Хэвлэх DOC Татаж авах

/Ерөнхийлөгчийн 2018 оны 102 дугаар зарлигаар хүчингүй болсон/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 50 дугаар зарлигийн хавсралт

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИЙН

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын иргэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан тушаалд томилогдохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 3 дахь  хэсэгт  заасан  тангараг (цаашид "тангараг"  гэх)-ийг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Тангараг өргөх нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн нэр төрийн хэрэг бөгөөд түүнд төрөөс итгэл, хариуцлага хүлээлгэж, хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл болно.

Хоёр.Тангараг өргөх ёслолын ажиллагааны зохион байгуулалт

2.1.Тангараг өргөх газар, хугацаа /өдөр, цаг/-г Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг, нийслэлийн хэптэс, газрын дарга, тусгай ангийн дарга тогтоох бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагааг тангараг өргөх албан хаагч (цаашид “тангараг өргөгч" гэх )-ийн ажилладаг байгууллага зохион байгуулна.

2.2.Тухайн байгууллагын төрийн захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан  эсхүл  байгууллагын  эрх  баригчийн  томилсон  албан  тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг энэ журамд заасны дагуу хангаж, удирдана.

2.3.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тангараг өргөгч, түүнийг шууд захирах албан тушаалтан оролцох бөгөөд байгууллагын бусад албан хаагчдыг зохион байгуулалтайгаар оролцуулна.

2.4.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд төрийн захиргааныболон нутгийн захиргааны бусад байгууллага, төрийн бус байгууллага,  иргэдийн төлөөлөгчдийг оролцуулж болно.

2.5.Тангараг өргөх ёслолын ажиллагаа болох газар (байр)-ыг ёслол, хүндэтгэлийн байдалтайгаар тусгайлан бэлтгэнэ.

2.6.Тангараг өргөх ёслолын ажиллагаа болох газар (байр)-т Монгол Улсын Төрийн сүлд, далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.

2.7.Тангараг өргөх ёслолын ажиллагаа болох газарт онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бэлгэдэл, туг, аврах ажлын зориулалттай техник хэрэгслийг тусгайлан бэлтгэж байрлуулж болно.

2.8.Тангараг өргөгч тангараг өргөх ёслолын ажиллагаа болох газар(байр)-т тогтоосон цагт ёслолын хувцастай ирж Монгол Улсын Төрийн сүлд рүү эгц харан зогсоно.

2.9.Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөгчийг танилцуулж, тангарагийн бичгийг тус бүрт нь гардуулна.

2.10.Тангарагийн   үг   бүхий   бичгийг   гардуулахад   тангараг   өргөгч тангарагийн үгийг цээжээр хүндэтгэлтэйгээр дуудна.

2.11.Хэд хэдэн тангараг өргөгч байгаа бол насаар хамгийн ахмад нь тангарагийн үгийг дуудаж бусад нь дагалдана.

2.12.Байгууллага, хамт олноороо тангараг өргөх бол тухайн байгууллага зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга тангарагийн үгийг дуудаж бусад нь дагалдана.

2.13.Тангарагийн үгийг дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол Улсын Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө зүүн өвдөг дээрээ сөхрөн адис авна.

2.14.Тангараг өргөгч  нүүрэн талдаа  Монгол Улсын  Төрийн  сүлд "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тангараг гэсэн бичээстэй, дотор талдаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29.3-т заасан тангарагийн бичигт гарын үсэг зурж, он, сар, өдрийг бичнэ.

2.15.Тангараг өргөж дуусмагц хөгжимд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ.

2.16.Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөгчид баяр хүргээд ёслолын ажиллагааг хаана.

2.17.Тангараг  өргөх  ёслолын  ажиллагааны  талаарх дэс  дарааллыг тодорхой тусгасан тэмдэглэл хөтөлнө.

Гурав.Бусад зүйл

3.1.Тангараг өргөх ёслолын ажиллагааг эх орны түүхэн дурсгалт газар, хөшөө, цогцолборын дэргэд, баярын болон тэмдэглэлт өдөр, ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулж болно.

3.2.Тангараг өргөх ёслолын ажиллагааг тохиолдуулан ёслол хүндэтгэл (урлаг, спортын болон бусад)-ийн арга хэмжээг зохион байгуулж болно.

3.3.Тангарагийн бичгийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

3.4.Тангарагийн бичгийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргаж хадгална.

3.5.Тангараг өргөсөн албан хаагч төрийн бусад байгууллагад шилжин ажилласны дараа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаалд эргэн томилогдвол дахин тангараг өргөхгүй.

 

-------оОо---------