A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 114 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН Д Ү Г Н Э Л Т ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 114 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2004.04.21 Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Л.Рэнчин /илтгэгч/, Н.Чинбат, В.Удвал, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод оршин суух иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Долгор нар оролцлоо.

Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гаргасан өргөдөлдөө Иргэний хэргийг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн тухай бичсэнээр үүссэн маргааныг тус дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ.

Иргэн П.Баттогтох өргөдөлдөө хоёр үндсэн асуудлыг хөндөж тавьсан байна. Энэ нь:

1. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай хоёр шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ.

Тэрээр үүнийгээ дараах үндэслэлээр тайлбарласан байна:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааны тухай зохицуулсан байдаг бөгөөд тэдгээрээс бусад хэргийг шүүх, бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг.

Харин уг хуулийн дээр дурдсан 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтад дүн шинжилгээ хийж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүнд буй 3 шүүгч 3 өөр санал гаргах боломжийг хуулиар олгосон ба, ингэхдээ шүүх хуралдаан даргалагчийн саналыг нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд авч үзэж 3 өөр санал гарсан бол хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх тухай заалтын агуулгыг зөрчиж байна.

Учир нь тухайн шүүх хуралдаан даргалагч бол уг шүүх хурлыг удирдаж, түүний хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байдгаараа л шүүх бүрэлдэхүүнд байгаа нөгөө хоёр шүүгчээсээ ялгаатай бөгөөд бусад байдлаараа тухайн асуудал, хэрэгт нэг л санал өгөх эрхтэй шүүгч юм.

Гэтэл түүний саналыг өөр өөр санал гаргасан нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд үзэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн заалт юм. Үндсэн хуульд заагдсан “хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим бол тухайн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдлыг ойлгодог билээ гэжээ.

Өргөдөл гаргагч энэ санаагаа цааш үргэлжлүүлэн тайлбарлахдаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бөгөөд “ардчилсан ёс” гэсэн ойлголт нь “аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэн ухагдахууныг өөртөө агуулдаг билээ. Шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Энэ нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай.

Нөгөө талаар 1974 онд Монгол Улс нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пакт”-ийн 14 дүгээр зүйлд: “Хүн бүр өөрт нь тулгасан …иргэний байцаан шийтгэх ажиллагаанд …шүүхээр хэргээ …шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан ба тэрхүү шударгаар шийдвэрлүүлэх явдал нь шүүх тухайн хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж буй үед шийдвэрийг олонхийн саналаар гаргах байдлаар тодорхойлогдох бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэх билээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт тавьжээ.

2. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж байна гэжээ.

Өргөдөл гаргагч үүнийгээ дараахь үндэслэлээр тайлбарлаж байна:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзвэл эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхдээ зөвхөн хоёрхон арга замыг ашиглах эрхийг нь олгожээ.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн шүүхэд хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх үедээ нэгдүгээрт: өөрийнхөө гэр бүлийн гишүүн төрөл садангаараа, эсвэл хоёрдугаарт: өмгөөлөгчөөр тус тус өөрийгөө төлөөлүүлж эрх, ашгаа хамгаалуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болж байгаа бөгөөд дээрхи хоёр арга замаас өөр боломжийг иргэнд олгоогүй байна.

Тодруулбал, эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй байна. Уг төлөөлөх хүн нь тухайн иргэний итгэлийг хүлээсэн бөгөөд эрх, ашгийг хамгаалж чадах хэн ч байж болно.

Жишээ авч үзье: Иргэн Б бусдын компьютерийг түр ашиглаж байх үед цахилгаан тасарч, түүний улмаас тухайн компьютер нь эвдэрсэн байна. Уг компьютерийн өмчлөгч А нь Б-гээс хохирлоо буюу компьютерын үнийг нэхэмжилж шүүхэд хандсан. Иргэн Б өөрийгөө буруугүй гэж үзсэн бөгөөд үндэслэл нь тухайн үед цахилгаан хүчдэл гэнэт ихэсч тасарснаас шалтгаалж, компьютерт нөлөөлсний улмаас уг компьютер эвдэрсэн гэж үзжээ.

Шүүх хурал болох өдөр иргэн Б хөдөө ажлаар явах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ тохиолдолд иргэн Б-д өөрийгөө буруугүй гэж батлах ямар боломжууд байна вэ гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд нэгдүгээрт: өөрийгөө гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, хоёрдугаарт: өмгөөлөгчөөр төлөөлүүлэх гэсэн хоёрхон л боломж байна.

Гэвч түүний гэр бүлийн гишүүн, төрөл саданд өөрийнх нь эрх ашгийг шүүхэд хамгаалчихаар хэмжээний компьютерийн мэдлэгтэй хүн байхгүй, мөн компьютерийн талаар сайн мэдлэгтэй бөгөөд санаанд нь нийцсэн өмгөөлөгч олдохгүй, олдсон ч өмгөөлөгчийн ажлын хөлс нь маш өндөр учир тэрээр төлөх боломжгүй байв.

Одоо түүнд эрх ашгаа хамгаалах бас нэг арга бий. Тэр нь шинжээч томилуулах явдал боловч шинжээч бол түүний эрх, ашгийн төлөө биш, харин хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг бий болгох үүднээс тодорхой нэг дүгнэлт гаргадаг билээ. Энэ тохиолдолд иргэн Б өөрөө компьютерийн мэдлэг муутай учир шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эсэхийг үнэлж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах, эсвэл шүүх хуралдаанд шинжээчийг дуудаж, түүнд мэргэжлийн асуулт тавих зэргээр эрх, ашгаа хамгаалах шаардлага гарч ирж байна.

Харин түүнд компьютерийн программ, техник хангамжийн инженер мэргэжилтэй найз байдаг бөгөөд уг найзаараа шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр тохиролцож, түүнд итгэмжлэл олгох гэтэл иргэн Б-д хууль зүйн тийм боломж алга байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт түүнд тийм боломж олгоогүй байгаа бөгөөд энэ нь иргэн Б-гийн хууль ёсны эрх, ашгийг шууд зөрчиж байна.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт: “…Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Иргэн хүн энэхүү эрхээ эдлэх эсэх нь түүний хүсэл зориг, үзэмжийн асуудал билээ. Хэрэв иргэн энэ эрхээ эдэлж, өөрийнхөө зөрчигдсөн болон зөрчигдөх гэж байгаа эрх ашгаа хамгаалуулахаар өргөдөл, гомдол гаргаж болох ба энэ тохиолдолд хууль зүйн бүхий л бололцоог ашиглах боломжтой байдаг.

Тэрхүү боломжуудын нэг нь бусдаар өөрийгөө төлөөлүүлэх явдал бөгөөд төлөөллийн талаархи үндсэн харилцааг Иргэний хуулийн 62-70 дугаар зүйлүүдээр зохицуулдаг билээ.

Төлөөллийн талаархи уг зохицуулалт нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар: “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж төлөөллийн харилцаа үүсэх үндэслэлийг заажээ.

Харин уг хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно” гэж заасан бөгөөд уг заалтын агуулгыг үзвэл аливаа хүн /төлөөлүүлэгч/ иргэний эрх зүйн зарим чадамжтай болон иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс бусад хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж болохоор байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг тодорхойлсон байна.

Ер нь аливаа төлөөллийн харилцаа нь Иргэний хуульд заагдсан дээрхи зохицуулалтын хүрээнд явагдах учиртай. Хэдийгээр салбар эрх зүйн онцлог гэж байх боловч шүүх иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа л юм бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд төлөөллийн харилцааг зохицуулахдаа Иргэний хуульд заасан төлөөллийн талаархи үндсэн зохицуулалтыг хэт явцууруулж тусгах ёсгүй билээ.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн болон Иргэний хуулийн төлөөллийн талаархи үндсэн зарчмыг гажуудуулж байна гэжээ. Өргөдөл гаргагч цааш нь тайлбарлахдаа:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: “…Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …өөрийгөө өмгөөлөх, …хууль зүйн туслалцаа авах, …шүүхээр шүүлгэх, …хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй” гэж заасан.

Энэ эрхүүдийг авч үзвэл:

“…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шүүхээр шүүлгэх…” эрхүүдийн агуулгад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах болон шүүхээр шийдвэрлүүлэхдээ өөрийн эдэлж болох жам ёсны бүхий л эрхүүдийг эдэлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах явдал багтах учиртай. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь иргэнийг гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн бус, түүнчлэн өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлж шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг явцууруулж, хязгаарлаж байна.

