөрийн 2 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.8.1. зорилт 3: биологийн олон янз байдлын талаарх судалгааны ажлыг дэмжих төр, хувийн хэвшлийн тогтолцоо, эдийн засгийн хөшүүргийг бий болгох;

 

4.8.2. зорилт 4: биологийн олон янз байдлын үнэ цэнэ, ач холбогдол, хамгаалал, зохистой ашиглах талаарх мэдээллийг шийдвэр гаргагч болон олон нийтэд ойлгомжтой, системтэйгээр хүргэх тогтолцоог бүрдүүлэх.

 

4.9. Хөтөлбөрийн 3 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.9.1. зорилт 5: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх малын үүлдэр, омог, унаган болон таримал ургамлын сорт, тэдгээрийн зэрлэг овог, төрөл, зүйлийг бүртгэлжүүлэх, төлөв байдлын үнэлгээ хийх, хомсдолоос хамгаалах;

 

4.9.2. зорилт 6: генийн эргэлтийн нөөц болон хувиргасан амьд организмыг бүртгэлжүүлэх, генетик нөөцийн сан бүрдүүлэх;

 

4.9.3. зорилт 7: генетикийн нөөцийг ашиглах, үр өгөөжийг шударга хүртээх тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

 

4.10. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.10.1. зорилт 8: монгол орны унаган, нэн ховор, ховор зүйлийг цогцоор хамгаалах, ашиглах хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

 

 

4.10.2. зорилт 9: монгол оронд тархаж байгаа харь зүйл амьтан, ургамлыг судлах, түрэмгийлэгч харь зүйлийг тархан суурьшихаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх.

 

4.11. Хөтөлбөрийн 5 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.11.1. зорилт 10: газар зохион байгуулалтын улсын болон орон нутгийн төлөвлөгөөнд экосистемийн төлөөлөлд суурилсан тусгай хамгаалалттай газар нутгийг тусган сүлжээг өргөтгөж бэхжүүлэх;

 

4.11.2. зорилт 11: талуудын оролцоонд тулгуурласан тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, чадавхийг сайжруулах;

 

4.11.3. зорилт 12: уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийг тодорхойлж, хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.

 

4.12. Хөтөлбөрийн 6 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.12.1. зорилт 13: хотжилт, уул уурхай, үйлдвэржилтээс үүдэлтэй химийн бодисын бохирдолтой холбоотой хуулийн хэрэгжилтийн хяналтад төр, олон нийтийн хамтын оролцоог хангах;

 

4.12.2. зорилт 14: хөдөө аж ахуйд ашигладаг химийн бодисын зохистой хэрэглээ, түүний хяналт, биологийн олон янз байдалд үзүүлэх шууд болон дам нөлөөний талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх;

 

4.12.3. зорилт 15: ургамал хамгаалах болон ургац нэмэгдүүлэх бодисын зохистой хэрэглээний хяналтын механизм бүрдүүлэх.

 

4.13. Хөтөлбөрийн 7 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.13.1. зорилт 16: төрөөс ойн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах.

 

4.14. Хөтөлбөрийн 8 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.14.1. зорилт 17: нутгийн иргэдийн нөхөрлөл бэлчээр, ан амьтан, ургамал, ой, ойн дагалдах баялаг зэрэг хүрээлэн байгаа байгалийн нөөцөө цогцоор хариуцах эрх зүйн орчин бий болгох;

 

4.14.2. зорилт 18: агнуурын бүс нутагт ан агнуурын менежментийг хэрэгжүүлэх.

 

4.15. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.15.1. зорилт 19: Газрын тухай багц хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичигт экосистемийн тэнцвэрт байдлыг бүрэн хамгаалсан мал аж ахуй эрхлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох;

 

4.15.2. зорилт 20: үржил шимийн доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хөрсийг хамгаалах, доройтолд орохоос урьдчилан сэргийлэх санхүүгийн тогтвортой тогтолцоог бий болгох.

 

4.16. Хөтөлбөрийн 10 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.16.1. зорилт 21: хөдөө аж ахуйн салбарын газар ашиглалтыг биологийн олон янз байдлыг хамгаалах бодлоготой уялдуулах.

 

4.17. Хөтөлбөрийн 11 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.17.1. зорилт 22: цогц судалгаанд үндэслэсэн биологийн олон янз байдлын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж үндэсний тооцооны системд нэвтрүүлэх;

 

4.17.2. зорилт 23: биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах асуудлыг холбогдох салбаруудын бодлого, хөтөлбөртэй уялдуулах.

 

4.18. Хөтөлбөрийн 12 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.18.1. зорилт 24: биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа эдийн засгийн хөшүүргийг бууруулах арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх;

 

4.18.2. зорилт 25: биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахыг дэмжих эдийн засгийн механизмыг боловсруулж хэрэгжүүлэх.

 

4.19. Хөтөлбөрийн 13 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.19.1. зорилт 26: экосистемийн үйлчилгээг үнэлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

 

4.19.2. зорилт 27: экосистемийн үйлчилгээний төлбөр (цаашид “ЭҮТ” гэх)-ийг нэвтрүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх.

 

4.20. Хөтөлбөрийн 14 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.20.1. зорилт 28: биологийн олон янз байдалд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Засгийн газрын бүх тусгай санд байгаль орчинд ээлтэй байх шалгуур үзүүлэлтийг тусгах;

 

4.20.2. зорилт 29: биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн орлогын эх үүсвэр (тухайлбал: экологийн үйлчилгээний төлбөр, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал)-ийг тодорхойлж нэвтрүүлэх.

 

4.21. Хөтөлбөрийн зорилт бүрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг биологийн олон янз байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төлөвлөн холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

 

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогч талууд, тэдгээрийн үүрэг

 

5.1. Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах оролцогч талуудын өөр өөрийн хариуцсан асуудлаар хамтран ажиллана:

 

5.2. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүрэгтэй:

 

5.2.1. хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах;

 

5.2.2. хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд оролцогч талуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

5.2.3. биологийн олон янз байдлын хөтөлбөрийг сурталчлах, оролцогч талуудыг мэдээлэл, сурталчилгааны материалаар хангах;

 

5.2.4. хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах ажлыг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

 

5.2.5. хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын мэргэжлийн баг, шинжээчдийн бүлэг байгуулж ажиллуулах;

 

5.2.6. биологийн олон янз байдлын хамгааллыг бодлогын түвшиндээ уялдуулж, зохистой ашиглах тогтолцоог бий болгож, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан, сайжруулах.

 

5.3. Ерөнхий чиг үүргийн яамд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төсөв, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтийг судалж нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

 

5.4. Чиглэлийн яамд биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрт тусгагдсан өөр өөрийн хариуцсан асуудлаар зорилго, зорилт нэг бүрийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах бөгөөд дор дурдсан чиг үүрэг хэрэгжүүлнэ:

 

5.4.1. хөтөлбөрийн зорилго, зорилт бүрийг салбарын хөтөлбөр, төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж, хэрэгжилтийн явц, үр дүнг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

 

5.4.2. энэ асуудалд салбарын аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэнийг оролцуулах.

 

5.5. Нутгийн захиргааны бүх шатны байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт хангуулах, түүнийг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

5.5.1. харьяалах нутаг дэвсгэртээ хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах;

 

5.5.2. биологийн олон янз байдлын хөтөлбөрийн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, мэдээлэх;

 

5.5.3. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тайлагнах.

 

5.6 Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь үндэсний болоод орон нутгийн түвшинд биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажиллагсадаа энэ талаарх мэдээлэл, арга зүйгээр хангах үүрэгтэй.

 

5.7. Олон улсын болон дотоодын байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд нь биологийн олон янз байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрийг сурталчлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ өгөх үүрэгтэй.

 

5.8. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүжүүлэгч байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын зөвлөгөө өгөх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг бий болгох, хөтөлбөрт туссан үр дүнг хангахад чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй оролцоно.

