A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН 2007 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БҮРТ 250.0 САЯ ТӨГРӨГ ХУВААРИЛСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН Х
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2007 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2007 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БҮРТ 250.0 САЯ ТӨГРӨГ ХУВААРИЛСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

  Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

16.20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Т.Очирхүү нар оролцов.

Нэг. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт нь Засаг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл өөрсдөдөө оногдсон /хуулиар зөвшөөрөгдсөн/ эрх, үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг дээдлэн, чандлан сахих, сахиулах баталгаа гэж үзэж байна.

Энэхүү зарчмыг Үндсэн хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэгт. Нэг.Монгол Улсын Их Хурал, Гурав.Монгол Улсын Засгийн газар, Дөрөв.Шүүх эрх мэдэл хэмээн тусгайлан зааж тус бүрийнх нь эрх, үүргийг зааглан тогтоож өгсөн байна.

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалт нь төрийн эргэлт, хувьсгал гэх мэт хүчирхийллийн аргаар Засаг төрийн эрх мэдлийг булаан авсан, авахаар завдсан үйл ажиллагаанд л хамаатай мэтээр авч үзэх нь утгагүй юм. Учир нь иймэрхүү үйл ажиллагааны үр дагаварыг Үндсэн хуулийн цэц /шүүх/ хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөрөө тэрхүү хүчирхийллийн золиос болж эрх мэдлээ алдах нь ч бий, харин хянан хэлэлцэж болохуйц нөхцөл байдалд л Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн гэж үзэж байна.

D/tsets shiidver

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн /гуравдугаар зүйл/-д заасан нь зөвхөн “зэвсэглэн халдах” гэсэн утга биш, “сонгууль /санал/ луйвардах” мэт ч хамаатай.

Б.Чимид. Өнөөгийн “Улс төр хуульчийн нүдээр” номондоо дээр дурдсан гурван эрх мэдлийн аль нэг байгууллага тэдгээрийн албан тушаалтнуудаас эрх мэдлээ хэтрүүлэн бусад эрх мэдлийн эрх, үүрэгт халдан хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж болох боломжийг өөртөө бий болгосон нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломж үйл ажиллагаа, нөхцөл, байдал гэж үзэж байна.

Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батлахдаа, төсвийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд оруулах Засгийн газрын онц эрхийг зөрчин зарим гишүүд санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилан шадар сайдын багцад суулган, Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлээр захиран зарцуулах анхны санаачлага олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгармагц “зүсийг нь буруулж, зүгийг нь даялуулан” Улсын Их Хурлын гишүүдээр жагсаалт гаргуулан, сайд нарын багцад тараан байршуулах замаар биелэлээ олж батлагдсан байна.

Ийнхүү олон нийтийн төдийгүй Улсын Их Хурлын гишүүдийн хувьд ч маргаантай байсаар байгаа асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлж, Үндсэн хуулийн хүрээнд баталгаажуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Анхлан 10 саяар эхэлж, өнгөрсөн жил 100 сая, өдгөө 250 сая болтлоо өсөн, үржиж хэвийн үзэгдэл, жишиг болон тогтож Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн эрх мэдэл хуваарилсан зарчим ноцтойгоор зөрчигдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн гүйцэтгэх болон орон нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхэд халдан Улсын Их Хурлын төсвийн байнгын хороогоор хэлэлцэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт, Улсын Их Хурлын гишүүн бүрт 250 сая, бүгд 19 тэрбум төгрөгийг хуваарилан, гишүүдийн гаргасан жагсаалтаар сайд нарын багцад суулган баталсан Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр 30-ны өдрийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хэлэлцэж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийг хуваарилан салбар хариуцсан сайд нарын 2007 оны төсөвт оруулж баталсан /бүгд 19 тэрбум төгрөг/ Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг хянан хэлэлцэж, хүчингүй болгож, Үндсэн хуулийг чандлан сахиулахыг хүсье” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Т.Очирхүү нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа :

“...Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаар хавсралтад заасан 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар дараахь дэлгэрэнгүй тайлбарыг өгч байна:

1. Нэгдүгээр зүйлийн 2. “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн тухайд:

Монгол төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим нь шударга ёс юм. Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал билээ. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн энэ заалтыг гуйвалтгүй мөрдөн ажиллаж байгааг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй юм.

Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг. Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурал 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийг дээдлэн, хуулийн холбогдох заалтыг иш үндэс болгосон юм. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд энэ зүйлийн 7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэж заасан байдаг бөгөөд энэ бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал төсвийн төслийг хэлэлцэн баталсан.

Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн дор дурьдсан баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэн батална гэж заасан. Үүнд:

“33.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөвт дараахь зүйлийг тусгана:

33.2.1. улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүнийг анги бүрээр;

33.2.2. улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагын төрөл, анги бүрээр;

33.2.3. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардлыг зардлын төрөл бүрээр;

33.2.4. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр”.

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийхдээ орон нутгийн санал, ард түмний элч, иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзсан нь тэдгээрийн сонгогчдын шууд эрх ашгийг нь хамгаалах, хүн амын тоог харгалзсан нь нийт иргэдэд төсвийн хөрөнгө тэгш шударгаар хуваарилагдах зарчмаас урган гарч байгаа бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэж байгаа болно.

2. Гуравдугаар зүйлийн 2. “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг.

Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн энэ заалтад хамаарах ямар нэг үйл ажиллагаа болоогүй бөгөөд гагцхүү Үндсэн хуулиар олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна.

3. Гучин наймдугаар зүйлийн 2.2. “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Засгийн газар нь Үндсэн хуулийн энэ заалтад заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хуульд заасан тодорхой эрхийг хэрэгжүүлдэг. Энэ дагуу Улсын Их Хурлаас баталсан 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын Их Хурал 2007 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа эдийн засагт гарсан таатай нөхцөл, гадаад зах зээлийн үнэ ханшийн өсөлтийн улмаас бий болж байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хуримтлуулж, бодит салбарыг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан төсвийн бараа үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг индексжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, түүний хүртээмж, тоо чанарыг ахиулахад анхаарсан юм.

Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.2.4-ийг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж бүрээр жагсаалтыг баталсан. Энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн биш харин Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байна.

4.Жаран хоёрдугаар зүйлийн 1. “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; Жаран хоёрдугаар зүйлийн 2. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Монгол Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх тодорхой хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын саналыг үндэслэн төсөв захирагчдын багцаар дамжуулан баталсан нь төсвийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль болон хууль тогтоомжийн хүрээнд нийцэж байгаа юм.

Аливаа сонгогчид өөрийн мандатаар дамжуулан эрх ашиг, сонирхлоо илэрхийлдэг нь дэлхий нийтэд тогтсон жишиг юм. Улсын Их Хурлын гишүүд ч тухайн тойргийнхоо бүс нутгийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санал гаргаж Улсын Их Хурлаар дэмжүүлэн батлуулж байгаа нь энэхүү жишгийг дагасан хэрэг болно.

Монгол Улсын 2007 оны төсвөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ийнхүү баталж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдэж байгаа бус гагцхүү Улсын Их Хурал өөрт Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна. Ийм учраас Үндсэн хуулийн энэ заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

5. Далдугаар зүйлийн 1. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн тухайд:

Дээр дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 зүйлийн нэг, хоёрдугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна.

Энэ бүхнээс үзэхэд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад хуулиудад нийцэж байгаа бөгөөд Монгод Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна” гэжээ.

Гурав.Иргэн Н.Хайдав 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

“Улсын Их Хурлын гишүүн бүрийн гаргасан жагсаалттай танилцаагүй боловч “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийг батлахдаа гишүүн бүр тойрогтоо 250.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр салбарын сайд нарын /төсвийн ерөнхийлөн захирагчдын/ багцад тараан байрлуулж баталсан нь миний өргөдөлдөө дурдсан баримтууд болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас тодорхой байна.

1. “Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал” гэснийг зөвхөн үүгээр хязгаарлан, хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай юм. “Засаг төр бол Үндсэн хууль хийгээд бусад хуулийг ягштал мөрдөж, түүний “хүрээнд” биш яг зааснаар нь ажилладаг /заалтаас гажвал эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан хэрэг болно/. Иргэд бол хуулиар хориглоогүйг хийж чөлөөтэй амьдардаг” байх нь Үндсэн хуулиар тунхаглан тогтоосон Улсын Их Хурлаас үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ардчилсан ёс, шударга ёсны зарчим бөгөөд аливаа хуулийг зөрчөөгүй, зөрчихгүй байх нь шударга ёсны үнэлэмж гэж үзэж байна.