“…өөрийгөө өмгөөлөх…” эрхийн хувьд иргэн өөрийнхөө эрх, ашгийг хамгаалахдаа өмгөөлөгч авч ч болно, авахгүй ч байж болно. Энэ бол түүний үзэмжийн асуудал юм. Иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлж буй иргэн өмгөөлөгч авахгүй гэж үзэн, өөрийгөө өмгөөлж, өөрийнхөө эрх ашгийг өөрөө хамгаалж болох бөгөөд энэ эрх нь тухайн хэрэг, маргаанд уг иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өөрийн итгэл хүлээсэн, эрх ашгийг нь хамгаалж чадах хүнээр өөрийгөө төлөөлүүлж, шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх байдлаар илрэх ёстой гэж бодож байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэнийг өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхдээ нэг бол гэр бүлийн болон төрөл садангийн хүнээр төлөөлүүл, эсвэл заавал өмгөөлөгчөөр төлөөлүүл, өмгөөлөгч ав, өөр сонголт, боломж байхгүй гэсэн агуулгатай байгаа бөгөөд энэ нь иргэн хүний “өмгөөлөгч авах эсэх эрх”-ийг өмгөөлөгч зайлшгүй авах үүрэг болгосон шинжтэй заалт болжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх” гэсэн эрхийг зөрчиж байна.

“…хууль зүйн туслалцаа авах…” эрхийн илрэх хэлбэрүүдийн нэг нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн иргэн итгэл хүлээсэн, мэргэжлийн хүнээр өөрийгөө төлөөлүүлэх хууль зүйн боломжтой байх явдал юм.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэн мэргэжлийн хүнээс буюу бусдаас /өмгөөлөгчөөс биш/ “хууль зүйн туслалцаа авах эрх”-ийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг мөн.

“…хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох…” эрхийн хувьд авч үзвэл тухайн иргэн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох эрх эдлэхийн хувьд тийнхүү оролцох эсэх нь бас л түүний үзэмжийн асуудал билээ. Хэрэв тухайн иргэн иргэний хэргийн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох боломжгүй, шаардлагагүй гэж үзвэл оролцохгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд эрх ашгийг нь хамгаалж чадах хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж, шүүх ажиллагаанд оролцуулж болох билээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь хэрэг, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж буй тухайн иргэнд хоёрхон сонголт олгосон бөгөөд тэдгээр нь өмнө дурдсанчлан: “гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх” байдлаар тусгагдсан нь агуулгын хувьд хэрэв тухайн иргэн дээр дурдсан 2 сонголтыг хэрэглэхгүй гэж шийдвэл түүнд шүүх хуралдаанд өөрөө биеэрээ оролцох ёстой болох /нөгөө эрх нь бараг үүрэг болж хувирсан/, эсвэл шүүх ажиллагаанд болон хуралдаанд биеэрээ оролцохгүй гэвэл эрх ашгаа хамгаалж чадахгүй болж, нэхэмжлэл нь шүүхээс буцаагдах нөхцөл байдал бий болж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг гажуудуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэжээ.

Өргөдөл гаргагч цааш нь өгүүлэхдээ:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалтын агуулгад иргэний хэргийн шүүх ажиллагаанд тухайн иргэн өөрийгөө иргэний эрх зүйн зарим чадамжтай болон иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс бусад хэнээр ч төлөөлүүлж, эрх ашгаа хамгаалуулж болох тийм хууль зүйн орчин, баталгааг бүрдүүлэх үүрэгтэй байх явдал хамаарагдана. Түүнчлэн “…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна…” гэсэн заалт нь тухайн иргэн өөрийн хэрэг, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, өмгөөлөгчөөр болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадах бусад этгээдээр тус тус өөрийгөө төлөөлүүлж болох боломжийг өөртөө агуулсан маш өргөн хүрээтэй ойлголт билээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуулийн дээр дурдсан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн…баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн үүрэг бүхий заалтыг хэрэгжүүлэхэд дөхөм болох биш харин эсрэгээр нь буюу “хүний төлөөлөх, төлөөлүүлэх эрх”-ийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ.

Өргөдөл гаргагч ийм үндэслэл, тайлбаруудыг дурдаад хүсэлт болгохдоо:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: “Ардчилсан ёс … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож өгнө үү.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэр бүхий заалт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн холбогдох заалтууд, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Өргөдөл гаргагч өөрийн 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гарөгасан өргөдөлдөө 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт хүсэлт тайлбар гаргасан байна. Түүнд бичихдээ:

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн давах, хяналтын шатны хурлын хэргийг зохицуулсан заалтуудад хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа үед асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан атлаа ганцхан иргэний хэсгийг анхан шатаар 3 шүүхийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж буй үед 3 өөр санал гарвал даргалагчийн саналаар шийднэ гэж заасан нь энэхүү заалт буруу бөгөөд Үндсэн хууль зөрчиж буйг давхар нотолж байна гэжээ.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийг мөн зөрчиж байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал… аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт юм.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн нь эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхдээ зөвхөн хоёрхон арга замыг ашиглах эрхийг нь олгосон тухай өмнөх өргөдөлдөө дурдсан билээ.

Харин эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй байгаа юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заажээ.

Энэ заалт ёсоор бол хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд нь тухайн хуулийн этгээдэд ажилладаг албан тушаалтан байж болно, эсвэл уг хуулийн этгээдийг төлөөлөх эрх олж авсан хэн ч байж болохоор байна. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн удирдлагаас төлөөлөх эрхийг олж авсан аливаа хүн байж болно.

Гэтэл иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй хэрнээ хуулийн этгээдэд, албан тушаалтанд тийнхүү өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө /хуулийн этгээдийг/ төлөөлүүлэх боломжийг олгож байгаа нь иргэнийг албан тушаалтнаас доогуур тавьж, хууль, шүүхийн өмнө ялгаварлан гадуурхаж байна.

-Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд… төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж төрийн байгууллага, албан тушаалтанд өмгөөлөгч бус хүнээр /прокуророор/ эрх ашгаа хамгаалуулж болохоор заасан хэрнээ иргэн хүнд өмгөөлөгч бус хүнээр эрх ашгаа хамгаалуулах боломжийг олгоогүй байгаа нь бас л иргэний албан тушаалтнаас доогуур тавьж, хууль, шүүхийн өмнө ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг билээ гээд, иймд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн заалтыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Энэ өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тухай УИХ-д мэдээлж өргөдлийн хувийг хүргүүлснээр УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Долгор томилогдож, тэрээр Цэцэд энэ асуудлаар тайлбараа ирүүлсэн байна. Энэ тайлбарт дурдахдаа:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох, мөн зүйлийн 4 дэх хэсэгт: эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлж болох тухай заажээ. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх төлөөлөгчийг оролцуулж байгаа институт нь хоёр талтай.

Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээдэд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалахад тусалж байна. Хоёрдугаарт, хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоох, түүнийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шүүхэд тус дөхөм болж байгаа билээ. Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байх ерөнхий зарчим энэхүү хуульд тусгагдаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчөөс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.

Мөн дээр дурдсан хуульд 18 насанд хүрээгүй этгээд, эсхүл эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, чадамжгүй этгээд төлөөлөгчөөр оролцож болохгүй талаар хуульчилсан юм. Ийнхүү эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхөд нэгдүгээрт, гэр бүлийн гишүүн, төрлийн эсхүл садангийн хүн нь сайн дураараа оролцоно, хоёрдугаарт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр төлөөлж болно.

Үүнээс гадна эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн үндсэн дээр хамгаалуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгч-иргэнээр төлөөлүүлнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-д заасанчлан иргэн өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь тухайн хэрэгтээ төлөөлөгчийг давхар оролцуулах эрхийг нь хязгаарлаагүй болно. Энэ нь Иргэний хуулиар тогтоосон төлөөллийн ерөнхий зарчим, агуулгад нийцэж байгаа юм. Иймд 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан заалтыг явцуу утгаар нь тайлбарлан ойлгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн заалт нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн талаар заасан гэж үзэж байна.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …өөрийгөө өмгөөлөх, …хууль зүйн туслалцаа авах, …шүүхээр шүүлгэх, …шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй тухай заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн үг билээ.

1994 оны 5 дугаар сарын 9-ны өдөр баталсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн /одоо хүчингүй болсон/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад энэ асуудлыг хуульчлан тогтоож байсан болно.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

“Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн Үндсэн хуулийн энэ заалт нь шүүхээс аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ бүрэлдэхүүнээр буюу хэд хэдэн шүүгч хамтран хянан хэлэлцэж байх асуудлыг хуульчилсан гэж үзэж байна.

Харин ийнхүү хэрэг, маргааныг хамтран хянан хэлэлцсэн шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.3-т заасны дагуу олонхийн саналаар шийдвэрээ гаргана. Харин 3 шүүгч гурван өөр саналтай байгаа тохиолдолд гарах нэг гарц болгон шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргахаар 114.4 дэх заалтыг хуульчилсан билээ. Иймд хуулийн дээр дурдсан заалт нь Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох Цэцийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ өргөдөлд бичсэн хүсэлт, тайлбар, үндэслэлүүдээ дэмжиж байгаагаа илэрхийлээд өргөдлийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хүсье гэв.

