Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр

тогтоолын 7 дугаар хавсралт

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ , БҮТЦИЙН

ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиг үүргийн хүрээнд тус яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомж, бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;

-Хүнсний тухай хууль;

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль;

-Органик хүнсний тухай хууль;

-Технологи дамжуулах тухай хууль;

-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль;

-Газрын тухай хууль;

-Газрын төлбөрийн тухай хууль

-Тариалангийн тухай хууль;

-Таримал ургамлын үр, сортын тухай хууль;

-Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;

-Ургамал хамгааллын тухай хууль;

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;

-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль;

-Усны тухай хууль;

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;

-Тамхины хяналтын тухай хууль;

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль;

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль;

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль;

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль;

-Хоршооны тухай хууль;

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

-Аудитын тухай хууль;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал;

-Ногоон хөгжлийн бодлого;

-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого;

-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого;

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;

-Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;

-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглан боловсрууллаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5.Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг төлөвлөх, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, тэдгээрийн харилцан уялдааг зохицуулах ба хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов:

Яамны бодлого, зохицуулалтын үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна.

Яамны бодлого, зохицуулалтын үйлчлүүлэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.

Яамны бодлого, зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчдийн албан үүргээ хэрэгжүүлэх болон үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэнэ. Яамны стратегийн бодлого, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, сайдад өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, мэдээ, мэдээлэл, дэмжлэг, салбарын төсөв, улсын болон орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгахад оршино.

2.2.Стратегийн тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, дотоод худалдаа болон маркетингийн бодлого, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2.2.мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний гаралтыг тогтвортой бууруулж, тархалтыг зогсоох, өвчингүй тайван бүсийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх;

2.2.3.малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх үржил, селекцийн ажлыг стратеги төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэх, тэдгээрийн генетик нөөцийг бүртгэх, хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.2.4.мал, амьтан, таримал ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, малын тэжээл, түүний нэмэлтийн хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.2.5.хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх, уст цэг, усалгааны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ашиглалт, эзэмшлийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах;

2.2.6.тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх;

2.2.7.байгалийн гэнэтийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах;

2.2.8.салбарын үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;

2.2.9.хөнгөн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс, ширийг гүн боловсруулах, импортыг орлох, экспортын баримжаатай сүлжмэл, нэхмэл, оёмол хувцас, хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл дагасан үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх;

2.2.10.хүн амын эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; 

2.2.11.жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршооны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, ажлын байрыг шинээр бий болгох, үнэ цэнийн сүлжээ, кластерийг хөгжүүлэх;

2.2.12.өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх.

2.3.Яамны алсын хараа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

2.4.Яамны эрхэм зорилго

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнс, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.5.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах;

2.5.2. төрийн захиргааны удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, Засгийн газрын тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төслийн эрх зүйн үндэслэл хянах, эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3.мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5.хөнгөн үйлдвэр, дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.6.хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.7.жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.8.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах.

2.6.Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд: 

2.6.1.1.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл, салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, маркетингийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөөний төслийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаа, дүн шинжилгээ, бүтээмж, үр ашгийн тооцооллын үндсэн дээр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө өгөх;

2.6.1.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах, зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;

2.6.1.3.хууль тогтоомж, түүний үзэл баримтлалын төсөл боловсруулахад оролцож холбогдох тооцоо, судалгаа, бодлогын удирдамжаар хангаж ажиллах, зөвлөгөө өгөх.

2.6.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах;

2.6.2.2.хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн үндэслэлийг хянах;

2.6.2.3.салбарын бодлого, зорилттой нийцүүлэн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1.мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.2.малчны орлого нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1.тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг уурын эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.4.2.тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.6.5.1.хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, кластерын хөгжлийг тогтворжуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.5.2.хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.6.5.3.худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.6.6.1. хүнсний болон хоол үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.6.2.хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт-баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах.  

2.6.7.үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.6.7.1.жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах, санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.7.2.жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих, бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ болон инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.8.үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.6.8.1.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх;

2.6.8.2.салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах;

2.6.8.3.салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах.

2.7.Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.8.Яамны үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дор дурдсанаар тодорхойлж байна:

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримталсан зарчим:

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой үүрэг хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон төрийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тэлэх зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар 

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тодорхойлж байна:

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:

3.3.1.бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл, салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, маркетингийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөөний төслийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаа, дүн шинжилгээ, бүтээмж, үр ашгийн тооцооллын үндсэн дээр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө өгөх; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах, зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах; хууль тогтоомж, түүний үзэл баримтлалын төсөл боловсруулахад оролцож холбогдох тооцоо, судалгаа, бодлогын удирдамжаар хангаж ажиллах, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүүгийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, хоршооны салбарын хөгжил, шинэчлэлийг авчрах эдийн засаг, санхүү болон тогтолцооны үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төслийг боловсруулах, түүний үр ашгийн тооцоо, судалгааг хийх, сайдыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

3.3.2.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, Засгийн газрын тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төслийн эрх зүйн үндэслэл хянах, эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах; хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн үндэслэлийг хянах; салбарын бодлого, зорилттой нийцүүлэн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажлыг оновчтой төлөвлөн зохион байгуулах, тайлагнах, сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагуудыг төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон байгууллагын нууцын асуудлыг эрхлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, олон нийттэй харилцах, яамны үйл ажиллагааг сурталчлах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэрийн болон гэрээний эрх зүйн үндэслэлийг хянах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь салбарын байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд байна. 

3.3.3.мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; малчны орлого нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөж батлуулан хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг хариуцаж, мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, төсөв, санхүүгийн болон бусад нөөцийн хангамж, хүртээмжийн байдалд дүн шинжилгээ хийх замаар оновчтой бодлого боловсруулахад оролцож, мал аж ахуйн асуудлаар төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, нутгийн захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам болон бусад яамд, Мал эмнэлэг, үржлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.

3.3.4.газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг уурын эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газар тариалангийн талаарх хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж зохицуулах, үр дүнг нь нэгтгэн дүгнэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх арга хэмжээг төлөвлөж батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах, тариалангийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажил, үйлчилгээг зохион байгуулах, зохицуулахад чиглэгдэнэ. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.

3.3.5.хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэр, дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, кластерын хөгжлийг тогтворжуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулах нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад хөнгөн үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулж, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоог хангах зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, стандарт, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.6.хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнсний болон хоол үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнсний үйлдвэрлэлийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэх, хүнсний үйлдвэр, үйлчилгээг чадавхижуулах, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн талаар судалгаа хийх, цахим бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах, төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, стандарт, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага болон бусад яамд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.7.жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах, санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих, бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ болон инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сан, сум хөгжүүлэх санг удирдлага, зохицуулалтаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь жижиг, дунд үйлдвэр болон хоршоо эрхлэгчид, нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, стандарт, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, бусад яамд, жижиг, дунд үйлдвэр эрхлэх, хоршоо хөгжүүлэх хүсэлтэй иргэд байна.

3.3.8.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх; салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах; салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, цаашид үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр цаг тухайд нь хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.