2.”Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг” гэснийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Учир нь төр, иргэн хоёр нь Үндсэн хууль болон бусад хуулиар өөр өөр үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд тэр л эрх үүргийнхээ дагуу хариуцлага хүлээдгийг ингэж хялбарчилж боломгүй.

3.”Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энд төр гэдэгт зөвхөн Улсын Их Хурал ч хамаардаг бус гэдгийг ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой. Хууль дээдлэх гэдэг нь зөвхөн хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд төдийгүй түүнийг хэрэгжүүлэх, хянах бүхий л үйл ажиллагаанд хуулийг дагаж мөрдөх, ягштал биелүүлэх тухай ойлголт гэж үзэж байна.

4.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэж болох” гэж заасан нь өөрийн эрх мэдэлд хамаарахгүй асуудлыг булаан авч шийдвэрлэж болох тухай ойлголт биш харин алдаа, оноог хэлэлцэн эрх мэдлийн бусад байгууллага шаардлагатай гэж үзвэл төсөл, шийдвэртээ тусгаж байх тухай ойлголтоос ангид авч үзэх боломжгүй юм. Мөн зүйлийн 7-д “…улсын төсөв… батлах” гэсэн заалт нь Засгийн газарт хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 “…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн эрхэнд халдан улсын төсвийг зохиож батлах гэсэн ойлголт биш юм. Харин Засгийн газраас боловсруулан оруулсан төслийг хэлэлцэн шаардлагатай гэж үзсэн саналыг Засгийн газар төсөлдөө тусган дахин боловсруулах замаар эцэслэгдсэнийг батлах тухай ойлголт юм. Энэ үүднээс миний бие Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийн төсөв боловсруулан, жагсаалт гаргаж, сайд нарын багцад тараан байрлуулж батлан гүйцэтгэх эрх мэдэлд халдсаныг зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг… хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

5.Аймгийн Засаг дарга нарын уулзалт дээр “Зарим аймаг Улсын Их Хурлын гишүүдтэй ярилцсан зүйл ч байна. Ярилцаж амжаагүй ч байна. Үүнийг орон нутгийн иргэдийн хүсэн хүлээгээд байгаа зүйл рүү Засгийн газар чиглүүлсэн нь дээр байх. Улсын Их Хурлын гишүүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, цухалзсан байгаа юм болов уу.

Улсын Их Хурлын гишүүний санаачлага гэхээсээ аймаг, орон нутаг, Засгийн газрын хэрэгжүүлэх ажил болгон тавимаар байна. Болж өгвөл ерөнхий дүнг Улсын Их Хурал баталж өгөөд орон нутаг оновчтой ажиллах зарчмыг бүгдээрээ хөөцөлдвөл яасийм”. Эндээс авч үзвэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “орон нутгийн саналыг харгалзан” гэж бичсэн нь чухамдаа 2000 онд Үндсэн хуульд дахин халдахдаа “ард түмний захиалга” нэрийн дор урьдчилан бэлтгэсэн “талархлын бичиг”-т “дуулгавартай” хэдэн сэхээтний гарын үсэг зуруулж, нийтлүүлж байсантай агаар нэгэн “амташсан хэрээ 13 дахихын” үлгэрийг үзүүлэн яаруу, сандруу санал солилцсон дүр эсгэж, олон түмнийг төөрөлдүүлэх арга мэх гэж үзэж байна.

6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг” гэсэн байна.

Эдгээр нь хэлбэрийн хувьд дээрх заалтад хамаарах боловч хууль зүйн талаасаа иргэний эрх зүйн бус эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэгдэх хэлбэр юм. Харин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая төгрөг хуваарилахаар санаачилга гарган шийдвэрлэсэн нь зохион байгуулалттай хийгдсэн учир “зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг” гэсэнтэй санал нэг байна. Миний өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилан тогтоосон бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар гүйцэтгэх эрх мэдлийн улсын төсөв боловсруулан Улсын Их Хуралд өргөн хэлэлцүүлж, батлуулах эрхэнд 19.0 тэрбум төгрөгийн хязгаарт халдан, авч хэрэгжүүлсэн тухай мөн дараагийн сонгуульд давуу байдлыг урьдчилан бүрдүүлж “сонгууль /санал/ луйвардах” замаар хууль тогтоох эрх мэдлийг авахаар завдсан байж болох асуудал гэдгийг ойлгохыг хүсээгүй, ойлгосон ч “бултах” арга зам хайж, хаацайлах гэсэн тайлбар гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо “…дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн” гэсэн бол хууль цаазын утга зохиолд тэмдэглэснээр “төр засагт хамаатай хамаагүй юм амлаж өр тавьчихаад салам нэхэгддэг занганд орж… амалсандаа хүрдгээ харуулах, нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн барьцаа болгож төсвийн хэдэн төгрөгийг учир зүггүй өрсөлдөн тарааж… сонгууль /санал/ луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэсэн Үндсэн хуулийн заалтад хамаатай” болохыг тодорхойлсонтой нийцэж байна.

Эндээс авч үзвэл миний өргөдөлдөө дурдсан Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй болохыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрчээ гэж үзэж болохоор байна.

Энэ бүхнээс миний бие өргөдөлдөө дурдсан шаардлагуудаа бүрэн үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээж аваагүй учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянан магадлуулах нь зүйд нийцнэ гэж үзэж, энэ бүхнийг өргөдөл гаргахдаа дутуу дулимаг хандсанаа хүлээн зөвшөөрч доорхи шаардлагыг нэмэлт болгон гаргаж байна.

Монгол Улсын 2007 оны төсөвт Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр “халхавчлан” салбар хариуцсан сайд нарын багцад тараан байрлуулж баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

НЭГ. Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрыг ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Будын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэргээс тодорхой харагдаж байна. Тухайлбал,

1. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ: “…Орон нутагт өгч байгаа 500 саяа больё гэсэн. Сумдад 10 сая өгдөгөө хэвээр нь байлгая. Харин 500 саяа Улаанбаатар хотын 20 гишүүнээ нэмээд 76 гишүүнээ бүгдийг нь оруулаад 250, 250 саяар тойрог болгонд өгье… Гэхдээ томъёоллын хувьд юу гэсэн бэ? гэхээр түрүүн бид нар 100 сая дээр хориг авч байсан, шүүмжлэлд өртөж байсан учраас ерөөсөө бүс нутгийн хөгжлийн асуудалд зориулсан багцаа шадар сайд дээр хийчихээд, гишүүдтэйгээ зөвлөөд явдгаар ийм зохицуулалт хийе гэснийг манай гишүүд онцгой анхаарчих хэрэгтэй. Бид нар хоригт ороод эвгүй байдалд орчих вий гэж ингэж бодож байна.

…ерөөсөө гишүүдэд, 76 хүнд 250 сая 250 саяар бодоод, тэгээд тойргийнхоо тоогоор очно биз. Тэр 250 саяынхаа хүрээнд тохиръё гэсэн ийм л зүйл ярьсан…” гэжээ.

Мөн хуралдаан дээр Сангийн сайд Н.Баяртсайхан хэлэхдээ: “…2006 оны төсвийн чөлөөт үлдэгдэл 100 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлаас гарч ажилласан 2 ажлын хэсгийн санал болгож байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж ярьсан… Байнгын хороод дээр яригдсан саналуудыг нэг бүрчлэн шүүж үзлээ.

Ерөнхийдөө Улсын Их Хурлын гишүүдэд 250, 250 сая төгрөгөөр тооцож шадар сайдын төсвийн багцад 19 тэрбум төгрөгийг суулгая гэж шийдсэн учраас бид аймаг руу хандсан, тусгай тойрог руу хандсан саналуудыг 250-д нь багтаах чиглэлээр ажиллахаас өөр ямар ч арга байхгүй.

…Орон нутгийн хөгжлийг дэмжихэд 10 тэрбум төгрөг байгаа, 76 гишүүнээрээ бодохоор 19 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Тийм учраас нэмж 9 тэрбумыг… суулгалаа…” гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Баярсайхан: “…Нийт саналуудыг нь шүүгээд үзсэн чинь 70, 80 хувь нь дандаа тойрог руу хандсан ийм саналууд байсан. Бид тэрийг шүүж үзээд Их Хурлын гишүүн болгонд 250, 250 саяыг өгье. Ер нь тэгээд тойрог руу хандсан саналуудаа татъя гэсэн зарчим дээр ажлын хэсэг дээр ярьсан…” гэжээ.

Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн: “…Тэгэхээр энийгээ нэг гишүүнд дунджаар 250 сая гэж бодоод, ингэж нийтэд зарлахгүй, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт гэж нэрлээд …76 гишүүнд тус бүр 250 сая гэж бодоод 19 тэрбум болж байгаа юм. …9 тэрбум төгрөгөөр орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт нэмэгдэнэ…” гээд санал хураалгаж 100 хувь дэмжигдсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл.

Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас асуухдаа: “…250 сая төгрөгийн тухайд нийгмийн санаа бодол их таагүй байгаа, энийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж байхдаа анхаарч үзсэн үү… Яагаад гэвэл наадах чинь Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж орж ирээд байгаа зүйл шүү дээ. …тэр 250 сая төгрөг чинь төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжилгүйгээр шууд Улсын Их Хурал дээр ороод ирсэн байхгүй юу…” гэхэд Ч.Улаан: “…хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг хянаж үзээд тэгээд эцсийн шийдвэр гаргахдаа хуулиндаа нийцүүлээд эрх захирагч нэг бүрээр нь одоо ингээд заагаад объекттой, төсөлтэй нь батлаад өгчихнө гэж тогтсон юм…” гэсэн байна.

3. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ: “…Гишүүд одоо аймгийнхаа, бүс нутгийнхаа саналуудыг өгсөн. Зөвлөл, бүлгээрээ өгсөн байгаа. За бусад гишүүд ер нь бүх гишүүд өгчихөж байгаа. Тэгэхээр тэрнийг шадар сайдын багц дээр өмнөх жилүүдэд бичиж ирсэн. 2006 онд 7.6 тэрбум төгрөг бичээд, тэгээд тэр 7.6 тэрбум төгрөгийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нартай яриад гишүүдийн саналыг аваад ингээд зарцуулаад ирсэн.

…Одоо 19.0 тэрбум төгрөгийг 2006 он шигээ шадар сайдын багц дээр бичихгүйгээр вариант оруулж ирж байгаа. Тэр нь…төсвийн ерөнхийлөн захирагчдын багцууд дээр гишүүдийн саналыг жагсаалтаар нь оруулчихаж байгаа… Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32-ын 2-ын 5 дугаар заалтаар хориг тавьсан юм билээ, ноднин. Яг тэр заалтын дагуу одоо бол болж байгаа…” гэжээ.

“…хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж өгөөгүй гишүүд хичнээн байгаа бол?… гэсэн Ж.Батхуяг гишүүний асуултад Т.Очирхүү: …гадаадад явж байгаа, томилолттой байгаа 7, 8 хүн байсан. Одоо тэрнээс 2, 3 хүн нь өөрсдөө утсаар саналаа өгчихөөд байгаа. 5, 6 хүн л үлдээд байгаа юм шиг байна… Тэд нарын багцийг /250 сая төгрөгийг/ аймгаар нь… шадар сайдын багц дээр хийчихээд 2006 ондоо 7.6 тэрбумаа ашигласан тэрүүгээрээ явчихъя л гэсэн тийм санаа л оруулж ирж байгаа… гэжээ.

Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэлэхдээ: “…250 саяыг тойрсон асуудлууд яригдаад ажлын хэсэг төсвийн эрх захирагчдад нь төсөв рүү хийж өгье гэж танилцууллаа шүү дээ. …Төсвийн 4 дүгээр хэлэлцүүлгийн явцад төсвийг эрх захирагч нэг бүрээр баталдаг. Тэгэхээр тэр төсөв дотор нь одоо эрх захирагч болгонд суулгаж өгнө. …дөрөвдүгээр хэлэлцүүлгийн өмнө хэн хэний төсөв дээр хичнээн юм яаж тусав гэдгийг бид нар сонсоод дөрөвдүгээр хэлэлцүүлэгт орох бололцоотой… гэсэн байна.

4. 2007 онд Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар гаргасан зарим гишүүдийн санал, жагсаалт.