 

5.9. Иргэд нь хүрээлэн байгаа орчин, биологийн олон янз байдлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагаанд санал, санаачилга гарган төрийн байгууллагад уламжлах, өөрийн биеэр үлгэрлэн оролцох, иргэдийн нөхөрлөл байгуулан байгаль хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөндлөнгийн үнэлгээ  хийх зэрэг үүрэгтэй оролцоно. 

 

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх

 

            6.1. Хөтөлбөрийн зорилго тус бүрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:

 

Хөтөлбөрийн зорилгын дугаар

Шалгуур үзүүлэлтүүд

1

-  Тогтвортой хөгжлийг дэмжсэн хэвлэл мэдээллийн тоо, үйл ажиллагааны цар хүрээ;

-  Ерөнхий боловсрол, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт тогтвортой хөгжлийн агуулгыг тусгасан байдал.

2

-  Биологийн  төрөл, зүйлүүдийн мэдээллийн  сангийн бүрдэл, агуулга,  хүртээмжийн талаарх төр, иргэн, хуулийн этгээдүүдийн санал, дүгнэлт.

3

-  Генетикийн нөөцийг ашиглах, түүний үр өгөөжийг хүртэх эрх зүйн орчин;

-  Генетикийн нөөцийн санд хадгалагдаж байгаа эх материалын төрөл, тоо;

-  Генетик нөөц, түүний хэрэглээний талаар салбар дундын болон олон нийтэд хүргэх мэдээллийн төрөл, давтамж;

-  Биоаюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тоо.

4

-  Унаган, нэн ховор, ховор зүйлийн хамгааллын төлөв;

-  Монгол оронд тархсан харь зүйлийн тоо, тархалтын эрчим;

-  Хамгааллын хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ.

5

-  Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн эзлэх хувь;

-  Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашиг;

-  Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийн талбайн хэмжээ.

6

-  Хамгаалалтад авсан гол мөрний усны урсац бүрэлдэх эхийн эзлэх хувь;

-  Нэгж талбайд ногдох химийн бордоо ба ургамал хамгааллын бодисын хэмжээ;

-  Нийслэлийн бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа төсвийн хэмжээ;

-  Тариалангийн болон бэлчээрийн хөрс, усны бохирдол, үржил шимийн доройтлоос сэргийлэгдсэн талбайн хэмжээ /га талбайгаар/.

7

-  Монгол орны ойрхог чанар;

-  Хамгаалалтын статустай ойн хэмжээ;

-  Хамтын менежменттэй ойн талбайн эзлэх хувь;

-  Ойн түймэр, хөнөөлт шавжид өртсөн болон өвчний голомтот нутгийн талбайн хэмжээ;

-  Тариалангийн талбайд бий болгосон ойн зурвасын хэмжээ.

8

-  Байгалийн нөөцийг хамгаалж, зохистой ашиглах гэрээтэй нутгийн иргэдийн байгууллагын тоо;

-  Нутгийн иргэдийн байгууллагын гэрээгээр хариуцан хамгаалж байгаа газрын хэмжээ; 

-  Агнуурын бүс нутгийн амьтдын тоо толгойн хэлбэлзэл.

9

-  Доройтолд орсон бэлчээрийн талбай (хувиар);

-  Бэлчээрийг хуваарьтай ашигладаг болсон нутгийн иргэдийн байгууллагын тоо, хамрах талбай;

-  Хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлоос нөхөн сэргээгдсэн талбайн хэмжээ.

10

-  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тариалангийн талбайн хэмжээ;

-  Газрын нэгдмэл сангийн ангилал өөрчилсөн Засгийн газрын шийдвэр.

11

-  Үндэсний тооцооны системд оруулсан биологийн олон янз байдлын шалгуур үзүүлэлтийн мониторинг үнэлгээний дүн;

-  Биологийн олон янз байдлын шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлсэн салбарын бодлого, хөтөлбөр, төслийн тоо, хэрэгжилтийн үнэлгээ.

12

-  Биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа татаас болон хөнгөлөлтийн механизмийн тоо.

