ҮТЕГ-ын даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны
                                                                                    өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр  хавсралт
 

 

 

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ДҮРЭМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

           
1.1.Энэхүү дүрмийн зорилго нь Үндэсний татварын алба (цаашид ''ҮТА'' гэх)-наас Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг хэрэгжүүлэн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж гүйцэтгэх; татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлсон эсэх болон татварын хяналт шалгалтын үр дүнг нягтлах хяналт шалгалтыг ҮТА-ны хэмжээнд хийх; хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах; акт, дүгнэлтийн  нэгдсэн бүртгэл, дугаартай хэвлэмэл хуудас хэрэглэх; мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагаа (цаашид ''татварын хяналт шалгалтын ажил'' гэх)-тай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
 
1.2.Татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөнө.    
 
1.3.Татварын хяналт шалгалтын ажлын зорилго нь:
1.3.1.Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасан татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд (цаашид ''татвар төлөгч'' гэх) төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хуулийн хугацаанд төлсөн эсэхэд мэргэжлийн өндөр түвшинд хяналт шалгалт хийж, татварын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, гарсан алдаа дутагдлыг засан залруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө, өгөөжийг сайжруулах.
1.3.2.Далд эдийн засгийн нуугдмал орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг илрүүлэн татварт хамруулах.
1.3.3.Татвар төлөхөөс зайлсхийн зугатагчидтай хийх тэмцлийг хүчтэй болгох.
1.3.4.Татварын бааз суурийг нэмэгдүүлэх.
1.3.5.Татварын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэн Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах.
1.3.6.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн нэгдсэн бүртгэл, дугаартай хэвлэмэл хуудасны хэвлэлт, хуваарилалт, хадгалалт, зарцуулалтанд хяналт тавих.
1.3.7.Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж (цаашид ''ХШАЭН'' гэх) Татварын улсын (ахлах) байцаагчдын үйл ажиллагааг сайжруулах.
1.3.8.ҮТА-ны татварын хяналт шалгалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгөх.
1.3.9.Татвар төлөгчидтэй холбоотой хөндлөнгийн болон бусад мэдээллийн санг бүрдүүлэх зэрэгт оршино.
 
1.4.Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхдээ ХШАЭН, Татварын улсын (ахлах) байцаагч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд: «...хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах...» гэж заасан болон дараахь зарчмуудыг удирдлага болгон ажиллана.  
1.4.1.Монгол Улсын Төрийн албан хаагчийн болон Татварын улсын (ахлах) байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх.
1.4.2.Татварын хяналт шалгалтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар хийж, төлбөл зохих татварын өрийн хэмжээг үнэн зөв тодорхойлох, үр нөлөөг сайжруулах.
1.4.3.Татвар төлөгчдөд  адил тэгш, шударгаар хандан, хүндэтгэж харьцах.
1.4.4.Татвар төлөгчдийн хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ болон бизнесийн холбоотой нууцыг хадгалах. 
 
1.5.Татвар төлөгч урьд нь шалгагдсан бол түүнээс хойшхи, шалгагдаагүй бол анх байгуулагдсанаас хойшхи хугацааг хамруулан хяналт шалгалт хийх боловч нэг удаагийн хяналт шалгалтанд хамруулах хугацаа Монгол Улсын Татварын Ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд байна.
 
1.6.ҮТЕГ-ын ХШАЭН нь ҮТА-ны хэмжээнд, Нийслэлийн Татварын газар нь өөрийн болон дүүргүүдийн Татварын хэлтэстэй харилцагч, улсын төсвийн орлого, хяналтын ажил эрхэлсэн нэгж (цаашид ''УТОХН'' гэх), аймаг, дүүргүүдийн Татварын хэлтэс нь өөрийн харилцагч татвар төлөгчдөд татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан хийж гүйцэтгэнэ.
 
1.7.УТОХН нь улсын төсөвт төвлөрүүлдэг зарим татварын хяналт шалгалтыг ҮТЕГ-ын ХШАЭН-тэй тохиролцсоны үндсэн дээр харъяалал харгалзахгүй хийж болно.
 
1.8.ҮТА татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ батлагдсан маягт, үзүүлэлтийн дагуу анхан шатны бүртгэл хөтөлж, холбогдох мэдээллийг боловсруулан мэдээллийн санд бүртгэж, хяналт шалгалтын ажлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдээ, судалгаа гарган үйл ажиллагаандаа ашиглана.
 
1.9.Татварын улсын байцаагчийн эрхтэй гааль, газрын албаны ажилтнууд зөвхөн гааль, газрын албаны хариуцах үйл ажиллагаатай холбогдсон зарим албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж болно.
 
1.10.Цахим хэлбэрээр гарган тушаасан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн үзүүлэлтүүд үнэн зөв, арифметик тооцооллын болон бусад алдаа, зөрүүгүй хоорондоо тохирч байгаа эсэх, урьд нь цахим хэлбэрээр гарган тушаасан тайлангийн үзүүлэлтүүдтэй харьцуулах зэрэг хэлбэрээр цахим хяналт шалгалтыг хийж болно.
                                                                                                                                                              