Үндсэн хуулийн цэцээс шаардсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, Ц.Жаргал, С.Оюун, М.Зоригт нар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд гаргасан хөрөнгө оруулалтын санал, жагсаалтаа ирүүлсэн ба МАХН-ын бүлэг, ардчилсан намын зөвлөл гишүүдийнхээ гаргасан санал, жагсаалтыг удаа дараа шаардсаар байхад Үндсэн хуулийн цэцэд ирүүлээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрхи нэр бүхий гишүүдийн гаргасан санал, хөрөнгө оруулалтын жагсаалт нь “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн арван нэгдүгээр зүйлийн нэгдүгээр хавсралтын XYII.1.39, XYI.1.1.72, XYIII.1.16, XYI.2.3.9, XYI.1.1.76, IX.2.7, XXIII.1.42, XYI.1.2.4, XYI.1.2.51, XYI.1.2.5, XYI.2.1.15, XYI.1.2.6, XYII.4.6, XXIII.1.42, XYI.1.2.7, IX.2.8, XYI.2.1.16, XYI.1.2.8, X.1.3.2, XXIII.1.18, IX.1.5, XYI.2.1.21, XYI.1.2.1.8-д бүрэн тусгагдсан, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн даргын 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот албан бичигт: “…Улсын Их Хурлын гишүүд нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөвт дээр дурдагдсан хөрөнгө оруулалтын талаар Улсын Их хурлын холбогдох байнгын хороогоор дамжуулан асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна…” гэсэн зэргээс харахад санал, жагсаалт өгсөн бусад гишүүдийн хөрөнгө оруулалтын санал ч дээрх жагсаалтад, санал өгөөгүй цөөн гишүүдэд хуваарилагдсан 250 сая төгрөг нь шадар сайдын багцад нийт дүнгээрээ 750 сая төгрөг гэж тусгагдсан гэх үндэстэй байна.

Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-т зааснаар: “…2/ ...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх; …бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “…Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах; “…бүрэн эрхтэй юм.

Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан “Монгол Улсын 2007 оны төсвийн төсөл”-д Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөөгүй байхад Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектод санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг төсвийн хуулийн хавсралтаар баталсан зэргээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг механикаар төсөвт суулгасан болох нь “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн Арван нэгдүгээр зүйлийн нэгдүгээр хавсралтын IX.1.10, IX.1.11, IX.1.28, IX.1.4, IX.1.24, XYI.2.1.15, XXYIII.1.16 зэргээр тогтоогдож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

ХОЁР. Мэдээлэл гаргагч иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээн аваагүй учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянуулахаар мэдээллийн нэмэлт шаардлага болгон ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 оны 12 дугаар сарын 18-нд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригтоо:

1.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөвхөн сонгууль явуулахын тулд зохион байгуулагддаг сонгуулийн нутаг дэвсгэрийг баримтлан хөрөнгө оруулахаар төсөвлөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цолцолбор мөн” гэсэн заалтыг зөрчиж төсвийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг баримтлан зарцуулах зарчмыг алдагдуулсан,

2.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн,

3.Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална” гэсэн заалтыг зөрчиж “сонгуулийн нутаг дэвсгэрийн” явцуу эрх ашгийг хичээж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн онцлог нөхцөл байдлыг үл харгалзан тэгшитгэн хуваарилах зарчмаар нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна гэж үзжээ.

Эл асуудлаар Улсын Их Хурлын зарим гишүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан нь дараахь баримтаар нотлогдож байна. Үүнд:

1.Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл.

Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ: “…их ноцтой асуудал яваа шүү дээ. …Энэ чинь яг үнэндээ Т.Очирхүү гишүүний хэлж байгаагаар бол энд сууж байгаа 76 гишүүний тойрог дээр хөрөнгө оруулалт хийх, цаад утгаараа бол 2008 оны сонгуульд хийж байгаа хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу. Улс төрийн хөрөнгө оруулалт шүү дээ. …Энэний цаана чинь… ардчилсан сонгууль, чөлөөт ардчилсан сонгууль гэдэг чинь устаж байгаа гэдгийг бид нар мэдэж байгаа шүү дээ. Одоо удахгүй 500 сая болно. Удахгүй 1 тэрбум болно. …Одоо жишээ нь надтай 2008 онд хэн үзэлцэх юм…” гэжээ.

Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр хэлэхдээ: “…хамгийн гол зарчим нь бол их олон хууль, их олон зарчим алдагдаж байгаа юм л даа. …Их олон хуулинд нөгөө сонгуульд нэр дэвшигчид бол эрх тэгш, нэг гараанаас ижил хэмжээтэйгээр өрсөлдөнө гэсэн зарчим маань алдагдахад хүрнэ гэж би үзэж байгаа юм… Хоёрдугаарт, …одоо гадуур та нар өнөөдрийн сонин хэвлэлийг үзсэн байх. …Өөрсөддөө зориулж мөнгө баталж авдаг Улсын Их Хурал гээд шуугиад байна шүү дээ. …Энэ арай дэндүү байгаа байхгүй юу. Хичнээн тайлбарлаад ч энэ чинь ямар ч тайлбар хэрэггүй ээ гэдгийг хэлмээр байна…” гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай: “Тэгэхээр 250 сая төгрөгийн саналыг бол Ард түмний нам дэмжихгүй байгаа. …Яагаад 250 саяыг бид эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр энэ бол ерөөсөө… Их Хурлын гишүүдэд өгч байгаа хахууль шүү дээ…

…Улсын Их Хурлын гишүүд гэдэг чинь хөрөнгө мөнгийг төсөвлөж баталдаг хүмүүс болохоос биш энэнийг зарцуулдаг этгээд биш ээ. Их Хурлын гишүүд өнөөдөр тойрог дээрээ очоод тэр 250 сая төгрөгийг нааш нь цааш нь хийснээрээ ажил хийсэн болохгүй ээ. Их Хурлын гишүүн ард түмэнтэйгээ уулзаж ярьж тэдний санаа сэтгэлийг ойлгож тэдний хэрэгтэй тэр хуулийн төслийг эрх зүйн орчинг нь бүрдүүлж Монгол Улсын парламентад батлуулахыг л ажлаа хийсэн гэдэг юм. Засгийн газраа хянаж ажиллахыг ажлаа хийсэн гэдэг юм. …Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд та нар энэ зүйл дээрээ татгалзмаар байна…” гэжээ.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1-д: “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Гэтэл Улсын Их Хурлын гишүүд зөвхөн өөрийн сонгогдсон Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн явцуу эрх ашгийн үүднээс сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх жагсаалт гарган хөрөнгө оруулалтын санхүүжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар бус, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн зарчмаар хуваарилан тэгшитгэж, түүнийгээ халхавчлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад суулган хуульчлан баталсан, ингэснээрээ Улсын Их Хурлын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдэд тэгш бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгосон, төсвийн ерөнхийлөн захирагч нар Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан тэдэнтэй зөвшилцөж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхээр болсон, мөн “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” Монгол Улсын хуулинд Улсын Их Хурлын 76 гишүүний тойрог тус бүрт 250.0 сая төгрөгөөр тооцож нийт 19.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлан шатанд, энэ талаар хуулиар тогтоосон журмыг Улсын Их Хурал хэрэгжүүлээгүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.Улсын Их Хурлын гишүүдийн зөвхөн хувь хувийн бодлоор хөрөнгө оруулалтын санал өгөгдсөн тул ижил объектуудыг барихад зарцуулах зардлын хооронд ялгаа их гарч шудрага ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөд хүрсэн байна. Үүнийг зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багц дээрх жишээгээр авч үзэхэд тухайлбал, багийн Засаг даргын конторын барилгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт барихад 20.0 сая, Сэлэнгэ аймгийн Шаамарт барихад 50.0 сая, Төв аймгийн Бүрэн суманд барихад 70.0 сая төгрөг төсөвлөгдсөн байна.

Мөн сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг Өвөрхангай аймгийн Уянга суманд барихад 250.0 сая, Сүхбаатар аймгийн Уул-баян суманд барихад 25.0 сая төгрөг зарцуулах зэргээр төсөвт тусгагджээ.

Аймаг, нийслэлийн Засаг даргын багцад зарим гишүүд сонгогчдынхоо /иргэдийн/ хувьчлагдсан орон сууцны байрны засварыг төсвийн хөрөнгөөр засуулахаар төсөвлөсөн байна.Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт.

Мөн зарим сайдын эрхлэх ажлын хүрээнд үл хамаарах ажлыг Улсын Их Хурлын гишүүдийн саналаар хүчээр байршуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад Булган, Чойбалсан, Өвөрхангай, Арвайхээрийн гэрэлтүүлэг, Ховд, Жаргалантын гэр хорооллын автобусны зогсоол зэрэг асуудлууд тусгагдсан нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээнд халдсан шинжийг тус тус агуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тус тусын тойрогтоо хөрөнгө оруулахаар гаргасан санал, жагсаалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн журмаар тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”; мөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-ын “...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”; Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”; Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооныы нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн дээр дурдсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд байршуулсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

4. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