13

-  Бэлчээр, усны нөөц, ойн экосистемийн ашиглалтын эрчим;

-  Экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ.

14

-  Байгалийн нөөцийн ашиглалт, түүнд түшиглэсэн үйлчилгээнээс олсон орлогын зарцуулалтын хувь;

-  Байгаль орчинд зарцуулж байгаа төсвийн хувь;

-  Салбарын хөтөлбөрийн хэрэгжилтэд биологийн олон янз байдлын хамгаалах, зохистой ашиглахад зарцуулсан хөрөнгийн хувь.

 

           

6.2. Хөтөлбөрийн зорилт тус бүрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн байна:

 

Хөтөлбөрийн зорилтын дугаар

2016 -2018 он

2019-2021 он

2022-2025 он

1

Тогтвортой хөгжлийн үзэл санааг бүх шатны сургалтын хөтөлбөрт тусган боловсон хүчнийг чадавхижуулсан байна.

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэхэд талуудын үйл ажиллагааг уялдуулсан байна.

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэхэд талуудын үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлсэн байна.

2

Тогтвортой хөгжлийн боловсролын талаар бүх насныханд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны бодлого, төлөвлөгөөтэй болсон байна.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд (сэтгүүлч, сурвалжлагч, найруулагч, редактор) тогтвортой хөгжлийн боловсролын талаар бүрэн мэдээлэлтэй болсон байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 5-аас доошгүй хувь нь тогтвортой хөгжлийн боловсролын талаар мэдээлэл түгээдэг болсон байна.

3

Биологийн олон янз байдал (цаашид “БОЯБ” гэх)-ын үнэ цэнэ, ач холбогдол, хамгаалал, зохистой ашиглалттай холбоотой нэн шаардлагатай судалгааны ажлыг төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлэх тогтолцоог бий болгосон байна.

Төр, хувийн хэвшлээр санхүүжүүлэх судалгааны ажлын тоо хэмжээ, санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна. 

Төр, хувийн хэвшлээр санхүүжүүлэх судалгааны ажлын цар хүрээ нэмэгдсэн байна.

4

-БОЯБ-ын төлөв байдлыг илтгэх мэдээллийн төрөл, агуулга, цуглуулах арга замыг тодорхойлсон байна;

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод БОЯБ-ын үнэ цэнэ, ач холбогдлын талаарх мэдээллийг системтэйгээр нэвтрүүлэхэд чиглэсэн арга хэрэгслийг тусгасан байна.

Мэдээллийн санд орж байгаа мэдээллийг нэгтгэн боловсруулах, чанарт хяналт тавих, түгээх чадавхийг сайжруулсан байна.

БОЯБ-ын мэдээллийн тогтолцоо бүрэн шинэчлэгдэж сайжирсан байна.

 

5

Генетик нөөцийн ашиглалтын талаарх нөхцөл байдлын судалгаа хийгдсэн байна. 

Генетик нөөцийн судалгаа хийж уламжлалт мэдлэгийг бүртгэн мэдээллийн санд оруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, генетик нөөцийг  тогтвортой ашиглах эрх зүйн баримт бичгийг батлан мөрдүүлж,  үйл ажиллагааны нэгдсэн удирдлагатай болгоно.

-Ботаникийн цэцэрлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн  эндемик байгалийн ургамлын нөөцийн 60-аас доошгүй хувийг, байгалийн ургамлын үр,  зэрлэг амьтны  үр, хөврөл үрийг генийн санд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

-Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийг тогтвортой ашиглах даян дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлсэн байна.

6

Генетик нөөц, хувиргасан амьд организмын бүртгэлийн систем, сан бүрдүүлэх мэдлэг, туршлагыг бий болгосон байна. 

Монгол орны  унаган ургамал, амьтан, бичил биетний  төрөл, зүйл тэдгээрийн  генетик нөөц болон хувиргасан амьд организмыг судлан тогтоох, үнэлэх ажлын арга зүйг боловсруулсан байна.