Хоёр.Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих
 
2.1.Хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийг сонгох, хяналт шалгалтын ажлыг төлөвлөхдөө дараахь бодлого, чиглэлийг баримтална.
2.1.1.Татвар төлөгчдийг 5 жилд 1-ээс доошгүй удаа төлөвлөгөөт, бүрэн хяналт шалгалтанд хамруулна.
2.1.2.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс нь төлөвлөгөөт, бүрэн хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийг тухайн жилд баримтлах татварын хяналт шалгалтын ажлын бодлого, чиглэлийн дагуу холбогдох шалгуур үзүүлэлт, үндэслэлүүдийг харгалзсан программын дагуу сонгож, «Татварын хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийн сонголт хийсэн жагсаалт» (Маягт ХШТ № 01)-ыг үйлдэнэ.
2.1.3.Сонголт хийсний үндсэн дээр хяналт шалгалтын ажил хариуцсан Татварын улсын (ахлах) байцаагчдын орон тоотой уялдуулан тухайн жилийн «Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө» (Маягт ХШТ № 02)-ний төслийг боловсруулан, «Татварын хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийн жагсаалт»-ын хамт жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ҮТЕГ-ын ХШАЭН-д ирүүлнэ.
2.1.4.Татварын төлөвлөгөөт, бүрэн хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийг сонгох шалгуур үзүүлэлт, үндэслэлүүд:
 
 
 
 
Д/
Шалгуур үзүүлэлт
Үндэслэлүүд
Хяналт шалгалтанд хамруулах хугацаа
тухай бүр
ҮТА-ны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн стандартад зааснаар
2 жилд
3 жилд
5 жилд
1
Шийдвэр, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл
Хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгчдийн шийдвэр, өргөдөл, гомдол, улсын бүртгэл, татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах, татан буугдах хүсэлт гаргасан, нууц болон хөндлөнгийн мэдээлэл гэх мэт.
+
 
 
 
 
2
Зарим онцгой үзүүлэлт
Монгол Улсын Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилт, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр гэх мэт.
+
 
 
 
 
3
Үйл ажиллагаа эрхэлсэн байдал
Татварын ногдуулалт, төлөлтийн чагт (х), алдагдалтай тайлан тушаасан.
 
+
 
 
 
4
Санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан гаргаж тушаасан байдал
Тайлан тэнцэл хүлээн авах явцад татвар ногдох зүйлийг бууруулсан, тооны үйлдэлд алдсан зэргээр хуурамч, алдаатай тайлан тэнцэл гаргасан нь илэрсэн, татвар ногдуулах орлогоо тодорхойлсон нь анхаарал татсан. Тухайлбал: Тайлагнасан орлогыг нь урьд жилүүдийн түвшин, эсхүл ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааны бизнес эрхлэгчидтэй харьцуулахад харьцангуй бага байх, татвар ногдох орлогоо бүрэн тайлагнаагүй, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг өсгөсөн зэрэг эргэлзээ төрүүлсэн гэх мэт
 
 
+
 
 
5
Тусгай зөвшөөрөл эзэмшдэг
Онцгой албан татвар төлөгч гэх мэт.
 
 
+
 
 
6
Татвар төлөлт
Татвар төлдөггүй, төлөхөөс зайлсхийн зугатдаг.
 
 
+
 
 
7
Үйл ажиллагааны чиглэл
Барилга угсралт, зам засвар, уул уурхай, банк, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг.
 
 
 
+
 
8
Байрлал
Монгол Улсад байнга байрладаггүй болон удирдах байгууллага нь Монгол Улсад байнга байрладаг гадаадын аж ахуйн нэгж.
 
 
 
+
 
9
Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ
3.0 тэрбум төгрөгөөс дээш.
 
 
 
+
 
10
Бусад
Шалгуур үзүүлэлтийн 1-9 дүгээрт зааснаас бусад
 
 
 
 
+
2.1.5.«Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө»-ний төслийг төлөвлөгөөт оны эхэнд байсан татвар төлөгчдийн 20.0-оос доошгүй хувийг хяналт шалгалтанд хамруулахаар боловсруулахдаа 20.0 хүртэл хувийг мэдээлэл, бусад байгууллагын шийдвэр, хүсэлтээр хянан шалгахаар төлөвлөж болно.
2.1.6.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн ХШАЭН-ийн 1 Татварын улсын (ахлах) байцаагч жилд дунджаар 220-230 өдрийг татварын хяналт шалгалтын ажилд зарцуулахаар тооцно.
2.1.7.Татвар төлөгчийн 1 жилийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зарцуулах хугацааг ҮТА-ны үндсэн чиглэл, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн стандарт, хяналт шалгалтын ажил эрхэлсэн Татварын улсын (ахлах) байцаагчдын орон тоо ҮТЕГ-ын даргын баталсан «Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө», татвар төлөгчдийн татвар ногдуулах орлогын хэмжээ зэргийг харгалзан Татварын албад өөрсдөө жил бүр тогтооно.
2.1.8.Татвар төлөгчдийг татварын гэнэтийн, хэсэгчилсэн, нийтийг хамарсан болон тусгай удирдамжаар хийх хяналт шалгалтанд хамруулах, түүнд зарцуулах хугацаа зэргийг тухайн хяналт шалгалтын онцлог, гүйцэтгэх ажлын хэмжээ, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчдын тоог харгалзан Татварын албаны даргын баталсан удирдамжаар тогтооно.
2.1.9.Хяналт шалгалтын ажил хариуцсан Татварын улсын (ахлах) байцаагчдын жилд шаардагдах орон тоог хяналт шалгалтанд зарцуулах нийт хүн өдрийг энэхүү дүрмийн 2.1.6 дугаарт заасан 1 Татварын улсын (ахлах) байцаагчийн жилд ажиллах дээд боломжит хүн өдөрт хуваан тодорхойлох боловч «Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө»-ний төсөл боловсруулахдаа батлагдсан орон тоондоо үндэслэнэ.
2.1.10.ҮТЕГ-ын ХШАЭН нь «Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө»-ний төсөл, хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчдийн нэрийн давхардлыг хянан, «ҮТА-ны татварын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө» (Маягт ХШТ № 03)-ний төсөл боловсруулан ҮТЕГ-ын даргад танилцуулна.
ҮТЕГ-ын дарга «ҮТА-ны татварын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө»-ний төслийг хянан үзэж, татвар төлөгчдийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харъяаллыг тогтоон батална.
Батлагдсан төлөвлөгөөг тухайн оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Татварын албадад хүргүүлнэ.
2.1.11.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн ХШАЭН нь батлагдсан төлөвлөгөөг үндэслэн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тухайн жилийн «Хяналт шалгалтын график» (Маягт ХШТ № 04)-ийг боловсруулан Татварын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллана.
2.1.12.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс нь батлагдсан төлөвлөгөөнд жилийн дундуур өөрчлөлт оруулах шаардлага гарвал санал хүсэлтээ ҮТЕГ-ын даргын нэр дээр албан тоотоор ирүүлж шийдвэрлүүлнэ.
2.1.13.ҮТЕГ-ын ХШАЭН нь «ҮТА-ны татварын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө»-ний биелэлтэнд хяналт тавьж ажиллана.
2.1.14.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс «Татварын хяналт шалгалтын тайлан» (Маягт ХШТ № 05)-г дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ҮТЕГ-ын ХШАЭН-д ирүүлж, тус нэгж «ҮТА-ны татварын хяналт шалгалтын нэгдсэн тайлан» (Маягт ХШТ № 06) гаргана.
2.1.15.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс «Татварын хяналт шалгалтанд хамруулалтын судалгаа» (Маягт ХШТ № 07)-г жил бүр гаргана.
 
