Хэвлэх DOC Татаж авах
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ДАХИН ХЯНАН ШИЙДВЭРЛЭС

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ДАХИН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Тогтоол/

2002 оны 11 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 03

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Л.Рэнчин, Д.Чилхаажав /илтгэгч/, Н.Чинбат, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суугч Г.Алтан, Чингэлтэй дүүрэгт оршин суугч Ө.Мөнхтуяа, Баянзүрх дүүрэгт оршин суугч Д.Ламжав нарын өргөдлөөр үүссэн Компанийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв.
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргасан иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Х.Балсандорж нар оролцов.
Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
"Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйл нь ... Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйл; Арван зургадугаар зүйлийн 3, 14; Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байх тул ... энэ асуудлыг хянан шийдвэрлэж Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг хүчингүй болгож өгнө үү " гэжээ.
Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
"Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйл нь миний үзэж байгаагаар Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 3; Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна... Миний энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж,
"1.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно" гэсэн заалтын "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэснээс бусад заалт; 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөсөө хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй"; 2 дахь хэсгийн "Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй. Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ. Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна"; 3 дахь хэсгийн "Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлүүлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба түүнээс дээш хоног байхаар тогтооно"; 4 дэх хэсгийн "Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана"; 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Арван зургадугаар зүйлийн 3), 14); Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно" гэсэн заалтын "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн заалтыг зөрчиж байна.
3.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй"; мөн зүйлийн 2 дах хэсгийн "Компани болон түүний энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон өөрт учирсан хохирлыг энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 6-д заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэсэн заалт; түүнчлэн 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтуудад байгаа Компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна"; "Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.
4.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэсэн 03 дугаар дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолд:
"1.Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэснээс бусад заалт, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", мөн хуулийн 83 дугаар зүйл, 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна", "Хүнийг ... хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбямба Цэцийн хуралдаан дээр "Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн бус харин хувь нийлүүлэгчид тодорхой асуудлыг шийдвэрлэх арга замаа өөр хоорондоо харилцан тохиролцож түүнийгээ дүрэмдээ тусгах замаар цаашид тухайн асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулиар нээж өгч байгаа зохицуулалт юм.
Харин Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь хувь нийлүүлэгч тус бүр нь удирдлагаас гаргасан шийдвэр бүрийн талаар компанийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаад байх нь шийдвэр гаргах, бие даан үйл ажиллагаа явуулах зэрэгт хүндрэл үүсгэдэг тул дээрх хоёр хүчин зүйлийг тэнцүүлэх үүднээс энгийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшиж буй хувь нийлүүлэгчид энэхүү эрхийг эдлэхээр хуульчилсан юм" гэсэн тайлбар өгөв.
ҮНДЭСЛЭЛ:
Нэг. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалт; түүнчлэн 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтууд нь компанийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн компанид учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах асуудлыг зохицуулсан хэм хэмжээ байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр.Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалт, 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...болон өөрт..." гэсэн заалт, 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалт; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.
1.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр..." гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Учир нь Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалт нь гагцхүү хуулиар хязгаарлагдахаар Үндсэн хуулинд заасан иргэдийн өмчлөх эрхийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлахаар болжээ.
2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...болон өөрт..." гэсэн өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна"; 2 дахь хэсгийн "хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна" гэсэн заалт нь Компанийн тухай хуулийг бусад хуулиас дээгүүр тавьж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хууль байсан ч компанийн хуультай л харшлаагүй бол хүчин төгөлдөр байж болох мэт ойлгогдохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС:
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй"; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна гэж үзсүгэй.
2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно" гэсэн заалтын "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр... " гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн заалтыг зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
3.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...болон өөрт..." гэсэн заалтад байгаа компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна"; "Хүнийг ... хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "...болон өөрт..." гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
4.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна" гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
5.Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
6.Энэ тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Л.РЭНЧИН
Ж.БОЛДБААТАР
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ДАШНЯМ
В.УДВАЛ
Н.ЧИНБАТ
Ц.САРАНТУЯА