Генетик нөөц, хувиргасан амьд организм, тэдгээрийн хэрэглээний талаар мэдээ, мэдээллийг олон нийт, иргэдэд хүргэх сүлжээ, бүтцийг бий болгосон байна.

7

Генетик нөөцийн эрх зүйн нөхцөл байдлын судалгаа хийгдсэн байна. 

Генетик нөөц болон түүнтэй хамааралтай уламжлалт мэдлэгийг ашиглах, түүний үр өгөөжийг хүртэх хууль батлагдсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийг ашиглах, хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж холбогдох олон улсын гэрээнд нэгдсэн байна.

8

-Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээ хийсэн байна.

-Дэд бүтцийн хөгжлийг БОЯБ-д ялангуяа нүүдлийн зүйлд ээлтэй, сөрөг нөлөө багатай төлөвлөх салбар хоорондын уялдааг хангасан байна.

Монгол орны унаган болон нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн баталж, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн байна.

 

Нэн ховор, ховор зүйл амьтны хил дамнасан нүүдлийн замыг чөлөөлөх талаар улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулсан байна.

9

Харь зүйлийн амьтан, ургамлын бүртгэл хийж мэдээллийн сан бүрдүүлсэн байна.

 

Түрэмгийлэгч харь зүйлийн тархалтыг хянах тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулсан байна.

Харь зүйлийг нэвтрэн орох, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна.

10

Тусгай хамгаалалттай газар нутаг (цаашид “ТХГН” гэх)-ийн санхүүгийн тогтвортой байдал, хамтын менежментийн зарчмыг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

ТХГН-ийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж экосистемийн төлөөлөл, тогтвортой менежмент, санхүүжилтийн тогтолцоог хангах механизмийг бий болгоно.

 

ТХГН-ийн сүлжээг өргөтгөн экосистемийн төлөөлөл тус бүрээс 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсан байна.

11

ТХГН-ийн хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх баримт бичгийг боловсруулсан байна.

ТХГН-ийн хамгаалалтын захиргааны дэд бүтцийг сайжруулан, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлсэн байна.

-ТХГН-уудад хамгааллын менежмент, хамгааллын статус, нөөц даацад суурилсан зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана.

-Хил дамнасан хамгаалалттай газар, олон улсын гэрээ, конвенцид хамруулсан газар нутгийн хамгааллын менежментийг сайжруулсан байна.

12

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийг тодорхойлж, мэдээллийн сан бүрдсэн байна.

Экологи, нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийн сэргэх чадварыг тэтгэсэн хамгаалал, зохистой ашиглалтын төлөвлөгөө боловсруулсан байна.

 

Талуудын оролцоотойгоор хамгаалал, зохистой ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна.

13

Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, ялангуяа усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг сайжруулж дэглэмийг мөрдүүлнэ.

Хотжилт, уул уурхай, үйлдвэржилтээс үүдэлтэй бохирдлоос хамгаалах хуулийн хэрэгжилтийн хяналтад төр, олон нийтийн хамтын оролцоог хангасан байна.

 

-БОЯБ-д сөрөг нөлөө үзүүлж байгаа хотжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх эдийн засгийн хөшүүргийг хот төлөвлөлтийн бодлогод тусгаж хэрэгжүүлсэн байна.

-Эрх зүй, эдийн засгийн зохистой хөшүүрэг хэрэгжүүлснээр аж үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 80-аас доошгүй хувийг дахин эргэлтэд оруулан ашигладаг болж, хүнс болон ариун цэврийн бус салбарт саарал ус ашиглах хувийг одоогийнхоос 30 хувиар нэмэгдүүлсэн байна.

 

14

Хөдөөгийн хүн ам, мал, бэлчээрийн усан хангамж, хүрэлцээг оновчтой зохион байгуулах менежментийг сайжруулна.

Химийн бодисын БОЯБ-д үзүүлэх шууд болон дам нөлөөний талаар малчид, газар тариалан эрхлэгчид цогц мэдлэгтэй болж хэрэглэгчдийн мэдлэг нэмэгдсэн байна.