2.2.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс болон ХШАЭН-ийн дарга нь Татварын улсын (ахлах) байцаагчдыг хяналт шалгалт хийлгэхээр томилохдоо дараахь бодлого, чиглэлийг баримтална.
2.2.1.Татварын улсын (ахлах) байцаагчдыг ажлын жигд, бүрэн ачаалалтай байлгах нөхцлийг хангаж бүрдүүлэх.
2.2.2.Татварын улсын (ахлах) байцаагчдын ажлын арга барил, туршлага, ур чадварыг харгалзах.
2.2.3.Татварын улсын (ахлах) байцаагчдыг шинэ зүйл, арга барилд сургаж, дадлагажуулах, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх зорилго агуулах.  
2.2.4.Татвар төлөгчдийг дагнуулан хянан шалгах.                             
Тухайлбал: Онцгой анхаарал татаж байгаа, эсхүл нэг төрлийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг татвар төлөгчдийг хянан шалгуулах зэргээр зарим Татварын улсын (ахлах) байцаагчдыг бизнесийн чиглэлээр дагнуулан тухайн бизнесийн үйл ажиллагааны онцлогийг сайн мэддэг болгосноор хяналт шалгалтыг үр дүнтэй, түргэн шуурхай хийдэг дадлага эзэмшүүлэх.
2.2.5.Нэг Татварын улсын (ахлах) байцаагчаар 1 татвар төлөгчийг давтан шалгуулахгүй байх.
2.2.6.Хяналт шалгалтыг 2 ба түүнээс дээш Татварын улсын (ахлах) байцаагчдын бүрэлдэхүүнтэй багаар хийх.
2.2.7.Хяналт шалгалтыг татвар төлөгчийн ажлын байранд нь хийж гүйцэтгэх.
2.2.8.Татварын улсын (ахлах) байцаагчаар өөрийн нь эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ойр дотнын харилцаатай танил татвар төлөгчдийг хянан шалгуулахгүй байх. Энэ байдлыг мэдэхгүй томилбол Татварын улсын (ахлах) байцаагч тухайн татвар төлөгчийг хянан шалгахаас өөрөө татгалзаж, энэ талаар Татварын албаны удирдлагад мэдэгдэнэ.
 
