A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭНИЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 154 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 154.3, 154.4, 174 ДҮГЭЭР ЗүЙЛИЙН 174.2, 174.3 ДАХЬ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 154 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 154.3, 154.4, 174 ДҮГЭЭР ЗүЙЛИЙН 174.2, 174.3 ДАХЬ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийг төлөөлж Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нар оролцов.

Нэг. Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд мэдүүлсэн хүсэлтдээ: "Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гарч, Иргэний хуульд 154.3, 154.4, 174.3, 174.4 гэсэн хэсгүүдийг нэмж, 171 дүгээр зүйлийн 171.3, 174 дүгээр зүйлийн 174.2, 453 дугаар зүйлийн 453.2-т үг, өгүүлбэрүүд нэмжээ.

Иргэний хуульд орсон дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийн зарим нь утга агуулгаараа иргэний эрх зүйн үндсэн ойлголт, зарчмыг үгүйсгэн зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэх тухай тогтоол гаргасан. /Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоол/.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлж байна.

1.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т "барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэж заасан нь утга агуулгаараа ойлгомжгүй бөгөөд өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Аливаа хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалж болно, гэхдээ үүний тулд өмчлөх эрхээ тэрхүү үүрэг гүйцэтгэгчид шилжүүл гэсэн утгатай зохицуулалт болжээ.

Өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэлбэрээр хэрэгждэг билээ. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах эрх нь эд хөрөнгө захиран зарцуулах эрхийн нэг хэлбэр мөн. Гэтэл хуулийн энэхүү заалтаар өмчлөгч нь өмчлөх эрхээ захиран зарцуулах хэлбэрээр хэрэгжүүлэхийн тулд өмчлөх эрхээсээ татгалзах ёстой гэсэн утгатай зохицуулалт харагдаж байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан Монгол Улсын иргэн "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй" гэсэнтэй нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж байна.

2.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т "барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэж заасан нь утгын алдаатайгаас гадна Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалж болохоор хуульчилсан атлаа энэхүү эд хөрөнгийг бий болсон үед л барьцаална гэсэн утгын зөрчил нь хуулийн энэ заалтыг хэрэглэхэд хүндрэл үүсгэж болзошгүй байгаагаас гадна өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах хэлбэрээр захиран зарцуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл өмчлөх эрхээсээ татгалзаж, бусдад шилжүүлэх шаардлагатай болж байгаа тул хуулийн энэ заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй" гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхүүдийн нэгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т "үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана" гэсэн нь нэгдүгээрт иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн зарчим, хоёрдугаар, "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан зарчим, гуравдугаарт, Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан "шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно", дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэг буюу "эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шудрага шүүхээр шүүлгэх... эрхтэй" гэсэнтэй тус тус нийцэхгүй байна.

Барьцааны гэрээний харилцаа бол иргэний эрх зүйн харилцаа мөн бөгөөд барьцаалагч этгээд иргэн, хуулийн этгээдийн алин ч байсан адил зарчим үйлчилдэг билээ. Гэтэл хуулийн энэхүү заалтаар барьцаалагч нь банк, банк бус санхүүгийн байгууллага байвал өөр зарчим үйлчилснээр "...хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан зарчим хөндөгдөж байна. Иргэн Б хөрөнгө чинээ ихтэй тул банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах боломжтой болжээ, иргэн А их хэмжээний хөрөнгөгүй. Хэн алин нь бусдад мөнгө зээлдүүлэх эрхтэй ба зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор бусдын эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. Хэн алин нь Иргэний хуульд зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гагцхүү банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг Б барьцааны эд хөрөнгөнөөс өөрийн шаардлагыг шүүхийн ч, шүүхийн бус ч журмаар хангуулах боломжтой бол хөрөнгө чинээ нь арай дутмаг А зөвхөн шүүхийн журмаар шаардлагаа хангуулах боломжтой байна. Ингэснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих боломжгүй болж байна.

Нөгөө талаар, банк болон банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах шаардлагатай болсон тохиолдолд шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах эрхтэйгээр хуульд заасан нь шүүхийн шийдвэрлэх тодорхой нэг ижил асуудлыг бүртгэлийн байгууллага адилхан шийдвэрлэх боломжтой гэсэн утгатай болжээ.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэх явдал нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нэг хэлбэр билээ. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан "шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн зарчим дээрх хуулийн заалттай буюу шүүхийн шийдвэрлэх асуудлыг бүртгэлийн байгууллага мөн л адил шийдвэрлэдэг зохицуулалттай илтэд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2 дахь заалт буюу "...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг Иргэний хуулийн дээрх заалт зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзнэ.

Түүнчлэн, банк, банк бус санхүүгийн байгууллага нь шүүхийн бус журмаар ипотекийн зүйлийг худалдан борлуулахаар бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргахад эд хөрөнгийн өмчлөгч энэхүү ажиллагаа, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлаар эрх нь зөрчигдлөө гэж үзвэл хаана хандах вэ? Ипотекийн шаардлага бүхий этгээд болох банк, банк бус санхүүгийн байгууллага л шүүхийн бус журмыг сонгосон бол иргэний эрх зүйн тухайн харилцаанд тэгш эрхийн зарчмаар оролцож буй өмчлөгчийн шүүхэд хандах эрх хаагдах ёстой гэж хэрхэвч үзэж болохгүй гэдэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт тов тодорхой туссан байна. "Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх"-ээр Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нөгөө талын хүсэлт зоригоор биелэлээ олж чадахгүй байх боломжийг бүрдүүлсэн хуулийн дээрх заалт Үндсэн хуультай нийцэхгүй байна.

4.Хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3 "ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй", 174 дүгээр зүйлийн 174.2-т "барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй" гэсэн нь дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт буюу "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэг буюу "эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах... шудрага шүүхээр шүүлгэх... эрхтэй" гэсэнтэй нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т "үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ" гэж зааснаар тухайн хэм хэмжээний үндсэн агуулгыг тодорхойлсон бөгөөд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад өөр журам хуулиар тогтоохыг хязгаарлаж, өөр журам тогтоосон тохиолдолд ч Иргэний хуулийн зохицуулалтыг даган мөрдөхийг заасан байхад зарчмын ач холбогдолтой энэ өгүүлбэрийн дараа "энэ заалт банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллагад хамаарахгүй" гэж нэмсэн нь Иргэний хуулийн тухайн зохицуулалтын утгыг алдагдуулж, иргэний эрх зүйн харилцааны оролцогч хуулийн этгээдэд хуулиас гадуур, бусдаас илүү эрх олгож буй нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт буюу "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.3, 174.2-ын хоёр дахь өгүүлбэр нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд тайлбартаа:

1.Улсын Дээд шүүх Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн заалт нь "…бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалж болно, гэхдээ үүний тулд өмчлөх эрхээ тэрхүү үүрэг гүйцэтгэгчид шилжүүл гэсэн утгатай зохицуулалт болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй" гэсэнтэй нийцэхгүй байна" гэжээ.

Энэ зохицуулалт нь хэн нэг гуравдагч этгээд бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн хөрөнгийг барьцаалах асуудал биш юм. Улсын Дээд шүүхийн ойлгож буй тохиолдлын хувьд гуравдагч этгээд өөрөө барьцаалагчтай /өөрийн нэрийн өмнөөс/ гэрээ байгуулахаас биш үндсэн үүрэг гүйцэтгэгч түүний хөрөнгөөр барьцаалагчтай барьцааны гэрээ байгуулахгүй.

Энэ заалтын агуулга нь хэн нэг барьцаалах хөрөнгөгүй иргэн орон сууц авах зорилгоор зээл авахыг хүсчээ гэвэл /барьцааны гэрээ байгуулах үед барьцааны хөрөнгөгүй байсан ч/ уг зээлээр худалдан авах сууцаа эргүүлэн барьцаа болгох зохицуулалт юм.

