Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                                            тогтоолын 8 дугаар хавсралт

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

Зам, тээврийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Зам, тээврийн сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхэлсэн ажлын хүрээний асуудлаар сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зам, тээврийн хяналтыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, сайдын төсвийн багцын төлөвлөлт, санхүүжилт, дотоод аудит, гадаад хамтын ажиллагааны асуудлыг хамарсан Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны З8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Зам, тээврийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Авто замын тухай хууль;
-Авто тээврийн тухай хууль;
-Төмөр замын тээврийн тухай хууль;
-Иргэний нисэхийн тухай хууль;
-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;
-Далай ашиглах тухай хууль;
-Усан замын тээврийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, бүтцийн өөрчлөлтийн онол, арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамж, мэдээллийг ашиглав.

 

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тус яамны чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, Зам, тээврийн сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Зам, тээврийн яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй, хариуцлагатай хандаж, салбарыг зөв зохистой удирдлага, зохицуулалтаар хангана. Зам, тээврийн яам нь эрхэлсэн асуудлын чиглэлээр Засгийн газарт зөвлөх үүрэг, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

 

Зам, тээврийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ. Зам, тээврийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратеги
 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

Зам, тээврийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг бий болгох, түүний дотор төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөтгөх, шинээр тавих үйл ажиллагааг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу нэн тэргүүнд хэрэгжүүлэх;

2.2.2. тээврийн дэвшилтэт технологи, тээвэр ложистикийн тогтолцоог нэвтрүүлж, тээврийн үйлчилгээг хөгжүүлэх;

2.2.3. хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг шинэчилж, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.2.4. салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;

2.2.5. салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.2.6. салбарын боловсон хүчинг бэлтгэх, мэргэшүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх оновчтой тогтолцоог нэвтрүүлж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх явдал мөн.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Зам, тээврийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. салбарын хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;

2.4.3. авто замын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.4.4. авто тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

  2.4.5. төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.6. салбарын хэмжээнд хяналт шалгалт, бүртгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

2.4.7. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.4.8. иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах.

  2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Зам, тээврийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1 салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; 

2.5.1.2. салбарын стандарт, норм нормативийг боловсронгуй болгох үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. салбарын төсөв, санхүү, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.1.4. гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

2.5.2.3. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн болон арга зүйн зөвлөлгөө үзүүлэх.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. автозамын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.3.2. автозамын салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.3.3. автозамын барилга үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

2.5.3.4. зам ашиглалт, засварын үйл ажиллагааг зохион байгуулах, зам ашиглалт, засварын байгууллага, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. автотээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.4.2. автотээврийн салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах; техник, технологийг шинэчлэх ажлыг зохицуулах, мэргэшлийн удирдлагаар хангах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.5.2. далай ашиглалт болон усан замын тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

  2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
 
2.5.6.1. салбарын хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, стандарт, норм нормативийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, бүртгэлийг зохион байгуулах, мэдээлэх;

2.5.6.2. харьяа агентлаг, байгууллага болон өмчийн бүх хэлбэрт аж ахуйн нэгжид хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх;

2.5.6.3. төмөр зам, автозам, авто тээвэр, далай ашиглалт, усан замын болон иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих.

2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
 
2.5.7.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.5.7.3. яам, харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, захиргааны дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх;

2.5.7.4. салбарын төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх, эрсдлийн удирдлагаар хангах;

          2.5.7.5. салбарын эдийн засгийн статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх,  ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах. 

2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.5.8.1. иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.8.2. иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Зам, тээврийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 

Зам, тээврийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загвар

 

Гурав. Зам, тээврийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Зам, тээврийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

  3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээрх зарчим болон Зам, тээврийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна.
                                  

Зам, тээврийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Зам, тээврийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд салбарын хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын стандарт, норм нормативийг боловсронгуй болгох үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, салбарын төсөв, санхүү, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг  хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулж, түүнийг хэлэлцүүлэн батлуулах замаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө, төсөв, хамтын ажиллагааны орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Үүний тулд энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, хөрөнгө оруулалтын дэмжлэг, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь эрхлэх хүрээний байгууллага, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

3.3.2. төрийн захиргааны удирдлагын зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах эрх зүйн болон арга зүйн зөвлөлгөө үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах, дүгнүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, аппаратын дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллагсадыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь сайдын эрхлэх хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, боловсрол сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.3. автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд авто замын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж автозамын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, автозамын салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, автозамын барилга үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх, зам ашиглалт, засварын үйл ажиллагааг зохион байгуулах, зам ашиглалт, засварын байгууллага, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд замын барилга, үйлдвэрлэлийн нэгж, замын ашиглалт, засварын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Зам, тээврийн сайдаас автозамын салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, замын чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн сайдыг автозамын салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, авто зам, замын байгууламжийг барьж ашиглалтанд оруулах, авто замын засвар, ашиглалтын бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, авто замын стандарт, норм норматив, төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, авто замын салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, автозамын чиглэлийн аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байна.

3.3.4. автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд авто тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд автотээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, автотээврийн салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, техник, технологийн шинэчлэлийн ажлыг зохицуулах, мэргэшлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж, техник, технологи, мэргэшлийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Зам, тээврийн сайдаас автотээврийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн сайдыг автотээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутгийн автотээврийн асуудал хариуцсан албад болон холбогдох бусад байгууллагуудад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, улс, аймаг болон хот хоорондын тээврийн талаархи бодлого, салбарын техникийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, автотээврийн стандарт, норм норматив, төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ  нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, автотээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байна.

3.3.5. төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, далай ашиглалт болон усан замын тээврийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж, далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Зам, тээврийн сайдаас төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн сайдыг төмөр зам, далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын стандарт, норм норматив, төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.


Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг  хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна.  Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам байна.

3.3.6. зам, тээврийн хяналт, бүртгэлийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд салбарын хэмжээнд хяналт шалгалт, бүртгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, стандарт, норм нормативийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, бүртгэлийг зохион байгуулах, мэдээлэх, Засгийн газрын агентлаг, байгууллага болон өмчийн бүх хэлбэрт аж ахуйн нэгжид хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, төмөр зам, автозам, авто тээвэр, далай ашиглалт, усан замын  болон иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь төмөр зам, авто зам, усан замын болон автотээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хяналт тавих, тус салбарын хууль тогтоомж, стандарт, норм нормативийн хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ. Энэ нь яамны бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох хуулиудын дагуу салбарын хэмжээнд хяналт, шалгалт хийх, яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын хэмжээнд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, зам тээврийн бүртгэлтэй холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах, хяналт тавих, төмөр зам, авто зам, усан замын болон автотээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих замаар хэрэгжинэ.

Энэ  нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний  хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, бусад хэрэглэгч, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь иргэн, мэргэжлийн хяналтын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд, замын цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллага байна.

3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад захиргааны дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, яам, харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, захиргааны дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, салбарын төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдлийн удирдлагаар хангах, салбарын эдийн засгийн статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдлээс хамгаалахад чиглэнэ. Энэ нь салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, мэдээллийг нэгтгэх, харьцуулан судлах, гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдлийн удирдлагаар хангаж үнэн зөв, бодит мэдээллээр удирдлага, яамны аппарат, хэрэглэгч, иргэдийг хангах замаар хэрэгжинэ.

Энэ  нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, нутгийн захиргааны байгууллага, хяналтын бусад байгууллага, иргэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.  

3.3.8. иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Зам, тээврийн сайдаас иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь Зам, тээврийн сайдыг иргэний нисэхийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанд хамаарах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын стандарт, норм норматив, төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппарат, иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

  Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.  Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, иргэд байна.

 

--оОо--