            2.3.Хяналт шалгалтыг дараахь байдлаар хийнэ.
2.3.1.Хяналт шалгалтыг Монгол Улсын хууль тогтоомж, «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», ҮТА-ны дарга, дэд даргаар батлуулсан тусгай удирдамжийн хүрээнд, татвар төлөгчийн үйл ажиллагааны хэвийн байдалд  нөлөөлөхгүйгээр, чирэгдэл багатай, шуурхай хийнэ.
2.3.2.ҮТА-ны бүх шатанд татварын нэг төрлийн зөрчлийг хуулийн нэг заалтад хамааруулан нөхөн татвар, алданги, торгууль, хүү, захиргааны хариуцлагыг үнэн зөв ногдуулан, хүлээлгэн төлүүлнэ.  
            2.3.3.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс болон ХШАЭН-ийн дарга нь хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчийг томилж «Татварын хяналт шалгалт хийх томилолт» (Маягт ХШ № 01)-ыг тухайн үед нь олгоно.
«Татварын хяналт шалгалт хийх томилолт»-нд томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагч, хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хугацаа, хяналт шалгалт эхлэх, дуусах, сунгасан хугацаа, хяналт шалгалтын төрөл, томилолт олгосон албан тушаалтны гарын үсгийн тайллыг тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, Татварын албаны тэмдэг дарна.
Хяналт шалгалт хийх хугацааг тухайн Татварын албаны дарга, томилолт олгосон, эсхүл тэдгээрийн ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан сунгаж болно. 
2.3.4.Татварын улсын (ахлах) байцаагч «Татварын хяналт шалгалт хийх томилолт» хүлээн аваад хийж гүйцэтгэх бэлтгэл ажлууд:
2.3.4.а.ХШАЭН нь зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө утсаар буюу мэдэгдэл бичиж хяналт шалгалтанд шаардагдах баримт материал, тооцоо судалгаа, данс бүртгэл, татвар төлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэнэ.
Гэнэтийн болон мэдээллээр хяналт шалгалт хийх бол урьдчилан мэдэгдэхгүй байж болно.      
2.3.4.б.«Татварын хяналт шалгалтын ажлын карт» (Маягт ХШ № 02) нээн хөтөлж, мэдээллийн санд бүртгүүлнэ.
2.3.4.в.Хариуцсан болон бусад Татварын улсын (ахлах) байцаагч, эдийн засагч, Судалгааны хэсгээс татвар төлөгчийн үйл ажиллагаа, хөндлөнгийн мэдээллийн талаар асууж тодруулан судалж, холбогдох мэдээлэл, судалгааг гаргуулан авах зэргээр шаардлагатай мэдээллүүдийг цуглуулна.
2.3.4.г.Хяналт шалгалтыг хийхэд анхаарах асуудал, хянан шалгах арга барилын талаар ХШАЭН-ийн даргаас чиглэл, зөвлөгөө авна.
2.3.4.д.Хувийн хэрэг, санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, урьд хийгдсэн хяналт шалгалтын материалтай танилцана.
2.3.4.е.Хяналт шалгалтанд ашиглагдах хууль тогтоомж, аргачлал, зөвлөмж, бусад гарын авлага материалууд, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, тэмдэг, акт, дүгнэлтийн хэвлэмэл  хуудас, бичгийн хэрэгсэл, тооны машин, лацны тэмдэг зэргийг бэлтгэнэ.
2.3.5.Хяналт шалгалтыг эхлэх үе шатанд хийж гүйцэтгэх ажлууд:        
2.3.5.а.Хяналт шалгалтыг «Татварын хяналт шалгалт хийх томилолт»-нд заасан хугацаанд эхэлнэ, эхлэх боломжгүйд хүрвэл татвар төлөгчид мэдэгдэнэ.
2.3.5.б.Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, «Татварын хяналт шалгалт хийх томилолт», «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана.
2.3.5.в.Хяналт шалгалтыг томилолтын хугацаанд чанартай, түргэн шуурхай хийх нөхцөл боломж олгох талаар татвар төлөгчид хүсэлт тавьж, харилцан тохиролцож, холбогдох арга хэмжээг авахуулна.
2.3.5.г.Татвар төлөгчийн хийж байгаа танилцуулга, тавьж байгаа асуудлыг анхааралтай сонсон, тайлбар лавлагааг бичгээр гаргуулж, асуулга, ярилцлага хийвэл тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулна.
2.3.5.д.Хяналт шалгалтыг татвар төлөгчийн, эсхүл өөрийн ажлын байранд хийх, эсэх талаарх саналаа ХШАЭН-ийн даргад танилцуулж шийдвэрлэн, татвар төлөгчийн байранд хийх бол ажлын түр байр гаргуулна. 
2.3.5.е.Улсын бүртгэлийн болон бусад гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, санхүү, бизнесийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн баримт, данс бүртгэл, тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, гэрээ хэлцэл зэрэг хяналт шалгалтанд шаардлагатай баримт материалыг хуудасны тоотой жагсаалтаар хүлээн авч тэмдэглэл үйлдэн, хүлээлгэн өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна.
2.3.6.Хяналт шалгалтын явцад хийж гүйцэтгэх ажлууд:        
2.3.6.а.Хяналт шалгалтын удирдамжийг үндэслэн хийх ажлын жагсаалт гаргаж, удирдамж, томилолтонд заасан хугацаанд багтаан хянан шалгах дарааллыг тогтооно.
2.3.6.б.Шаардлагатай бол харилцагчдаас нь асууж тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх ажлыг гүйцэтгэж, нэмэлт баримт материал, тооцоо судалгаа, мэдээг өөрөөс нь болон бусад татвар төлөгчдөөс гаргуулан авна.
2.3.6.в.Хяналт шалгалтыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлцэл зэрэг холбогдох бүх баримт материалд үндэслэн хийж, илэрсэн зөрчил дутагдал бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтөлнө.
2.3.6.г.Төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоо хийнэ.
2.3.6.д.Ажлын өдрийн төгсгөлд тухайн өдөр гүйцэтгэсэн ажил, илрүүлсэн зөрчил, түүнийг нотлох баримт хаана хадгалагдаж байгааг заах, хуулбарлах, баталгаажуулах зэргийг гүйцэтгэж, ажлын үр дүнгээ томилолт олгосон, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд заавал тайлагнан, хяналт шалгалтын явцад гарч байгаа хүндрэлтэй, анхаарал татсан асуудлуудыг танилцуулж зааварчилга, зөвлөгөө авна.
2.3.6.е.Хяналт шалгалтын дүнтэй холбогдсон судалгаа, тооцоонуудын үнэн зөв, эсэхийг утга агуулга, тооцооллын хувьд нягтлан тохируулж, зохих маягт, үзүүлэлтээр гарган, Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудас зэрэг хяналт шалгалтын материалд хавсаргана.
2.3.6.ё.Энгийн болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтлөөгүй татвар төлөгчийн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохдоо татвар хураалтын ажил эрхэлсэн Татварын улсын (ахлах) байцаагчтай хамтран гүйцэтгэж, Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт үйлдэнэ.
2.3.6.ж.Хяналт шалгалтын явцад үйл ажиллагааны харилцан хамаарал бүхий, эсхүл харьцдаг бусад хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгчдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхээр бол тусгай удирдамж батлуулан, «Татварын хяналт шалгалт хийх томилолт» авна.
2.3.6.з.Шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан, шинжээчийг хяналт шалгалтанд оролцуулах зэрэг арга хэмжээ авч болно.
2.3.6.и.Татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагааг Монгол Улсын Татварын Ерөнхий хуульд заасны дагуу гүйцэтгэнэ.
2.3.6.й.Өөрийн биеэр уулзах хүсэлтэй иргэдийг ажлын цагаар хүлээн авч, мэдээлэл, санал, хүсэлтийг нь сонсохдоо ярилцлагын тэмдэглэл хөтөлнө.
2.3.7.Хяналт шалгалтын төгсгөлд хийж гүйцэтгэх ажлууд:
2.3.7.а.Татварын улсын (ахлах) байцаагч хяналт шалгалтын үр дүнгээр акт, дүгнэлт, илтгэх хуудас бичнэ. 
2.3.7.б.Хяналт шалгалтанд хамруулсан баримт материалыг татвар төлөгчид жагсаалтаар буцаан өгч, бүрэн хүлээн авсан талаар гарын үсгийг нь зуруулна.
2.3.7.в.«Татварын хяналт шалгалтын ажлын карт»-ыг бүрэн нөхөж, мэдээллийн санд тухай бүр бүртгүүлнэ.
2.3.7.г.Хяналт шалгалтаар урьд нь илрүүлж байгаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй зөрчил шинээр нэмж илрүүлсэн аргын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл (Маягт ХШТ № 08)-ийг тухай бүр баяжуулан хөтлөн хөндлөнгийн мэдээлэл хариуцсан Татварын улсын байцаагчид хүлээлгэн өгнө.
2.3.7.д.Хяналт шалгалтын явцад бусад татвар төлөгчдийн үйл ажиллагаа, татварын тооцооны талаар олж мэдсэн, илрүүлсэн зөрчил, хөндлөнгийн мэдээллийг «Хөндлөнгийн мэдээллийн хуудас ХМ 01 маягт»-д бичиж тэмдэглэн, хөндлөнгийн мэдээлэл хариуцсан Татварын улсын байцаагчид хүлээлгэн өгнө.
 
2.4.Татварын нягтлах хяналт шалгалт хийх.
2.4.1.ҮТЕГ-ын ХШАЭН нь хяналт шалгалтын ажлыг Монгол Улсын Татварын Ерөнхий хууль, энэхүү дүрмэнд заасны дагуу ҮТА-ны хэмжээнд зохион байгуулан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай үндэслэлтэй гомдол, мэдээллийг үндэслэн, эсхүл хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврын дагуу татварын нягтлах хяналт шалгалтыг хийж болно.
УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс татварын нягтлах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхгүй.
2.4.2.Нягтлах хяналт шалгалтыг ҮТЕГ-ын дарга, дэд даргаас өгсөн үүрэг чиглэл, ХШАЭН-ийн даргаас «Татварын хяналт шалгалт хийх томилолт» авсан Татварын улсын (ахлах) байцаагч Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм, «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж» болон ҮТЕГ-ын удирдлагын баталсан тусгай удирдамжийн дагуу хийнэ.
2.4.3.Нягтлах хяналт шалгалтанд татвар төлөгч татвар төлөх үүргээ биелүүлсэн эсэх, УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс татвар төлөгчдийг хяналт шалгалтанд жигд, бүрэн хамруулсан эсэх, хяналт шалгалтаар илрүүлсэн төлбөр зөрчил, тогтоосон акт, дүгнэлт, хүлээлгэсэн хариуцлага нь Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжид  нийцсэн эсэхийг татвар төлөгч болон холбогдох бусад хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгчийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үндсэн баримт, тооцоо судалгаа, мэдээ мэдээлэл, хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт зэрэг материалд үндэслэн хянан шалгаж, татвар төлөгч, хяналт шалгалт хийсэн Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагчтай холбоотой хууль бус үйлдэл илэрвэл Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, танилцуулга бичиж ҮТЕГ-ын удирдлага, Ёс зүйн хороо, дотоод хяналтын ажил эрхэлсэн нэгж, холбогдох Татварын албанд, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
            2.4.4.Нягтлах хяналт шалгалт хийх үндэслэлүүд.
2.4.4.а.Хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг нягтлах.
Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн Татварын улсын (ахлах) байцаагчдын хийсэн хяналт шалгалтын ажлыг нягтлан баталгаажуулах.
2.4.4.б.Шийдвэр, үүрэг даалгавар, хүсэлтийг хэрэгжүүлж биелүүлэх.
Монгол Улсын төр, захиргааны төв, орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, үүрэг даалгавар, ҮТА, гадаад орны татварын байгууллагаас олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гаргасан хүсэлтээр хянан шалгах.
2.4.4.в.Мэдээлэл, өргөдөл, гомдлыг барагдуулан шийдвэрлэх.
Татвар төлөгчийн татвар төлөх үүргийн биелэлт, татварын гэмт хэрэг, зөрчил, ҮТА-ны ажилтны хууль бус үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хянан шалгах.
            2.4.5.Нягтлах хяналт шалгалтын үр дүнгээр гарсан Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, цаашид шийдвэрлэвэл зохих арга хэмжээний талаарх саналыг ҮТЕГ-ын ХШАЭН-ийн дарга ҮТЕГ-ын даргын Зөвлөлийн гишүүдийн хуралд танилцуулж, гарсан шийдвэр, зөвлөмжийг хяналт шалгалтанд хамрагдсан татвар төлөгч, холбогдох Татварын албанд хүргүүлнэ.
            2.4.6.ҮТЕГ-ын ХШАЭН нь «Татварын нягтлах хяналт шалгалтын судалгаа» (Маягт ХШТ № 09)-г улирал бүр гаргана.

 

Гурав.Татварын улсын байцаагчийн акт,

дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах

 
3.1.Хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэл, хяналт шалгалтын үр дүнгээр зөвхөн 1 акт, эсхүл 1 дүгнэлт, шаардлагатай тохиолдолд акт, дүгнэлт тус бүр 1-ийг батлагдсан хэвлэмэл хуудсан дээр Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөв хэрэглэсэн, утга агуулга нь ойлгомжтой, тооцооллын алдаагүй бичнэ.
 
