Алдаа мэдээлэх
LegalInfo

Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэллээ


2013.04.16
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэллээ.

Шинээр мөрдөгдөн эхэлж буй Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд багтаж байгаа юм.

Шинэ хуулиуд хэрэгжсэнээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт ардчиллын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ.

Ингээд шинээр мөрдөж эхэлж буй хууль тус бүрийн товч агуулгыг танилцуулъя.


    1.Монгол Улсын Шүүхийн тухай хууль

Шүүхийн тухай хууль нь шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо, бүрэн эрх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа болон үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах хууль юм.

Энэ хуульд шүүхийн бие даасан байдал, зохистой ачааллыг бий болгох, ил тод нээлттэй байх зарчмыг баталгаажуулах, шүүхийн дотоод хараат бус байдлыг бууруулах шинэчлэлийн зохицуулалтыг багтаажээ. Шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулахын тулд түүний эдийн засаг, улс төр,эрх зүй, аюулгүй байдал, зохион байгуулалтын чиглэлийн цогц баталгааг хуульд тусгасан байна. Тухайлбал,  гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс шүүхийн төсвийг хасч танадгийг зогсоохын тулд шүүх нь бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлдэг байх, төсвийг батлахдаа урсгал зардал, цалинг хасахгүй байх зарчмыг  уг хуульд тусгажээ.

Шинэ хуулиар шүүхийн тогтолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршлын байдал, хэрэг, маргааны шийдвэрлэлтийн тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулахаар боллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулах юм. Үүнээс хойш УДШ-ийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглож байгаа юм.

Шүүхийн дотоод  хараат бус байдлыг бууруулах зорилгоор шүүхийн захиргааны удирдлагын чиг үүргийг салгажээ. Энэ шалтгаанаар бүх шатны Ерөнхий шүүгчийн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдхүүн томилох зэрэг бүрэн эрхийг хязгаарлаад байна.

Шинэ хуулиар УДШ хэргийг хянах бус, зөвхөн эрх зүйн маргааныг хянан үзэхээр болж байгаа юм. Талуудын гомдлоос гадна зөвхөн Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр болжээ. Мөн УДШ-ийн бүх гишүүдийн хуралдаан буюу дөрөв дэх хяналтын шат байхгүй болж байна.

Одооноос эхлэн шүүхийн шийдвэрийг нээлттэй болгож, тухайн шүүхийн цахим хуудсанд ил тод байрлуулахаар боллоо.


    2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Энэ хуулийн зорилго нь шүүхийн шинэчлэлийн чухал хэсэг болох шүүгчийн шалгуурыг тодорхой болгох, босгыг өндөрсгөх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан зохицуулах, ил тод, шударга болгох, шүүгчийн хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал юм.

Шүүгч болон Ерөнхий шүүгчид тавих шалгуурыг шүүхийн шат тус бүрд тодорхойлсон байна.Шүүгчийн туслах зэрэг захиргааны ажилтан шүүгч болдог тогтолцоог халж, хуульд заасан болзол шаардлагыг хангасан өмгөөлөгч, прокурор болон хуулийн сургуулийн профессор зэрэг зохих туршлагатай хүн шүүгчид нэрээ дэвшүүлэхээр болгон өөрчилжээ.

Шүүгчид нэр дэвшүүлэн өрсөлдөх эрэмбэ дарааг дараах байдлаар тодорхойлсон байна. Юуны өмнө Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдээс ерөнхий эрдмийн шалгалт авахгүйгээр мэдлэг, ур чадварын үнэлгээ гаргана. Хуульчдын Холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаархи дүгнэлтийг гаргана. Үүний дараа Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Мэргэшлийн хорооны үнэлгээ, Хуульчдын Холбооны дүгнэлтийг үндэслэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээрсанал хураан олонхийн санал авсан 2-3 хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Хэрэв Ерөнхийлөгч татгалзвал нэрсийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр хуульд заажээ. 

Шүүгчийн нийгэм, эдийн засгийн баталгааг цогцоор зохицуулах үүднээс УИХ-аас шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулахгүйгээр батлах, шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдүүлэх, амь нас, гэнэтийн ослын даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцахаар болжээ.


    3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ач холбогдол нь хуульчдын мэргэжлийн нэгдсэн хариуцлагын тогтолцоог бий болгож, шүүх, прокурор, өмгөөлөгчийн гаргасан мэргэжлийн алдааг хянан шийдвэрлэдэг механизм бүрдүүлж буй явдал юм. Хуульчийн шалгалтыг нэг шатлалтай болгож, өмгөөллийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг боловсронгуй болгож, зохион байгуулалтын хэлбэрийн хувьд олон улсын жишгээр нөхөрлөлийн хэлбэртэй байхаар зохицуулж өгчээ.   