ХАА-д хэрэглэж байгаа химийн бодисын хэрэглээний аюулгүй байдлыг хянах дэд бүтцийг орон нутаг, хилийн боомтуудад бий болгож, боловсон хүчнээр хангасан байна.

15

Төрөөс газар тариалангийн салбарт олгогддог дэмжлэгийг оновчтой болгох хувилбарыг боловсруулсан байна.

Төрөөс газар тариалангийн салбарт олгогддог дэмжлэгийг хөрс хамгаалах, химийн бодисын хэрэглээг хязгаарлах хөшүүрэг болгон өөрчилсөн байна.

ХАА-д ашигладаг химийн бодисын зохистой хэрэглээний хяналтад төр, олон нийтийн хамтын оролцоог хангасан байна.

16

Төрөөс ойн талаар баримтлах цогц бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааг хангах оновчтой менежмент бий болсон байна.  

Хөтөлбөрийг талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх замаар ойн экосистемийг нөхөн сэргээх, зохистой ашиглах, аюул заналыг бууруулах ажилд ахиц гарсан байна.

 

17

Нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулж бэлчээр, амьтан, ургамал, ой, ойн дагалдах баялаг зэрэг хүрээлэн байгаа байгалийн нөөцийг цогцоор хариуцах эрх зүйн орчинг бий болгосон байна.

 

Нутгийн иргэдийн нөхөрлөл болон бусад талууд байгалийн нөөцийн цогц менежментийн талаар бүрэн ойлголттой болсон байна.

Нутгийн иргэдийн нөхөрлөл болон бусад талууд байгалийн нөөцийн цогц менежментийг нийт малчдын 20 хувьд нэвтрүүлсэн байна.

18

Агнуурын бүс нутгийн менежментийг иргэдийн нөхөрлөл, хувийн хэвшилд бүрэн хариуцуулсан байна.

Байгалиас олборлосон ургамал, агнуурын амьтны экспортод тавигдах татварын эрх зүйн зохистой орчинг бүрдүүлсэн байна.

Агнуурын бүс нутгийн менежментээс нутгийн иргэд эдийн засгийн үр ашгийг тогтвортой хүртдэг болсон  байна.

19

Бэлчээрийн экосистем дэх зэрлэг амьтдын хэрэгцээг бэлчээрийн даац тогтоох аргачлалд тусгасан байна.

 

Экосистемийн тэнцвэрт байдлыг бүрэн хамгаалсан бэлчээрийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Төрөөс бэлчээрийн даацтай уялдуулан мал аж ахуй эрхлэх  эдийн засгийн хөшүүргийг бий болгосон эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

20

Доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хөрсийг хамгаалах, доройтолд орохоос урьдчилан сэргийлэх эдийн засгийн хөшүүргийг ХАА, уул уурхай, дэд бүтцийн холбогдох салбарын бодлого хууль, эрх зүйд тусгасан байна.

 

БОЯБ-д чухал газруудад доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хөрсийг хамгаалах, доройтолд орохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлнэ.

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайжирсан байна.

21

Шинээр усалгаатай тариалан, хадлан бэлчээр бий болгох боломжтой газар нутгийн хайгуул, судалгаанд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг болох, БОЯБ-д нэн чухал түшиц газрыг чөлөөлөх эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Уул уурхай, ХАА-н эдэлбэр газрын ангилалд байгаа БОЯБ-д нэн чухал түшиц газрыг экологи, нийгэм, эдийн засгийн нарийвчилсан судалгаанд үндэслэн ашиглалтаас чөлөөлж хамгаалалтад авсан байна.

 

Тариалангийн атаршуулсан талбайгаас эргэлтэд оруулах, нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээг тогтоосноор БОЯБ-д чухал газруудын байгалийн нөхөн сэргээлтийг тэтгэсэн үйл ажиллагааг эхлүүлнэ.

