Алдаа мэдээлэх
LegalInfo

Хуульчдын нэгдсэн бүртгэл эхэллээ


2013.04.15

Хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилго бүхий Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4-р сарын 15-наас хэрэгжиж эхэлж байна. Энэ дагуу Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тушаалаар Хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх түр журам батлагдлаа.


Шинэ хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу авсан хуульчийн гэрчилгээ эзэмшигч хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.


Бүртгэлийг 2013 оны 4-р сарын 15-наас хойш 90 хоногийн хугацаанд Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2 дугаар давхарт 206 тоот зааланд биеэр болон хүндэтгэн үзэх шалтгаанаар биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч, шуудангаар бүртгэлийн материалаа ирүүлж бүртгүүлнэ үү.

Хуульч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан дараах материалыг бүрдүүлж ирнэ.

  1. Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /татах/;
  2. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан журмын дагуу авсан хуульчийн гэрчилгээний эх хувь;
  3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, бусад хуульч нар аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/;


Таны энэхүү хуульчдын нэгдсэн бүртгэлд суурилж Хуульчийн анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдох эрх болон Хуульчийн холбооны гишүүнчлэл нээгдэнэ.

Дээрх хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ хүчингүй болно гэдгийг анхаарна уу

Холбогдох мэдээллийг www.jurist.gov.mn, www.legalinfo.mn сайтаас авна уу.

 


Бүртгүүлэх заавар

Нэгдсэн бүртгэлд бүртгэлээ шинэчлэх заавар

Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” эрхлэх эрх авахын тулд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хуульчдын нэгдсэн бүртгэлд шинээр бүртгүүлнэ. Ингэхдээ бүртгэл эхэлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой бөгөөд хугацаандаа хүсэлтээ гаргаагүй буюу бүртгүүлээгүй тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа цаашид эрхлэх эрхгүй болно.


Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ, 1-т “Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет /өргөдлийн маягт/”-ыг үнэн зөв бөглөх, 2-т “Хуульчийн гэрчилгээ”-нийхээ эх хувь /шуудангаар хүргүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/-ийг авчрах, 3-т Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эсхүл аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын “магадлагаа” зэрэг баримт бичгийг бэлтгэх шаардлагатай.


Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах, мөн бүртгэсэн эсэх шийдвэр нь тодорхой эрх, үүрэг үүсгэж байгаа үйл явц тул бүртгүүлэх хүн өөрийн хүсэл зоригоор хүсэлтээ илэрхийлэх шаардлагатай. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч, шуудангаар бүртгэлийн материалаа ирүүлнэ. Тухайлбал орон нутагт, гадаад улсад байгаа эсхүл хүнд өвчний улмаас биеэр ирэх боломжгүй зэрэг.


Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн бүртгэл хариуцсан ажилтанд өгч, бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурах бөгөөд бүртгэл хариуцсан ажилтан бүртгэлийн хуудсыг олгоно.


Бүртгэл хариуцсан ажилтан хүсэлтийг хүлээн авч, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх, бүртгэхийг түдгэлзүүлэх, бүртгэхээс татгалзах санал боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-т танилцуулах бөгөөд холбогдох шийдвэрийг ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гаргана.


Дээрх шийдвэрийг 14 хоног тутам нийтэд мэдээлэх бөгөөд www.moj.gov.mn; www.legalinfo.mn; www.jurists.gov.mn зэрэг цахим хуудаснаас танилцах боломжтой.


Энэхүү хуульчдын нэгдсэн бүртгэлээ шинэчлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчингүй болсон тохиолдолд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагын хангаж (шалгалтанд дахин орох) шинээр авах боломжтой.


Шүүхэд төлөөлөх эрхийг бүртгүүлэх

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий иргэн Улсын дээд шүүхэд өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлснээр шүүхэд төлөөлөх эрх нь нээгдэх юм. Прокурорын хувьд ажилд томилогдон тангараг өргөснөөр шүүхэд төлөөлөх эрх нь нээгдэнэ.


Хууль батлагдахаас өмнө хуульчийн гэрчилгээний үндсэн дээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийн эрхийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байна.

  1. Иргэдийн эзэмшиж буй хуульчийн гэрчилгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцох.
  2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө тооцуулсан бөгөөд одоо прокуророор ажиллаж буй бол шүүхэд төлөөлөх эрх нь шууд нээгдэнэ.
  3. Цаашид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх иргэд хуульчийн гэрчилгээгээ Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр шүүхэд төлөөлөх эрх нь нээгдэх юм.


Өмгөөлөгчийн хувиар шүүхэд төлөөлөх эрхээ нээлгүүлэх хүсэлтийг Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт дахь шүүхэд төлөөлөх эрх нээлгүүлэхтэй холбоотой асуултад хэрхэн хариулсан тухай мэдээлэлд үндэслэсэн нэрсийн жагсаалтыг ХЗЯ-наас Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэхүү нэрсийн жагсаалт Улсын дээд шүүхэд ирснээс хойш хуульд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Улсын дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрх нээлгүүлэх хүсэлтээ гаргана. Үүнд:

  • Нэрсийн жагсаалтад бүртгүүлэх өргөдөл
  • Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар


Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-т заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхтэй хуульчид давхар ажил эрхлэлтийн хязгаарлалт тавигдаж байгаа бөгөөд өмгөөлөгч нь багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно.

Хууль батлагдахаас өмнө Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа буюу шүүхэд төлөөлөх эрх хэрэгжүүлж байсан иргэдийн хувьд хуульчийн гэрчилгээг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор шүүхэд төлөөлөх эрхээ албан ёсоор нээлгүүлнэ. Хуульд заасан хугацаанаас хойш шүүхэд төлөөлөх эрхээ нээлгээгүй хуульчдыг шүүх хуралдаанд оролцох эрхгүй болно.


Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг хэрхэн бүртгүүлэх вэ?

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрх авсан хуульчид хамтран хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бол нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдах юм.


Одоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьд нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, энэ тухайгаа бүртгэх байгууллагад бүртгүүлэх шаардлага үүсч байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар ийнхүү бүртгүүлэхэд бүртгэлийн хураамжаас чөлөөлөх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд амжиж бүртгүүлээгүй хуулийн этгээдийг шүүхийн журмаар татан буулгах юм.


Нөхөрлөлийн гишүүн тус бүрийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг нь энэ хэлбэрийн нөхөрлөлийг байгуулахад бүрдүүлэх  үндсэн баримт бичиг болох учраас та өөрийн эзэмшиж буй хуульчийн гэрчилгээг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулан хуульчдын бүртгэлээ шинэчилсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш нөхөрлөл байгуулах боломж бүрдэнэ.


ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ


Сургалт
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих