Хэвлэх DOC Татаж авах
ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.1, 27.2 ДАХЬ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.1, 27.2 ДАХЬ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар





Дугаар 08

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим
13.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн П.Очирбат, Л.Рэнчин, Ч.Дашням, Д.Наранчимэг (илтгэгч) нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 19 тоотод оршин суугч, иргэн Д.Янжинхорлоо, Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ”, 27.2-т ”Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “...Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Өргөдөл гаргагч иргэн Д.Янжинхорлоо өргөдөлдөө: “...2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд гаргасан шаардлагынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалттай харшилж байгаа юм.
Учир нь Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т зааснаар “шүүх энэ хуулийн 27.1-т зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гээд 27.1-т “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэснээр зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч шууд өмчлөлд авах үндэслэл болсон гэрээний эрх зүйгээс үүдэлтэй маргааны талаар гомдол гаргах боломжгүй, зөвхөн эрхийн улсын бүртгэлийн алба бүртгэлийг шилжүүлэн хийх үйл ажиллагааны талаар л гомдол гаргах хязгаарлалттай болсон байна.
Гэтэл гэрээний талууд анх гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо харилцан зөв ойлголцож, үйлдлийнхээ хууль зүйн үр дагаврыг бүрнээ ухамсарласан эсэх, ийнхүү ухамсарлах эрх зүйн чадамжтай байсан эсэх, гэрээний нэг тал өөрт ашигтай, нөгөө талдаа хэт шударга бус нөхцөл тулган хүлээлгэсэн эсэх, ерөөс гэрээний стандарт нөхцөл нь хуульд нийцсэн эсэх, стандарт нөхцөл хүчин төгөлдөр болсон эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага хянаж тогтоох эрхтэй. Энэхүү хяналтыг дээрхи шинэ хуулиар хасах нь Үндсэн хуульд нийцэхгүй.
Шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэсэн зарчмыг ном сурах бичигт томъёолохдоо: “Хүн бүр өөрт нь тулгасан иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргийг нь тодорхойлоход хуулийн дагуу байгуулсан эрх мэдэл бүхий, бусдын нөлөөнд автагдаагүй, гагцхүү хуульд захирагдах шүүхээр хэргээ нээлттэй, шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн байдаг.
Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын байгуулж буй зээлийн гэрээнүүд гэрээний нэг тал санал болгодог, стандарт нөхцөл агуулдаг. Тэдгээрт зээлийн байгууллагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс барьцааны хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай заалт оруулж өгөх нь дамжиггүй. Хууль хэрэгжиж эхэлсэн 2005 оны 9-р сарын 1-нээс эхлэн гэрээг ийнхүү байгуулж эхэлсэн. Гэтэл гэрээнд тавих шүүхийн хяналтыг хассанаар юуны өмнө зээлдэгч иргэдийн эрх ашиг хохироход хүрч байна.
Арилжааны банкууд томоохон хуулийн этгээдүүдтэй хийх хэлцэлд ийм заалт оруулж, улмаар шүүхийн хяналтаас гаргах боломжтой. Учир нь гэрээний талууд аль аль нь зах зээл дээр мэргэжлийн шинжтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдүүд, бизнесийн үйлдлийнхээ учир холбогдол, эрх зүйн үр дагаврыг сайтар мэдэж байх ёстой гэж тэднээс шаардах бололцоотой, нөгөө талаас мэргэжлийн хуульчдыг ч ажиллуулдаг.
Харин хувиараа эрхлэх гэр бүлийн аж ахуй, тэр тусмаа иргэн хүний хувьд ийнхүү шүүхийн хяналтаас гаргахыг эрх зүйт төрд хүлээн зөвшөөрдөггүй.
Иргэний хууль нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах гол хууль бөгөөд иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмын агуулга нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь эрх, үүргээ хэрэгжүүлэх адил боломжоор хангагдсан байх, өөрөөр хэлбэл, субъект нь хэн байхаас үл шалтгаалан тухайн харилцаанаас бий болох эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Эрх зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага нь адил тэгш байдаг.
2. Харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй “эквивалент” шинжтэй, өөрөөр хэлбэл, аль нэг тал нь нөгөөгийнхөө эрх, ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эсхүл нэг тал нь хэт давуу эрхтэй байж болохгүй.
Иргэний хуулийн 2.1-д зааснаар Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Иргэний хууль тогтоомжийн системд иргэний эрх зүйн зарим төрлийн харилцааг дагнан зохицуулдаг олон хуулиуд багтдаг. Гэвч Иргэний хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болж буй эдийн болон эдийн бус баялагтай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Энэ утгаараа Иргэний хууль нь иргэний эрх зүйн үндсэн эх сурвалж болдог тул тусгай хуулиуд Иргэний хуулийн суурь зарчмыг зөрчөөгүй байх ёстой байдаг.
Иргэний хуулийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ, эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэсэн байдаг. Арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудыг санхүү, зээлийн үйлчилгээгээр зах зээлд давамгайлж буй этгээдүүд гэж үзэх бүрэн үндэстэй. Мөн тэдний үйлчилгээг /хүү нь бусад санхүүгийн байгууллагаас арай бага байдаг тул /иргэдийн зүгээс авахаас өөр аргагүй байдаг. Иймд банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд тэгш бус нөхцөл тулгахыг ийнхүү тусгай хууль гарган хүлээн зөвшөөрч болохгүй. Өнөөгийн нөхцөлд шүүхийн журмаар зээлийн барьцааны хөрөнгийг банкууд худалдан борлуулж, учирсан хохирлоо гаргуулж байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаарддаг ч шүүх гэрээг бүхэлд нь хянасны эцэст ихэнх тохиолдолд хохирлыг нь гаргуулан шийдвэрлэж байгаа. Энэ тодорхой хугацаанаас болж зээлийн хүү өндөр байгаа, бууруулах боломжгүй байгаа зэрэг нь асуудлын гол шалтгаан бус шалтаг юм. Зээлийг угаасаа барьцаа харж олгох ёсгүй, гагцхүү явуулах гэж буй үйл ажиллагааных нь эдийн засгийн ашиг, тооцоо судалгааг харж байж олгох ёстой.
Цаашилбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-д зааснаар хэрэглэгч гэж бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг, худалдагч гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчдэд бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг хэлнэ. Зээлийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд худалдаж буй худалдагч гэж банк, санхүүгийн байгууллагыг үздэг .
Иймээс гэрээний талууд аль аль нь худалдааны эрх зүйн субъект байх харилцаанд дээрхи хуулийн зохицуулалт байж болох авч, энгийн хэрэглэгч буюу иргэнтэй байгуулсан гэрээний хувьд шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрхийг хангаж өгөх ёстой. Шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрх гэсэн 8 дугаар зүйлд заахдаа:
Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг гэсэн 12 дугаар зүйлийн 12.9-д: Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.
Түүнчлэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 4.1.1-д бараа бүтээгдэхүүн гэж зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг хэлэх ба 5.1-д: Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ.
Давамгай байдалтай аж ахуйн нэгжид гэрээний зүйлд хамаарахгүй болон гэрээт талд ашиггүй нөхцлийг гэрээнд тусгахыг тулган шаардахыг хориглодог. Хуулийн эдгээр заалт зөрчигдсөн эсэхийг шүүхийн хяналтаар л илрүүлнэ.
Ийнхүү Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн үзэл санаа салбар хуулиудад мөн суусан байтал банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэдтэй байгуулсан гэрээ шүүхийн хяналтаас гадуур үлдэж, банк, банк бус санхүүгийн байгууллагууд давуу эрх эдлэх нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болох тэгш байх зарчмыг гажуудуулна.
Өнөөдөр манай иргэдийн дийлэнх нь газар хувьчилж аваагүй байгаа, харин орон сууцны 98 хүртэл хувь нь хувьчлагдсан байгаа билээ. Тиймээс ч зээлийн барьцаанд тавьдаг гол зүйл нь орон сууц бөгөөд амьжиргааны наад захын зайлшгүй эх сурвалж болсон орон байраа барьцаанд тавих гэрээ байгуулсан үйл ажиллагааг шүүх хянахгүй байх нь Үндсэн хуульд нийцэх эсэхийг мэргэн оюундаа тунгаан болгооно уу... “гэжээ.
Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
1.Иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж үндэслэлээ тайлбарласан байна.
Тухайлбал, “Гэрээ байгуулсан хүсэл зориг, үйлдлийнхээ үр дагаварыг бүрэн ухамсарласан эсэх, гэрээний стандарт нөхцөл нь хуульд нийцсэн эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага хянаж тогтоох эрхтэй. Энэхүү хяналтыг дээрхи шинэ хуулиар хасах нь Үндсэн хуульд нийцэхгүй”. Түүнчлэн дээрхи хуулийг баталснаас үүдэн энэ төрлийн хэлцэл “шүүхийн хяналтаас гарах боломжтой, ийнхүү шүүхийн хяналтаас гаргахыг эрх зүйт төрд хүлээн зөвшөөрдөггүй” гээд холбогдох хуулийн “заалт зөрчигдсөн эсэхийг шүүхийн хяналтаар л илрүүлнэ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд маргаан гарсан эсэх, маргагч тал шүүхэд хандсан эсэхээс үл хамааран гэрээний аль нэг тал нь давамгай байдалтайгаар иргэний эрх зүйн харилцаанд оролцож байвал шүүх тухайн хэлцэлтэй холбогдсон асуудлыг заавал хянаж үзэх ёстой, харин Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль нь энэ хяналтыг тавих боломжийг хаасан буюу хязгаарласан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд ”шүүх эрх мэдэлд нэгдүгээрт, эрүү, иргэний төдийгүй, эрх зүйн бусад бүх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх; хоёрдугаарт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор хөндлөнгийн хяналт тавьж хэрэгжүүлэх” чиг үүрэг хамаардаг.
Харин шүүх гэрээний аль нэг тал нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс, өөрийн үзэмжээр оролцдог байгууллага биш бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд байгуулсан гэрээ хэлцлийг хуулийн дагуу байгуулсан, эсхүл эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар өөрийн үзэмжээр тухай бүр шалгадаг, хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага огтхон ч биш юм.
2. “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн оролцоогүйгээр худалдан борлуулахтай холбогдсон асуудлыг зохицуулсан процессийн шинжтэй хууль юм.
Хэрэв талуудын хооронд аливаа хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулаагүй, тухайн гэрээ хэлцлийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, энэ талаар ямарваа нэгэн нотолгоо, баримт байхгүй бол ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүсэхгүй.
Дээр дурдсанчлан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах харилцаа нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээнд үндэслэн үүсэх бөгөөд энэ харилцаа үүсэхэд төр аливаа хэлбэрээр оролцохгүй.
Өөрөөр хэлбэл, энэ харилцаа нь иргэний эрх зүйн субъектуудын хооронд үүсч буй гэрээний эрх зүйн харилцаа юм.
Харин иргэн Д.Янжинхорлоогийн гаргасан өргөдөлд дурдсанчлан Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх асуудал нь зөвхөн төр, иргэний хооронд үүсдэг онцлог харилцаанд тооцогддог байна.
Энэ талаар Монгол Улсын гавъяат хуульч Б.Чимид “Хүний үндсэн эрх, эрх чөлөөний гол онцлог шинж нь жирийн хүмүүсийн хоорондын харилцаанд биш, төр нийгэмтэй харилцахад буюу нэг талд нь хүн, хүмүүсийн нэгдэл, нөгөө талд нь засаг төр гэсэн нарийн төвөгтэй харилцаанд хамаарч, илэрч хэрэгждэг, зөрчигддөг” хэмээн бичсэн байна.
Түүнчлэн зээл болон барьцааны гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон иргэний эрх зүйн харилцааны үед “зээлдэгч” ба “зээлдүүлэгч” хэмээх этгээдүүдийн “субъектив эрх” –ийн асуудал яригдах ба энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө буюу “объектив эрх”-ээс тусдаа, өөр ойлголт юм.
Энэ ч утгаараа “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хуультай холбогдсон асуудал нь гэрээний эрх зүйн асуудал гэж үзэж байна.
3. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө нь хүний эдэлж болох зан үйлийн боломж юм. Үүнийг үнэт зүйлсийн дэс дарааллыг тогтоосон каталоги гэж үзэх нь ч бий.
Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс хүний эрх, эрх чөлөөг 2 үндсэн хэсэгт хамааруулан ойлгож ирсэн.
Үүнд:
- төрсөн цагаас нь эхлэн хүн бүрт тэгш хамаарах, хагацаж үл болох эрх буюу жам ёсны эрх /natural right/;
- жам ёсны эрхийг хангах үүднээс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид хуульчлан бататгасан /төрөөс тогтоосон/ хүний бусад эрх буюу позитив /үүсмэл/ эрх /positive right/.
Жам ёсны эрхийг ямарваа нэгэн хязгааргүйгээр эдэлдэг бол позитив буюу үүсмэл эрхийн хувьд хуулиар тогтоосон зохих хязгаартай байх бөгөөд бусад хүний эдлэх эрх, эрх чөлөөтэй харилцан холбоотой, түүгээр нөхцөлдсөн байдаг. Түүнчлэн хүн позитив эрхээ хэрэгжүүлэхээс тодорхой нөхцөлд өөрийн үзэмжээр татгалзаж болдог ба үүнийгээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлдэг. Харин ийнхүү татгалзахад нь төрөөс аливаа хэлбэрээр нөлөөлөх ёсгүй байдаг юм байна.
Жишээлбэл, хүн сонгох эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах боломжтой бөгөөд энэ нь сонгуулийн санал хураалтад оролцохгүй байх эс үйлдэхүйгээр илэрхийлэгдэнэ. Энэ тохиолдолд төр тухайн хүнээс эрхээ хэрэгжүүлэхийг заавал тулгаж, шаардаж болохгүй.
Харин жам ёсны эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах эсэх асуудал нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байна (тухайлбал, амьд явах эрхээсээ татгалзаж болох эсэх).
Тэгвэл шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах нь нэгдүгээрт, шүүхэд гомдол гаргахгүй байх идэвхтэй хэлбэрээр; хоёрдугаарт, гэрээтэй холбогдсон асуудлын хувьд маргааныг шүүхийн бус журмаар /шүүхийн оролцоогүйгээр/, эсхүл үл маргах журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсон үйлдэл буюу идэвхтэй хэлбэрээр илэрч болно. Үүний нэг жишээ нь арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх замаар шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах явдал гэж үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүх шатны болон дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж тус тус заасан.
Иймээс арбитраар маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” байхаар заасныг зөрчсөн гэж үзэх үү гэсэн асуудал үүсэх нь зайлшгүй.
Гэвч арбитр нь талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд л маргааныг шийдвэрлэдэг бөгөөд энэ талаар “Арбитрын тухай” хуулийн 6.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т заасны дагуу талууд арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон маргаан арбитрын харьяалалд хамаарна” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл талууд өөрийн “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ тухайн тохиолдолд хэрэгжүүлэхгүй байхаар тохиролцон, маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр зөвшөөрч, энэ талаараа гэрээ хэлцэлдээ тусгасан тохиолдолд тэдгээрийн маргааныг арбитр шийдвэрлэдэг. Харин нэгэнт арбитраар маргаанаа шийдвэрлүүлсэн тохиолдолд талууд арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.
4. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу “талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд” холбогдох журмын дагуу шүүх шийдвэрийг баталгаажуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг.
Энэ нь талууд гэрээгээр харилцан тохиролцсон “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхээс сайн дурын үндсэн дээр татгалзах боломжийг хуульчилсан заалт юм.
5.Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн бус журмаар (шүүхийн оролцоогүйгээр) асуудлыг шийдвэрлэхээр анх гэрээ байгуулахдаа зөвшөөрч, харилцан тохиролцсон тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүснэ.
Нэгэнт гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар (шүүхийн оролцоогүйгээр) худалдан борлуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсон бол уг ажиллагааны үед “шүүхэд хандах эрх”-ийг зөрчсөн эсэх асуудал яригдахгүй.
Харин дээр дурдсан нөхцөл нь зөвхөн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан тодорхой үе шатанд хамаарах тул гэрээний аль нэг тал нь уг ажиллагаа үүсэхээс өмнө шүүхэд аливаа асуудлаар хандах эрхтэй.
Түүнчлэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар /шүүхийн оролцоогүйгээр/ худалдан борлуулахаар тохиролцсон ч зээлдүүлэгч, эрхийн улсын бүртгэлийн алба ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч тухайн асуудлаар шүүхэд хандах эрхтэй.
Энэхүү эрх нь “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хуулийн 27.1 дэх хэсгээр баталгаажсан болно.
Мөн хуулийн 27.2 дахь хэсгийн заалт нь зөвхөн зээлдэгчид хамаарах тул зээлдэгч эрхийн чадамжгүй байсан, эсхүл хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрөл аваагүй зэрэг үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахаар гуравдагч этгээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.
6. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг түргэн шуурхай, зардал багатайгаар худалдан борлуулах сонголт бүхий боломжийг бүрдүүлж байгаа.
Нэгэнт гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус журмаар хангуулах нь ашигтай хэмээн үзэж байхад төрөөс тухайн асуудалд оролцон талуудад ашигтай бус хувилбарыг тулгах нь гэрээний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж буй хэрэг юм. Энэ нь гэрээний талуудын эрх ашгийг хөндөөд зогсохгүй, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэн, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг юм байна.
Тухайлбал, Германд үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбогдсон эрх зүйн зохицуулалт нь нарийн төвөгтэй, төрийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлөх боломж өндөр байдгаас үүдэн тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь амьжиргааны түвшин, хүн амын орлогоор ижил төсөөтэй бусад улстай харьцуулахад харьцангуй доогуур байдаг юм байна.
Гэрээний эрх чөлөө нь эрх зүйн утгаараа талуудад өөрсдөө сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн хууль зүйн тодорхой үр дагавар бий болгох эрх чөлөөг олгож, гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүргээ иргэний эрх зүйн зохицуулалтын диспозитив аргаар тодорхойлох боломжийг хангахад чиглэсэн байдаг бол эдийн засгийн утгаараа талуудын хооронд баялгыг бүтээхэд чиглэсэн төрөл бүрийн харилцааг чөлөөтэй үүсгэх үндсэн суурь болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой ухагдахуун юм.
Ийм ч учраас эдийн засгийг хөдөлгөгч үндсэн хөдөлгүүр болсон гэрээний эрх чөлөөний зарчмыг тууштай баримтлах нь зөв болов уу ...”гэжээ.
Гурав.Өргөдөл гаргагч иргэн Д.Янжинхорлоо 2005 оны 11 дүгээр сарын 15-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
1. Шүүхийн байгууллагыг өөрийн үзэмжээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хоорондын гэрээг хянадаг байгууллага гэж өргөдөлд огт дурдаагүй, ингэх боломжгүй. Гагцхүү иргэний эрх зүйн харилцаанаас эрх нь зөрчигдсөн этгээдийн, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл, хүсэлтээр зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэгтэй байгууллага гэдгийг хуульч мэргэжил эзэмшсэн хүн бүр мэднэ.
2. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалтыг чухамхүү Улсын Их Хурлын баталсан дээрхи хуулийн 27.1, 27.2 дахь хэсгийн заалтаар, тодруулбал “шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь хуулиараа зөрчиж байгаа юм. Улсын Их Хурал нь эрх мэдэл хуваах онолын дагуу хууль тогтоох засаглалын дээд байгууллага гэдэгтэй эрх биш маргахгүй байх аа.
3. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээний харилцаанд ордог нь үнэн. Гэхдээ өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 17 банк, түүний дээр олон тооны банк бус санхүүгийн байгууллагууд нь хамтдаа зээлийн үйлчилгээний гуравны нэг буюу түүнээс дээш хувийг үзүүлдэг. Банкны зээлийн хүү хамгийн бага байдаг зүйл тогтолтой. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн зах зээлд ноёрхох байдал хэмээх 5 дугаар зүйлийн 1-д зааснаар Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ. Энд санхүүгийн байгууллага гэж зээлийн болон даатгалын байгууллага, түүнчлэн үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагчийг, бараа бүтээгдэхүүн гэж зах зээлд нийлүүлж байгаа бүр төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг хэлнэ. Зээлийн үйлчилгээ нь иргэн, хуулийн этгээдүүд хариу төлбөртэйгээр буюу хүү төлж авдаг үйлчилгээ юм. Товчоор банк, банк бус санхүүгийн байгуулагууд нь хамтдаа санхүүгийн зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд болно.
