Хэвлэх DOC Татаж авах
/1-р хавсралтыг Ерөнхийлөгчийн 2010 оны 268-р зарлигаар хүчингүй болгосон/
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигын нэгдүгээр хавсралт
 
ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
            Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ, хуульд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгаж, чиг үүргээ чин шударгаар хэрэгжүүлэх гол нөхцөл мөн.
 
            Прокурор ёс зүйн зөрчил гаргах нь нийгмээс прокурорт  итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул прокурор бүр ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдвөл зохино.
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1 дүгээр зүйл. Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт
 
            1.1. Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэх, прокурорын нэр төрийг хамгаалахад оршино.
 
            2 дугаар зүйл. Прокурорын ёс зүйн хэм хэмжээ
 
            2.1. Прокурор нь төрийн тусгай албан хаагч, өвөрмөц чиг үүрэг бүхий албан тушаалтан болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ.
            2.2. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараахь зарчмыг баримтлана.
            2.2.1. Хүний эрх , эрх чөлөөг тууштай хамгаалах
            2.2.2. Хуулийг хүндэтгэн  дээдэлж, чанд сахин биелүүлэх
            2.2.3. Прокурорын байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байна.
            2.2.4. Прокурор гадны нөлөөнд үл автах
            2.2.5. Хуулийг нэг мөр хэрэглэх
            2.2.6. Прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгах.
 
            3 дугаар зүйл. Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад баримтлах ёс зүйн хэм хэмжээ
 
            3.1. Прокурор нь хчналтын чиг үүргээ мэргэшлийн өнхдөр түвшинд, хуульд заасан  журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
            3.2. Прокурор нь хэргийн оролцогч, өмгөөлөгчидтэй харилцахдаа ямарваа ялгавартай байдал гаргахгүйгээр тэдэнд хүнхдэтгэлтэй хандаж, тухайн хэргийг шударга зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц мэдлэг, харьцааны соёлтой байна.
            3.3. Прокурор нь хэргийн оролцогч болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий харьцах, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авир гаргахгүй байна.
            3.4 Прокурор нь хувийн сонирхлын үүднээс харъяаллын бус, бусдын хяналтанд байгаа хэрэг материалтай танилцах, зөвлөлгөө өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байна.
            3.5. Прокурор нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг, материалын талаар урьдчилан дүгнэлт гаргах, саналаа илэрхийлэхээс зайлсхийж, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэрэг,, материалын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж нэвтрүүлэхгүй байна.
            3.6. Прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж шуурхай шийдвэрлэж байна.
            3.7. Ойр дотно харилцаатай хүмүүс, өмнө нь ажиллаж байсан, эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллагатай холбогдсон эрүү, иргэний хэрэг, материалыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй.
 
            4 дүгээр зүйл. Хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ
 
            4.1. Прокурор дараахиь үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
            4.1.1. Прокурорын чиг үүрэгтэй холбогдолгүй асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлынх хэсгийн бүрэлдхүүнд орох
            4.1.2. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхдээ тэдгээр байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд орох
            4.1.3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш суртчилгаа хийх
 
            4.2. Прокурор нийгэм соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь прокурорын байгууллагын нэр хүндэд харшлахаар бол түүнээс татгалзана.
            4.3. Албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ.
            4.4. Прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхлоос татгалзна.
            4.5. Албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгон ашиглахгүй.
 
            5 дугаар зүйл. Прокурорын улс төрийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт
 
            5.1.Прокурор улс төрийн дараахь үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
            5.1.1. Бүх шатны улс төрийн сонгуулийг зохион байгуулах байгууллагын бүрэлдхүүнд орох
            5.1.2. Улс төрийн аливаа байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх
            5.1.3. Улс төрийн сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө мөнгө олж өгөхөөр амлах, зуучлах, хандив өргөх, бусад туслалцаа үзүүлэх
 
            6 дугаар зүйл. Прокурор биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ
 
            6.1. Прокурор нь өөрийнх бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.
            6.2. Албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй
            6.3. Хувийн журмаар эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ.
            6.4. Дүрэмт хувцастай яваа үедээ, түүнчлэн албан үүрэг гүйцэтгэж явах үедээ буюу ажлын байранд, эсхүл байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хэрэг бүртгэгч, шүүгчтэй ууж согтуурахыг хориглоно.
            6.5. Прокурор ууж согтууран эрүүлжигдэх, захиргааны арга хэмжээ авагдах, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг дошромжлохыг цээрлэнэ.
 
Гурав. Прокурорын ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх
 
            7 дугаар зүйл. Прокурорын ёс зүйн зөрчил
           
            7.1. Прокурорын зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
 
            8 дугаар зүйл. Ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх.
 
            8.1. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан тухай дараахь хүсэлт, гомдлыг үндэслэн шалгалт явуулна.
            8.1.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч хүсэлт гаргасан
            8.1.2. Иргэн албан тушаалтан, байгууллага гомдол, мэдээлэл ирүүлсэн
            8.1.3. Эрүүгийн болон иргэний хэргийн оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, хүсэлт
            8.2. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэх үндэслэл байвал дээд шатны прокурор өөрийн санаачлагаар шалгалт явуулж болно.
 
            9 дүгээр зүйл. Ёс зүйн дүрмийг биелүүлээгүйгээс гарах үр дагавар
            9.1. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь прокурорт Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
            9.2. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг урьдчилан шалгаж тогтоосон байна.
 
            10 дугаар зүйл. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа.
 
            10.1. Ёс зүйн зөрчлийг Прокурорын сахилгын дүрэмд заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР