Алдаа мэдээлэх
LegalInfo

Цагдаагийн албан хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа, шийдвэрт хүсэлт, гомдол гаргах эрх тухай хуулийн асуулт хариулт



1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөрчсөн тохиолдолд хаана гомдол гаргах вэ? Манай хамаатны ах хэрэгт сэжиглэгдэн шалгаж байгаа боловч түүний гэрт нь нэгжлэг хийхдээ прокророос зөвшөөрөл аваагүй хууль бусаар нэгжлэг хийсэн байна.

Энэ үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд гомдол гаргахдаа тухайн харъяалагдах хэлтэс тасгийн даргад гаргаж болох ба хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн талаар гомдол гаргаж болно. Таны дурдсан тохиолдолд нэгжлэг хийдээ прозкророоос зөвшөөрөл аваагүй хойшлуулашгүй үед нэгжлэг хийж энэ тухайгаа 48 цагийн дотор прокурорт мэдэгдэх ёстой. Хэрэв энэ тухайгаа мэдэгдээгүй бол хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гомдлоо гарган шийдвэрлүүлж болно.

2. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн тохилдолд прокурор ямар арга хэмжээ авдаг вэ?

Прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцагчид арга хэмжээ авахгүй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар шаардлага бичдэг болно. Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, албаны дарга уг зөрчил, түүний шалтгаан, нөхцлийг нэн даруй арилгах арга хэмжээ авч, 14 хоногийн дотор прокурорт хариу мэдэгдэх ёстой байдаг юм байна. Прокуророос ирүүлсэн шаардлагын дагуу хэлтэс, тасгийн дарга нь шат дараалсан арга хэмжээ авдаг.

3. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч аль нэг талыг илт барьж байцаан шийтгэх ажиллагаа явуулвал яах вэ? Дүүгийн маань хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч бүрэн гүйцэд шалгахгүй байгаа юм шиг байна. Би хаана хандах вэ?

Ингэж үзэж байгаа тохиолдолд та тухайн эрүүгийн хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурорт хүсэлт гарган шийдвэрлүүлж болно. Прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах арга хэмжээний талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар өгдөг. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нь хэргийг бүрэн дүүрэн, шуурхай шалгаж шийдвэрлэн, яллах цагаатгах нотлох баримтыг нэгэн зэрэг цуглуулах үүрэг хүлээдэг.

4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүний халдашгүй эрхийг хязгаарлах, хувийн нууцад халдахдаа ямар албан тушаалтнаас зөвшөөрөл авах вэ?

Шүүхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгдөг. Прокурорын зөвшөөрөл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагааг явуулах албан тушаалтны шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэг юм. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн явуулж байгаа үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавина гэсэн үг.

5. Цагдаагийн албан хаагчид ямар сахилгын шийтгэл ногдуулдаг вэ?
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн З2 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулдаг юм байна. Үүнд:
1) сануулах;
2) цолны мөнгийг З сар хүртэл хугацаагаар хасах;
3) сарын үндсэн цалинг З сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
4) цагдаагийн цолыг бууруулах буюу хасах;
5) офицер цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, энгийнээр буюу цагдаагаар ажиллуулах зэрэг болно.

6. Хойшлуулшгүй ажиллагаа гэж юуг хэлээд байгаа юм бол? Цагдаагийн алба хаагчид ямар үндэслэлээр хүний халдашгүй эрхэнд халдаж, орон байранд нэвтрэн орж болдог вэ? Заримдаа гудамжинд явж байхад хуулийн үндэслэлээ хэлэхгүй шалгадаг.
Гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа үед цагдаагийн эрх бүхий алба хаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болдог. Үүнд:
1) хүний нэр, хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг үзэж шалгах;
2) хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;
3) иргэд,аж ахуйн нэгж, байгууллагын эд зүйл, хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх;
4) гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хураан авах;
5) шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж,хурууны хээ, ул мөрний хэв авах;
6) согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах;
7) гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадна гэсэн үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах, энэ зорилгоор түүнийг цагдаагийн байгууллагад урьж ирүүлэх;
8) гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх;
9) тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтох;
10) гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах үед байгууллага, иргэдийн орон байранд орох.
2, 3, 4 –т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмаар гүйцэтгэж, тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зуруулах ёстой байдаг ба Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлд энэ тухай заасан байдаг.

7. Хойшлуулашгүй ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзвэл би хаана гомдлоо гаргах вэ?
Хойшлуулшгүй ажиллагааг хууль бусаар хийсэн гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь прокурорт буюу цагдаагийн дээд шатны байгууллагын даргад гомдол гаргах эрхтэй. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж таньд хариу өгөх үүрэгтэй. Энэ нь шүүхэд гомдлоо шууд гаргах иргэний эрхийг хязгаарлахгүй болно.

8. Цагдаагийн алба хаагчид түр саатууулна гэсэн үндэслээрээ “аквариум” гэж хэлж заншсан түр саатуулах байрандаа хүний хонууулах тохиолдол байдаг . Энэ нь хуулийн үндэслэлтэй юм уу?Үүнд хэн хяналт тавьдаг юм бэ?
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болдог. Үүнээс илүү хугацаагаар хүнийг саатуулж болохгүй. Түр саатуулах байрны үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхэд тухайн дүүргийн хяналтын прокурор хяналт тавьж, хувиараар шалгаж байдаг. Хүний эрх зөрчигдсөн, илүү хугацаагаар саатуулсан бол үүүнийг арилгуулахаар шаардлага бичнэ. Цагдаагийн албан дээр саатуулсан хүмүүсийн бүртгэл байх ёстой бөгөөд саатуулсан үндэслэл, хэн гэдэг албан тушаалтан, хэзээ хэдэн цагаас хэдэн цаг хүртэл саатуулсан тухайгаа тэмдэглэн бичих ёстой байдаг юм байна.

