Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ /ХОЙШИД ИХШХШ ГЭХ/ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ /ХОЙШИД ИХШХШ ГЭХ/ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ  /дүгнэлт/

2003. 04.30 Улаанбаатар хот





Дугаар 01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн В.Удвал, Ц.Сарантуяа, Ч.Дашням, Л.Рэнчин /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.
Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Баттулга, өргөдөл гаргагч иргэн Н.Хайдав нар оролцлоо.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ТЕГ-ын 50-2-24 тоотод оршин суух иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“1.2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 1,2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт мөн хуулийн 170 дугаар зүйл 170.3 заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйл 1, 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2.ИХШХШ тухай хуулийн 31.1 заалтад тусгагдсан төрийн ашиг сонирхол гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудын ашиг сонирхол хөндөгдсөн байж болох ойлголт хамрагдах бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны талаарх асуудал хөндөгдөж байгаа нь тэдгээрт ажилладаг ажилтан, албан тушаалтан /иргэд/ нарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байх нь тодорхой. Тийм нөхцөлд тухайн ажилтан, албан тушаалтан шүүхийн өмнө бусад иргэний адил эрхтэй байхыг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтаар баталгаажсан бөгөөд үүнд хөндлөнгийн оролцоо байж болохгүйг Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар хориглосон болно.
Төрийн байгууллагын /хэн нэгэн албан тушаалтны/ хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн прокурорын байгууллага хөндлөнгөөс оролцох нь прокурорын хяналтыг үгүйсгэж албан тушаалтны төлөөлөгч болж Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна.
3.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйл 170.3 заалтаар иргэний цаашид гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шүүх, шүүгчийн гаргаж болох /хуулийг буруу хэрэглэсэн, бусдын нөлөөнд автсан гэх мэт/ алдаатай шийдвэрийг хянах боломжийг хааж иргэдийг хохироох, чирэгдүүлэх нөхцлийг бий болгож байна. Ийнхүү хүний эрхийг хязгаарлаж буй нь шүүхийн анхан шатанд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, итгэл үнэмшилтэй байх, цаашид төрийн байгууллага /шүүх/, албан тушаалтанд хандах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14; Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1, 170 дугаар зүйл 170.3 заалтуудыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэн Н.Хайдав уг өргөдлийнхөө дагуу гаргасан нэмэлт тодотгол, тайлбартаа:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /ИХШХШ/ Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл 16.1 “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэнэ”. 16.2 “Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо ИХШХШ хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”. 16.6 “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй” хэмээн зааж баталгаажуулсан байна.
Миний бие Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөх улс нийгмийн /төрийн/ өмч хөрөнгөнд багагүй хохирол учрах зэргээр хууль зөрчигдөх нь төрийн ашиг сонирхол хохирох гэсэн ойлголтонд хамрагдана гэж үзэж байгаа бөгөөд прокурорын байгууллага, прокурор аль нэг байгууллага албан тушаалтны хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн өмгөөлөн хамгаалах үүрэгтэйгээр бус харин иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, улс нийгэмд учирсан хохирлыг арилгуулах гэх мэт хуулийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчээр оролцож болохыг үгүйсгэхгүй байгаа болно.
Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэн прокурор төрийн байгууллагын /албан тушаалтан/ хүсэлтээр тухайн байгууллагыг төлөөлөн өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэн оролцох нь ИХШХШ хуулийн 36 дугаар зүйл 36.5.3 “Өөрөө иргэнийхээ хувьд түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд ...прокурор ...” оролцож болохгүй гэсэн заалттай зөрчилдөж байгаагийн зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг төрийн байгууллага /албан тушаалтан/-д олгож байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл 1.2 “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахгүй байх”, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 “төр, ...бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хууль хяналтын байгууллага мөний хувьд иргэний хэрэгт маргалдагч талуудын нэгний нь /төрийн байгууллага, албан тушаалтны/ эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчийн бүрэн эрхтэйгээр оролцуулахаар хуульд заасан нь прокурорын зүгээс хяналтын үүргээ биелүүлэх боломжгүй болж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна.
Дээрх байдлаас дүгнэн үзээд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 2; Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн ИХШХШ хуулийн 31 дүгээр зүйл 31.1 прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1, 16.2, 16.6 заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
2.ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1 “шүүхэд харьяалагдахгүй”, 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь мөн хуулийн 10 дугаар зүйл 10.6 “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй”, 65.1.3 “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэсэн заалтуудтай давхардан зөрчилдөж эдгээрээс өөр шүүхэд үл хамааран, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох мэт ойлголтыг агуулж байгаа болон анхан шатны шүүхээс нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан гэж үзэж хянуулан засуулах хүсэлтэй байгаа нэхэмжлэгч гомдол гаргагчийн эрхийг хязгаарлан байгууллага, иргэдийг чирэгдүүлэн хохироож, хэрэг маргаан шийдэгдэхгүй байж болохоор байгаа юм.
Иймээс ИХШХШ тухай хуулийн 65.1.1 заалт, 65.1.6-ийн “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, 14 дэх хэсгийн “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Дөчин долдугаар зүйл 1 “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна гэж үзэж ИХШХШ тухай хуулийн 65.1. заалт, 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...”, 170.3 заалтаас 65.1.1-ийг тус тус хасч хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“1.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.1, 16.2, 16.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/-ийн 31.1-д заасан заалт нь төрийн аль нэг байгууллагад хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг олгож байна, шүүн таслах ажиллагаанд прокурор хөндлөнгөөс оролцож болно гэсний хувьд:
-Прокурор Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ хэрэгжүүлж шүүх хуралд зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр зохигч буюу тэдний төлөөлөгчөөр л, өмгөөлөгчийн эрхтэй оролцох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг зохигч нөгөөхөөсөө олон хүн оролцуулснаар давуу тал эдлэхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдэн ч өмгөөлөгч оролцож болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, ЭБШХ-ийн 39.3-д тодорхой заасан юм. Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсоноор ямар нэг давуу эрх эдлэх биш зөвхөн өмгөөлөгчийн эрхийг л эдэлнэ. Үүнийг Улсын дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан. Эдгээр нь харин ч Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн заалтыг хангаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 26.4-д “зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаан зохигчдын чөлөөтэй мэтгэлцэх зарчим”-аар явагдаж, зохигчид тэгш эрх эдлэх нөхцөл бололцоогоор хангагдаж байна. Прокурор аль нэг талыг төлөөлснөөр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш. Ингэж оролцсоноороо шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ л хэрэгжүүлж байгаа.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасан прокурорын оролцооны тухай заалт нь 36.5.3-д заасан хязгаарлалттай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудал биш, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хянан шийдвэрлэх зүйл тул өргөдөл гаргагч Улсын Их Хуралд хандах нь зүйтэй юм.
2.ИХШХШ тухай хуулийн 65.1.1, 65.1.6-д заасан заалтууд нь 10.6, 65.1.3-д заасан заалтуудтай давхардан зөрчилдөж, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох ойлголтыг агуулж байна гэсний хувьд:
-Энэ хуулийн 3.2-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулинд заасан журмууд нэгэнт хэрэгжиж байна.
ИХШХШ тухай хуулийн 170.3-д заасан заалт нь нэхэмжлэлийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж түүнийг нь давж заалдах боломжгүй болгож хэрэг шийдвэрлэгдэхгүй гэсний хувьд:
-Тухайн асуудал шүүхэд харьяалагдахгүй тохиолдолд түүнийг давж заалдах шаардлага гарахгүй, тэгээд ч хуулийн 65.2-д заасны дагуу шүүгч захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгснөөр хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсэхгүй.
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг төр энэ үүргээ зөвхөн шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй юм. Маргааныг гагцхүү шүүх л шийдвэрлэнэ гэж ойлгох нь Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааснаас өөр ойлголт юм. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтаас ч энэ нь тодорхой харагдаж байна.
Дээрх байдлуудыг харгалзан үзэж Н.Хайдавын өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.
Маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх үед талууд урьд ирүүлсэн үндэслэл, тайлбараа дэмжиж мэтгэлцээн явуулж нэмэлт тодотгол, тайлбар өглөө. Тухайлбал, өргөдөл гаргагч Н.Хайдав хуралдаанд хэлэхдээ:
Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бол прокурор нэг хурал дээр нэг болохоороо өмгөөлөгч болж, нөгөө болохоороо төрийг төлөөлсөн прокурор болж хувьсаж болохоор тодорхойлсныг би ер ойлгохгүй байна. Прокурор, өмгөөлөгч хоёр аль аль нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь дээр төрөөс тогтоосон хууль цаазын үндсэн дээр өөр, өөрийн өвөрмөц эрх, үүрэгтэй, онцлог статустай. Ингэж хольж болдог юм уу. Нэртэйгээр нь тэгвэл өмгөөлөгч прокурор гэдэг албан тушаал гаргавал яасан юм бэ? Төр гэдэг чинь ерөнхий ойлголт. Тэгэхлээр иргэн төртэй заргалдана гэвэл байгууллагатай л заргалдана гэсэн үг. Тэгээд бас байгууллагатай заргалдана гэдэг чинь “байшинтай” заргалдахгүй, тэр байгууллагын албан тушаалтантай заргалдана гэсэн үг. Ингэхлээр прокурор төрийг өмгөөлж хуралд оролцоно гэдэг чинь эцэстээ аль нэг тодорхой албан тушаалтныг өмгөөлнө гэсэн үг. Ингэхээр шүүхийн өмнө очиж байгаа албан тушаалтан, иргэн хоёр тэгш бус байдалтай болж байна. Яагаад гэвэл албан тушаалтан болохоор үнэгүй /хөлс авдаггүй/, бас цол хэргэмтэй, төрийн том албан тушаалтан болох прокуророор өмгөөлүүлдэг, иргэн болохоор хөлс төлж жирийн өмгөөлөгч авдаг. Ийм байж яаж болох вэ?
Нөгөө талаар аль нэг талыг өмгөөлж хуралд орсон прокурор чинь төрийн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ умартана, ер нь хяналт тавих ёс суртахууны эрхгүй болно. Асуудалд шударга, голчоор хандах нөхцөл ч алга болно. Энэ бол аюултай.
Би өргөдөлдөө дурдсан бүх шаардлага дэмжиж байна. Алиныг нь ч татаж авахгүй. Бүхэлд нь хэлэлцэж шийдэж өгөхийг хүсье гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар хэлэхдээ:
Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд прокурор өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ гэж заасан нь шүүх хуралд оролцсон прокурор төр гэж давамгайлахгүй, прокурор гэж давамгайлахгүй, хурлын бусад оролцогчдын л нэгэн адил, тухайлбал жирийн өмгөөлөгчийн л нэгэн адил эрхтэй оролцоно гэсэн санаа юм. Энэ нь харин тэгш бус байдлыг бий болгох биш, тийм байдлыг арилгаж байгаа юм. Харин ч прокурорын нэр хүнд, эрх дархыг хумьж байгаа юм. Иймд “шүүхийн өмнө бүгд тэгш” байх Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй.
Шүүх хуралд прокурор төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан. Тэгэхлээр төрийн байгууллагыг төлөөлнө гэдэг ч Үндсэн хууль зөрчөөгүй. Төлөөлөхгүйгээр яаж төрийн нэрийн өмнөөс оролцох юм бэ?
ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт хийсэн нь буруу биш. Шүүхээс гарч буй шийдвэрийн төрөл, утга агуулгаас үндэслээд давж заалдаад байх шаардлагагүй олон зүйл бий. Тэднийг л 170 дугаар зүйлийн 3-д нэрлэсэн. Иймд үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл муутай гэлээ.
