Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙД

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  Улаанбатаар хот





Дугаар 09

Үндсэн хуулийн цэцийн харлдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Түмэн-Өлзий, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн нар оролцов.
Нэг. Иргэн М.Түмэн-Өлзий 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:
“Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Энэ хуулийн 20.1; 65.1.4, 65.1.5; 69.1; 80 дугаар зүйл; 92.4; 97.1; 100.2; 117; 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” хэмээн заажээ.
Түүнчлэн мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана” хэмээн заасан байна.
Эдгээр зүйл, заалтуудын агуулгыг авч үзвэл шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг иргэд давж заалдах эрхтэй байх талаар Үндсэн хуульд заасныг зөрчсөн байна.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээн иргэдийн эдлэх эрхийг тодорхойлон тогтоосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарсан үед уг тогтоол, захирамжийг зөвхөн тухайн шүүхэд гомдол гаргаж хянуулах бөгөөд дээд шатны, өөрөөр хэлбэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хянан шийдвэрлүүлэх иргэдийн эрхийг хязгаарлан хаасан байна.
Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцдаа ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллана гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Шүүх болон шүүгчийн гаргасан алдаа зөрчлийг тухайн шатны шүүх засахгүй байх ойлголтын үндэс нь давж заалдах болон хяналтын шатны шүүн таслах ажиллагаа байдаг бөгөөд үүнийг дээд шатны шүүх хэрэгжүүлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 /хэрэг шилжүүлэх/, 65.1.4 /нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байх/, 65.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/, 69.1 /шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах/, 80 дугаар зүйл /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/, 92.4 /татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх/, 97.1 /хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг торгох/, 100.2 /нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах/, 117 дугаар зүйл /энэ хуулийн 65.1.1,  65.1.3 -65.1.8,  65.1.10 -т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох/, 124 дүгээр зүйл /энэ хуулийн  123.1 -д заасны дагуу бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох буюу өөрчлөх/ зэрэг хуульд дурьдсан тохиолдлуудад шүүх буюу шүүгч алдаа зөрчил гаргавал /хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бусдын нөлөөнд автсан г.м/ алдаатай шийдвэрийг дээд шатны шүүх, тэр тусмаа Улсын Дээд шүүх хянах, засч залруулах боломжийг хуулиар ийнхүү хааж болохгүй.
Хоёр.Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэдгийг зааж, мөн хэсгийн 2-т “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл энэхүү заалтын утга агуулгыг алдагдуулж, Улсын Дээд шүүх нь доод шатны шүүхийн тогтоол, шийдвэрийг хянах боломжгүйд хүргэсэн заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оржээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заасан байдаг.
Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалттай шууд харшилж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг уул хэргийг хянан шийдвэрлэсэн тухай шүүх шийдвэрлэж тогтоол гаргаснаар уг тогтоол эцсийн шийдвэр болдог. Энэ байдлаараа Үндсэн хуулийн дээр дурьдсан зүйл, заалтуудтай зөрчилдөж байна.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үндсэн үүрэг нь анхан шатны болон доод шатны шүүхийн аливаа тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн захирамж, шийтгэвэр зэрэг шүүн таслах ажиллагааны актуудын хууль ёсны болон үндэслэлтэй эсэх байдлыг хянан тогтоох, нөгөө талаар иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг бүрэн хангахад оршино. Шүүхэд мэдүүлэх эрх нь анхан шатны шүүхэд төдийгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд мэдүүлэх эрхийг дотроо агуулж байдаг.
Гурав. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заасан.
Гэтэл иргэнд олгосон энэхүү эрхийг алдагдуулж шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах боломжийг зориуд хаасан байна. Шүүх аливаа шийдвэрийг иргэд давж заалдах, хянуулах боломжоор бүрэн хангагдаж, энэхүү эрхийг эдлэх явдал иргэдийн хувьд бүрэн нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны нэг гол тулгуур нөхцөл мөн хэмээн үзнэ.
Ийнхүү давж заалдах гомдол гаргах иргэдийн эрхийг хязгаарлаж буй нь анхан шатны шүүхэд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, дээд шатны шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байгаа юм.
Дөрөв.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу Шүүхийн тухай хууль 2002 онд батлагдан гарсан. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн”, түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн” гэж тус тус заажээ.
Эндээс үзэхэд иргэд шүүхийн шийдвэрийг аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах, харин хянуулах тухай гомдлыг Улсын Дээд шүүхэд тус тус гаргах ёстой бөгөөд тэдгээрийг анхан шатны шүүхэд гаргах хууль зүйн үндэслэл алга байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалт нь “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн иргэн М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө дараахь нэмэлт тайлбар хийсэн байна.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “…шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно”. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана” хэмээн тус тус заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “иргэд …шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээн заасан болно. Үндсэн хуулиар тодорхойлогдсон давж заалдах эрх нь шүүхийн шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны шүүхэд нь хандаж, давж заалдах гомдол гаргах замаар хэрэгжиж, илрэлээ олдог.
Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгын дагуу Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн”, түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн” гэж тус тус тодорхойлсон байна.
Энэ бүгдээс үзэхэд иргэд шүүхийн аливаа шийдвэр, тогтоолыг аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах, харин хянуулах тухай гомдлыг Улсын Дээд шүүхэд гаргах ёстой ажээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарсан үед уг тогтоол, захирамжийг зөвхөн тухайн шүүхэд “гомдол” гаргаж хянуулах бөгөөд дээд шатны, өөрөөр хэлбэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд “давж заалдах гомдол” гаргаж хянан шийдвэрлүүлэх иргэдийн эрхийг хязгаарлан хаасан байна. Ингэснээрээ иргэдийн давж заалдах эрхийг тунхаглан тогтоосон Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчжээ.
Шүүх болон шүүгчийн гаргаж болох алдаа зөрчлийг тухайн шатны шүүх засахгүй байх ойлголтын үндэс нь давж заалдах болон хяналтын шатны шүүн таслах ажиллагаа байдаг бөгөөд үүнийг дээд шатны шүүх хэрэгжүүлдэг.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээх иргэдэд олгосон энэхүү эрхийг алдагдуулж, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 болон 170.2 дахь заалтаар зориуд хаасан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна.
Шүүхийн аливаа шийдвэрийг иргэд дээд шатны шүүхэд нь давж заалдах, хянуулах боломжоор бүрэн хангагдаж, энэхүү эрхийг эдлэх явдал иргэн бүрийн хувьд бүрэн нээлттэй байх учиртай.
Ийнхүү давж заалдах гомдол гаргах иргэдийн эрхийг хязгаарлаж буй нь анхан шатны шүүхэд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, дээд шатны шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж, улмаар Үндсэн хуулийн агуулга, зарчмыг гуйвуулсан байна.
Хоёр. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалттай шууд харшилж байна.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг уул хэргийг хянан шийдвэрлэсэн тухайн шүүх шийдвэрлэж тогтоол гаргаснаар уг тогтоол эцсийн шийдвэр болж байгаа. Энэ байдлаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалттай зөрчилдөж байна.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үндсэн үүрэг нь анхан шатны болон доод шатны шүүхийн аливаа тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн захирамж, шийтгэвэр зэрэг шүүн таслах ажиллагааны актуудын хууль ёсны болон үндэслэлтэй эсэх байдлыг хянан тогтоох, нөгөө талаар иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг бүрэн хангахад оршино.
Гурав.Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр шүүхэд хандаж гаргасан өргөдлийг “гомдол” гэдэг.
Давж заалдах гомдол гаргах гэдэг нь анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрсөн нөхцөлд давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий дээд шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хэлнэ.
Ийм учраас “гомдол”, “давж заалдах гомдол” хоёр нь эрх зүйн ялгаатай ойлголтууд болно. Гэтэл Үндсэн хуулиар тогтоосон давж заалдах гомдол гаргах эрхийг гуйвуулж, гомдол гаргах ойлголттой адилтган үзсэн нь буруу байна” гэжээ.
Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 137 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа :
Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн “170.1 Энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн нэг дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 /хэрэг өөр шүүхэд шилжүүлэх/,  65.1.4  /нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй байх/,  65.1.5  /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/,  69.1  /шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах/, 80 дугаар зүйл /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/,  92.4  /татгалзан гаргах эсэх асуудлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх/,  97.1  /хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гаргаж зөрчил гаргасан этгээдийг торгох/,  100.2  /нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах/,  117  дугаар зүйл /энэ хуулийн 65.1.1,  65.1.3 -65.1.8,  65.1.10 -т заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох/, 124 дүгээр зүйл /хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх /процессын/ ажиллагаа явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдон бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох буюу өөрчлөх/-д заасан шүүхийн тогтоол, захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчилсан билээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” түүнчлэн Дөчин наймдугаар зүйлийн 2-ын “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна.
Учир нь нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д болон Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасанчлан “шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ”. Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана гэж заасныг баримтлан шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан Шүүхийн тухай хууль нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуульчилсан материаллаг хууль болно. Ийнхүү материаллаг шинжтэй хуулийн тухай Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт агуулж байна.
Тэгвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ийнхүү шийдвэртэй холбогдуулан гомдол гарсан тохиолдолд түүнийг нь хэрхэн шийдвэрлэх талаархи асуудлыг зохицуулж байгаа буюу иргэний процессын хууль билээ.
Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх хэсгийн дээрхи заалтад дурдсан гомдол нь дээд шатны шүүхэд хандаж гаргадаг давж заалдах болон хяналтын шатны гомдол биш болно. Учир нь түүнд иргэний процессын шинжлэх ухаанд шүүхээс иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүхэд, эсхүл хяналтын шатны шүүхэд гомдлоо иргэн гаргах бүрэн эрхтэй билээ.
Тэгвэл 170.1-д заасан шүүхийн тогтоол нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагааны талаар шүүх бүрэлдэхүүнээс гаргасан анхан шатны шүүхийн хуралдааныхаас бусад, түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан баримт бичиг буюу шүүгчийн захирамж гэж тус тус ойлгоно.
Гуравдугаарт, 170.1 дэх хэсэгт заасан заалтын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад зүйл, заалттай нийцэж байгаа билээ. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх талаархи шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай холбогдсон гомдлоо тухайн шатны шүүхэд гаргаж байх, мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасанчлан хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдон бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөрчлөх, эсхүл хүчингүй болгож байхыг хуульчилсан байдаг.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлж ирсэн хугацаанд нарийвчлан зохицуулах шаардлагатай болсон юм. Иймд Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр баталжээ.
Ийнхүү хуулийн дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 65.1.10, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлээс гадна 38.9, 65.1.1-65.1.3, 65.1.7, 65.1.8 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж байхаар нэмж өөрчлөн найруулав.
Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээр дурдсан 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон болно.
Гурав. 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 170 дугаар зүйлд “ИХШХШТ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, улмаар энэ зүйлийн 2, 3, 4 дүгээр заалтууд хүчингүй болж, харин 170.1 дүгээр заалт доорх агуулгатай болжээ:
“170.1. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно”
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хуулийн энэ зүйлд өөрчлөлт оруулах болсон шалтгаан дээрх зүйлд шүүхийн зарим тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргаж болно гэж, заримд нь гаргаж болохгүй гэж тус тус заасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг бусад тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргаж болох эсэхийг огт заагаагүйгээр үл ойлгогдох байдал гарч, шүүхийн практик тогтворжих боломжгүй байсан явдал юм.
Харин эдгээр тогтоол, захирамж, шийтгэвэрт гомдол гаргах журам нь давж заалдах гомдол гаргах журмаас өөрөөр зохицуулагдах, гомдлыг тухайн шатны шүүхийн өөр бүрэлдэхүүн шийдвэрлэх, ийнхүү шийдвэрлэсэн тогтоол эцсийнх байх зэрэг зарчмын ойлголтууд нэмэлт, өөрчлөлт орсон хуульд хэвээр үлдсэн тул хүчин төгөлдөр хуульд тусгагдсан дээрх зохицуулалтын талаар тайлбар хийх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд тухайн иргэний хэрэгт хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааныг шийдвэрлэхээс өмнө хэрэгжлээ олж, дуусгавар болдог юм.
Эдгээр тогтоол, захирамж, шийтгэвэрт гаргаж буй гомдлыг шүүхийн шийдвэрт гардаг давж заалдах гомдолтой адил гэж үзэх үндэсгүй юм.
Энэ гомдол нь шүүхэд үүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн байдалд биш харин шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай, шийдвэр гаргахаас өмнө урьдчилан явуулсан шүүхийн ажиллагаанд гардаг болно.
Тухайлбал, шүүхийн харьяалал зөрчсөн, эсхүл тухайн хэргийг бодитой шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөр шүүхэд хэргийг шилжүүлэх /20.1/, нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримтыг хэргийн баримтаас хасах /38.9/г, хуульд заасан тодорхой үндэслэлээр иргэний хэрэг үүсгэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1-65.1.8, 65.1.10/, нэхэмжлэгчийн хүсэлтээр ирээдүйд гарах шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах /69.1/, шүүгч болон шүүх хуралдааны зарим оролцогчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх /92.4/, шүүх хуралдаан дээр зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулах /97.1/, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах /100.2/, хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх /80 дугаар зүйл/, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шалтгаан илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгох /117 дугаар зүйл/, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид илэрхий алдаа байсныг тухайн шүүх бүрэлдэхүүн, эсхүл шүүгч залруулах /124 дүгээр зүйл/ зэрэг ажиллагаа нь шүүхэд үүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэдэггүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодорхойлдоггүй, хэн нэгний гэм бурууг тогтоодоггүй, эрх зүйн маргааныг тасалдаггүй болно.
Шүүх хуульд заасан дээрх бүх актуудаар шүүхэд хандсан этгээдийн маргааныг шийдвэрлэж байгаа биш харин тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажиллагааг явуулж байгаа юм.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоног”-ийн дотор анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Шаардлагатай зарим тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоног сунгах боломжтойгоор мөн зүйлийн 71.2-т заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт давж заалдах гомдлыг хуульд заасан 14 хоногийн дотор гаргаж, түүнийг давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор хэлэлцэж, уг шүүхээс гарсан магадлалд 14 хоногийн дотор гомдол гаргаж, хяналтын шатны шүүх мөн 30 хоногийн дотор түүнийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн тогтоолд 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хуралдаан хуралдаж, эцсийн шийдвэр гаргах хүртэлх хугацааг хамгийн багаар тооцоход 5 сар болох үндэстэй.
Энэ хугацаанд шүүхэд үүсгэгдсэн иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй, эрх зүйн маргаан таслагдаагүй, зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, хохирол арилаагүй, түүнийг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүх ямар ч ажиллагаа хийх боломжгүй хүлээж сууснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий шүүхийн байгууллага хүний эрхийн баталгаа байх үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд үндэслэлгүй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах тусгай журам тогтоосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, бодитой, чирэгдэлгүй явуулах боломжоор хангасны зэрэгцээ шүүхээс гарч буй эдгээр актад хяналт тавих боломжийг мөн бүрдүүлсэн гэж үзэж байна.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин наймдугаар зүйлийн 2-т “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” Монгол Улсын иргэний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзэж болох юм.
Үндсэн хуульд “давж заалдах эрх” гэж тусгагдсан ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “давж заалдах гомдол гаргах” гэж тодорхойлогдсон байна.
Давж заалдах эрх нь тухайн эрх зүйн маргааныг тасалж, хэргийг агуулгаар нь хянан хэлэлцэж гаргасан шүүхийн шийдвэрт хамааралтай ойлголт юм. Нөгөө талаар “давж заалдах” гэдэг нь тухайн шийдвэр гаргасан байгууллагын дээд байгууллагад хандах, тухайн байгууллагаас давуу эрхтэй байгууллагад зарга мэдүүлэх гэсэн утгатай монгол хэлний холбоо үг юм.
Энэ утгаараа шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргаж буй гомдлыг давж заалдах гомдол гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах журам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан иргэний давж заалдах эрхийг зөрчөөгүй болно. Тухайн иргэний хэргийн талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ иргэн энэ хуулийн 15 дугаар бүлэгт заасан зохицуулалтын дагуу эдлэх баталгаатай боломжийг хуулиар олгосон байна.
Түүнчлэн хуулийн 170 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “шүүхэд гомдол гаргах” эрхийг мөн зөрчөөгүй байна. Иргэн нь шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлсэн учир шүүх иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно.
Шүүхэд иргэний хэрэг үүсгэх, түүнийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь эрх зүйн нэг бие даасан салбар болох иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг харилцаа тул түүнийг шүүх зөвхөн хуульд заасан журмын дагуу явуулдаг юм. Энэ утгаараа хуулийн 170 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2-т заасан шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож буй хуулийн зохицуулалтуудын нэг юм.
Анхан шатны шүүх тухайн маргааныг тасалж, иргэний хэргийг хянан хэлэлцсэний дүнд гаргасан шийдвэрийн талаар хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүх нь уг шийдвэрийг л хянах үүрэгтэй болох нь хуулийн 15 дугаар бүлэгт туссан байна.
Харин хяналтын шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, гаргасан магадлалыг хэргийн оролцогчдын гомдлын үндсэн дээр хянах үүрэгтэй юм.
Хуулийн 170 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаагүйгээр Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1, 2-т заасан Улсын Дээд шүүхийн бүрэн эрхийг, шүүхийн эцсийн шийдвэр гаргах үүргийг хязгаарлаагүй юм. Шүүхийн эцсийн шийдвэр гаргах асуудал тухайн иргэний хэргийн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой болохоос уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хийгдэж буй шүүхийн болон шүүгчийн ажиллагаа бүрт хамааралгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хуулийн энэ зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхэд өргөдөл гаргагчийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр шүүхийн практикт онцын хүндрэл учирч байгаагүй, харин учирч байсан тодорхой хүндрэлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилгах боломжтой болсон юм” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан нь хэрэг маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг удирдлага болгон
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Энэ хуулийн 20.1, 65.1.4, 65.1.5, 69.1, 80 дугаар зүйл, 92.4, 97.1, 100.2, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсгийн “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй…”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн…”, мөн хэсгийн 2/-т заасан “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
2.2002 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон, түүнчлэн өргөдөл гаргагч нь өргөдлийн шаардлагын дээрх хэсгээс татгалзсаныг дурьдсугай.
3.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын намрын чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
                                                                                                             ДАРГАЛАГЧ                          Ж.БЯМБАДОРЖ
                                                                                                                       ГИШҮҮД                     Н.ЖАНЦАН
                                                                                                                                                               Ч.ДАШНЯМ
                                                                                                                                                              Д.НАРАНЧИМЭГ
                                                                                                                                                              Д.МӨНХГЭРЭЛ