22

Ногоон хөгжлийн үзүүлэлтэд БОЯБ-ыг хамгаалах, зохистой ашиглах шалгуур үзүүлэлтийг оруулсан байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгаль орчноос оруулах хувь нэмрийг үндэсний тооцооны системд тооцох нөхцөл байдлын судалгааг хийж, зөвлөмж боловсруулсан байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгаль орчноос оруулах хувь нэмрийг үндэсний тооцооны системд тооцдог болсон байна.

23

БОЯБ-ын үндэсний хөтөлбөрийг Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай уялдуулсан байна.

Үндэсний тооцооны системд БОЯБ-ын шалгуур үзүүлэлтийг тусган хэрэгжүүлэх боловсон хүчнийг чадавхижуулсан байна.

Үндэсний тооцооны системд тусгагдсан БОЯБ-ын шалгуур үзүүлэлтийг холбогдох салбарын хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний механизмд тусгадаг болсон байна.

24

Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх хувийн хэвшлийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлсэн байна. 

ХАА, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бодлогын баримт бичиг, хөтөлбөрт байгаль орчны стратегийн үнэлгээ хийдэг болсон байна.

 

Эдийн засгийн гол салбарт төрөөс үзүүлдэг татаас, хөнгөлөлтийн механизмын байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийг судалж, БОЯБ-д сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагаанд  татаас, хөнгөлөлтийг бууруулах, зогсоох, эерэг нөлөөтэй үйл ажиллаагааг урамшуулах  эрх зүйн үндсийг бүрдүүлж мөрдүүлсэн байна.

25

БОЯБ-ыг хамгаалж зохистой ашиглаж байгаа  салбарыг урамшуулах  эдийн засгийн хөшүүргийн хувилбаруудыг боловсруулсан байна.

БОЯБ-ыг хамгаалж зохистой ашиглаж байгаа салбарыг урамшуулах  эдийн засгийн хөшүүргийг холбогдох салбарын бодлого,  эрх зүйд тусгасан байна.

Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд БОЯБ-ыг хамгаалж зохистой ашиглаж байгаа  үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг урамшуулдаг болсон байна.

26

Экосистемийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, боломжит хувилбарыг боловсруулсан байна.

Экосистемийн үйлчилгээг үнэлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Экосистемийн үйлчилгээг үнэлэх хуулийн хэрэгжилтийг хангуулж эхэлсэн байна.

27

БОЯБ-ыг тэтгэх салбарын ЭҮТ-ийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.

ЭҮТ-ийн эдийн засгийн үнэлгээг байгалийн бүс бүслүүр тус бүрээр ялгавартай тогтоох, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг хянан сайжруулж боловсронгуй болгосноор ЭҮТ-ийн хөтөлбөрийг боловсруулсан байна.

ЭҮТ-ийг нэвтрүүлэх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн байна.

28

БОЯБ-д шууд болон шууд бусаар нөлөөлдөг Засгийн газрын тусгай сангуудын  журам, хэрэгжилтэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргасан байна.   

Засгийн газрын тусгай сангийн журамд байгаль орчинд ээлтэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж оруулсан байна.

Засгийн газрын бүх тусгай санд байгаль орчны аудит хийдэг болох хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

29

БОЯБ-ыг дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулсан байна.

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт сайжирсан байна. 

 

Орон нутагт байгалийн нөөцийн ашиглалт, түүнд түшиглэсэн үйлчилгээнээс олсон орлогоо төвлөрсөн төсвөөс хараат бусаар бие даан шийддэг болсон байна.

 

6.3. Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн дэвшүүлсэн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ хийх ажлыг дараах үе шатаар зохион байгуулна:

 

6.3.1. I үе шат: Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатны үнэлгээ хийх, шаардлагатай өөрчлөлтийг тусгах (хугацаа: 2020 он);

 

6.3.2. II үе шат: Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн сүүлийн шатны үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын эхлэлийг тавих (хугацаа: 2025 он);

 

6.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ хийх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

 

6.5. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт 3 жил тутамд тайлагнах бөгөөд Биологийн олон янз байдлын Конвенцийн газарт 5 жил тутамд тайлагнана.

 

 

--------оОо-------