Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2017 оны 98 дугаар
      тогтоолын хавсралт

 

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл 

Улаанбаатар хотын хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэж байгаагийн улмаас хүрээлэн байгаа орчны бохирдол ихэсч , энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ (нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж) хэт ихэсч, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна.  

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Усны бохирдлын гол эх үүсвэр нь цэвэрлээгүй болон дутуу цэвэрлэсэн үйлдвэрлэлийн болон ахуйн бохир ус, стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол, уул уурхайн болон барилгын үйлдвэрлэлээс үүдэлтэй лаг шавар, хагшаас зэрэг байна.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон хот, суурин газрын цэвэрлэх байгууламж нь техник, технологийн хувьд хоцрогдож, хүчин чадал нь ачааллаа даахгүй болж, усны бохирдлын гол эх үүсвэр болоод байна.

Улсын хэмжээний нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүү нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голын усыг эрдэс болон органик бодисоор бохирдуулж байна.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгт “маш бохир” гэж үнэлэгдэж, усан дахь органик бодисын агууламж Усны чанарын стандартаас 2-266 дахин, аммонийн азот стандартаас 1.4-61 дахин илүү бохирдсон байна.

Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал, уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар         360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байна.

Хот, суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас (жорлон, муу усны нүх) хамааралтай нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэр, машин засварын газар, хогийн цэгийн орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол ихээр илэрч байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна.

Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх” зорилтыг дэвшүүлж, агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.2.1. хот төлөвлөлт, байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулан хот, суурин газрын агаар, орчны чанарыг сайжруулах;

2.2.2. байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах;

2.2.3. автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах;

2.2.4. агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, санхүүжилтийг тодорхой болгож, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг урамшуулах тогтолцоог бий болгох;

2.2.5. орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх.


Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат 


3.1. Хөтөлбөрийг 2017-2025 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

3.1.1. нэгдүгээр үе шат: 2017-2019 он;

3.1.2. хоёрдугаар үе шат: 2020-2025 он.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Хот төлөвлөлт, байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулан хот, суурин газрын агаар, орчны чанарыг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1. хүн амын суурьшлын ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар нийслэлийн хүн амын төвлөрлийг зогсоох;

4.1.2. нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх;

4.1.3. нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны авто замын төсөл хэрэгжүүлэх;

4.1.4. төрийн байгууллага, их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, зохион байгуулах;

4.1.5. хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж, орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх;

4.1.6. цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрх 2.5-4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх;

4.1.7. “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууцыг барихад чиглэсэн дэд бүтцийг байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, залуучууд, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах;

4.1.8. төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэх;

4.1.9. Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох;

4.1.10. хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох;

4.1.11. арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, авто техникийн болон барилгын материалын захыг нийслэлээс үе шаттай нүүлгэн шилжүүлж, инновацид тулгуурласан ногоон технологи бүхий үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх;

4.1.12. хот, суурин газрын орчимд элс, хайрганы олборлолт, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хязгаарлаж, газрыг нөхөн сэргээх;

4.1.13. гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэх;

4.1.14. Туул гол, түүний цутгал Сэлбэ, Улиастай, Баянгол, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт зэрэг голуудад хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, үерийн далан болон хамгаалалтын бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэх бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх.

4.2. Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.2.1. хот, суурин газрын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гарган мөрдүүлэх;

4.2.2. дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох;

4.2.3. гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжин түүхий нүүрсний хэрэглээг орлуулах;

4.2.4. гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50.0-100 хувь хөнгөлөх;

4.2.5. байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн зохицуулалт бий болгож хэрэгжүүлэх;

4.2.6. гэр, байшингийн дулаалгыг сайжруулж, дулааны алдагдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

4.2.7. хот, суурин газрын дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, нүүрсний хэрэглээ, хаягдлыг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэл хийх;

4.2.8. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон бусад хот, суурин газрын ариутгах татуургын байгууламж, үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор шинэчлэх;

4.2.9. гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих;

4.2.10. аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалттай байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах  байдлыг хумих;

4.2.11. ашиглалтаас гарсан сав, баглаа боодол, зай хураагуур, аккумулятор, өдрийн гэрлийн шил, элэгдсэн дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч нь хариуцаж эргүүлэн татах зохицуулалт болон тэдгээр хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд олгох урамшууллын тогтолцоог бий болгох;

4.2.12. нүүрсний давхаргын метан хийн нөөцийн судалгааг эрчимжүүлж, нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжих;

4.2.13. хот, суурин газрын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг зогсоох бодлогын хүрээнд зорчигч суудлын галт тэргийг цахилгаан халаалтад үе шаттай шилжүүлэх;

4.2.14. үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүссэн орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглахад чиглэсэн стандартуудыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх;

4.2.15. агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийг бууруулах инновацийн судалгаа, технологийн хөгжлийг дэмжин санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон улсын сангуудаас санхүүгийн дэмжлэг авахад дэмжлэг үзүүлэх;

4.2.16. агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн үзэсгэлэнгийн төв”-ийг байгуулах;

4.2.17. “Ногоон зээлийн сан” байгуулах асуудлыг судалж, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгальд ээлтэй, агаар, орчны бохирдол болон дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, цахилгаан халаагуур худалдан авахад дэмжлэг үзүүлэх, хүү багатай зээлийн бүтээгдэхүүн бий болгох.

4.3. Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.3.1. хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг үе шаттайгаар хориглох;

4.3.2. “Евро-5” стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортоор оруулах, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;

4.3.3. тээврийн хэрэгслийг хийн түлш, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник, технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж турших, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлэх;

4.3.4. авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг систем нэвтрүүлэх, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж, автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах;

4.3.5. зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийж, ашиглалтаас хасагдсан автомашины хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах;

4.3.6. хот хоорондын авто замын дагуу зорчигч, тээвэрлэгчийн ая тухыг хангасан ногоон шийдэлтэй түр буудаллах үйлчилгээний цогцолборыг төлөвлөн байгуулах;

4.3.7. авто замын ус зайлуулах системийг иж бүрнээр төлөвлөн хэрэгжүүлж, авто замын тоосыг зориулалтын машин, техникээр цэвэрлэх, замын цас, мөсийг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай бодис ашиглан цэвэрлэж хэвшүүлэх.

4.4. Агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, санхүүжилтийг тодорхой болгож, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг урамшуулах тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.4.1. “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн сангийн хөрөнгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээнд зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.4.2. агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллах;

4.4.3. бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хөгжүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах;

4.4.4. хот байгуулалт, ногоон байгууламжтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

4.4.5. “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

4.4.6. эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

4.4.7. хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, хэмнэлттэй, агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт технологи бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхэд чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх;

4.4.8. “Хийн хангамжийн мастер төлөвлөгөө” боловсруулан мөрдүүлэх;

4.4.9. насжилт ихтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн импортыг үе шаттайгаар хязгаарлах, цахилгаан болон хийгээр ажилладаг автомашины хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.5. Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.5.1. агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

4.5.2. байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх;

4.5.3. гэр хорооллын нутаг дэсвгэрт агаарын бохирдлын хяналт явуулж, хог хаягдал шатаах явдлыг зогсоож, энэ чиглэлээр зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;   

4.5.4. агаар, орчны бохирдлыг бууруулахад идэвх, санаачилгатай, дэмжиж ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хөхиүлэн дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах;

4.5.5. агаар, орчны бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд учруулж байгаа урт болон богино хугацааны сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга барилыг төлөвшүүлж, агаар, орчны бохирдлын улмаас үүсэх өвчлөлийг бууруулах;

4.5.6. гэр, байр, орон сууцны доторх агаарын бохирдлыг бууруулах, арилгахад чиглэсэн зөвлөмж гаргаж, олон нийтэд сурталчлах;

4.5.7. байгаль орчны төв лаборатори болон орон нутгийн лабораторийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилж, бенз(а)пирен, дэгдэмхий органик нэгдэл зэрэг хорт бодис, хүнд металл тодорхойлох орчин үеийн мэдрэмж сайтай аналитик багаж, тоног төхөөрөмжөөр хангах;

4.5.8. агаар, орчны чанарын хяналтыг өргөжүүлэн энэ чиглэлийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх,

4.5.9. хот, суурин газарт агаарын бохирдлыг хянах суурин автомат харуулын тоог нэмэгдүүлж, тасралтгүй ажиллагааг нь хангах;

4.5.10. агаар, орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр, хаягдлын тооллого явуулж, бүртгэл, мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэх;

4.5.11. дуу чимээ, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн сөрөг нөлөөллийн төлөв байдлын судалгаа хийж, хяналтын тогтолцоог бий болгох.


Тав. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт


5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулна.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ 2016 оны жилийн эцсийн үзүүлэлтийг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг явц болон үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 

Шалгуур үзүүлэлт

 

Нэгж

Суурь түвшин (он)

Зорилтот түвшин (он)

Хэрэгжүүлэх байгууллага

2016

2019

2025

1.

 

 

Бохирдуулах бодисын бууралт (суурь үзүүлэлт 2016 оны 12 дугаар сарын дундаж)

РМ2.5 тоосонцор

мкг/м3

256

190

70

БОАЖЯ, НЗД

РМ10

тоосонцор

мкг/м3

279

210

100

БОАЖЯ, НЗД

Хүхэрлэг хий (SO2

мкг/м3

89

70

50

БОАЖЯ, НЗД

2.

Шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл бүрдсэн гэр хорооллын хэрэглэгч

тоо

110 895

135 000

150 000

ЭХЯ, ЭХЗХ

3.

2.5 кВт-ын чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломж бүрдүүлэх өрх

тоо

20 000

110 000

-

ЭХЯ

4.

4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломж бүрдүүлэх өрх

тоо

3 000

20 000

80 000

ЭХЯ

   5.

Цахилгаан эрчим хүчинд шинээр холбогдсон өрх

тоо

-

5 800

-

ЭХЯ

  6.

Түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан түлш хэрэглэх өрх

тоо

150

23 000

43 000

НЗД, ЭХЯ

7.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн хэмжээ

тн/жил

500

90 000

150 000

ЭХЯ, УУХҮЯ

8.

Хэрэглэгчийг инженерийн төвлөрсөн хангамжид шилжүүлж, буулгасан халаалтын зуух

тоо

-

123

228

ЭХЯ, НЗД

99.

Алслагдсан дүүрэг, орон нутаг руу шилжсэн хүн

тоо

-

2 000

9 600

НЗД, ҮСХ

10.

Алслагдсан дүүрэг, орон нутагт бий болсон ажлын байр

тоо

-

1 000

10 000

ХХААХҮЯ, ХНХЯ,

ҮСХ, АНЗД

111.

Дэмжлэг авсан зорилтот бүлгийн өрх

тоо

-

13 300

13 000

НЗД, БОАЖЯ,

ХНХЯ

112.

Инженерийн дэд бүтцийн бичил дэд төв

тоо

-

20

100

БХБЯ, НЗД

113.

Инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн боломж бүрдүүлэх гэр хорооллын өрх

тоо

20 000

40 000

70 000

БХБЯ, ЭХЯ, НЗД

114.

Гэр хорооллын айл өрхийн орон сууцны хангамж, орон сууцанд шилжин орсон айл өрх

тоо

-

20 000

70 000

БХБЯ,

НЗД

115.

Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хүн ам

хувь

38

43

50

БХБЯ,

АНЗД

116.

Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хот суурин газрын хүн ам

хувь

40

60

80

БХБЯ,

АНЗД

117.

Хийн түлшээр ажиллах автотээврийн хэрэгсэл

Такси

тоо

312

1 000

3 000

ЗТХЯ, НЗД

Автомашин

тоо

14 500

17 000

25 000

118.

“Евро-5” стандартад нийцсэн шатахууны эзлэх хувь

Авто бензин

хувь

-

50

80

ЗТХЯ, УУХҮЯ, АМГТГ

Дизель түлш

хувь

-

50

80

119.

Цахилгаанаар халаах боломжтой нийт суудлын галт тэрэг

тоо

16

72

159

ЗТХЯ, ЭХЯ, НЗД

220.

Хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр

тоо

-

-

1

ЭХЯ, НЗД

221.

Амьсгалын тогтолцооны өвчний бууралт (10000 хүн ам тутамд эмнэлэгт хэвтэлтээр)

про-милль

456

448

433

ЭМЯ

222.

Зүрх судасны тогтолцооны өвчлөлийн бууралт (10000 хүн ам тутамд эмнэлэгт хэвтэлтээр)

про-милль

399

393

384

ЭМЯ

223.

Уушигны хатгалгаа (10000 хүн ам тутамд эмнэлэгт хэвтэлтээр)

про-милль

239

206

146

ЭМЯ

224.

Гэр хорооллын болон нийтийн эзэмшлийн нэмж зүлэгжүүлсэн талбай

га

110

1 450

3 000

НЗД

225.

Хот, суурин газрын ногоон байгууламжит талбайн эзлэх хувь

Улаан-баатар хот

хувь

1

7

25

НЗД

аймаг

хувь

1

5

25

АЗД

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах
хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэр

6.1. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, ажлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2. агаар бохирдуулсны төлбөрийн орлого;

6.1.3. ус бохирдуулсны төлбөрийн орлого;

6.1.4. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

6.1.5. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;

6.1.6. бусад эх үүсвэр.

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гүйцэтгэнэ.

7.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран гүйцэтгэнэ.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,
үнэлгээ

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг жил бүр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын  төлөөлөлтэй хамтран  гүйцэтгэнэ.

8.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран гүйцэтгэж дүгнэлт, зөвлөмж бүхий тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.3. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулна.

8.4. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.