Хуралдаанд оролцсон УИХ-ын төлөөлөгч Б.Долгор өргөдлийг хүлээж аваад Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбараа тодруулан дэлгэрүүлж ярив. Ингэхдээ өмнө гаргасан тайлбартаа нэмэлт болгон хэлэхдээ:

-Шүүх хамтын журмаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг нь хэргийг хэд хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, хуралд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулж хэлэлцэж буй асуудлаар тэдний санал бодлыг авч шийдвэрт тусгах агуулгыг гол нь илэрхийлж байгаа юм. Үүнийг шийдвэр гаргахдаа зөвхөн олонхийн саналаар гаргана гэсэн утгаар тайлбарлах нь өрөөсгөл зүйл болно гэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-д өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэсэн заалт нь Үндсэн хуульд заасан иргэн хүн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлэхдээ аль болох мэргэшсэн, энэ асуудлыг эрхэлдэг хүнээс авах нь зохимжтой, ингэвэл ажил хэрэгч, эрхээ хамгаалж буй иргэнд ч илүү тустай, үр дүнтэй гэсэн агуулгаар бичигдсэн зүйл юм. Ингэж хуульд бичигдснээр иргэний эрх, эрх чөлөө хязгаарлагдаад, Үндсэн хууль зөрчигдөөд байна гэж үзэх үндэс байхгүй гэв.

Маргагч талуудын тайлбар, үндэслэл, бусад холбогдох баримт бичиг, материалыг хянан үзээд гаргасан дүгнэлтийн ҮНДЭСЛЭЛ:

Маргааны I хэсгийн талаар:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийднэ” гэж заасан нь 3 буюу түүнээс дээш бүрэлдэхүүнээр асуудлыг шүүх авч хэлэлцэж шийдвэрлэхдээ 1 хүний саналаар биш, оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэсэн утгыг тодорхой илэрхийлсэн байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс ….нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь аль ч төрийн байгууллага асуудлыг хянаж шийдвэрлэхдээ ганцаар захирах, шийдэх ёсыг бус олонхийн саналыг харгалзаж, түүнд үндэслэж асуудлыг шийдэх зарчмыг баримтлах санааг илэрхийлсэн байна. Олонхийн саналаар асуудлыг шийдэх энэ зарчим маргаантай хэрэг, асуудлыг таслан шийдвэрлэдэг хараат бус, шудрага шүүхийн үйл ажиллагаанд бүр ч тод томруунаар илэрч байх учиртай.

3.Олонхийн зарчмаар асуудлыг ийнхүү шийдэх энэхүү зарчим Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зэрэг процессын бүх хуулиудад тодорхой тусгагджээ. Энд хэлэлцэж буй маргааны зүйл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн тухайд гэхэд л энэ зүйлийн 3-т “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж шууд, тодорхой хэлсэн атлаа мөн тэр дороо энэ зүйлийн 4-т: “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргана…” гэж зааж агуулгын илэрхий зөрчил гаргасан байна.

Мөн Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана” гэсэн нь хууль тогтоогч Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлогдсон “хамтын зарчим” гэсэн ойлголтын гол агуулга нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн утга гэдгийг салбар хууль гаргахдаа тодруулан зааж өгчээ гэж ойлгогдож байна.

Эдгээрээс үзвэл хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх үед 3 өөр санал гарсан бол хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсгийн агуулга, олонхийн саналаар шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн нь харагдаж байна.

Маргааны II хэсгийн талаар:

4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж Иргэний хэргийн байцаан шийтгэх ажиллагааны төлөөлөлтийн хэлбэрийг тоочиж тодорхойлохдоо төлөөлөлтийн зарим боломж, хэлбэрийг орхигдуулж явцууруулсан тал харагдаж байгаа боловч үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Иргэн П.Баттогтох өргөдөлдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалт; Арван зургадугаар зүйлийн 12, 14 дахь хэсгийн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хүлээж авах боломжгүй байна.

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж байхад 3 өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх, хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.РЭНЧИН

Н.ЧИНБАТ

Ч.ДАШНЯМ

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН Д Ү Г Н Э Л Т
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 114 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/