ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛД ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2011 оны 9 дүгээр
                             тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛД ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
 
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө. Энэхүү журам нь Засгийн газрын 2009 оны 246 дугаар тогтоолоор баталсан "Эмч, багш нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох алслагдсан сумдын жагсаалт"-д орсон суманд байрлаж байгаа цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-д /цаашид "тэтгэмж авагч" гэх/ хамаарна.
 
1. Тэтгэмж авагч нь дараахь болзлыг хангасан байна:
 
1.1.           Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй байх.
 
1.2. Нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй байх.
 
2. Тэтгэмж авагч нь дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтанд өгнө:
 
2.1. Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл.
 
2.2. Иргэний үнэмлэхийн хуулбар /эхнэр, нөхөр/.
 
2.3. Гэрлэлтийн баталгааны хуулбар.
 
2.4. Нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
 
3. Тэтгэмж авагч нь дараагийн тэтгэмж авахдаа энэ журмын 1-д заасан нөхцөлийг хангаж, мөн журмын 2.4-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
4. Цэргийн анги, байгууллагын удирдлага нь улиралд олгох нэг удаагийн тэтгэмжийн тооцоо, судалгааг гарган шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулж, батлагдсан төсөвтөө багтаан олгох ажлыг зохион байгуулна.

           5. Цэргийн албан хаагчийн гэр бүлд олгох тэтгэмжийг дараахь тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
 
5.1. Цэргийн албан хаагч халагдсан.
 
5.2. Тэтгэмж авагч ажилд орсон.
 
5.3. Тэтгэмж авагч нас барсан.
 
6. Тэтгэмж олгож байгаа байдалд тухайн төрийн захиргааны төв байгуулага хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулна. Хууль тогтоомж зөрчин тэтгэмж олгосон бөгөөд буруутай нь тогтоогдсон холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
 
 
 
---оОо---

Хэвлэх хувилбар