Нэгэнт барьцаа нь талууд харилцан тохиролцох замаар байгуулдаг үүргийн эрх зүйн харилцаа тул барьцааны ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх нь барьцаалагчийн эрсдэлийн асуудал гэж үзнэ. Иймд "Барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болно" гэдгийг хэн нэгний хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсний дараа барьцаал гэж биш, харин тухайн гэрээний үр дүнд, ирээдүйд өмчлөлдөө шилжүүлэх хөрөнгөө эргүүлэн барьцаанд тавьж болно гэсэн агуулгаар ойлгох нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, барьцаалагчийн шаардах эрх нь гагцхүү барьцаалуулагчид өмчлөх эрх бий болсноор хэрэгжихээр заасан нь бусад өмчлөгчдийн эрхийг хөндсөн бус, эсрэгээр хамгаалсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, өмчтэй болно гэсэн амлалт биелүүлээгүйн төлөөх эрсдэлийг барьцаалагч /барьцааны зүйлийг хүлээн зөвшөөрсний хувиар/ хүлээх ба хэн нэгний өмчид халдахгүй гэсэн үг юм.

2.Иргэний хуулийн 154.4 дэх хэсэг нь дээрх заалттай агуулгын хувьд төстэй юм. Дээр тайлбарласанчлан ирээдүйд өмчлөлдөө бий болгох /барьцааны гэрээ байгуулах үед барьцаалуулагчийн өмчлөлд байхгүй/ хөрөнгийг барьцаалах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь бусдын өмчлөх эрхийг мөн дээрхийн адил хөндөхгүй.

Учир нь шаардах эрх нь Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн мөн адил тухайн ирээдүйд бий болох хөрөнгө нь бий болж, үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн нөхцөлд үүснэ. Үүнд тодруулбал, хэдийгээр ирээдүйд бий болох хөрөнгө бий болсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй бол шаардах эрх нээгдэх боломжгүй байгаа. Ингэснээр бусад хууль ёсны өмчлөгчдийн эрх мөн адил хамгаалагдаж байгаа юм.

3.Иргэний хуулийн 174.2 дахь хэсгийн "Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй" гэсэн 2 дахь өгүүлбэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасныг зөрчсөн байна гэжээ.

Тэгш эрхийн зарчим нь гагцхүү ижил тэгш субъектуудын хооронд л яригддаг. Өөрөөр хэлбэл, ижил биш талуудын хооронд тэгш эрхийн асуудал хэзээ ч яригддаггүй. Жишээлбэл, банк болон банк бус санхүүгийн байгууллага аль аль нь иргэний эрх зүйн субъектууд боловч эрх зүйн статусын хувьд өөр өөр бөгөөд үүнтэй холбогдуулан өөр өөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад банк бус санхүүгийн байгууллага хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг гэх мэт. Хэрэв бүх этгээдүүд тэгш эрхтэй байдаг гэж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, компани, төрийн бус байгууллага, цаашилбал, иргэн хүртэл хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байх ёстой нь дамжиггүй юм.

4.Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-ын "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", Арван зургадугаар зүйлийн 14-ийн "эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шудрага шүүхээр шүүлгэх эрхтэй", Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна гэжээ.

Бүртгэлийн байгууллага нь барьцааны зүйлийг худалдан борлуулах эсэх асуудлыг шийддэг, шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага огтхон ч биш юм. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн бус журмаар аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө этгээдэд учруулсан хохирлыг тогтоох, түүнийг гаргуулах, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх зэрэгтэй холбоогүй бөгөөд гагцхүү тухайн барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгааг, ийнхүү хангуулах ажиллагаа нь хуульд заасан процедурын дагуу явагдаж байгаа гэдгийг л гэрчлэн бүртгэж буй үйлдэл юм.

Уг ажиллагааны нэг онцлог нь ажиллагаанд оролцогч талууд аливаа хэлбэрээр маргаан гаргаагүй байх ёстой. Хэрэв талуудын аль нэг нь гэрээний талаар, эсхүл ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэж үзэн маргаан үүсгэсэн тохиолдолд уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

Хэдийгээр Иргэний хуулийн 174.3 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ч шүүхийн бус шатанд шийдвэрлэх явцад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааны аль ч шатанд, хэдийд ч шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой юм. Энэ нь Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан боруулах журмын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан байгаа. Түүнчлэн нэгэнт хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Иймээс Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь хэн нэгнийг шүүхэд хандахаас хязгаарлах бус, гагцхүү аливаа этгээдийн эрх, эрх чөлөө нь зөрчигдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн оролцоогүйгээр хангуулах эрх зүйн үндсийг бий болгож өгсөн шинжтэй заалт юм.

Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлитйн 154.3, 154.4 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.3 дахь хэсэг, 174.2 дахь хэсгийн хоёрдахь өгүүлбэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна" гэжээ.

Гурав. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

"1.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4-т туссан зохицуулалтын талаар.

Зах зээлийн эдийн засгийн үед барьцааны гэрээний төрлүүдээс маш чухал ач холбогдолтой төрлийг Улсын Их Хурлын төлөөлөгч тайлбартаа дурдсан байгааг юуны өмнө нь тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ нь ирээдүйд өөрийн өмчлөлд ирэх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах асуудал юм. Энэ төрлийн барьцаа нь:

А.Бодит байдалд бий болчихсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд хараахан шилжиж ирээгүй, энэхүү барьцаагаар хангагдах үүргийн үр дүнд өмчлөлд нь шилжих бодит боломж бүрдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа юм. Орон сууц худалдан авах хүсэлтэй этгээд бусдаас зээл авахдаа худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлд нь шилжиж ирэх орон сууцыг өмчлөлдөө шилжээгүй буюу бусдын өмчлөлд байхад нь тухайн зээлийн үүрэгт барьцаалдаг.

Б.Бодит байдлаар бий болоогүй хэдий ч барьцаагаар хангагдах үүргийн дагуу олж авсан хөрөнгөөр ирээдүйд бий болгох үл хөдлөх эд хөрөнгийг уг эд хөрөнгийг бий болгох зорилгоор хүлээж буй үүрэгт барьцаалах. Байшин барилга барих хүсэлтэй этгээд энэ хүслээ биелүүлэхийн тулд бусдаас мөнгө зээлж авахдаа ирээдүйд бий болох, одоогоор бий болоогүй, өмчлөх эрх нь үүсээгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалдаг.

Дээрх хоёр төрлийн барьцааны талаар Иргэний хуульд огт тусгагдаагүй биш харин бүдэг тусгагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т "барьцаа үүсэх үед тодорхойлж болох, ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг хангахад барьцааг хэрэглэж болно" гэж заасныг зөвхөн барьцаагаар хангагдах шаардлагад биш харин барьцааны зүйлд хамааруулж ойлгох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, одоогоор өмчлөх эрх нь үүсээгүй хэдий ч ирээдүйд үүсэх боломжтой нь тодорхой болсон эд хөрөнгийн талаар өмчлөх эрх үүссэн тохиолдолд барьцааны шаардах эрх үүсэхээр болзол тавьсан барьцааны гэрээ байгуулж болохоор тусгагдсан байна.

Энэ заалтыг илүү дэлгэрэнгүй болгох нь чухал ач холбогдолтой хэдий ч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4-т оруулсан нэмэлтүүд нь дээр дурдсан харилцааг харамсалтай нь зохицуулж чадаагүй байна. Хуульд тусгагдсан одоогийн хэлбэр нь барьцааны гэрээний онцлог төрлийг тодотгож өгөөгүйгээс гадна харин бүр барьцааны гэрээний энгийн хэлбэрийг ч ойлгомжгүй болгосон байна. Үүнийг доорхи үндэслэлээр тайлбарлаж байна.

1.1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т "барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэснийг үгийн шууд утгаар нь тайлбарлахад "барьцааны зүйл болох эд хөрөнгө нь бусдын өмчлөлд байгаа хэдий ч ирээдүйд барьцаалуулагчийн өмчлөлд шилжих бодит бололцоо бүрдсэн тохиолдолд барьцааны зүйл байж болно. Энэ тохиолдолд өмчлөх эрх барьцаалуулагчид шилжсэнээр барьцааны эрх үүснэ" гэж ойлгогдохгүй байна. Ямар нэгэн тодотголгүйгээр бусдын өмчлөлийн зүйлийг барьцаалж болно гэж тусгаж орхисноор тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Энд тухайн өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш юмаа гэхэд ядаж зөвшөөрөл байх тухай чухал заалт огт хэрэггүй мэт орхигджээ.

1.2.Барьцааны зүйл ирээдүйд барьцаалуулагчийн өмчлөлд шилжих боломжтой байх нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах цорын ганц тохиолдол биш юм. Барьцааны эд хөрөнгийн өмчлөгч, барьцаагаар хангагдах шаардлагыг биелүүлэх ёстой үүрэг гүйцэтгэгч хоёр өөр этгээд байх тохиолдол нь барьцааны гэрээгээр үүрэг үүсэх хамгийн түгээмэл тохиолдол билээ. "Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно" гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Энэ утгаар нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын үүрэгт барьцаалах хэлбэрээр захиран зарцуулахыг хүсвэл өмчлөх эрхээсээ татгалзаж, үүрэг гүйцэтгэгчийг барьцаалуулагч болго гэсэн утга санаатай болсон хуулийн зохицуулалтыг Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө …өмчлөх эрхтэй" гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэн юм.

1.3.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих асуудал зохицуулагдсан байна. Өмчлөх эрх шилжинэ гэдэг нь хэн нэгэнд үүсчихсэн өмчлөх эрх ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжихийг хэлдэг байх. Гэтэл Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т "барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэсэн зохицуулалтыг өмчлөх эрх шинээр үүсэх тохиолдолд хамааруулж ойлгох нь учир дутагдалтай байна. Өөртөө барилга, байшин барих хүсэлтэй этгээд зээл авахдаа энэ мөнгөөр барих үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж болно. Энэ тохиолдолд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх асуудал яригдахаас биш өмчлөх эрх шилжих асуудал тавигдахгүй юм. Энэ утгаараа ирээдүйд бий болох тухайн эд хөрөнгө мөн л үүрэг гүйцэтгэгчийнх биш харин түүний хүлээх үүрэгт ирээдүйд бий болох өөрийн эд хөрөнгийг барьцаалсан гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө байхаар харагдаж байна. Тийм ч учраас өөрийн ирээдүйд бий болох эд хөрөнгийг бусдын гүйцэтгэх үүрэгт барьцаалах хэлбэрээр захиран зарцуулсан этгээд өмчлөх эрхээсээ татгалзаж, үүрэг гүйцэтгэгчийг барьцаалагч болго гэсэн утга санаа байна гэж Улсын Дээд шүүх үзсэн юм.

1.4.Барьцааны эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт тусгагдсан ба энэ бүлэг нь гурван дэд бүлгээс бүрдэж байна. Нэгдүгээр дэд бүлэгт барьцааны нийтлэг зохицуулалт, хоёрдугаар дэд бүлэгт хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт, гуравдугаар дэд бүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-наас үүсэх харилцаа тус тус зохицуулагдсан байна. Барьцааны нийтлэг зохицуулалт нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн болон эрхийн барьцааны хувьд адил үйлчлэх бөгөөд тухайн дэд бүлгүүдэд тусгайлсан зохицуулалт байхгүй бол нэгдүгээр дэд бүлэгт туссан нийтлэг зохицуулалт үйлчилдэг билээ. Гэтэл бусдын өмчлөлд одоогоор байгаа боловч ирээдүйд үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжих бодит бололцоо бүрдсэн барьцааны зүйл нь ирээдүйд бий болох эд хөрөнгө ч мөн адил зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөнд хамааралтай юм. Учир нь эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн зэрэгцээ барьцааны гэрээг ч бүртгүүлэх боломжтой болдог ба улсын бүртгэл нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагчийн хувьд шаардах эрхийн гол үндэслэл болдог. Хөдлөх эд хөрөнгийн хувьд болон эрхийн барьцаанд дээрх тохиолдол хамаардаггүй байхад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн барьцааны алинд ч хамааралтай нийтлэг зохицуулалтын хэсэгт тухайн зохицуулалт орох боломжгүй юм.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т туссан "үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ" гэсэн заалт банк болон банк бус санхүүгийн байгууллагын хувьд хамаарахгүй байхаар Иргэний хуульд нэмэлт оруулсныг Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш" байх зарчмыг зөрчсөн гэж үзэж, тайлбар гаргахдаа иргэн болон банк, банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн ерөнхий байдлыг ижил гэж үзээгүй болно.