Маргааныг хянан хэлэлцээд гаргасан дүгнэлтийн үндэслэл:
1.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д шүүхээс нэхэмжлэлийг хянах явцад гаргасан зарим тогтоол, захирамжийг давж заалдах гомдол гаргаж болохгүйгээр хуульчлан заажээ. Тухайлбал, Арбитрт харъяалагдах хэрэг байна гэж буцаах /20.2/; нотолгооны ач холбогдолгүй хамааралгүй, эсвэл нууцад хамаарагдах зүйл гэж баримт сэлтийг нотлох баримтаас хасах, шаардан авахаас татгалзах /38.9/; шүүхэд болон тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1, 65.1.2/; шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.3/; тухайн асуудлын талаар урд нь шүүх арбитрын шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.6/; маргаж байгаа зүйлийн талаархи хэргийг өөр шүүхэд шийдвэрлэж байгаа, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.7, 65.1.8, 65.1.9, 65.1.10/ зэрэг тогтоол захирамжийг давж заалдахгүй гэж хуульчилсан нь шүүх, шүүгч эдгээр асуудлаар алдах ёсгүй, цаашид дахин ярих шаардлагагүй гэсэн утга аястай болжээ. Гэтэл алдаагүй, ямагт зөв шийддэг асуудал гэж байдаггүй.
Нөгөө талаар шүүхийн ямар ч шийдвэрийг зохигчид хэрэв хүсвэл давж заалдах, дахин хянуулах зарчим зохигчдын хувьд үргэлж нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл юм. Чухамхүү давж заалдах зарчим чөлөөтэй хэрэгжсэнээр шүүхийн шийдвэрийн үнэн зөв байх нөхцөл бүрэлдэнэ. Энэ ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд иргэд асуудлаа “шударга шүүхээр шүүлгэх”, “шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн ойлголтуудыг иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний томоохон үзүүлэлт болгож оруулсан гэж үзэж болно. Энэ үүднээс авч үзвэл өргөдөл гаргагчийн эдгээр асуудлын талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д прокурор иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурорын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тоочиж тодорхойлсон. Тухайлбал энд зааснаар прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох л үндсэн эрх үүрэгтэй гэж ойлгож болно. Тэгэхлээр “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэсэн нь Үндсэн хуульд томъёолсон прокурорын эрхийг хэт өргөжүүлэн үндэслэл муутай тайлбарлаж хуульчилсан байна. Прокурор шүүх хуралд оролцохдоо прокурорынхоо л эрх үүргийг оролцогчийн хувьд эдлэхээс биш /оролцогчийн эрх үүрэг буюу ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх гэдэг нь нээлттэй бөгөөд энэ тухай прокурорын байгууллагын тухай хуулинд ч заачихсан байгаа/ аль нэг өөр оролцогчийн, тухайлбал өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэх нь зохимжгүй юм. Учир нь ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд хуралд оролцсон прокурорт хэрэгтэй байж болох бүх эрх, үүрэг хуульчлагджээ. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны 2 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 3-д “Өмгөөллийн тухай хуулийн 16.3 дугаар зүйлд прокурор ажлаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул прокуророор ажиллаж байх үедээ Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийн бүрэн эрхийг эдлэхгүй” гэж заасныг энд анхаарч үзэх нь зүйтэй байна.
3.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д: “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй” гэж заажээ.
Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцоно гэж заасан нь прокурорын үйл ажиллагааны нэг гол чиг үүргийг тодорхойлжээ. Иймээс энэ чиг үүргийг биелүүлэхээс татгалзаж болохгүй тухай прокурорын хуульд тодотгож заасныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
4.ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1, 65 дугаар зүйлийн 1, 6-д зааснаар шүүгч иргэний нэхэмжлэлийг хянаж үзээд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх асуудал шүүхэд харъяалагдахгүй буюу эсвэл уг асуудлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж урьд нь гарсан байвал хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж шийдвэрлэх нь буруу биш. Учир нь:
а/ шүүхэд харъяалагдахгүй асуудал, гомдол, санал гэж байдаг бөгөөд бүх зүйл, маргаан бүр зөвхөн шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэх боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн нь маргасан, эргэлзсэн, гомдсон бүх зүйлийг шүүхээр “таслаж өгнө” гэсэн ойлголт биш юм.
