Хэвлэх DOC Татаж авах
АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
 
1997 оны 6 дугаар сарын 30-ны өдөр                                                      
Улаанбаатар хот

Дугаар  271

 Ан агнуурын тухай Монгол Улсын хуулийн 15,18, 28 дугаар зүйлийн зарим заалтыг зөв  ойлгож,нэг мөр хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс  ТОГТООХ нь:
Ан агнуурын тухай Монгол Улсын хууль /цаашид ”хууль” гэх/-ийн 15,18,  28 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.
1.Хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”ан агнах эрхийн үнэмлэх”-тэй хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн өөрийн ам бүлийн хүнсний болон бусад хэрэгцээнд ахуйн зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, агнах, барих хугацаа газрыг заасан ан амьтан агнах, барих тухайн сум, дүүрэг, баг, хорооны засаг даргаас авсан эрхийн бичиг; иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нэн ховор ан амьтныг судалгаа шинжилгээний ховор ан амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлагийн зориулалтаар болон тусгай төлбөртэйгээр агнах, барихын тулд Төрийн захиргааны төв байгууллагаас, харин элбэг ан амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эрүүл мэндийн зэрэг зориулалтаар агнах, барих  эрхийг  сум, дүүргийн засаг даргаас зохих журмын дагуу тус тус олгосон зөвшөөрлийн бичгийг адилтган үзнэ.
2.Эрхийн бичиг, зөвшөөрлийн бичиг нь уг ажлыг эрхлэх төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу хийгдсэн байвал зохино.
3.Монголын анчдын нийгэмлэг  болон ан амьтан агнах, зохистой ашиглах асуудал эрхэлж байгаа төрийн бус бусад байгууллагын гишүүний үнэмлэх нь зөвхөн тухайн байгууллагын гишүүн  болохыг нотлох баримт бичиг тул тэдгээрийг эзэмшигчид нь бусад иргэнээс давуу эрх эдлэхгүй бөгөөд ан агнах, барих эрхийн бичиг, зөвшөөрлийн бичгийг хуульд заасан журмын дагуу бусад иргэдийн нэгэн адил авч ан  амьтан агнах, барих үйл ажиллагаа явуулж болно.
4.Хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”сумын засаг даргын шийдвэрийг үндэслэн ангийн мэргэжлийн байгууллагатай ан  амьтныг барих гэрээ байгуулна” гэдгийг иргэн, агнуурын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж  нь сумын засаг даргын шийдвэр гаргуулан, түүнд үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 30-р зүйлд заасан ан амьтан хамгаалах зохистой ашиглах асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу  эрхэлж байгаа аж ахуйн нэгж,байгууллагатай гэрээ байгуулан үйлдвэрлэлийн зориулалтаар элбэг ан амьтны арьс, үс, мах,бусад түүхий эд бэлтгэх,тэжээвэр болгож өсгөж үржүүлэх, ан амьтан агнах, барих үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.
5.Гэрээ  нь уг ажлыг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу хийгдсэн байна.
6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ийнхүү ан амьтан агнах эрхийн бичиг, зөвшөөрлийн бичиг өгөхдөө хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ан амьтан агнах, барих арга барил, дадлага эзэмшсэн,холбогдох хууль тогтоомжийг судалсан, ангийн буу эзэмших эрхийн үнэмлэх авсан байдлыг үндэслэх бөгөөд хуульд заагаагүй бусад шаардлага тавихгүй.
7.Хуулийн 28 дугаар зүйлийн ”Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн  этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай  мэдээлэл өгсөн иргэн” гэдэгт албан тушаалын хувьд ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох арга хэмжээ ногдуулах эрх үүрэгтэйгээс бусад иргэнийг хамааруулан ойлгоно.
 
                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
                ШҮҮГЧ                                                                  Д.ДОРЖГОТОВ