Банк, банк бус санхүүгийн байгууллага нь иргэдээс эрх зүйн байдлаар өөр болох нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. Түүгээр ч зогсохгүй зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан үүрэг бүхий этгээдийн хувьд эдгээр байгууллагуудаас зээл олгох харилцааг иргэд хоорондын болон бусад хуулийн этгээд хоорондын зээлийн харилцааг зохицуулснаас өөрөөр зохицуулдаг билээ.

Гагцхүү аливаа хуульд, тухайлбал, Иргэний хуульд зохицуулсан нийтлэг үндэслэлийн шинжтэй тусгайлсан зохицуулалт нь тухайн харилцаанд орж буй субъект болгонд ижил үйлчлэлтэй байх асуудлыг тайлбарласан билээ.

Жишээлбэл, иргэний эрх зүйн чадамж, хөөн хэлэлцэх хугацаа, хугацаа тоолох журам, үл хөдлөх эд хөрөнгийн ойлголт, үл хөдлөх эд хөрөнгө үүсэх үндэслэл гэх мэт ойлголтууд нь иргэнд ч, хуулийн этгээдэд ч хамааралтай ба тухайн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, түүний эрх зүйн чадамжийг өөрөөр тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тоолох үндэсгүй юм. Түүнтэй ижил барьцааны эрх, барьцааны гэрээ байгуулах журам, барьцааны эд хөрөнгөөр шаардлага хангах ажиллагаа зэрэг нь иргэний эрх зүйн, тодруулбал эдийн болон эдийн бус баялагийн эрхийн томоохон хэсэг бөгөөд эдгээр зохицуулалт нь үүргийн бусад төрөлд хамаарагдах тохиолдол бүрт тусгайлсан зохицуулалт болдог билээ. Банк зээлийн харилцаанд барьцааны гэрээ байгуулахдаа иргэд хоорондын зээлийн харилцаанаас өөр журмыг баримталдаггүй юм. Үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан тухайн харилцаанд тавих шаардлагыг илүүтэй тодорхой болгох боломжтой хэдий ч Иргэний хуульд заасан хэм хэмжээтэй нийцэх учиртай юм.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах журмыг Иргэний хуульд заасан тохиолдолд барьцааны гэрээний харилцаанд орсон аливаа субъект энэ журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тусгайлсан зохицуулалтын тухай хууль хэрэглээний дээрх зарчимд тулгуурлаж байгаагаас гадна Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т өөрт нь "энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ" гэж зориудаар тодотгосон заалтад үндэслэгдэнэ. Ийм тодотгол байгаагүй ч үйлчлэх учиртай хууль хэрэглээний зарчмыг, мөн хуульд өөрт нь заасан императив шинжтэй хэм хэмжээг зөрчин байж банк, банк бус санхүүгийн байгууллагын хувьд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр журам тогтоосныг зөвхөн тухайн субъектын эрх зүйн байдлаар тайлбарлах нь хэтэрхий гэнэн зүйл юм.

