Хэвлэх DOC Татаж авах

 

 

2005 оны 12 дугаар                                                                                                       Улаанбаатар хот          

сарын  26–ны  өдөр                                                            

 

                                                  

                              

                                                   

 

 

 

 

            Арбитрын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн[1] 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн[2] 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

 

            Арбитрын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг дараахь байдлаар тайлбарласугай.

 

            1. Арбитрын тухай Монгол Улсын хууль /цаашид хууль гэх/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “Маргаан шийдвэрлэх арбитр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах тохиолдолд энэ хууль үйлчилнэ” гэдгийг арбитрын ажиллагаанд оролцож байгаа талууд маргаанаа Монгол Улсын арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон, эсхүл арбитрын  ажиллагаа явуулах газар Монгол Улсын нутаг дэвсгэр байхаар арбитрын бүрэлдэхүүн тогтоосон тохиолдолд Арбитрын тухай Монгол Улсын хууль үйлчилнэ гэж ойлгож хэрэглэнэ  

 

            2. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын “талууд тухайн маргаанаар шүүхэд эхэлж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрт шилжүүлэх тухай хүсэлт гаргасан...” гэдгийг иргэний хэрэг үүсгэсэн эсэхээс үл хамааран талууд хамтдаа болон тус тусдаа хүсэлт гаргасныг ойлгох бөгөөд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаснаас хойш маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхгүй гэж ойлговол зохино.

           

3. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын “шүүх, талуудын хооронд хийсэн арбитрын хэлэлцээр хүчинтэй”  гэж үзэх үндэслэл нь талууд хоорондоо арбитрын хэлэлцээрийг бичгийн хэлбэрээр байгуулсан ,  талуудын өөрийн буюу төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан он, сар, өдөр нь тодорхой баримт үйлдсэн байхыг;

 

Мөн зүйлийн талуудын хооронд хийсэн арбитрын хэлэлцээр “хэрэгжих боломжтой” гэдгийг уг хэлэлцээр нь хөөн хэлэлцэх хугацаа, маргааны харъяаллын хувьд арбитр шийдвэрлэхэд харшлах зүйлгүй байхыг ойлгоно.

 

Талуудын хооронд хийсэн арбитрын хэлэлцээр хүчинтэй бөгөөд хэрэгжих боломжтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд[3] заасан журмын дагуу шүүгч захирамж, шүүх тогтоол гарган хүсэлтийг шийдвэрлэнэ

 

4. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Арбитрын бүрэлдэхүүн нэг буюу хэд хэдэн арбитрчаас бүрдэж болно” гэсэн заалтыг тухайн арбитрын ажиллагаанд оролцох арбитрчийг талуудын дунд нэг арбитрч, эсхүл нэгээс дээш хэдэн ч арбитрч байж болно гэж  ойлгоно.

 

5. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоог талууд харилцан тохиролцоно” гэдгийг тухайн маргааныг нэг арбитрч шийдвэрлэхээр тохиролцоогүй бол талууд тус тусдаа адил тооны  арбитрчийг томилохоор тохиролцохыг хэлнэ.

 

            6. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шүүхийн “шийдвэр” гэдгийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу  “давж заалдах шатны шүүхээс тогтоол гаргана гэж ойлгож хэрэглэнэ.

 

Давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоолд гомдол гаргах журмыг хуулиар тогтоогдоогүй тул уг тогтоол эцсийн шийдвэр байна.

 

            7. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дах заалтын “эргэлзээ төрүүлэхүйц  нөхцөл байдал” гэдэгт урьд талуудын маргаантай асуудлыг шүүх, арбитрт хянан шийдвэрлэхэд зохигч, гуравдагч этгээд, иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагчаар оролцож байсан хэргийн талуудтай төрөл садан, хувийн харилцаатай, тухайн арбитрын бүрэлдэхүүнд оролцож байгаа арбитрчтай төрөл садан, хэрэгт оролцож байгаа талууд, тэдгээрийн төлөөлөгчтэй албан ажлын хувьд захирах захирагдах харилцаанд байдаг зэрэг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдлыг хамааруулан ойлгоно.  

 

            8. Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “горимын шинжтэй асуудал” гэдэгт арбитрын шийдвэр гаргах, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах, арбитрын ажиллагааны журмыг тодорхойлох, арбитрчийг татгалзан гаргах, нөхөн томилохоос бусад арбитрын ажиллагааны явцад гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг ойлгоно.

 

9. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлтийг арбитрын ажиллагаа явагдсан газрын давж заалдах шатны шүүхэд гаргаж болно” гэдгийг шийдвэр гаргасан арбитрын оршин байгаа газрын давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргахыг хэлнэ.

 

10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор тэднийг хангаагүй” гэснийг нэхэмжлэлийн өргөдөл, татгалзал, маргаанд холбогдох баримт бичиг, бусад мэдээлэл болон арбитрын шийдвэрийн үндэслэл болж буй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нотолгооны шинжтэй бусад баримт бичигтэй танилцах боломжтой  цаг хугацааны өмнө талуудад хүргүүлээгүй, түүнээс гадна арбитрын бүрэлдэхүүн нь нотлох баримтыг тайлбарлах, мэтгэлцэх боломж   талуудад  олгоогүй байхыг ойлгоно.

           

            11. Хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасаг “...шүүх арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулж ... “гүйцэтгэх хуудас бичнэ” гэдгийг арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдол шүүхэд гараагүй, энэ үндэслэлээр гомдол гаргах хугацаа дууссан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд тавигдсан шаардлагыг хангаж чадахуйц бүрдэл бүхий сонирхогч талын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгч арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  184 дүгээр зүйлийн 184.3-т заасны дагуу гүйцэтгэх хуудас бичнэ гэж  ойлгож хэрэглэнэ.

 

12. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  “Давж заалдах шатны шүүх ... арбитрын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй”  гэж заасны дагуу хуульд заасан үндэслэлээр арбитрын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн арбитрын бүрэлдэхүүн талуудын хүсэлтээр хуульд заасны дагуу арбитрын ажиллагаа явуулж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.БАТДЭЛГЭР

 

            ШҮҮГЧ                                                    А.ДОРЖГОТОВ