9.Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын онцлог юу вэ?
Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог нь цагдаагийн алба хаагч улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх, цагдаагийн бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, эвсэл, холбооны улс төрийн үзэл баримтлалыг сурталчлахыг хориглодог. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албанд хүндэтгэлтэй хандах бөгөөд ажил хаяхыг хориглодог. Цагдаагийн алба хаагч нь төрийн сонгуульт үүрэг хүлээсэн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил хавсаргаж цалин хөлс тогтоосон, түүнчлэн багшлах, зохион бүтээх, уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх тохиолдолд ажил хавсран гүйцэтгэж цалин хөлс авахыг хориглоно. Олон нийтийн байгууллагад сонгууль буюу томилолтоор орон тооны бус үүрэг гүйцэтгэж цалин хөлс авах бол захирах даргадаа илтгэдэг. Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан төрийн төв, орон нутгийн байгууллагаас шагнаж урамшуулах бол албан байгууллагад нь урьдчилан мэдэгдэх ёстой. Албан үүргээ биелүүлсэнтэйгээ холбогдуулан бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шагнал авч болохгүй байдаг.

10. Цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдлоо би хаана гаргаж болох вэ? Цагдаагийн албан хаагчид ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Цагдаагийн алба хаагч нь шууд захирах даргын үүрэг даалгавараар ажиллах бөгөөд та цагдаагийн алба хаагчтай гомдлоо дараахь албан тушаалтан байгууллагад гарган шийдвэрлүүлж болно. Үүнд:
• Сахилгын зөрчил гаргасан бол шууд захирах дарга буюу хэлтэс тасгийн даргад гаргана. Сахилгын шийтгэлийг тухайн газар хэлтсийн дарга ногдуулдаг болно.
• Алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан бол харъяалах цагдаагийн хэлтсийн ёс журам хариуцсан ажилтанд гаргаж болно. Нийслэлийн цагдаагийн газарт ёс журмын тусгайлсан алба байдаг ба орон нутагт хэв журмын албаны дарга, хэлтэс газрын даргын дэд дардаг хандаж болдог. Энэ албан тушаалтнууд нь цагдаагийн албан хаагчийн харилцааны болон албаны журмыг ёс зүй зөрчсөн үйлдэлийг шалгаж тогтоодог.
• Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн бол та харъяалах газар хэлтсийн шууд захирах дарга болон тухайн эрүүгийн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гомдлоо гаргаж болно.

11. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь ёс зүйн алдаа гаргасан, иргэдтэй зүй бус харьцсан бол хэрхэх вэ?

“Хэрэг бүртгэгчийн ёс зүйн дүрэм” болон “Мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм”-д ёс зүйн хэм хэмжээний зөрчлийг дараах үндэслэлээр шалгаж байхаар заасан байна.
• Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр
• Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлээр,
• Шаардлагатай гэж үзвэл захиргааны санаачлагаар.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 62 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагч бүрт “Ёс зүйн талон” олгож, түүнийг хэрэглэх журмыг гаргасан. Ёс зүйн талонд дүрэмч ажиллагаа, хувцас, форм өмсөх журам зөрчсөн, иргэдийг чирэгдүүлж хохироосон, тэдэнтэй зүй бус харьцсан, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, албаны эд хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, хүний эрх, эрх чөлөөнд зүй бусаар халдсан, бусдын нөлөөнд автсан, бусдаас шан харамж авсан, албаны нэр барьж хуульд харш болзол тавьсан гээд ёс зүйтэй холбоотой хэм хэмжээг тодруулан тусгасан. Таныг чирэгдүүлсэн зүй бус харьцсан, алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан хаагчийн талаар шууд хаяръяалах тасаг, хэсгийн даргад гаргах бөгөөд энэ тухай гомдолоо Нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын албанд хандаж гаргаж болох юм байна.

12. Ямар ямар төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой вэ? Хамаатны маань нэг хүн 181.181.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт шалгагдаж байга юм. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хялбаршүуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болох уу?

ЭБШХ-ийн 414 дүгээр зүйл.Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллын талаар заахдаа: Эрүүгийн хуулийн 99.1/Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/,103.1/Бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийх, халдаах/, 110/Доромжлох/, 111.1/Гүтгэх/, 118/Асран хамгаалах үүргээ урвуулах/, 123.1/Садар самууныг сурталчлах/, 130.1/Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 132 /Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих/, 135.1/Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих/, 137.1/Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих/, 139.1/Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх/, 142/Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих/, 143 /Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих/, 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 151/Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших/, 152/Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших/, 155.1/Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах/, 187.1/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах/, 197.1/Хууль бусаар эмчлэх/, 201.1/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 215.1/Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/, 216.1/Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих/, 220.1/Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах/, 222.1/Жолоогоо бусдад шилжүүлэх/, 223.1/Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах/, 230.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх/, 231.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох/, 233.1/Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 236/Дураараа аашлах/, 239/Төрийн дайчилгаанаас зайлсхийх/, 243.1/Мөрийтэй тоглох/, 244/Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах/, 245.1/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/, 255/Гэрч, хохирогч, мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх/, 259/Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх/, 275.1/Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх/, 277.1 /Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 278.1/Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 284.1/Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулна гэжээ. Дээрхи хэсэгт заагдаагүй бусад хөнгөн гэмт хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэх юм байна. Таны дурдсан хэрэг хүнд гэмт хэрэгийн ангилалд хамаарах учир хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй.

13. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ? Манай дүү 17 настай, хөнгөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа боловч өөрийнх нь хүсэлтийг харгалзалгүйгэр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн байна. ? Энэ хуулийн үндэслэлтэй юу?
ЭБШХ-ийн 415 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцлийг дурдахдаа: ЭБШХ-ийн 414.1-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ гэжээ. Насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хориглосон бөгөөд ердийн журмаар шийдвэрлэх ёстой юм. Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргадаг болно.

14. Хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагааг явуулахдаа хэдий хугацаанд явууулдаг вэ?

Хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагааг явуулахдаа хэрэг бүртгэгч энэ тухай хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэж, 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулахдаа хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоон сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авч, сэжигтний урд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг хэргийн материалд хавсаргах ёстой. Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлж, яллагдагчаар татах тогтоолыг батлахдаа яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичдэг.

15. Цагдаагийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрхэх вэ?
Цагдаагийн байгууллагын албан хаагч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүний үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба мөрдөн байцаалт явуулдаг. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас хээл хахууль авсан гэж үзэж байгаа бол өргөдлөө Прокурорын дэргэдэх мөрдөн байцах албанд хандан гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй юм байна.

16. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлооо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргаж шийдвэрлүүлэх гэхээр гаргаж өгсөн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх юм? Энэ нь хуулийн үндэслэлтэй юу?
Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хохирогчоос гаргаж өгсөн баримтыг үндэслэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг ба манай улсад эдийн бус хохирлыг тооцох, үнэлэх аргачлал байхгүй байгаагаас шалтгаалж эдийн бус хохирлыг барагдуулахгүй байгаа юм. Гэхдээ шүүхийн шатанд зарим нэг эдийн бус хохирлыг үнэлж, нөхөн төлүүлж байгаа болно. Хохирогчид нөхөн төлбөр орлгох хуулийн төсөл боловруулагдаж байгаа.

17. Хүний халдашгүй эрхийг сахин хамгаалах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ямар чиглэл барьж ажилладаг вэ?

ЭБШХ-ийн 10 дугаар зүйлд заахдаа хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй бөгөөд прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн байгууллагад байлгах, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно гэжээ. Прокурор нь хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа буюу эмнэлгийн байгууллагад байгаа, эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Сэжигтнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулна гэж тодорхой зааж өгсөн байна.

18. Би анх удаагаа гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсман юм. Тухайн үед хэрэг бүртгэгч надад миний эрхийг сайтар тайлбарлаж өгөөгүй. Хуулийн ямар үндэслэлээр хүнийг сэжиглэн шалгадаг юм бэ?

ЭБШХ”-ийн 35 дугаар зүйлд заахдаа: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ЭБШХуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана:
- уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан;
- гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан;
- уг этгээдийн бие, хувцас, эд зүйл, орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон;
- уг этгээд хэргээ илчлэн ирсэн
- гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа бол гэсэн 5 үндэслэлээр бусдыг сэжигтнээр тоооцн шалгаж болдог.

19. Сэжигтэн ямар эрхтэй вэ? Бусдыг сэжиглэн шалгаж байгаа цагдаагийн алба хаагчид үйлдсэн хэргээ хүлээхийг шаарддаг. Энэ нь хуулийн үндэслэлтэй юм уу?
Сэжигтэн нь дор дурдсан эрх эдэлнэ : ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх, өөртэй нь холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн, баривчилсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах; 35.2.4. мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх зэрэг эрхтэй. Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд тэр даруй, түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь 48 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг.

20. Би сонсгол муутай группд байдаг хүн л дээ. Хэрэг бүртгэгч намайг дуудаж сэжигтнээр байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүйгээр үл барам хөнгөн хэрэгт сэжиглэгдэж байгаа танд өмгөөлөгч байх ямар шаардлагатай юм бэ? гэсэн. Өмгөөлөгч заавал авах тохиолдол гэж байдаг юм уу?
ЭБШХ-ийн 40 дүгээр зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах тохиолдолд гэдэгт
- хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;
- насанд хүрээгүй;
- монгол хэл, бичиг мэддэггүй;
- цаазаар авах ялаар шийтгэгдэж болох;
- хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
- төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй юм. Та эрхтэн дутуу буюу өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байж болзошгүй тул таныг сэжигтнээр байцаахдаа заавал өмгөөлөгч байлцуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч таны өмгөөлөх эрхийг хязгаарлаж, байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

21. Хохирогч гэж хэн бэ? Ямар эрх эдэлж үүрэг хүлээдэг юм бэ?
ЭБШХ-ийн 42 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.” гэжээ. Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Хохирогч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ: өмгөөлөгч авах /энэ заалт нь төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд хамаарахгүй/, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гарга, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах.
Хохирогч нь дараахь үүрэг хүлээнэ : үүнд
- хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх;
- хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх
- өөрт илэрхий болсон хэргийн талаархи баримт сэлтийг задруулахгүй байх;
- шүүх хуралдаан болон байцаан шийтгэх ажиллагааны журмыг сахих.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ. Хохирогч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

22. Манай гэрт хулгай орж нилээдгүй эд зүйлээ алдсан юм. Тэр дор нь дуудлага өгсөн боловч ирж үзлэг хийчихээд яваад өгсөн. Сүүлд юу болож байгааг асуухаар очиход эрүүгийн хэрэг үүсгээгүй зүгээр л дуудлагад бүртгээд өнгөрсөн байсан. Ингэх нь зөв юм уу?
Дараахь үндэслэлийн аль нэг нь байгаа бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ:
- гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн;
- гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн;
- гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн;
- хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн;
- гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар буюу бичгээр гаргаж болох ба амаар шууд буюу холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах бөгөөд түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна. Бичгээр гаргасан гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан байна. Таны өгсөн мэдээллийг шалгаад 5 хоногийн дотор, нэмэлт ажиллагаа хийх бол 14 хоногийн дотор шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.

23. Би хувьдаа ломбард ажиллуулдаг юм. Гэтэл саяхан нэгэн хэрэг бүртгэгч над дээр ирж хулгайн эд зүйл танай ломбарданд тавьсан байна гээд хулгайлагдсан гэх зурагтыг хурааж аваад явсан. Ломбарданд тавьсан зурагтны мөнгийг би хэнээс нэхэмжлэх вэ?
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэдэг.
Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана
Иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ: Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх; хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд өөрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэх, шүүх хуралдаанд оролцох; гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах; хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах; хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах. Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд та иргэний нэхэмжлэгчээр эрүүгийн хэрэгт оролцох ба өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

24. Манай нэг найз эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдон шалгагдаж байгаа бөгөөд батлан даалтанд гарах хүсэлтэй байгаа юм. Батлан даалтанд найзыгаа авахын тулд би юу хийвэл зохилтой вэ?
Батлан даалт гэж байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг хэлнэ.
Батлан даагч нь хоёроос доошгүй байх ёстой учраас та батлан даах ахин нэг хүн олох хэрэгтэй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь ямар хэргийн учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал хүлээлгэх хариуцлагын тухай батлан даагчид мэдэгддэг. Хэрэв танай найз хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал таньд торгууль оногдуулж, оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ. Торгууль оногдуулах, эрэн сурвалжилсны зардал төлүүлэх талаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргадаг. Цагдан хоригдож байгаа найзыгаа авахын тулд дээрхи шаардлагыг хангасан байхаас гадна батлан даалтанд авах тухай хүсэлт гаргах хэрэгтэй. Нэмж дурдахад батлан даагч нь иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц бичиг баримттай байх ёстой юм шүү.