3.2.Акт, дүгнэлт нь Тэмдэглэх, Тогтоох хэсэг, хавсралтуудтай байна.
Акт, дүгнэлт, хавсралтуудад Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.2.6 дугаарт заасныг болон дараахь асуудлуудыг тусгана.
3.2.1.Тэмдэглэх хэсэгт тэдгээрийг бичсэн он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалтанд хамрагдаж буй татвар төлөгчийн нэр, үүсгэн байгуулагдсан буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн он, сар, өдөр, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, гишүүд, хөрөнгө оруулагчдын тоо, дүрмийн сан, хувь оролцооны хэмжээ, банкны нэр, дансны дугаар, хаяг байрлал, удирдлагын болон нягтлан бодогчийн овог нэр, харилцах утасны дугаар, гэрийн хаяг харилцагч Татварын албаны нэр, хяналт шалгалтанд хамруулсан хугацаа, илрүүлсэн зөрчлийн утга агуулга, онцлог, шалтгаан, дүнг хяналт шалгалтанд хамруулсан хугацаа, татварын төрлөөр зааглан, татвар ногдох зүйлийг нуусан, татварын өр төлөхөөс зайлсхийсэн, түүнийг илрүүлэн тогтоосон арга хэлбэр, зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт, хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд, хугацаанд нь зохих түвшинд хийж гүйцэтгэхэд татвар төлөгчийн зүгээс учруулсан хүндрэл бэрхшээлтэй асуудал, буруутай үйл ажиллагаа зэргийг дэлгэрэнгүй, тодорхой бичнэ.
Урьд нь хяналт шалгалт хийсэн Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагчийн нэр, акт, дүгнэлтийн он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалтанд хамруулсан хугацаа, татварын төрөл, илрүүлсэн, төлүүлэхээр шийдвэрлэсэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн зөрчил, төлбөрийн дүн, барагдуулалтын байдлыг товч бичнэ.
            3.2.2.Тогтоох хэсэгт Монгол Улсын татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хүлээлгэх хариуцлага, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэл, санал, хууль тогтоомжийн зүйл, заалт, зөрчлийн утга агуулга, нийт дүн, Монгол Улсын Татварын Ерөнхий хуульд заасны дагуу төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, торгууль, хүүний хэмжээ, тэдгээрийг хүлээн авах Татварын алба, банкны нэр, дансны дугаар, акт тогтоосон, дүгнэлт бичсэн Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагч, актыг зөвшөөрсөн, дүгнэлтийг танилцсан татвар төлөгч, эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн тайлал зэргийг тодорхой бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна.
3.2.3.Акт, дүгнэлтэнд татвар ногдох зүйлийг нуусан, татварын өр төлөхөөс зайлсхийн зугатсаныг нотлох, цаашид чухал шаардлагатай гэж үзсэн үндсэн баримт материал, нэмэлт тооцоо, судалгааны эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар болон дараахь тооцоо, баримт материал зэргийг заавал нөхөн хавсаргах бөгөөд эдгээр нь акт, дүгнэлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.
            3.2.3.а.Зөрчлийн жагсаалт (Хавсралт № 01)-нд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар бүрэн нотолсны дараа түүний утга агуулга, гүйлгээ хийсэн баримтын хугацаа, дугаар, дансны харьцаа, нийт дүнг дэлгэрэнгүй тусгаж, үзүүлэлтүүдийг бүрэн нөхөж, холбогдох хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулна.
3.2.3.б.Татварын илүү, дутуу төлөлтийн тооцоо (Хавсралт № 02)-нд Татварын албанд тушаасан тухайн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар гарсан татвар бүрэн төлөгдсөн эсэхийг төлбөр хийсэн баримтуудыг үндэслэн 1 дүгээр багананд тайлангийн, 2 дугаар багананд хяналт шалгалтаар тогтоосон, 3 дугаар багананд зөрүү дүнгүүдийг үзүүлэлт бүрийн дагуу нөхөж тодорхойлно.
3.2.3.в.Хугацаанд нь төлөөгүй, шилжүүлээгүй татварт алданги, торгууль, хүү ногдуулсан тооцоо (Хавсралт № 03)-нд Татварын албанд тушаасан тухайн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу төлөлтөөр гарсан, Татварын албанаас шилжүүлсэн татварын төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөөгүй тохиолдолд татварын төрөл тус бүр дээр алданги, торгууль, хүү ногдуулна.
3.2.3.г.Ярилцлагын тэмдэглэл (Хавсралт № 04)-д Татварын улсын (ахлах) байцаагч шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, өөрт байгаа мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зэрэг зорилгоор татвар төлөгч, холбогдох хүмүүстэй ажлын шаардлагын дагуу хийсэн асуулга, ярилцлагын тэмдэглэлийг хөтөлж, ярилцсан хүмүүсийн хамт гарын үсэг зурж баталгаажуулна. Хяналт шалгалтын ажлын зорилт, шаардлага, татвар төлөгчийн үйл ажиллагааны онцлог зэргээс шалтгаалан ярилцлагыг хэдэн ч удаа хийж болно.
3.2.3.д.Акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл (Хавсралт № 05)-д хяналт шалгалтанд хамрагдсан татвар төлөгчийн нэр, шаардлагатай гэж үзвэл ярианы гол утга агуулга, эрх, үүрэг, хяналт шалгалтын явц, дүн, тэдгээрийг татвар төлөгчид танилцуулж гардуулсан он, сар, өдөр, гардан авсан, гардан авахад байсан хувь хүн, хуулийн этгээдийн удирдлага, нягтлан бодогч, бусад эрх бүхий албан тушаалтны овог, нэр, тэмдэглэл хөтөлж гардуулсан Татварын улсын (ахлах) байцаагчийн албан тушаал, байр, өрөөний дугаар, акт, дүгнэлтийг зөвшөөрсөн эсэх талаарх санал, дүгнэлт, зөвшөөрөөгүй бол үндэслэл, шалтгааныг тусгаж, татвар төлөгчийн тайлбар, тодорхойлолтыг хавсаргана.
3.2.4.Акт, дүгнэлтэнд хавсаргасан баримт материалуудыг нэгбүрчлэн дугаарлаж «Хавсаргасан баримт материал...хуудас» гэж тэмдэглэн, баруун дээд талд нь: «...тоот акт, дүгнэлтийн хавсралт №...» гэсэн тэмдэглэл бичнэ.
3.2.5.Хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахын өмнө ХШАЭН-ийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна.
            3.2.6.Хяналт шалгалтын дүнг танилцуулах хугацааг татвар төлөгчид мэдэгдэж, товлосон хугацаанд танилцуулна.
3.2.7.Акт, дүгнэлт нь хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ХШАЭН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал акт, дүгнэлтийн талаар хаана, хэзээ гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгчийг тайлбар өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
3.2.8.Акт, дүгнэлтийг татвар төлөгчид гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна.
3.2.9.Татвар төлөгч нь акт, дүгнэлт, түүнийг гардуулсан тухай тэмдэглэлийг биечлэн аваагүй тохиолдолд түүний оршин сууж, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлнэ.
3.2.10.Хүчин төгөлдөр болсон акт, дүгнэлтийг хяналт шалгалтын мэдээллийн санд оруулан, холбогдох нэгжид шилжүүлэхдээ хүлээн авсан албан тушаалтны гарын үсгийг хяналт шалгалтын баримтны үлдэх хувь дээр зуруулна.
 