Улс орныг батлан хамгаалах онцгой үүрэг бүхий этгээдийн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдгийг Иргэний хуульд зааснаас өөрөөр тайлбарлах, эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндэд учирсан хохирол гэдгийг өөрөөр, барилгын байгууллагад бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийг өөрөөр зохицуулахгүй гэдэгт эргэлзээ төрөхгүй байна.

Аливаа ижил төрлийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь хэн нэгэнд давуу эрх олгох, эсхүл эрхийг хязгаарласан агуулгатай байх учиргүй гэсэн үүднээс Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан "хүн бүр хуулийн… өмнө эрх тэгш байна" гэсэн зарчмыг зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзсэн болно.

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т заасан зохицуулалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан зарчмуудыг зөрчөөгүй гэж үзэхдээ Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн байгууллагыг шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага биш гэж тодорхойлсонтой санал нэг байна. Гагцхүү хуулийн тухайн зохицуулалтаар энэ байдал хэрхэн тодорхойлогдож байгааг анхааралтай авч үзэх нь чухал юм.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар барьцаагаар хангагдаж буй шаардлагын эрхээс салгаж үл болох эрх юм. Тийм ч учраас үндсэн үүргийн дагуу шаардах эрх байгаа эсэх, энэхүү үүргийн хэмжээ ямар байгааг эхлээд тогтоосны эцэст ямар хэмжээний үүргийг барьцааны зүйлийн үнээс гаргуулах вэ гэдгийг шүүх шийдвэрлэдэг. Барьцааны гэрээ байгуулагдсан л бол үндсэн үүргийн хүчин төгөлдөр байдал, түүний хэмжээ хамаагүй гэж үзэх боломжгүй юм. Барьцааны гэрээний өөрийнх нь хүчин төгөлдөр байдлыг ч шүүх тогтоосны эцэст барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах эсэхийг шийдвэрлэдэг.

Бүртгэлийн байгууллага энэ байдлыг тодорхойлох эрхгүй бөгөөд үүрэггүй билээ. Тийм ч учраас барьцааны зүйл болох эд хөрөнгийг худалдан борлуулахад үүрэг гүйцэтгүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах эрхтэйгээр хуульд тусгасныг Үндсэн хуулийн "шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн зарчмыг зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзсэн юм.

Бүртгэлийн байгууллага нь хууль ёсны ч, хууль бус ч шаардлагын дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулахгүй байх. Энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх нь ойлгомжтой. Бүртгэлийн байгууллагын эрх зүйн талаар хийх дүгнэлтийн цар хүрээ нь шүүхийн эрх мэдлийн асуудал мөн гэдэгт гол анхаарлаа хандуулах нь чухал.

Нөгөө талаар, "шүүхийн бус журмаар ипотекийн зүйлийг борлуулах ажиллагаанд оролцогч талууд ямар ч маргаангүй байх учиртай" эс тэгвээс шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж тайлбарт дурдагдсан байна.

Үүргийн харилцааны оролцогч талууд болон барьцааны гэрээний оролцогч талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар ямар ч маргаангүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах шаардлага байхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д "ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өмчлөгчид шаардлага тавьж, тэрээр энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн /маргаангүй/ тохиолдолд шүүхийн ч, бүртгэлийн ч оролцоогүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээгээр асуудлыг зохицуулах боломжтой юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаа явуулна гэж хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заажээ.

Шүүхийн бус журмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах нь нээлттэй гэж тайлбарт дурджээ. Оролцогч талуудын шүүхэд хандах эрхийг бүрмөсөн хаагаагүй нь үнэн. Гэхдээ Иргэний хуулийн энэ заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхдээ Улсын Дээд шүүх тухайн харилцаанаас үүсэх сөрөг үр дагавар талаас нь биш харин хуулийн зохицуулалт сөрөг үр дагаврыг үүсгэх боломж бүрдүүлж байгаа талаас нь асуудлыг дэлгэсэн юм.

