Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1998 оны 157 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АЖ ҮЙЛДВЭРИЙГ СЭРГЭЭХ, ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО 
 
            Нэг. Нийтлэг үндэслэл
            Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий экспортын болон дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улмаар дэлхийн хөгжлийн нийтлэг хандлагатай уялдуулан экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх замаар улс орны нйигэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нь төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн.
 
Хоёр. Аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэл
1.Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын зорилт нь дор дурдсан үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд оршино. Үүнд:
а/экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, эдийн засгийн өөрийгөө сэргээн тэтгэх чадавхийг дээшлүүлэх;
б/үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, технологи дамжуулалтыг тууштай дэмжиж, шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, зах зээлийн шаардлага хангасан уян технологийг бий болгох;
в/аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх суурь баазыг бэхжүүлэх;
г/биотехнологийг хөгжүүлж, эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлгүй, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий оюуны багтаамж сайтай, экологийн цэвэр, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
д/орон нутагт импортыг орлох жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлж хэрэгцээг жигд хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар аж үйлдвэрийн хэт төвлөрлийг багасгах;
е/үйлдвэрлэлд үйлчлэх зөөлөн дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгон эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх.
2.Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого нь дараахь зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд:
Эрдэс, түүхий эдийг боловсруулах салбар
а/байгаль орчиндоо зохицсон экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, түүхий эдийн боловсруулалтыг гүнзгийрүүлэн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн үр ашигийг дээшлүүлнэ;
б/үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулж дотоодын зарим үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, цэвэр металл, хайлш гаргах, бага оврын техник, багаж хэрэгсэл үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ;
в/газрын тосны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн гаргах химийн үйлдвэрлэлийг байгуулж шатах, тослох материал, зарим төрлийн органик бодис, уусгагчийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбар
г/мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;
д/түүхий эдийн ашиглагдаагүй байгаа нөөцийг илрүүлж судлан ашиглах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлнэ;
е/хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, сав, баглаа боодлыг боловсронгуй болгон, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Бусад салбар
ж/байгалийн гаралтай түүхий эдийн ашиглалтын үр дүнг дээшлүүлж, уураг, витаминт хүнсний бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, үнэртэн гоо сайхан, хүн, мал эмнэлэг, хүнс тэжээлийн зарим бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
              3.Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг салбар бүрээр нарийвчлан боловсруулж хэрэгжүүлнэ.
 
Гурав. Аж үйлдвэрийг сэргээх бодлого
Аж үйлдвэрийг сэргээх бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална. Үүнд:
4.Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн талаар
Аж үйлдвэрийн салбар дахь өмч хувьчлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн, хувийн хэвшлийн үүрэг, үйлчилгээг нэмэгдүүлнэ.
5.Хөрөнгө оруулалтын талаар
а/гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, тэдэнд үйлчлэх механизмыг боловсронгуй болгоно;
б/хөрөнгө оруулалтын арга, хэлбэрүүдийг ашиглан тэргүүний техник, технологийг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлж, хөрөнгө оруулагчтай ажиллах хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
в/дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгө оруулагчидтай адилтган үзэх хөнгөлөлтийн системийг бий болгоно.
6.Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх талаар
а/мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах тогтолцоог боловсронгуй болгоно;
б/зах зээлийн зарчимд тулгуурласан бүс нутгийн онцлогт тохирсон түүхий эд, бараа, бүтээгдэхүүний бөөний худалдааны сүлжээг хөгжүүлнэ;
в/улсын нөөц, төсвийн байгууллагын хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэгчдийг тендерээр сонгон шалгаруулж, дотоодын зах зээлийг ашиглах боломжоор хангана;
г/үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй төрөл бүрийн төлбөр, хураамж, зөвшөөрөл, үр дүнгүй олон хяналт шалгалтыг цөөрүүлж, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог халж бүртгэл хяналтын шинэ тогтолцоог бий болгоно;
д/бүс нутгийг хөгжүүлэх хүрээнд гадаад, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд газрыг удаан хугацаагаар түрээслүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна;
е/хөдөө орон нутгийг бүсчилэн хөгжүүлж, алслагдсан бүс нутагт аж үйлдвэрийн парк байгуулах талаар судалгаа хийж, энэхүү үйл ажиллагаанд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах боломжийг тодорхойлно;
ж/эх орны үйлдвэрийн болон экологийн цэвэр, уламжлалт бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлах, шинэ зах зээл нээх, зуучлах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газрын оролцоог идэвхжүүлнэ;
з/үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн мэдээлэл солилцоог хөгжүүлж, олон улсын мэдээллийн сүлжээнд холбох, түүнийг зөв зохистой ашиглах үйл ажиллагааг өргөжүүлнэ.
             7.Банк, санхүү, татварын бодлогын талаар
а/стратегийн ач холбогдол бүхий байгалийн болон мал, ан амьтны гаралтай ховор түүхий эд, материалын экспортыг тарифын хязгаарлалттай татварын бодлогоор зохицуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ;
б/дотоодод үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнд /гурил, төмс, хүнсний ногоо, зарим төрлийн эм гэх мэт/ гаалийн татвар ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах бодлогыг боловсруулан Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлнэ;
в/экспортын даатгал, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог бүрдүүлэх механизмыг бий болгож, зээл олгох, түүнийг буцаан төлүүлэх, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авна;
г/аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх зорилгоор "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих" сангийн үйл ажиллагааг өргөтгөж, орон нутагт импортыг орлох үйлдвэрлэлийг өсгөх зориулалтаар олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ;
д/хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, үйлдвэр, аж ахуйн байгууллагын техник, технологийг шинэчлэх, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, менежментийг боловсронгуй болгох чиглэлд Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад орны зээл, тусламжийг нарийвчилсан судалгаанд тулгуурлан олгоно.
8.Эрх зүйн шинэчлэлтийн талаар
Макро эдийн засгийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй суурь арга хэмжээнүүдэд тулгуурлан бизнесийн орчинг сайжруулахын тулд холбогдох хуулийн төсөл боловсруулах, дагаж мөрдөж буй хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
 
Дөрөв.Шинжлэх ухаан, боловсролын талаар
9.Аж үйлдвэрийн салбарыг боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулж, давтан сургах, гадаад, дотоодын их, дээд, тусгай  мэргэжлийн сургуулиуд болон менежмент сайтай үйлдвэрийн газруудад мэргэжлийн боловсон хүчнийг шинээр бэлтгэх ажиллагааг өргөтгөж, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
10.Улс орны хөгжлийн стратеги, бүтцийн бодлоготой уялдсан шинжлэх ухаан-техник, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,уламжлалт технологийг боловсронгуй болгох, технологийг угтуулан хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн шаардлага хангасан уян технологийг бий болгоно. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад эрдэмтэд, судлаачдын үйл ажиллагааг чиглүүлж, аж үйлдвэрийг шинжлэх ухаан-техникийн хөгжилд тулгуурлан хөгжүүлнэ.
11.Аж үйлдэрийг хөгжүүлэх талаар судалгаа шинжилгээний ажлыг явуулах, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай төсөл боловсруулах, шинэ технологи судлахад шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар шинжлэх ухаан-үйлдвэрийн холбоог бэхжүүлнэ.
------оОо-------