3.3.Акт, дүгнэлтийн биелэлтэнд хяналт тавьж хангуулах ажлыг Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
3.3.1.Хяналт шалгалтын мөрөөр зохиох ажил, татвар төлөгчийн зөвшөөрсөн акт, дүгнэлтийн биелэлтийг ҮТА-ны татвар хураалтын ажил эрхэлсэн нэгж, тухайн татвар төлөгчийг хариуцсан Татварын улсын (ахлах) байцаагч гүйцэтгэж хангуулан, Татварын албаны болон ХШАЭН-ийн дарга, Татварын улсын ахлах байцаагч нар хяналт тавина.
3.3.2.Татвар төлөгч зөвшөөрөөгүй акт, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн дүгнэлтийн биелэлтийг тухайн татвар төлөгчийг хянан шалгасан ҮТА-ны ХШАЭН, Татварын улсын (ахлах) байцаагч хариуцаж шийдвэрлүүлнэ.
 
3.4.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дүгээрт заасан үндэслэлээр акт, дүгнэлтийг өөрчилсөн буюу хүчингүй болгосныг хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзвэл ҮТА-ны дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хянуулах, эсхүл хуулийн байгууллагад гомдол гаргаж болно.
 
3.5.Хяналт шалгалтаар татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой зөрчил илрээгүй, татвар төлөгч татварын хууль тогтоомжийн заалтыг үйл ажиллагаандаа зөрчилгүй хэрэгжүүлсэн нь тогтоогдвол Татварын улсын (ахлах) байцаагч Илтгэх хуудас бичихдээ түүнийг бичсэн он, сар, өдөр, Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагч, Илтгэх хуудастай танилцсан татвар төлөгч, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсгийн тайлал, энэхүү дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.3.г, 3.2.3.д, 3.2.4-3.2.10 дугаарт заасан асуудлуудыг тусгана.
 

Дөрөв.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудас

 
4.1.Татварын улсын (ахлах) байцаагч татвар төлөгчдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээр акт, дүгнэлт үйлдэхдээ «Татварын улсын байцаагчийн акт», «Татварын улсын байцаагчийн дүгнэлт» гэсэн нэгдсэн бүртгэл, дугаартай, тус бүр 3 хувь хэвлэмэл хуудас (цаашид “хэвлэмэл хуудас” гэх)-ыг хэрэглэнэ.
 
4.2.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс нь хэвлэмэл хуудсыг үнэт цаасны адил бүртгэн санхүүгийн тайлан тэнцэлд тусгана.
 
4.3.Хэвлэмэл хуудас нь Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний төвийн даргын зөвлөлийн тогтоолоор баталсан «Монгол Улсын баримт бичгийн стандарт»-д заасны дагуу бүрдүүлэлт хийгдсэн, зүүн дээд хэсэгт нь ҮТЕГ, УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн нэр, байрлал, шуудангийн хаяг, утасны дугаарыг бичсэн, хөндлөн улаан зураас, 6 оронтой нэгдсэн код, дугаартай байх бөгөөд эхний хоёр орон нь Татварын албадын код, 0001-ээс эхэлсэн сүүлийн дөрвөн  орон нь акт, дүгнэлтийн дугаарыг заана.
«Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн код, дугаар» (Маягт ХШТ № 10)-ыг ҮТЕГ-аас олгоно.
 
4.4.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс дараа онд шаардагдах хэвлэмэл хуудсыг хэвлүүлэх захиалгыг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ҮТЕГ-ын ХШАЭН-д ирүүлсний дагуу тус нэгж захиалгыг хянан нэгтгэх, ҮТЕГ-ын санхүү, аж ахуйн ажил эрхэлсэн нэгж нэгдсэн захиалгын дагуу хэвлүүлж, хүргүүлэх ажлыг зохион байгуулан хийж гүйцэтгэнэ.
 
4.5.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн ХШАЭН нь «Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудасны зарцуулалтын тайлан» (Маягт ХШТ № 11)-г гарган дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ҮТЕГ-ын ХШАЭН-т ирүүлэх бөгөөд зарцуулаагүй үлдэгдлийг дараа онд хэрэглэнэ.
4.6.Хэвлэмэл хуудсыг хүлээн авах, хадгалах, хуваарилах, зарцуулах, тооцоо хийх, мэдээ, тайлан гаргах, эдгээр үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг ҮТА-ны ХШАЭН-ийн дарга, Татварын улсын (ахлах) байцаагч гүйцэтгэх бөгөөд тухайн Татварын албаны даргын тушаалаар хүчингүй болгоно.
 

Тав.Мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах

 
5.1.ҮТА-ны ХШАЭН-ийн дарга нь хяналт шалгалт хийж буй Татварын улсын (ахлах) байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.             
 
5.2.ҮТЕГ-ын ХШАЭН нь ҮТА-ны, Нийслэлийн Татварын газрын ХШАЭН  нь өөрийн болон дүүргүүдийн Татварын хэлтсийн, УТОХН, аймаг, дүүргүүдийн Татварын хэлтсийн ХШАЭН нь өөрийн албаны хэмжээнд Татварын улсын (ахлах) байцаагчдыг татварын хяналт шалгалтын ажлын мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
 
5.3.ҮТЕГ-ын ХШАЭН нь УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн, Нийслэлийн Татварын газрын ХШАЭН нь дүүргүүдийн Татварын хэлтсийн ХШАЭН, Татварын улсын (ахлах) байцаагчдын үйл ажиллагаатай танилцан зааварчилж, хянан шалгаж, зөвлөгөө, чиглэл, үүрэг даалгавар өгнө.
 
5.4.УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс нь ҮТА-ны хэмжээнд боловсруулан мөрдүүлэх татварын хяналт шалгалтын ажилтай холбоотой журам, заавар, зөвлөмжийн талаарх саналаа ҮТЕГ-т ирүүлнэ.
 
5.5.ҮТЕГ-ын ХШАЭН нь татварын хяналт шалгалтын ажилтай холбоотой журам, заавар, зөвлөмжийн төсөл, гарын авлага зэрэг материалыг боловсруулан, холбогдох газар, хэлтсээс санал авч, ҮТЕГ-ын даргын Зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрүүлэн, ҮТА-ны хэмжээнд мөрдүүлэх арга хэмжээ авна.

 

Зургаа.Боловсон хүчинд тавигдах шаардлага

 
6.1.Хяналт шалгалтын ажил хариуцсан Татварын улсын (ахлах) байцаагчдыг ҮТА-нд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын дадлага туршлагатай, үүрэг даалгаврыг хугацаанд нь, чанартай, бүрэн биелүүлдэг, харилцааны соёлтой, ёс зүйн зөрчилгүй, бусдын нөлөөнд үл автах Татварын улсын (ахлах) байцаагчдаас сонгож бүрдүүлнэ.
 
6.2.Дотоод, гадаадын улс орнуудад зохион байгуулагдах сургалтанд системтэй хамруулах замаар ҮТА-ны ХШАЭН-ийн дарга, Татварын улсын (ахлах) байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлнэ.
 

Долоо.Хориглох зүйл

 
7.1.ҮТА-ны ХШАЭН-ийн дарга, Татварын улсын (ахлах) байцаагчдын үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны албан хаагчийн, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 30 дугаар зүйлийн 30.1 дүгээрт Татварын улсын (ахлах) байцаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно. Үүнд:
7.1.1.Энэхүү дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.8, 3 дугаар зүйлийн 3.2.5 дугаарт заасныг зөрчих.
7.1.2.«Татварын хяналт шалгалт хийх томилолт» авсан боловч хяналт шалгалт хийхэд оролцоогүй бол Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудас, хяналт шалгалттай холбоотой бусад баримт материалд гарын үсэг зурж, тэмдэг дарах.
            7.1.3.Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа ажилтнууд татварын хяналт шалгалт хийх.
 

Найм.Ажил дүгнэх үзүүлэлтүүд

                   
8.1.ҮТА-ны хяналт шалгалтын ажил хариуцсан Татварын улсын (ахлах) байцаагчдын ажлыг дараахь үзүүлэлтүүдийн өсөлт, бууралтыг харгалзан, системийн хэмжээнд урьд оны хүрсэн түвшинтэй буюу тухайн тайлант жилд дэвшүүлсэн зорилттой зэрэгцүүлж дүгнэнэ. Үүнд:
8.1.1.Татварын хууль тогтоомжийн заалтыг зөв мөрдсөн байдал.
   8.1.2.Хяналт шалгалтын чанар, үр дүнгийн байдал. Үүнд:
8.1.2.а.Хийсэн хяналт шалгалтын тоо.
            8.1.2.б.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, үйл ажиллагааны тэмдэглэл, хяналт шалгалтын баримт материал хөтлөлтийн байдал.
8.1.2.в.Илрүүлсэн зөрчлийн дүн.
            8.1.2.г.Ногдуулсан өрийн дүн.
            8.1.2.д.Зөвшөөрөгдөөгүй акт, дүгнэлтийн шийдвэрлүүлэлт.
8.1.2.е.Шинээр илрүүлсэн зөрчил, түүний арга хэлбэр. 
    8.1.3.Ажлын хариуцлага, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй ажилласан байдал.
    8.1.4.Ажлын цаг ашиглалтын байдал. Үүнд:
8.1.4.а.Ажилласан өдөр, ажилд ирсэн, ажлаас тарсан цаг.
8.1.4.б.Хяналт шалгалтыг томилолтын хугацаанд хийсэн байдал.
8.1.5.Хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн талаар хөндлөнгийн болон бусад мэдээлэл цуглуулж баяжуулан, тэдгээрийг ашиглан харьцуулсан судалгаа гарган, үнэлэлт дүгнэлт өгсөн байдал.
    
Ес.Хариуцлага
 
9.1.Энэхүү дүрмийг зөрчсөн Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагчдад Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Татварын Ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
оооОООооо