Монгол Улсын иргэний өмчид төр л хуульд заасан үндэслэлийн дагуу халдах эрхтэй ба энэ тохиолдолд ч нөхөн төлбөр олгох үүрэгтэй байдаг. Тэгвэл төр өөрийн баталж буй хуулиар төрийн хяналтад байдаггүй субъект болох банкинд бусдын өмчлөлд халдах эрхийг олгож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Банк үндсэндээ багахан хэмжээний төлбөртэй байсан ч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг шууд, чөлөөтэй бөгөөд зөвхөн өөрийн төлбөрөө гаргуулах төдий үнээр буюу бодит үнээс доогуур худалдах боломжтой болно. Банк үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй худалдах эрхтэй байгаа тохиолдолд зах зээлийн бодит үнээр зарагдах баталгаа байхгүй юм.

Аливаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төр эсвэл дор хаяж төрөөс эрх олгогдсон ямар нэгэн байгууллага шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гүйцэтгэдэг ба үл хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрөө худалдан борлуулах боломжтой болгосноор Үндсэн хуульд тусгагдсан өмчлөх эрхийн баталгааг тойрч гарч байгаа арга гэж үзэх ч үндэстэй юм" гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэжээ.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөрөнгөө шилжүүлэхгүйгээр өөрийн өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаад үлдсэн хэсэгтээ өөрөө өмчлөгч хэвээр үлдэх, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүргийг гүйцэтгээд барьцааны үүргээс чөлөөлөгдөж, өмчлөлийн зүйлээ өөрийн өмчлөлд хэвээр хадгалах, барьцааны зүйлийг хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр үүрэг гүйцэтгэгч бус өөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх замаар барьцааны үүргийг шинэ өмчлөгчид шилжүүлэх зэрэг эрхүүд нь барьцаалуулагчид нээлттэй байдаг. Энэ нь иргэний эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын хоёрдахь өгүүлбэр нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх … эрхтэй" гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ.

Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй" гэжээ.

Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол Иргэний хуулиар зохицуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах журам огт хамаарахгүй гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол, үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Иргэний хуульд заасан журмын дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах, шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан ч гэсэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмыг баримтлах заалтыг хамаарахгүй гэж хуульчилсан учраас үүрэг гүйцэтгэгч болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх зөрчигдөхөд хүрч байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын "…Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй…" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…" гэснийг зөрчиж байна гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т "…Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй" гэжээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т зааснаар үүргийн нэг тал болох үүрэг гүйцэтгүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага дангаараа эрхээ хамгаалуулах этгээдийг өөрийн үзэмжээр сонгохоор зааж, харин үүргийн нөгөө тал болох үүрэг гүйцэтгэгч буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч-барьцаалуулагчид сонгох боломж олгоогүй байгаа ба ийнхүү иргэний эрх зүйн харилцаанд эрх тэгш оролцогч субъектуудын хувьд ялгавартай зохицуулсан нь тэгш эрхийн зарчим зөрчигдсөний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан "…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…", Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан "…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно", Арван зургадугаар зүйлийн 14-т заасан "…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй…", түүнчлэн талуудын шүүхэд хандах эрхийг нь хязгаарлан бүртгэлийн байгууллагад бүртгүүлж ипотекийн зүйлийг худалдан борлуулахаар заасан нь Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан "…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", мөн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан "…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно", 154.4 дэх заалт "Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэсэн ийм тохиолдол байж болох бөгөөд хэн нэгний өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын "…Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ…" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх …эрхтэй" гэснийг; Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын "…Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан "…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэснийг; 174.3 дахь заалт "Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5 -175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан "…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", Арван зургадугаар зүйлийн 14-д заасан "…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх …эрхтэй", Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан "…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно", Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан "…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан "…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно", 154.4 дэх заалт "Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө …өмчлөх …эрхтэй" гэснийг зөрчөөгүй байна.

3.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-ын "…энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ…" гэсэн заалт, 174 дүгээр зүйлийн 174.2-ын "...барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй" гэсэн заалт болон 174 дүгээр зүйлийн 174.3-ын "Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй" гэсэн заалтын үйлчлэлийг 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Д.НАРАНЧИМЭГ