A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264/ А/293

ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г нэгдүгээр, “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам”-ыг хоёрдугаар, “Нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэх журам”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг байгууллагын вэб сайт, мэдээллийн самбарт ил тод байршуулан иргэдийг мэдээллээр хангах, эмнэлгийн цахим бүртгэл болон санхүүгийн програмд зохих өөрчлөлт хийж хоорондын уялдааг нь сайжруулах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Төрийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, тухай бүр шинэчилж байхыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Б.Нарантуяа)-д, мэдээллийн санг үндэслэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тодорхойлж жилийн төсвийн төсөлд тусгаж байхыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Д.Төмөртогоо) нарт тус тус даалгасугай.

4.Тушаалыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгаж байхыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Д.Төмөртогоо) нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Н.Нарангэрэл), Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Баярт) нарт тус тус даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлтээр үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2006 оны 370/387 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД                                        ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Б.ЧОЙЖИЛСҮРЭН                                   А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар 25-ны өдрийн 3781 дугаарт бүртгэв.