Дэлхийн нийтлэг жишиг болох “BAR” буюу Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоог байгуулах бөгөөд хуульчийн шалгалтад тэнцэж, элсэх өргөдлөө өгсөн хүн бүр эрхэлж буй ажил хэргээс үл хамааран түүний гишүүн байхаар хуульд тусгажээ. Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, хууль зүйн сургуулиудыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх, шүүгчид нэр дэвшигчдэд дүгнэлт гаргах,  өмгөөлөгч, шүүгч, прокурор шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэх юм байна. Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү төрийн чиг үүргийг шилжүүлснээр төвлөрлийг сааруулах, мэргэшлийн чанар, хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ. 

   
    4.Шүүхийн захиргааны тухай хууль

Шүүхийн захиргааны тухай ойлголт өнөөг хүртэл тодорхойгүй, шүүхийн захиргааны үндсэн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газрын чиг үүрэг бүрхэг,  шүүхийн захиргаанд ач холбогдол өгдөггүйгээс  шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн, үр дүнтэй явуулахад хүндрэл бэрхшээл тулгарч иржээ.

Шинээр мөрдөгдөж эхэлж буй Шүүхийн захиргааны тухайхуулийн ач холбогдол нь шүүхийн мэргэшсэн, бие даасан захиргааг бий болгох, шүүхийн захиргааны төв байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газар, түүний ажилтны  чиг үүрэг, зохион байгуулалтыг шинээр, цогц байдлаар тодорхойлж буй явдал юм. 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй, гурван жилийн хугацаатай байх юм байна. Ерөнхий зөвлөлийн хуралдааныг сард хоёроос доошгүй хийх бөгөөд ажлын албатай байна. Ерөнхий Зөвлөлийн гишүүнд бүх шатны шүүхийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлнэ.

Шүүхийн захиргааны тухайхуулиар Шүүхийн мэргэшлийн хорооны бүтэц, бүрэлдхүүнийг өөрчилж, хуульч, эрдэмтдээс бүрдсэн орон тооны бус есөнгишүүнтэй байх, гишүүдийн үйл ажиллагаанд хориглох зүйлс зэргийг тодорхой зааж өгчээ.


    5.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Монгол Улсын Үндсэн Хуулийн 52 дугаар зүйлийн хоёрт анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж заасан байдаг. 

Өнөөг хүртэл мөрдөж ирсэн тодорхой хүмүүс тогтмол иргэдийн төлөөлөгч болдог практикийг халж иргэн  жилд нэг удаа иргэний төлөөлөгчөөр сонгогдохоор болж байна. Иргэдийн төлөөлөгчид эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн,  тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, ял шийтгүүлж байгаагүй байх, Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх зэрэг шаардлага тавина. Үүнээс бусад шаардлага тавихыг хориглох юм. Харин хэргийн оролцогчтой сонирхлын зөрчилтэй бол оролцохыг хориглохоор болжээ. Бас УИХ-ын гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэх мэт тодорхой албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр томилохыг хориглосон байна. 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх, хэргийн оролцогчийг илт дэмжих, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах, хэргийн талаар нотлох баримт цуглуулах, өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөхийг хуулиар хоригложээ.

    6.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэдэг 30 гаруй мянган иргэний хэргээс 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. 

Эвлэрүүлэн зуучлалын тухайхуулиар  аж ахуйн болон эдийн засгийн бусад үйл ажиллагаатай холбоотой маргаан, хөдөлмөрийн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг талуудын сайн дурын үндсэн дээр мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан шүүхээс өмнөх эсвэл шүүхийн дараах шатанд эвлэрүүлэх  ажиллагааг зохицуулах юм.
   
“Шүүхэд тулгуурласан эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа нь шүүхийн тогтолцооны нэг бүрэлдхүүн хэсэг бөгөөд зохион байгуулалтаар хангах чиг үүргийг  Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцаж, холбогдох зардлыг шүүхийн төсөвт тусгана. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэд Мэргэжлийн Зөвлөл байх бөгөөд эвлэрүүлэн зуучлалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, давтан сургалт зохион байгуулах зэрэг чиг үүрэгтэй байна” гэж уг хуульд заажээ.

Ийнхүү энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж шүүхийн салбарт цоо шинэ хуудас нээж байна. www.news.mn
Сургалт
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих