Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2004
   оны 295 дугаар захирамжийн хавсралт
 
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
Нэг.Зорилго
1.1.Энэхүү журам нь ард иргэд, албан байгууллагуудын өөрсдийн хөрөнгөөр тарьж суулгасан мод, сөөгний ургалтын байдлыг харгалзан тэднийг урамшуулах замаар материаллаг сонирхлыг нь дээшлүүлж, хотыг цэцэрлэгжүүлэх ажилд ахиц дэвшил гаргахад чиглэгдэнэ.
 
Хоёр. Тавигдах шаардлага
2.1. Хот нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, орон сууцны орчинд өөрсдийн хөрөнгөөр тарьж суулгасан мод, сөөг хамаарна.
2.2. Өөрсдийн хөрөнгөөр тарьж суулгасан мод сөөгний тухай мэдээллээ тухайн оны 12- р сарын 1-ний дотор ажил хийгдсэн хороо, орон сууцны болон дүүргийн хот тохижилтын байгууллагын тодорхойлолтын хамт гаргаж ирүүлсэн байна.
 
Гурав. Мод сөөг тарих газар 
3.1.Мод сөөг тарих газар нь нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас гадна гэр хороололд өмчлөгдсөн хашаа, орон сууцанд баталгаажсан газар байна.
3.2.Өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод, сөөг тарьж суулгах сонирхолтой байгууллага хүмүүст нийслэл дүүргийн хот тохижилтын байгууллагаас хот байгуулалт, газрын харилцааны албатай зөвшилцөж газрыг зааж ажил хийлгэнэ.
 
Дөрөв. Модны тооллого явуулах, урамшуулах.
4.1.Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, айл өрх бүрийн хавар шинээр тарьж суулгасан модыг жил бүрийн 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд, намар тарьж суулгасан модыг дараа оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 1-ний дотор тоолж байна.
4.2.Тарьж суулгасан мод, сөөгний байдалд байнгын ажиглалт хийж, 2 жилийн дараагаас урамшуулалд хамаарна.
4.3.Урамшуулал нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа шилмүүст 1 мод бүрт 3000-5000 төгрөг, 1 навчит мод бүрт 800-1000 төгрөг байна. Чимэглэлийн бут сөөгөнд 600 төгрөг, ургамалан хашлагын сөөгийн уртааш метр тутамд 3000 төгрөг байна.
4.4.Гэр хороололын хашаанд 5-аас доошгүй том мод, 10-аас доошгүй жимсний бут, сөөгтэй айл урамшуулалд хамрагдах бөгөөд шилмүүст модны нэр төрлөөс хамаарч 1 мод бүрт 3000-5000 төгрөг, нэг навчит модонд 800-1000 төгрөг, 1 метр ургамалан хашлаганд 2000 төгрөгөөр бодож 2 жилийн дараагаас 1 удаа урамшуулал олгоно. Шинээр нэмж тарьж суулгасан модны тоогоор журмын дагуу урамшуулна.