25. Барьцаа гэж юу вэ? Хэдэн төгрөгөөр барьцаа өгч болдог вэ?
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх буюу бэлнээр өгөхийг эд хөрөнгө барьцаалах гэнэ. Эд хөрөнгө барьцаалсан тухай баримт үйлдэж, хуулбарыг барьцаа өгөгчид болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд гардуулдаг. Барьцааны хэмжээг гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно. Өөрөөр хэлбэл энэ нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дотоод үнэлэмжийн асуудал. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгодог.

26. Ямар тохиолдолд сэжигтнээр баривчилдаг вэ? Баасан гаригт сэжигтнээр их баривчилдаг. “Хар баасан гариг” гэж нэрлэж хэвшсэн тухай сонсож байсан. Баривчлах ажиллагаа прокурорын хяналтаас гадуур байгаа юм биш үү?

ЭБШХ-ийн 58 дугаар зүйлд “сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилж болно.” гэжээ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж, прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж шийдвэрлүүлнэ. Тогтоолд баривчилсан үндэслэл, шалтгаан, газар, хугацаа /цаг, минут заасан/, биед нь хийсэн үзлэгийн үр дүн, түүнчлэн тэмдэглэл хөтөлсөн хугацааг тусгана.Тогтоол, захирамжийг сэжигтэнд танилцуулах ба түүнд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, түүний дотор өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөх ба энэ тухай тэмдэглэлд тусгана.Тэмдэглэлд түүнийг хөтөлсөн болон баривчлагдсан этгээд гарын үсэг зурна. Хойшлуулшгүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолыг прокурорт болон шүүхэд хүргүүлнэ. Шүүгч тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтнийг баривчлах эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана. Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно. Баривчилсан хугацааг сэжигтэнд тогтоол, захирамжийг танилцуулсан үеэс эхлэн тоолно.

27. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?

Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болдог. Дараахь нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:
- өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
- хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.
ЭБШ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана. Баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих бол прокурор тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна. Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нэн даруй цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ. Хуульд заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд ЭБШХ-ийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглодог.
Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг.

28. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх нь таслан сэргийлэх арга хэмжээ мөн үү?
Албан үүргээ биелүүлэхий нь түр түдгэлзүүлэх нь нь таслан сэргийлэх арга хэмжээ биш. Харин байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээнд ордог. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг хангах зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид дараахь байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авах эрхтэй байдаг. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэнэ.Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

29. Байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн этгээдэд ямар шийтгэл ногдуулдаг вэ?
Байцаан шийтгэх ажиллагааны болон шүүх хуралдааны журмыг зөрчсөн тохиолдолд хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч болон холбогдох бусад этгээдэд журмын дагуу торгууль оногдуулдаг. Мөнгөн торгуулийн хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх бөгөөд түүнийг улсын төсөвт оруулна. Шүүхийн шатанд торгуулийг шүүх оногдуулна. Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэний дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга торгууль оногдуулна. Торгууль оногдуулсан тухай тэмдэглэлд түүнийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, зөрчил гаргагчийн биеийн байцаалт, зөрчил гаргасан байдал, зөрчилд торгууль оногдуулах тухай заалт, зөрчил гаргагчийн тайлбарыг бичиж, тэмдэглэл хөтөлсөн этгээд болон зөрчил гаргагч гарын үсэг зурах ба зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар хийнэ.

30. Ямар ямар тохиолдлуудад байцаан шийтгэх ажиллагаа явуулдаггүй вэ?

Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно:
- гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;
- хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
- гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүмүүст холбогдох нөхцөл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал үүнд хамаарахгүй/;
- тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;
- хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол

31. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлт гаргах эрх хэрхэн баталгаажсан байдаг вэ?

Хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болох ба хүсэлтэд тогтоолгох үйл явдал, явуулах байцаан шийтгэх ажиллагаа, гаргуулах шийдвэрийн тухай тодорхой дурдсан байвал зохино. Таны бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгана. Таны зүгээс гаргасан хүсэлтийг хангаагүй явдал нь байцаан шийтгэх ажиллагааны тухайн болон өөр үе шатанд түүнийг дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Хүсэлтийг боломжтой бол шууд, боломжгүй бол түүнийг гаргаснаас нь хойш 5 хоногийн дотор хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол түүнийг хангах ба бусад тохиолдолд хэрэгсэхгүй болгоно.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол, захирамжийг гаргах ба түүнд энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

32. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль ёсны ашиг сонирхол тань зөрчигдсөн бол гомдлоо хэрхэн гаргах вэ?
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.
Гомдлыг хуульд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана. Гомдлыг амаар буюу бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, гомдол гаргагч гарын үсэг зурна. Гэмт хэрэгт сэрдэгдэн баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд гомдол гаргасан бол баривчлах болон цагдан хорих байрны захиргаа 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлэх үүрэгтэй.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно. Гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл энэ албан тушаалтан, байгууллагын шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэж дуусах хүртлэх хугацаанд түр түдгэлзүүлж болно.
Албан тушаалтны талаар гаргасан гомдлыг түүний шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан хянах ба түүнд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж шаардлагатай бол нэмэлт баримт, тайлбар авах эрхтэй. Гомдлыг хянаж байгаа албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй. Хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, сэтгэл санаа, бие эрхтэнд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг нь түүнд тайлбарлан өгнө.

33. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг хэн хянах вэ?
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргах гомдлыг эдгээр албадын удирдлага, эсхүл хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг дээд шатны прокурорт гаргана. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Гомдлыг хянасан албан тушаалтан ЭБШХ-ийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана. Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн ба уг шийдвэрт дахин гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгнө. Гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа үндэслэлийг заавал дурдсан байна.

”Прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт хүсэлт, гомдол гаргах эрх”

34. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийг хэрхэн хуульчлан өгсөн байдаг вэ?
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй гэж ЭБШХ-ийн 106 дугаар зүйлд заасан байна. Мөн 5 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.” гэж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.

35. Нийгмийн зүгээс прокурорын ёс зүйд ямар шаардлага тавидаг вэ?
1. Мэргэшлийн өндөр мэдлэг, ур чадвартай байх;
2. Прокурорын байгууллагад хандсан иргэд, гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй эрх тэгш хүнлэг харьцах, эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг нь хүндэтгэж соёлтой харьцах;
3. Шудрага байх;
4. Нөлөөнд үл автах;
5. Албан тушаал, эрх мэдлээ үл ашиглах;
6. Асуудалд бодитой, хууль зүйн үүднээс хандах;
7. Нууц үл задруулах;
8. Биеэ авч яваа бүхий л байдлаараа прокурорын ёс зүйг сахиж, бусдад үлгэрлэн дуурайл үзүүлэх гэх мэт олон шаардлагуудыг тавьдаг байна.

36. Улс төрийн үйл ажиллагаанд баримтлах прокурорын ёс зүйн хэм хэмжээ юу вэ?
Улс төрийн сонгууль зохион байгуулах байгуулагын бүрэлдэхүүнд орохгүй байх, улс төрийн байгууллагад албан тушаал эрхлэхгүй байх, түүнчлэн сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө мөнгө олж өгөхөөр амлах, зуучлах, хандив өргөх, бусад байдлаар туслалцаа үзүүлэхгүй байх зэрэг хэм хэмжээнүүд орсон байдаг.

37. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хамгаалах эрхийг хязгаарласан прокурорын үйл ажиллагаанд иргэн Г гомдол гаргасан байна. Прокурорт энэ хязгаарлах эрх хуулийн дагуу олгогдсон байдаг уу?
Монгол Улсын ЭБШХ-ийн 12 дугаар зүйлд “Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.”гэсэн байдаг.

38. Прокурор М нь хохирогчтой садан төрлийн харилцаатай гэсэн үндэслэлээр тус хэргээс прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг яллагдагч хэнд гаргах эрхтэй вэ?
ЭБШХ-ийн 53 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргавал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дээд шатны прокурор, шүүх хуралдааны үед татгалзан гаргах тухай хүсэлт гарвал хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

39. Хохирогч Л хяналтын прокурор С нь үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэж шүүхэд гомдол гаргахыг хүссэн байна. Шүүх манай харьяаллын хэрэг биш гэж хүлээн авахаас татгалзсан. Энэ тохиолдолд хохирогч Л гомдлоо хэнд хандаж шийдвэрлүүлэх вэ?
ЭБШХ-ийн 176 дугаар зүйлийн 2-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байвал прокурор өөрийн тогтоолоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох буюу хэрэв байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гээд мөн зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу прокурор эрүүгийн хэрэг үүсгэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байвал дээд шатны прокурор өөрийн тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн харъяаллын дагуу шилжүүлнэ гэсэн байдаг.Иймд хохирогч Л дээд шатны прокурорт гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ.

40. Мөрдөн байцаагчид хэргийн материалыг нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн прокурорын үйл ажиллагаа нь буруу гэж иргэн Т гомдол гаргасан байна. Прокурорт зөвшөөрөл өгөх эрх бий юу?
ЭБШХ-ийн 189 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.” гэсний дагуу ийм эрх нь прокурорт байдаг юм байна.

41. Хэргийн оролцогч мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа үйл ажиллагаанд хяналт тавиулах гомдлыг прокурорт гаргажээ. Прокурор энэ гомдлын хүрээнд ямар үйл ажиллагааг явуулах вэ?
Прокурор хэргийн оролцогч гомдол, хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэхийн тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагаас татаж хянах, үүний үндсэн дээр байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид өгч биелэлтэд хяналт тавих эрхтэй гэж ЭБШХ-ийн 193 дугаар зүйлд заасан.

42. Яллагдагч С нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй байх баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан боловч хэрэг нь прокурорт шилжин ирэх үед прокурор түүний урьд байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эд хөрөнгө барьцаалах арга хэмжээг авсан байна. Яллагдагч С нь үүнийг хууль бус гэж үзэн гомдол гаргажээ. С-ын гаргасан энэ гомдол нь үндэслэлтэй юу?

ЭБШХ-ийн 217 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Энэ хуулийн 213 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн хэргийг хянах явцад прокурор урьд авсан цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэсэн байдаг. Иймд яллагдагч С-ын гомдол нь үндэслэлгүй байна.

43. Прокурорын хууль бус үйлдлийн талаарх гомдлоо хаана, хэнд гаргах вэ?
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэж ЭБШХ-ийн 106.1-т заасан байдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно.

44. … дугаар цагдан хорих байранд хоригдож байгаа сэжигтэн Б хорих ангийн ажилтан албан хаагч нарын зүгээс тэдэнтэй зүй бусаар харьцах, зодох, үндэслэлгүйгээр бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх явдал гардаг талаар прокурорт гомдол бичсэн. Гэвч энэ талаар гомдлыг хүлээн авсан хяналтын прокурор ямар нэгэн ажиллагаа хийж, арга хэмжээ аваагүй хэмээн дээд шатны прокурорт гомдол гаргасан байна. Цагдан хорих байрны захиргаа энэхүү гомдлыг хэд хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй вэ?
Монгол Улсын ЭБШХ-ийн108 дугаар зүйлийн 1-т заасны дагуу гэмт хэрэгт сэрдэгдэн баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд гомдол гаргасан бол баривчлах болон цагдан хорих байрны захиргаа 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлэх үүрэгтэй байдаг байна.

45. Иргэн А прокурор хэргийг хэрэгсэхгүй болсон тогтоолыг хүлээн аваад 10 хоногийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан байна. Гомдол гаргах боломжтой юу?
ЭБШХ-ийн 209 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно гэсэн байдаг. Иймд иргэн А гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзнэ.

46. Иргэн Т өөрт нь захиргааны шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулсан гэж прокурорт гомдол мэдүүлсэн. Прокурор энэ гомдлын хүрээнд ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Прокурорын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар энэ гомдлын хүрээнд прокурор захиргааны шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан бол прокурор тогтоолоороо түүнийг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах үйл ажиллагааг явуулна.

47. Прокурорын үйл ажиллагааны ёс зүйд иргэд гомдол гаргажээ. Прокурорын үйл ажиллагааны үндсэн эх сурвалжууд нь юу байдаг вэ?
Монгол улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын сахилгын дүрэм байна.

48. Прокурор Ө нь хэргийн оролцогч, өмгөөлөгчидтэй харилцахдаа ялгавартай байдал байнга гаргадаг гэж өмгөөлөгч Д гомдол гаргажээ. Прокурорын энэ байдал нь ямар ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байна вэ?

Хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээг прокурор Ө нь баримтлаагүй байна. “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа прокурор нь энэхүү чиг үүргээ мэргэшлийн өндөр түвшинд, хууль зүйн дагуу хэрэгжүүлэх, хэргийн оролцогч, өмгөөлөгчидтэй харилцахдаа ялгавартай байдал гаргахгүй байх, хэргийг шудрагаар шийдвэрлэх итгэл үнэмшил төрүүлэх мэдлэгтэй байх, харьцааны соёлтой байх, аашилж, зандрах, айлган сүрдүүлэх догшин хэрцгий харьцах, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бусаар авирлахгүй байх,хувийн сонирхлын үүднээс хэрэг материал хянахгүй байх, зөвлөлгөө өгөхгүй байх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч бусад эрх бүхий албан тушаалтнуудын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохгүй байх, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг, материалын талаар урьдчилан санал, дүгнэлт гаргахгүй байх зэрэг хэм хэмжээнүүдийг сахина гэсэн байдаг.

49. Яллагдагч Ч-гийн ялын заримыг нь прокурор хүчингүй болгосон гэж хохирогч Т дээд шатны прокурорт нь гомдол мэдүүлсэн байна. Прокурорт ийм эрх бий юу? Хохирогч Т-гийн гомдол гаргах нь үндэслэлтэй юу?

ЭБШХ-ийн 216 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгох, түүнчлэн хөнгөн ялтай хууль хэрэглэх эрхтэй гэсэн байдаг. Прокурорын ялын зарим хэсгийг нь хүчингүй болгосон үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа тохиолдолд хохирогч Т-гийн гомдол нь үндэслэлгүй болно.

50. Прокурор мөрдөн байцаалтаас шилжиж ирсэн хэргийг хянаж байх үед яллагдагчийн цагдан хоригдож байгаа таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж батлан даалтад өгсөн байна. Прокурорын энэ үйл ажиллагааг хууль зөрчиж байна гэж иргэн гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу прокурорын үйл ажиллагаанд хэн хяналт тавьж, арга хэмжээ авах вэ?

ЭБШХ-ийн 217.1-т зааснаар тус хуулийн 213 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн хэргийг хянах явцад прокурор урьд авсан цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй гэсэн байна. Иймд прокурор нь цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхгүй байна. Хууль зөрчсөн прокурорын үйл ажиллагааг дээд шатны прокурор илрүүлэн шалгаж, прокурорын сахилгын хороо арга хэмжээ авна.

51. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг аль шатны прокурор шийдвэрлэх эрх, үүрэгтэй вэ?

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг зохих шатны прокурор шалгаж шийдвэрлэх эрх, үүрэгтэй. Гомдлыг “Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэх тухай заавар”-аар тогтоосон журмын дагуу хянан шийдвэрлэнэ. Прокурорын байгууллагад захиргааны хэрэг бүртгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, тухайн шатны прокурорын үйл ажиллагаа шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны прокурор хянаж шийдвэрлэнэ.

52. Иргэдийн гаргаж байгаа гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд юуг хэлэх вэ?

"Гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

53. Прокурорын үйл ажиллагаанд гаргаж буй гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аль үе шатанд гаргаж болох вэ?
ЭБШХ-ийн 109 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно.

54. Тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
12 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргах гомдлыг эдгээр албадын удирдлага, эсхүл хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг дээд шатны прокурорт гаргана.

55. Прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлоо иргэн хэд хоногийн дотор шийдвэрлүүлэх эрхтэй байдаг вэ?
Прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурор хүлээн авах ба гомдлыг хүлээн авснаас 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн ба уг шийдвэрт дахин гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгнө.

56. Хяналтын прокурорын буруутай үйл ажиллагаанд гаргасан иргэний гомдлыг дээд шатны прокурор хүлээн авахаас татгалзаж болох уу? Хэрэв болох бол ямар үндэслэл байх вэ?
ЭБШХ-ийн 112 дугаар зүйлд гомдлыг хянасан албан тушаалтан энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана. Гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа үндэслэлийг заавал дурдсан байна.

57. Прокурор нь хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль бус байна гэж иргэн гомдол гаргасан байна. Иргэний энэ гомдол нь үндэслэлтэй юу?
Прокурор нь ЭБШХ-ийн 195.2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын аль ч шатанд явуулж болдог тул энэ гомдол нь үндэслэлгүй байна.

58. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокурор хэд хоногийн дотор хянаагүй бол иргэн гомдол гаргаж болох вэ?
Прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэхүү хугацааг 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно гэж ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 1-т заасан байна.

59. Хохирогч Х прокурорт хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд прокурор ямар ажиллагаа явуулах вэ?
ЭБШХ-ийн 219.2-т хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гарсан хүсэлт, гомдлыг прокурор нь шүүхэд шууд шилжүүлнэ гэжээ. Иймд прокурор нь хохирогч Х-гийн гомдлыг шүүхэд шилжүүлэн өгнө.

60. Прокурор хэргийг хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан байна. Прокурорын энэ үйл ажиллагааг яллагдагч хууль бус ажиллагаа гээд прокурор нь шууд яллагдагчаар татах тогтоолыг батлах буюу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлэх ёстой гэж гомдол гаргасан байна.Яллагдагчийн гаргаж буй гомдол үндэслэлтэй юу?
ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 2 дох хэсэгт заасны дагуу Прокурор хэргийг хянаж үзээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана гээд дараах зүйлүүдийг дурдсан байдаг.
• хөнгөн болон мөрдөн байцаалтын тусгай харьяалалтайгаас бусад хүндэвтэр гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
• тусгай харьяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт болон хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
• нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах;
• энэ хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
• хэргийг түдгэлзүүлэх;
• хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх.
Иймд ЭБШХ-ийн тус заалтын дагуу прокурор нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах эрхтэй байдаг байна. Яллагдагчийн гомдол нь үндэслэлгүй байна.

61. Иргэний нэхэмжлэгч прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юу?

ЭБШХ-ийн 43 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй байдаг байна.

62. Тухайн хэргийн хяналтын прокурорт гомдол гаргасан нь түүний гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болох уу?
Доод шатны прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар зөвхөн дээд шатны прокурорт л гомдол гаргах бөгөөд өөр байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг тухайн этгээд дээд шатны прокурорт нь шилжүүлж шийдвэрлүүлбэл зохино.Харин дээд шатны прокурорт ийнхүү гомдол гаргасан нь түүнийг биелүүлэх явдлыг зогсоохгүй. Харин ЭБШХ-ийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтан, байгууллагын шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэж дуусах хүртлэх хугацаанд түр түдгэлзүүлж болно

63. Хохирогч Т прокурор Н нь мөрдөн байцаагчийн яллагдагчид сонсгосон ялын зарим хэсгийг нь хүчингүй болгосон нь хууль бус байна, прокурор Н-ийн найз нь яллагдагчийн ах тул ингэсэн байх гэж гомдол гаргасан байна. Прокурорт сонсгосон ялын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох эрх бий юу? Энэ үйл ажиллагаа нь хууль бус үйл ажиллагаа ман үү?

ЭБШХ-ийн 204 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт зааснаар яллагдагчид сонсгосон ялын аль нэг хэсэг нь нотлогдохгүй байвал прокурор тэр хэсгийг тогтоолоор хэрэгсэхгүй болгож яллагдагчид мэдэгдэнэ гэсэн байдаг. Иймд прокурор яллагдагчид сонсгосон ялын аль нэг хэсэг нь нотлогдохгүй байна гэж үзсэн ба энэ үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа тохиолдолд прокурорт ийм эрх бий. Хувийн сонирхлоор нотлогдох эсэх нь тодорхой бус байхад болон нотлогдсон байхад ийм ажиллагаа хийсэн бол хохирогчийн гомдол үндэслэлтэй байж болно.

64. Хохирогч ялын талаар санал зөрсөн тул прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзан ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргасан байна. Энэхүү үйл ажиллагаанд яллагдагч гомдол гаргажээ. Прокурорын үйл ажиллагаанд гаргасан энэ гомдол үндэслэлтэй юу?
ЭБШХ-ийн 417 дугаар зүйлийн 4 дөх хэсэгт сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана гэсэн байна. Иймд прокурорын үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагджээ.

65. Эрүүгийн хэрэгт холбогдон сэжигтнээр татагдсан төрийн жинхэнэ албан хаагч Б-г прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн байна. Прокурорын энэ үйл ажиллагаанд иргэн Б гомдол гаргаж, намайг үндэслэлгүйгээр албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн гэжээ. Прокурорийн үйл ажиллагаа нь зөв үү? Түүнд хуулийн дагуу ийм эрх олгогдсон байдаг уу?
ЭБШХ-ийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй байдаг.

66. Прокурорын хууль бус үйл ажиллагаанд гомдол гаргасан иргэний гомдлын хариуг хэрхэн гаргаж өгөх вэ?

ЭБШХ-ийн 112 дугаар зүйлийн 4 дөх хэсэгт зааснаар гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон уг шийдвэрт дахин дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгнө.
“Шүүхийн болон шүүгчийн үйл ажиллагаанд хүсэлт, гомдол гаргах нь”

67. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн хэргийн шүүхийн харъяалалыг хэрхэн яаж тогтоосон байдаг вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгайлан заагаагүй бол эрүүгийн бүх эрүүгийн хэргийг уг хэрэг гарсан газрыг харъяалах сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Харин шүүх хэргийн нутаг дэвсгэрийн харъяалалын дагуу гэмт хэрэг нэг шүүхийн харъяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харъяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүхээр, гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй, эсхүл хэрэг өөр өөр газруудад үйлдэгдсэн байвал уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан, адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харъяалагдах хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хянан шийдвэрлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн гэмт хэргийн шүүхийн харъяалалыг тогтоосон байна.

68. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бол хаана хандах вэ?
ЭБШХ-ийн 303 дугаар зүйлд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргахдаа шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ. Энэ хуулийн 309.1-д заасан хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлан мэдэгдэх ёстой.
ЭБШХ-ийн 305.1 дэх хэсэгт Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээдэд шүүх мэдэгдэж, тайлбарыг бичгээр авч болно. Анхан шатны шүүхийн тогтоолд гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийн талаархи тайлбарыг хэрэгт хавсаргадаг юм байна.

69. Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд харъяаллын дагуу хэрхэн яаж шилжүүлэх вэ?
Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд адил эрх бүхий нэг шүүхээс нөгөө шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгчийн захирамжаар харьяалах шүүхэд шилжүүлэх бөгөөд хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харъяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхээр хуульд заасан байна. Мөн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, түүнчлэн өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүхийн харъяалал тогтоон шилжүүлнэ.
Мөн сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан байна.

70. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг эрүүгийн хэрэг шүүхэд ирснээс хойш хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?
Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг эрүүгийн хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор үндэслэл бүхий захирамж гаргаж шийдвэрлэнэ.

71. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол шүүгч ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заассан хушацаанд буюу 15 хоногийн дотор шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно.

72. Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд ямар асуудлыг тодруулсан байх ёстой вэ?
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгч хэрэг уг шүүхэд харьяалагдах эсэх, хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байгаа зэрэг асуудлыг тодруулсан байна.

73. Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах талаар улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шүүгч нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах талаар улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шүүгч хүсэлт гаргасан хүмүүсээс тайлбар авч болох ба түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ.

74. Ямар тохиолдолд шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлах вэ?
Шүүгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй нөхцөлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлаж, гурваас доошгүй хоногийн өмнө шүүх талуудад мэдэгдэнэ.

75. Шүүгч ямар үндэслэлээр эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх вэ?
Шүүгч яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа, яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан дээрхи тохиолдолд эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.