б/ тухайн тодорхой нэхэмжлэлийг урьд нь хүлээж авахаас татгалзсан захирамж байгаад тэр нь хүчин төгөлдөр байгаа үед хүлээж авахаас татгалзах захирамж дахин гаргах нь иргэний өргөдөл гомдлыг шүүх ерөөсөө авч хэлэлцэхгүй орхиж байгаа хэрэг биш бөгөөд авч үзээд хуулийн дагуу шийдэж байгаа нэг хэлбэр юм. Нэхэмжлэлийг “хүлээн авахаас татгалзах” гэсэн нь байцаан шийтгэх ажиллагааны өвөрмөц хэллэг /томъёолол/ болохоос биш “шүүхийн хаалгаар битгий оруул” гэх маягтай утга биш юм. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгч захирамж гаргаж байгааг иргэний төрийн байгууллагад гомдол гаргах Үндсэн хуулийн эрхийг хязгаарлаж байна, төр иргэдийн гомдлыг шийдвэрлэх Үндсэн хуулийн үүргээ биелүүлээгүй байна гэж ойлгож болохгүй. Иймд энэ асуудлын талаар гаргасан өргөдөл гаргагчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
5.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заахдаа: энэ хуулийн ... 74, 75, 76, 106.5 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргаж болохгүй гэсэн нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэх үндэслэл харагдахгүй байна. Учир нь эдгээр зүйл нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан бөгөөд хэргийн зохигчид буюу гол оролцогч нэхэмжлэгч, хариуцагчид эвлэрэн хэлэлцэж, тохирсон тохиолдолд гарах тогтоол, захирамжийн тухай заажээ. Нэгэнт зохигчид бүгд эвлэрч тохирсон, хариуцагч үүргээ сайн дураараа биелүүлсэн бол шүүхийн энэ эвлэрлийг баталгаажуулсан тогтоол шийдвэрийг давах асуудал гарахгүй бөгөөд тэгэхээр аливаа хууль, тэгэх тусмаа Үндсэн хууль зөрчсөн асуудал энд яригдах учиргүй нь ойлгомжтой байна.
ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д: энэ хуулийн ...129, 130 дугаар зүйлүүдэд заасан тогтоол, захирамжид гомдол гаргаж болохгүй гэжээ. 129, 130 дугаар зүйлд шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг хуульчилж өгсөн байна. Энэ нь хэргийг эцэслэн шийдэж байгаа биш, шийдэхийн өмнө насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх, зохигчдын эвлэрлийн талаар хугацаа заах гэх мэт цаг алдалгүй авах зарим арга хэмжээг заажээ. Энэ нь түр арга хэмжээ бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэснээр дуусгавар болдог учир давж заалдаад байх шаардлагагүй юм. Иймд энд шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний Үндсэн хуулийн эрх зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
6.ИХШХШ тухай хуулийн 31.1-д : “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд тодорхойлсон “Прокурор... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн нь эрүү, иргэний болон бусад шүүх хуралд оролцож болохыг тодорхойлсон байна.
7.Үндсэн хуульд шүүх хуралд “Төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн нь нэгэн утгаараа төр, түүний байгууллагыг төлөөлнө гэсэн үг гэж ойлгон тайлбарлаж болохоор байна. Төр, түүний эрх ашиг нь төрийн тодорхой байгууллага, тэдгээрийн эрх ашгаар илэрдэг гэсэн хууль цаазын утга зохиолд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн томъёолол байдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Иймд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 1-д заасан прокурор төрийн байгууллагын төлөөлөгчөөр оролцоно гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан зүйлүүдийг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь ...зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын иргэн... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “...Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчсөн байна.
3.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д заасан: “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах эрхгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4.ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан “Шүүхэд харъяалагдахгүй”, 65 дугаар зүйлийн 1-ийн 6-д заасан “...эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй байна.
5.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “Энэ хуулийн ...74, 75, 76 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 5; 129; 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй байна.
6.ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
7.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан: “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно...” гэсэн заалт; мөн зүйлийн 2-д заасан “Прокурор энэ хуулийн 16-ийн 1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
8.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.


ДАРГА Н.ЖАНЦАН


ГИШҮҮД Л.РЭНЧИН Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Ц.САРАНТУЯА