Иргэний хуулийн 189.4-т зааснаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
4. Арбитр талуудын хэлэлцсэн тохиролцсон тохиолдолд л маргааныг шийдвэрлэдэг нь үнэн. Гэхдээ арбитрын гаргаж буй шийдвэр чанарын хувьд шүүхийнхтэй адил байх ёстой, энэ ч шаардлагад арбитрын байгууллага нийцүүлэн ажилладаг. Гэрээний талууд тэгш эрхтэйгээр гэрээ байгуулах процесст оролцсон, өөрөөр хэлбэл эрхийн хувьд тэгш байдалтай байж чадсан тохиолдолд талууд маргаанаа шүүхээр бус арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцох бүрэн бололцоотой. Талуудын энэ хүсэл зоригийг хүндэтгэх үүднээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг билээ. Харин нэг талд нь давамгай байдалтай банк, банк бус санхүүгийн байгууллага, нөгөө талд нь жирийн хэрэглэгч буюу иргэн хүн гэрээ байгуулж буй банкны зээлийн харилцаанд банкны боловсруулсан зээлийн гэрээнд иргэн хүн өөрчлөх бололцоогүйгээр, зөвхөн гарын үсгээ зурах л үлддэг. Энэ гэрээнд банк өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдах шүүхийн бус аргыг сонгох нь дамжиггүй, ингэж ч байгаа. Тэгш байдал хараахан олгогдоогүй талууд гэрээ хийж буй нөхцөлд маргаж буй шинэ хуулийн дагуу зээлдэгч шүүхэд хүртэл хандах эрх нь хаалттай байх нь зүйд нийцэх үү?
5. Гэрээний эрх чөлөөний зарчим нь иргэний эрх зүйн суурь зарчим гэдэгтэй маргахгүй. Гэхдээ энэ зарчимд ч гэсэн хэмжээ хязгаар байдаг. Гэрээний эрх чөлөөний зарчим 3 элементтэй.
1. Гэрээ байгуулах эсэхээ шийдэх эрх чөлөө
2. Гэрээг хэнтэй байгуулахаа харилцан өөрсдөө шийдэх эрх чөлөө
3. Гэрээг агуулгын хувьд өөрсдөө чөлөөтэй тодорхойлох эрх чөлөө
Гэрээний эрх чөлөөний зарчмын хэмжээ хязгаар нь хууль, тэр дундаа
Үндсэн хууль. Тэгш бус байдалтай этгээдүүд гэрээ байгуулчихаад, тухайн гэрээгээр шүүхийн бус аргыг нэг тал нь нөгөөдөө “тулгаж” сонгоод, энэ үйл ажиллагаанд үйлчилдэг хуулиар /бүр хуулиар шүү/ шүүхэд хандах эрхийг нь хасаж байгаатай хуульч хүн хувьд санал нийлэх үү?
6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь Засгийн Газрын нэг л агентлаг болохоос өмчлөх эрхийг зээлийн барьцааны гэрээг үндэслэн дуусгавар болгодог, өмчлөх эрхэд халддаг байгууллага биш. Эндээс барьцааны гэрээг л бүртгэх ёстой. Зөв буруу, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх үндэслэл, талууд эрх, үүргээ хэрхэн биелүүлсэн, эрх сэргээх арга зэргийг тогтоох эрхийг Үндсэн хуулиар гагцхүү шүүхийн байгууллагад олгосон байдаг юм. Иргэн хүний ийнхүү шүүхээр эрхээ сэргээлгэх эрхийг Улсын Их Хурал хууль гаргаж хаах ёсгүй...гэжээ.
Дөрөв.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төсөлд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаас Хууль зүй, Дотоод хэргийн сайдад ирүүлсэн саналд:
1. Монгол Улсын Иргэний хуулийн ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалт нь (танилцуулгад дурьдсанаар) орон сууцны зээлд ямар нэгэн байдлаар садаа болох учиргүй юм.
2. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийг зайлшгүй боловсруулан гаргах ямар шаардлага бий болсон нь ойлгомжгүй байна. Танилцуулгад дурдсанаар хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн ипотектой холбогдсон зүйл заалт өөр хоорондоо зөрчилтэй, зарим асуудал нь тодорхой бус байгаа бол энэхүү хуулийг боловсронгуй болгох асуудал тавигдахаас биш энэ хуулийн үндсэн санаанаас гадуур, өөр үзэл баримтлал бүхий хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн ипотектой холбоотой зүйл заалтууд нь хоорондоо зөрчилтэй байдал шүүхээс уг хуулийг хэрэгжүүлэх явцад ажиглагдаагүй байгаа юм.
Харин ипотектой холбоотой ажиллагаа, тухайлбал, худалдан борлуулах ажиллагаа боловсронгүй биш, хугацаа их шаардагддаг гэх мэт шалтгааныг энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллагын ажлыг сайжруулсанаар арилгаж болох талтай.
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн зорилт нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж төсөлд заажээ. Гэтэл зээлийн гэрээний харилцааг Иргэний хууль зохицуулдаг ба энэхүү харилцааг өөр ямар ч хууль зохицуулахгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл юм.
3. Иргэний эрх зүйн харилцааны үндсэн зарчмуудын нэг нь тухайн харилцааны тэгш эрхийн зарчим байдаг бөгөөд зээлийн гэрээний харилцаанд буюу өмчлөх эрх шилжих гэрээнд ялангуа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих тохиолдолд гэрээний аль нэг оролцогчид бусдаас илүү, давуу эрх олгох нь иргэний эрх зүйн дээрх зарчмыг зөрчихөд хүргэнэ.
4. Үүний зэрэгцээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим ч ноцтойгоор хөндөгдөж болзошгүй юм. Яг ижил гэрээний харилцаанд оролцож буй өөр өөр этгээдийн эрх, үүрэг өөр өөр байх нь энэ зарчимд нийцэхгүй гэж бид үзэж байна.
Зээлийн гэрээний харилцааг Иргэний хууль зохицуулсаар байхад энэ гэрээний үндсэн шинж буюу гэрээний хугацаа, үүргээ биелүүлээгүйгээс шаардлага тавих эрх зэргийг хуулийн төсөлд (4.1., 5.1.) тусгасан нь ойлгомжгүй байгаагаас гадна хууль тогтоомжийн шатлан захирах ёсыг зөрчиж Иргэний хуульд заагдаагүй зүйл тусгагдсан байна.
5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтоос үзэхэд улсын бүртгэлийн алба нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хийх эрх бүхий байгууллага байна. Гэтэл Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай хуулийн төсөлд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болж хувирч байна.
6. Манай улсад үл хөдлөх эд хөрөнгийн ойлголт жинхэнэ утгаараа дөнгөж бий болж байгаа өнөө үед үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа харилцааг хөнгөн гоомой, Иргэний хуулийн зохицуулалтаас гадуур, иргэний эрх зүйн харилцааны оролцогч аль нэг субъектын эрх ашгийг илүүд үзэж шийдвэрлэх нь төдийлөн зохимжгүй байгаагаас гадна ер нь хууль тогтоомжийн шатлан захирах ёс, иргэний эрх зүйн шинжлэх ухаанд харш юм.
7. Монгол Улсын иргэний өмчлөх эрхийг хөндөх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэж байх нь Үндсэн хуульд нийцэх тул энэхүү хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналтай …гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ”; 27.2 дахь хэсэгт “Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй гэж заасан нь иргэдийн хувийн халдашгүй эрхийг шударга шүүхээр хамгаалуулах үндсэн баталгаа юм.
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Зээлдэгчийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хууль гарган шууд хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн Улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй байна.
2. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт ”Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт ”Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан Улсын Их Хурлын чуулганаар хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
5. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр тогтоосугай.
ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Л.РЭНЧИН
Ч.ДАШНЯМ
Д.НАРАНЧИМЭГ