76. Шүүгч ямар үндэслэлээр эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах вэ?

Хэргийг буруу нэгтгэсэн, тусгаарласан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн, улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн зэрэг тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах замаар хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт буцаах бөгөөд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан үед прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй байдаг.

77. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш хэд хоногийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцүүлж болохгүй вэ?

Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй байна.

78. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш хэд хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх вэ?
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн шүүх 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн байна.

79. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг хэн сунгах вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.9-р зүйлд зааснаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гарган хугацааг сунгаж болно.

80. Шүүх хуралдааныг ямар хугацаанд тасралтгүй явуулах ёстой вэ?
Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулах бөгөөд шүүгч хэлэлцэж эхэлсэн хэргийг дуусгалгүйгээр өөр хэрэг хэлэлцэж болохгүй байхаар эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан байна.

81. Ямар хэргийг шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд 3 иргэдийн төлөөлөгч оролцуулах вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34.2-д зүйлд зааснаар шүүх анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хүнд, онц хүнд гэмт хэргэт 3, мөн хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд 2, бусад хэрэгт 1 иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

82. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч нь бусад шүүгчид уг асуудлын талаар шүүх хуралдааны танхимд тайлбар гаргах эрхтэй. Татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзагдсанд тооцно. Харин шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Мөн хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуульд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

83. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч ямар үндэслэлээр оролцож болохгүй вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу шүүгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь үндэслэлээр оролцож болохгүй байна. Үүнд:
- Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгт оролцож байгаа,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл шүүгдэгчийн буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн төрөл, садан, түүнчлэн улсын яллагч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн төрөл, садан байвал;
- Тухайн хэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон;
- Өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа.
- Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч оролцож болохгүй.
- Анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй.

84. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч ямар үндэслэлээр дахин оролцож болохгүй вэ?

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50.1 дугаар зүйлд эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй байхаар заасан байна.
- Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50.2 дугаар зүйлд анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй байна.
- Хяналтын журмаар хэрэг хэлэлцэхэд оролцсон шүүгч уг хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор гаргасан тогтоолыг хүчингүй болгосон бол хяналтын шатны шүүхээр уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд оролцож болохгүй байна.

85. Шүүх хуралдааны ажиллагаанд прокурор хэрхэн яаж оролцдог вэ?
Прокурор төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлаар дүгнэлтийг шүүхэд гаргах бөгөөд хэрэг ээдрээ төвөгтэй буюу олон шүүгдэгчтэй бол шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.

86. Шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгч яаж оролцох ёстой вэ?
Эрүүгийн хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд өмгөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын тухай болон шүүгдэгчид оногдуулах ялын талаар санал гаргах замаар оролцоно.

87. Эрүүгийн шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүйн бол шүүх хурлыг хойшлуулах үндэслэл болох уу?
Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухайгаа урьдчилан бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно. Харин прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болох бөгөөд энэ тохиолдолд хэрэг хэлэлцэх ажиллагааг эхнээс нь шинээр явуулах ба тэдгээрт хэргийн бүх материалтай танилцах бололцоо олгохоор хуульд заасан байна.

88. Шүүх хуралдаанд хохирогч ирээгүй бол ямар үр дагавар үүсэх вэ?

Шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч ирээгүй бол түүний оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тогтоож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бололцоотой эсэхийг шүүх тодруулж, хэргийг хэлэлцэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

89. Ямар үндэслэлээр шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох вэ?
Шүүх хуралданаас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал, тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа тохиолдолд шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.

90. Шүүхийн тогтоол гаргахад иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байна.

91. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу хэлэлцээгүй орхисны учир холбогдол
Шүүх хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдах бөгөөд харин иргэний нэхэмжлэлийг шүүх хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байна. Мөн иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд зааж болно.

92. Анхан шатны шүүхийн тогтоол нь ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ?

Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаагүй, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй; давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад тогтоол гаргасан зэрэг тохиолдолд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болно.

93. Давж заалдах шатны шүүхэд ямар эрх бүхий этгээд шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй вэ?
Давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Харин эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

94. Анхан шатны шүүхийн тогтоолд ямар хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих вэ?
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргахаар хуульд заасан байна. Харин давж заалдах гомдол, эсэргүүцлийг тогтоол гаргасан шүүхээр дамжуулан гаргана.

95. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол уг хугацааг сэргээлгэх хүсэлтийг хаана гаргаж болох вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.4, 306.5, 306.6-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж бөгөөд хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх, шүүгч тайлбар авахын тулд хүсэлт гаргасан этгээдийг дуудах эрхтэй ба хэтэрсэн хугацааг сэргээсэн бол энэ тухай захирамжийг хэрэгт хавсаргаж гомдол, эсэргүүцлийн хамт аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлсэн байна.

96. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх хугацаа хэд хоног байх вэ?
Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хэрэг хянан хэлэлцэх бөгөөд хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.

97. Прокурор, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд заавал оролцох уу?

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй бөгөөд хүсэлтээ бичгээр гаргасан бол шүүх хуралдаанд заавал оролцоно. Харин тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй болно.

98. Хяналтын журмаар ямар эрх этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй байдаг вэ?
Давж заалдах шатны шүүхийн ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн давж заалдах шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ЭБШХ-ийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байх бөгөөд хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл гаргасан хэргийг хяналтын шатны шүүх заавал хянаж шийдвэрлэнэ.

99. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг ямар хугацаанд хянан шийдвэрлэх вэ?

Монгол Улсын дээд шүүх хяналтын шатны гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүн шүүх бүрэлдэхүүнийг томилох бөгөөд шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж бөгөөд хяналтын шатны шүүх хуралдааны товыг шүүгч тогтоож, талуудад мэдэгдэнэ.

100. Хяналтын шатны журмаар хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэх болон хяналтын шатны шүүх хуралдаанаас ямар эрх зүйн акт гаргах вэ?
Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд энэ тогтоол нь эцсийн шийдвэр байна. Гомдол гаргагч хяналтын журмаар гаргасан тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг тогтоолыг гардан авснаас хойш ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг этгээд 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахаар эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байна.


Сургалт
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих