Алдаа мэдээлэх
LegalInfo

Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулах тухай хуулийн асуулт хариулт



1.”Захиргааны байгууллага” гэдэгт юуг ойлгох вэ?

Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулан ойлгоно.

2. ”Захиргааны албан тушаалтан” гэж хэн бэ?

Энэ нь Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан юм.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь ”иргэн” гэдэгт хэнийг хамруулан үздэг вэ?

үүнд Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг хамруулна.

4. ”Захиргааны акт” гэж юу вэ?

Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/ болон захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна.

5. ”Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?

Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

6. ”Нэхэмжлэл” гэж юуг хэлэх вэ?

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.

7. ”Гомдол” гэж юуг хэлэх вэ?

Захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг хэлнэ.

8. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд юуг багтаах вэ?

Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/, Монгол Улсын яам, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/, улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид, төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага, сүм хийдийн захиргаа, шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтны зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.
Харин шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

9. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэдийд үүсэх вэ?

Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:
1.хуульд тусгайлан заасан;
2.дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн;
3.захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;
4.шууд  харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй.
Түүнчлэн харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.

10. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?


Иргэн захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө тухайн захиргааны байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүйгээс бусад тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргасан байна.
Ингэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. Харин дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж  хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

11. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх журам нь ямар байдаг вэ?

Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг урьдчилан шийдвэрлэх талаар дараахь ажиллагаа явуулна:
1.захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах;
2.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд хэрэг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах. Хэрэв эдгээр этгээд хүрэлцэн ирээгүй бол тэдгээрийн оролцоогүйгээр хэргийг урьдчилан шийдвэрлэж болно.
3.Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.
4.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд шийдвэр гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны овог, эцгийн болон өөрийн нэр; шийдвэр гаргасан, хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар; гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчын овог, эцгийн болон өөрийн нэр; гомдлын агуулга, шаардлага; шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримт; тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсгийг тусгана.
Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана. Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан маргаантай захиргааны актын биелэлтийг гомдол бүхий хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж болно.

12. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг хянан үзээд ямар шийдвэр гаргах вэ?

1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;
2.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;
3.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийн аль нэгийг гаргана.
Энэхүү дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

13. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолодолд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах вэ?

1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;
2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;
3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;
4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;
5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;
7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;
8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.
Түүнчлэн захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно.

14. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох вэ?

Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг  хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.

15. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргах вэ?

1.захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгож, захиргааны акт гаргах;
2. захиргааны  байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгана.
Түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтан дээр дурдснаас бусад үйлдэл хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргаж болно.

16. Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ ямар зарчим баримтлах вэ?

1. Шүүхийн өмнө эрх тэгш байх
2. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
3. Мэтгэлцэх зарчим
4. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
5. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
6. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
7. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
8. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх

17. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал гэдэгт юуг ойлгох вэ?

Энэ нь нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргах явдал мөн.

18. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал ямар байдаг вэ?

Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим:
1.аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар;
2.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй.

19. Захиргааны хэргийн оролцогч гэдэгт хэнийг ойлгох вэ?

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ. Харин нэхэмжлэгч, хариуцагч,  гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу  өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд байдаг.

20. Нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ?

Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээдийг нэхэмжлэгч гэнэ.

21. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн чадвар, чадамжтай байх явдлыг юу гэж ойлгох вэ?

Иргэний  эрх зүйн чадвар  нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. Иргэний  эрх зүйн чадвар  гэдэгт иргэн эрх зүйн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий боломжийг ойлгох бөгөөд бүх иргэд энэ боломжийг тэгш эдэлнэ. Иргэний эрх зүйн  чадварыг хязгаарлахыг хориглоно. Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй. Хуулийн этгээдийн эрхгүй боловч тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай холбоо, сан зэрэг нэгтгэлийг шүүгч захирамж гаргаж уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болно.
Харин иргэний эрх зүйн чадамж гэдэг бол иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар юм.  Иргэний эрх зүйн бүрэн чадамж насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. Шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг зохих журмын дагуу иргэний эрх зүйн  бүрэн чадамжтай гэж тооцож  болно. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх буюу төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.
Иргэний эрх зүйн зарим чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний,  мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэгийн улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаалана.
Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

22. Хариуцагч гэж хэнийг хэлэх вэ?

Захиргааны хууль бус акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.

23. Гуравдагч этгээд гэж хэнийг хэлэх вэ?

Бусад иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх дээр үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байдлаар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж хоёр хэсэгт хуваан үздэг.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

24. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?

Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх;
2.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;
3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
4.шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
7. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;
3.захиргааны хэргийн шүүхийн тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

25. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?

Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;
3.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх;
4. гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
5. .шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
6. шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
7. захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
8. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;
2. захиргааны хэргийн шүүхээс тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх, шүүх хуралдаанд оролцох;
3.захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг  сахих, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

26. Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй. Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно. Энэ хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй  бол шүүгч тэдний дундаас төлөөлөгчийг нь томилно. Төлөөлөгчийн тоо 3-аас илүүгүй байх ба энэ тохиолдолд шүүгч төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй.

27. Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байгаа тохиолдолд яах вэ?

Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй. Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.

28. Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байвал ямар ажиллагаа хийгдэх вэ?

Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. Хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна. Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд  хэрэв тийнхүү цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч буюу хамтран хариуцагч уг хэргийн нотлох баримтыг шинээр цуглуулж үнэлүүлэхийг шаардах эрхтэй.

29. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авч болох уу?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг залгамжлан авч болно.
Эрх залгамжлан авах гэдэгт маргаантай эрх зүйн харилцааны нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү нэхэмжлэгч, хариуцагчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээрэрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

30. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлж болох уу?

Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн мэргэжлийн хувьд шаардлагатай гэж үзвэл хяналтын шатны шүүхэд захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө  оролцуулна. Хууль,  эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтан олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд үзүүлнэ.
Бичгээр олгосон итгэмжлэл нь:
1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
3. олгосон он, сар, өдрийг заах;
4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах шаардлагыг хангасан байвал зохино.

31. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчийн ямар бүрэн эрхтэй байдаг вэ?

Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.
Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд:
1. нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах;
2. нэхэмжлэлийг хүлээн авах;
3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах;
4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх;
5.эвлэрэх;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх эдэлнэ.

32. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг хэн төлөөлөн оролцож болохгүй  вэ?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг 18 насанд хүрээгүй болон эрх зүйн зарим буюу бүрэн чадамжгүй этгээд төлөөлөн оролцож болохгүй. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл  ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч төлөөлөн оролцож болохгүй.

33. Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хэрхэн оролцох вэ?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож болно. Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн  бүрэн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно. Өмгөөлөгч нь захиргааны хэрэг хянан хэлэлцэхэд гэрээгээр оролцохдоо Өмгөөллийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

34. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримт гэж юу вэ?

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг  хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодитнөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

35. Захиргааны хэргийг нотлох үүргийг хэн хүлээх вэ?

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх, үнэлэхийг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй. Төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг уг хэргийн талаар захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа анх гаргаж өгсөн этгээдийн хүсэлтээр буцааж өгч болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуулбарыг хэрэгт хавсаргана.

36. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримтын үр дагавар нь юу вэ?

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд тийм баримтыг шаардан гаргуулж болохгүй.

37. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг хэрхэн гаргах, нэхэмжлэлийн хэлбэр ямар байх вэ?

Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Монгол Улсын яамны эсрэг нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргана.

38. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж юу вэ?

Нэхэмжлэлд:
1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;
2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

3.нэхэмжлэлийн шаардлагын агуулга;
4.хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгах бөгөөд үүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэнэ.
Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл буюу гэрээг хавсаргана. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурж, нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт бичгийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

39. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга нь ямар байх ёстой вэ?

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга гэдэгт:
1.захиргааны байгууллагаас гаргасан  захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулах;
2.захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх;
3.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон түүнээс үүдэн гарах хохирлын тухай;
4.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, түүний үр дагаврыг арилгах тухай зааж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа зэрэг шаардлагыг хамруулан үзэж болно.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь дээр дурдсан 4 зүйлийн аль нэг  байна.

40. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл хэрхэн хүлээн авах вэ?

Нэхэмжлэлийг  тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна. Нэхэмжлэл нь хуульд заасан шаардлага буюу бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Нэхэмжлэгч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг буцаана.

41. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч ямар тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах вэ?

Захиргааны хэргийн шүүхийн шүүгч тухайн нэхэмжлэлд дурдсан маргаан нь:
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
3.захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн  шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа;
7.нэхэмжлэгч болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
8.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
9.захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан бол;
10.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа захиргааны хэргийн шүүх тогтоол, шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн  шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид буцаах бөгөөд бусад тохиолдолд холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.

42. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг өөр шүүхэд ямар тохиолдолд шилжүүлэх вэ?

Нэхэмжлэлд дурдсан маргаан нь
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
3.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
4.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа зэрэг үндэслэл байвал нэхэмжлэлийг харьяалагдах шүүхэд буюу Үндсэн хуулийн цэцэд тус тус шилжүүлнэ.
Харин тухайн маргаан нь захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан болох үндэслэл байвал прокурорт шилжүүлнэ
Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлнэ. Тухайн хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.

43. Ямар тохиолдолд захиргааны хэрэг үүсгэх вэ?

Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

44. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч ямар ажиллагаа явуулах вэ?

Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч:
1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулж, энэ тухайгаа баталгаажуулах;
2.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
3.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;
4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;
5.талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авах;
6.нэхэмжлэлийн үнэ, захиргааны хэргийн шүүхийн зардлын тухай шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.

45. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хариуцагчид хэд хоногт, хэрхэн гардуулах вэ?

Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногийн дотор шүүгч нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Дурдсан хугацаа болон шаардлагын дагуу тайлбараа гаргаж өгөөгүй гэм буруутай албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

46. Сөрөг нэхэмжлэл гэж юу вэ?

Хариуцагч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад  үндсэн нэхэмжлэлтэй хамруулан хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглоно.

47. Иргэн, албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд хэрхэн дуудан ирүүлэх вэ?

Шүүгч хэргийн оролцогч, гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.
Шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчдын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж  болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.
Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн  бол шүүх  хүлээн авагчийн нэр , хаяг, явуулж буй  он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.
Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч,гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд  гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд  буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.
Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, зохих иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.
Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

48. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэлээс татгалзах болох уу?

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал хуралдааны ажиллагааг дуусгаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

49. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яах вэ?

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана. Энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ. Шүүгч захирамж гаргахдаа захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

50. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх боломжтой юу?

Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна. Шүүх хуралдааны явцад эвлэрвэл хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дээр дурдсаны дагуу эвлэрсэн бол уг маргааныг захиргааны шүүх дахин авч хэлэлцэхгүй.

51. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэж, эсхүл тусгаарлаж болох уу?

Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг захиргааны хэргийн шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно. Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг буюу хэд хэдэн хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

52. Ямар тохиолдолд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх вэ?

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа болон өөр хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. Хэм  хэмжээ тогтоосон захиргааны актыг зөвхөн хуульд зааснаар түдгэлзүүлж болно.

53. Захиргааны актын биелэлтийг ямар тохиолдолд түдгэлзүүлж болохгүй вэ?

Маргаантай захиргааны актын биелэлтийг шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлнэ. Гэхдээ хуулинд дараах тохиолдолд захиргааны актын биелэлтий түдгэлзүүлж болохгүй гэж заасан.

   1. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;
   2. Иргэн хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай бол;
   3. Захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол;
   4. Хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол;


54. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл хүлээж авсанаас хойш хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш аймгийн төвд 40 хоног, нийслэлд 30 хоног дотор хянан шийдвэрлэнэ.

55. Давж заалдах болон хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны захиргааны хэргийн шүүхэд буцаасан бол уг хэргийг хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?

Анхан шатны захиргааны хэргийн шүүх уг хэргийг  хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

56. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж болох уу?

Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж болно. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. 2 дахь удаагаа сунгахаар бол  15 хоногоор сунгаж болно.

57. Шүүх хуралдаан болохыг яаж мэдэх вэ?

Хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, хянан шийдвэрлэх хугацаа дууссан бол шүүгч захирамж гаргаж, шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлон зарлана. Шүүх хуралдаанд оролцох хүмүүст шүүх хралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

58. Ямар тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, ямар тохиолдолд 1 шүүгч хэргийг хянан шийдвэрлэдэг вэ?

Дараах тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал хийгдэнэ.
Ерөнхий сайд, сайд, Монгол улсын яамны эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захиргааны акт, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акт, урьд нь шүүгч анхан шатны журмаар дангаараа шийдвэрлэж гаргасан шийдвэр нь давж заалдах эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болсон хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг хийнэ. Харин дээр дурьдсанаас бусад хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ.

59. Давж заалдах шатанд хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэх вэ?

Давж заалдах шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

60. Хяналтын шатанд хэдэн шүүгч оролцох вэ?

Хяналтын шатанд 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.

61. Хяналтын шатны шүүх хуралдаанаас ямар шийвэр гаргах вэ?

Хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын агуулга, үндэслэл, мөн гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

62. Хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хандах вэ?


Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг гомдол гаргасан хүн хүлээж авсанаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч уг гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл хүлээн аваад дүгнэлт гаргаж уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

63. Прокурор захиргааны хэргийн шүүх хуралдаанд ямар зорилготой оролцох вэ?

Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцох бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргана.

64. Иргэдийн төлөөлөгч Захиргааны хэргийн шүүхэд ямар эрх үүрэгтэй оролцох вэ?

Иргэдийн төлөөлөгч дараах эрх эдэлнэ.
- Шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх
- Нотлох баримт шинжлэхэд оролцох
- Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, гэрч, шинжээчид асуулт тавих
- Нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах

Иргэдийн төлөөлөгч дараах үүрэгтэй.
- Хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар  дүгнэлт гаргах
-Өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг задруулахгүй байх
- Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх


 
65. Гэрч гэж хэн бэ?

Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ.

66. Гэрч ямар үүрэгтэй вэ?

Гэрч шүүхийн дуудсан цагт ирж хэргийн талаарх мэдээлэл, нөхцөл байдлыг мэдүүлэх үүрэгтэй. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгч, шүүгч, хэргийн оролцогч болон бусад оролцогчийн асуултад хариулна.

67. Хэрвээ гэрч шүүх хуралдаанд ирж амжихгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзвал бол яах вэ?

Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.
Гэрч мэдүүлэг өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, заналхийлсэн гэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

68. Орчуулагч, хэлмэрчийг ямар тохиолдолд яаж авч болох вэ?

Тухайн хэргийн оролцогч нь монгол хэл мэдэхгүй эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр шүүгч захирамж гарган томилно.

69. Шүүх хуралдааныг хэн даргалах вэ?

Захиргааны хэргийг 3, эсхүл 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдэж байгаа бол тухайн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнд орж байгаа бол Ерөнхий шүүгч, нэг шүүгч дангаар хэргийг шийдэж байгаа бол шүүгч шүүх хуралдааныг даргална.

70. Шүүх хуралдаанд оролцож байхдаа ямар тохиолдолд суудлаасаа босох вэ?

Шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
Хуралдаанд оролцогч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суудлаасаа босч чадахгүй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаараа үг хэлж болно.

71. Шүүгч ямар тохиолдолд хэрэг шийдвэрлэхээс өөрөө татгалзан гарах вэ?

Дараах тохиолдолд шүүгч хэрэг шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

   1. Урьд нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр ороцож байсан;
   2. Уг захиргааны хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон;
   3. Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг захиргааны хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
   4. Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон.

72. Шүүгчийг яаж татгалзан гаргах вэ? Хэн шийдэх вэ?

Татгалзан гаргах тухай асуудлыг шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ. Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.

73. Шүүх бүрэлдэхүүнийг болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргаж болох уу? Хэрвээ болох бол хэнд хандах вэ?

Хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргаж болно.Татгалзан гаргах хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гаргаж, Ерөнхий шүүгч уг хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргана.

74. Шүүгчийг татгалзан гаргаснаар ямар үр дагавар үүсэх вэ?

Шүүх бүрэлдэхүүн буюу хэргийг дангаар шийдэх шүүгчийг татгалзан гаргах шийдвэр гарсан бол уг хэргийг өөр бүрэлдэхүүн, шүүгч хянан шийдвэрлэнэ.

75.  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг яаж гаргадаг вэ?

Бүх шатны захиргааны хэргийн шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна. Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэх ба санал тэнцвэл хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчийн дараа гаргана.

76. Шүүгч асуудал шийдэгдэх үед саналаа өгөхөөс татгалзах эрхтэй юу?

Асуудал шийдвэрлэхэд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.

77. Шүүх хуралдааны тэмдэглэлд юу тусгагдсан байх ёстой вэ?

Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ,хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс захиргааны хэргийн талаар асууж тодруулсан байдал, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.

78. Шүүх хуралдааны тэмдэглэл хэд хоногийн дотор бэлэн болсон байх ёстой вэ?

Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, буюу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

79. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болох уу?

Хэргийн оролцогчид шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай
Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.

80. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралд ирэхгүй бол шүүх хурал хойшлогдох уу?

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг шийдэж болно гэхдээ тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулна. Шүүх хуралд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг шууд буцаана.

81.  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хэн гарын үсэг зурах вэ?

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн /шүүгч/ гарын үсэг зурна.      

82. Шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрхтэй юу?

Шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрх байхгүй.

83. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод хүргүүлэх үү? Хэрвээ хүргүүлэх бол хэд хоногийн дотор хүргүүлэх вэ?

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод хүргүүлнэ.

84. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулж болох уу?

Шүүхийн шийдвэрт хэргийн бодит байдлыг буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн бол шүүхийн санаачилгаар буюу оролцогчийн хүсэлтээр шүүхийн  шийдвэрийн агуулгыг өөрчлөхгүйгээр засвар оруулж болно.

85. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулах хүсэлтийг хэд хоногийн дотор гаргах вэ?

Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тухайн шийдвэрт засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.

86. Ямар тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж болох вэ?

Дараах тохиолдолд нэмэлт оруулна.

   1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан
   2. Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлээгүй

87. Хэд хоногийн дотор захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах вэ?

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шүүх өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр нэмэлт оруулна.

88. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болох вэ?

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

89. Захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор давж заалдах эрхтэй вэ?

Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заардах эрхтэй.

90. Захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй вэ?

Хяналтын журмаар хянуулах бол шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

91. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд заавал давж заалдах ёстой юу шууд хяналтын журмаар гомдол гаргаж болох уу?

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эсхүл хяналтын журмаар гомдол гаргах эсэхээ сонгох эрхтэй. Өөрөөр хэлбэл давж заалдахгүйгээр шууд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

92. Захиргааны хэргийг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж байх явцад давхар өөр шүүхэд хандаж болох уу?

Өөр шүүхэд хандаж болохгүй.

93. Анхан шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргаж, УДШ-ийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоолд давж заалдаж болох уу?

Хяналтын журмаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлээд гаргасан шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхгүй.

94. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэдийд биелүүлж эхлэх вэ?

Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно.

95. Давж заалдах гомдлоос хэрхэн яаж, хэдийд татгалзах вэ?

Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй.

96. Давж заалдах гомдлоос шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзаж болох уу? Ямар үр дагавартай вэ?

Давж заалдсан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцно.

97. Шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлоос татгалзвал яах вэ?

Шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлоос татгалзвал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай шүүх магадлал гаргана.

98. Давж заалдсан гомдлыг захиргааны хэргийн шүүх хэд хоногийн дотор шийдвэрлэх ёстой вэ?

Давж заалдах гомдол гарсан хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

99. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас ямар нэртэй шийдвэр гарах вэ?

Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал гарна. Магадлал уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

100. Хэд хоногийн дотор магадлалыг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэх вэ?

Магадлалыг гарснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагчдад хүргүүлнэ.

Сургалт
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих