Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ИРГЭНИЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ИРГЭНИЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

1995 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 03

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дүгнэлтийг 1995 оны 03 дугаар сарын 9-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, С.Нямзагд нар тус тус оролцов.
Монгол Улсын иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлуудыг тавьж байна.
Монгол Улсын Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар хамгаалалгүй орхисон болон Улсын Их Хурлаас баталсан Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хавсралт хуулийн дараахь заалтуудыг зөрчиж байна. Үүнд:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ... Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 1993 онд багтаан гаргана" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь газар бол үл хөдлөх хөрөнгө мөн бөгөөд иргэд газрыг өмчлөх эрхтэй болсноор хувийн өмч эдийн засгийн үндсэн баталгаагаар хангагдсан билээ. Ийнхүү өмчлөгчийн эрхийг хамгаалах, Үндсэн хуульд заасан эрхийг баталгаажуулсан Үндсэн хуульд заасан хэмжээнд хязгаарлахын тулд юун түрүүн Газрын тухай хуулийг гаргах ёстой байсан бөгөөд Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор Улсын Бага Хурлын тогтоолын хавсралтад:
"10. Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэн тэргүүнд шаардлагатай дараахь хуулиудыг батлан гаргах" гэсэн хэсэгт Газрын тухай хуулийг 1992 оны 2 дугаар сарын 7-нд багтаан гаргахаар заажээ. Энэ үүрэг тухайлбал Газрын тухай хуулийг өмнө тэмдэглэсэн агуулгаар 1993 онд багтаан батлах үүрэг Улсын Их Хуралд шилжсэн билээ. Гэтэл Улсын Их Хурлаас 1994 оны эцэст батлан гаргасан Газрын тухай болон Иргэний хуулийн нь агуулгын хувьд иргэд газар өмчлөх эрхийг дахин устгаж байгаа учир хамгаалалгүй орхисон ба хугацааны хувьд бүтэн 2 жил гаруй хугацаа алджээ.
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ... Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэд Монгол Улсдаа газар өмчлөх эрхтэйг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн атал энэ эрхийг мөн чанартаа устгаж байгаа учраас хамгаалах аргагүй байдалд хүрсэн байна. Ийнхүү Газрын тухай хуульд Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахгүй орхисон болон үүнийгээ Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтаар баталгаажуулсан явдал Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаа олж авах, ... өмчлөх, ... эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө тухайн тохиодолд газрыг ч өмчлөх эрхтэй бөгөөд энэ эрхээ баталгаатай эдэлнэ гэж Үндсэн хуульд давхар заасаар байтал энэ эрхийг Газрын тухай хуульд хамгаалахгүй орхисон болон энэ эрхийг ямар нэг хугацаагаар устгасан тухай Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь хэрвээ Монгол Улсын иргэн хүсвэл газар өмчлөх эрхтэй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх хязгаарлалтыг хангахын тулд газар төрийн хамгаалалтанд байна гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу газрын аливаа хөдөлгөөнийг төрөөс бүртгэн хянах ёстой юм. Түүнээс гадна Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар ... төрийн өмч мөн" гэсэн заалтаар давхар өмчлөл гэсэн хууль зүйн талаасаа утгагүй зүйл тусгагдаагүй юм. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дээрх заалт чухамхүү ийм утга санаагаар батлагдсан болохыг Үндсэн хуулийн "Хүний эрх, эрх чөлөө" бүлэг дэх 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт ч давхар нотолж байгаа юм.
Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд газар өмчлөх эрхийг устгасан хууль гаргах эрхтэй боловч үүнийгээ эрх зүйн соёлтой хийх үүрэгтэй билээ. Үүний тулд Үндсэн хуулинд иргэний өмчийн эрхэнд халдана гэсэн утга бүхий өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Нямзагд, Ц.Шаравдорж нар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбар үндэслэлдээ: "... Иргэн Д.Ламжавын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдол, өргөдөлд дурьдсан үнэлэлт, дүгнэлтийг зөвшөөрөх хууль зүйн ямар ч үндэсгүй гэж үзэж байна. ... Хамгийн их бодож боловсруулж байж, буурь суурьтай шийдвэрлэх асуудал бол газрыг хувь хүнд өмчлүүлэх эсэх тухай асуудал юм. Үндсэн хуульд "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэснийг хууль зүйн хувьд хэрхэн ойлгохоос эхлэх нь зөв болов уу?
Иргэн Д.Ламжав дээрх заалтыг тайлбарлахдаа иргэнд газар өмчлүүлэхийг хоёрдмол санаагүй шийдвэрлэсэн гэснийг бид зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Үндсэн хуульд "... газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ" гээгүй. Харин "... өмчлүүлж болно" гэсэн шүү дээ. Энэ хоёр үг утга агуулгаараа ихээхэн ялгаатайг мартаж болохгүй. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг энэ удаа Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээгүй нь нэгдүгээрт, газрын гол гол харилцаа батлан гаргасан бусад хуулиудад багтаж тодорхойлогдсон, хоёрдугаарт газрыг иргэнд өмчлүүлэх нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн бэлтгэл манай оронд хараахан бүрэлдээгүй, гуравдугаарт олон түмний санаа бодлыг үндэс болгож Улсын Их Хурлын чуулган энэ асуудлыг хойшлуулсан нь цаг үеэ олсон зүй зохистой шийдвэр болсон гэж үзэж байна.
Улсын Их Хурал ийм шийдвэр гаргаснаар Үндсэн хуулийг зөрчөөгүй бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд ажилласан гэж үзэж байна. Улсын Их Хурал "Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" гаргахыг хойшлуулж, энэ асуудалд хандах бодлогоо тодорхойлсон болохоор дараа нь гарсан зарим хуульд орсон тодорхой заалтыг ч дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор авч үзэж ойлгох ёстой.
Тухайлбал, Улсын Их хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцэн баталсан "Иргэний хуулийн" 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл /үүнийг бид онцлов/ энэ бүлэгт заасан "газар өмчлөгч" гэдгийн дор "төр"-ийг ойлгоно гэж заасан юм. Иргэний хуульд ийм заалт оруулсан нь хуулийг хэрэглэгч болон жирийн иргэдэд түүнийг нэг мөр ойлгоход туслах зорилго агуулсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Улсын Их Хурал нь эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг, тухайлбал, хуулийн төслийг хянан шийдвэрлэхдээ тухайн хууль болон асуудлын талаар шийдвэр гаргах нийгэм, эдийн засаг, улс төрийн болон бусад нөхцөл байдал бүрдээгүй, эсвэл хэрэгжих боломжгүй, эх орон ард түмний нийтлэг эрх ашиг, сонирхолд нийцэхгүй байх зэрэг шалтгаан байвал хэлэлцэхийг орхих, хойшлуулах, дахин боловсруулахыг холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгож буцаах эрхтэй. Энэ л бүрэн эрхийн хүрээнд дээрх төсөлд хандсан болно.
Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн асуудалд хөндлөнгөөс оролцож, ийм хуулийг заавал гаргах ёстой. Эсвэл хуульд ийм заалт заавал орох ёстой гэж хүчээр зүтгэх нь эрх зүйн соёлгүй, бүдүүлэг явдал гэж ойлгож байна.
Аливаа хууль бус асуудлыг Улсын Их Хуралд тулган хүлээлгэх, тулган шийдвэрлүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсоох ёстой.
Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалт манай улсад хэрэгжиж байгаа болоод газрыг иргэдэд өмчлүүлэх асуудал нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "...газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно" гэж заасны дагуу /өмчлүүлж болно гэдэг нь агуулгаараа өмчлүүлж ч болох өмчлүүлэхгүй ч байж болох/ манай улсад нээлттэй үлдэж байгаа юм.
Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас баталсан хуваарийн дагуу батлан гаргана" гэсэн нь үнэн. Гэтэл Үндсэн хуулийн 5, 6 дугаар зүйлүүдийг анхааралтай уншиж үзвэл "иргэнд газар өмчлүүлэх асуудлыг гагцхүү хуулиар зохицуулна" гэсэн болон иймэрхүү агуулгатай зүйл, заалт байхгүй байна" гэжээ.
Газрын тухай хууль болон Иргэний хуулийг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын хуралдааны протоколыг судлан үзэхэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан дээрх асуудлуудаар Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбогдож маргаан гарч байсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед 1994 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаан дээр Улсын Их хурлын гишүүн Б.Чимид хэлэхдээ "... Үндсэн хуулийн бэлэн байгаа заалтын учрыг бид янз бүрээр мушгин тайлбарлаж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль бол нэг намын сонирхлын хууль биш, аль ч намын сонирхлын хууль биш ээ. Бүх намууд бүх улс төрийн хүчний балансыг илэрхийлдэг хууль. Ердийн хууль буюу урсгал хууль бол тухайн ялсан улс төрийн хүчний сонирхлыг дагаж гарч ирдэг, зарим талаараа оросоос оруулбал дур зорго орж болдог хууль байж болдог. Тэрийг Үндсэн хуулиар хязгаарладаг ёстой юм. Үндсэн хуулиа буруу тайлбарлаад мушгиад байх юм бол тэр Үндсэн хууль гэж байхын хэрэггүй болж байгаа юм. ... Хуулиа хэлэлцүүлээд өмчлүүлэх бэлтгэлийг 5 жилийн дотор хангах, юм шийдээгүй байж бэлтгэлийг хангана гэж байхгүй ..." гэжээ.
Иргэний хуулийн хэлэлцүүлгийн үед 1994 оны 11 дүгээр сарын 21-ний хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж хэлэхдээ: "Нямдоржийн саналаар /... иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал "газар өмчлөгч" гэснийг төр гэж ойлгоно.../ ингээд явж болно. Энэ бол санал байх гэхдээ энэ үр дүнд хүрэхгүй, би энэ асуудлыг санаачлахгүй, санаачлах хүн байх байх. Юу гэхлээр Цэц дээр очоод Үндсэн хуулинд төр иргэн хоёрт хоёуланд нь өмчлүүлнэ гэсээр байтал дан ганц төр гээд хэлчихвэл Үндсэн хуулийн заалт зөрчжээ гээд энэ заалт унана..." гэжээ.
Мөн өдрийн хуралдаан дээр Улсын Их хурлын гишүүн Ц.Товуусүрэн хэлэхдээ "... иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал тэртээ тэргүй төр газрын эзэн гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ Нямдоржийн хэлж байгаагаар ерөөсөө газар өмчлөгч гэдгийг нь хасаад эзэмшиж ашиглаж болгоно гэвэл энэ Үндсэн хуультай зөрчилдөнө..." гэжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАХН-ын удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь намын бүлэгтээ, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг Улсын Их Хуралд албан ёсоор санал оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас Улсын Их Хуралд хандаж илгээлт гаргасан байна.
Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгээс Улсын Их Хуралд оруулсан санал дүгнэлтэд "... газрыг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийг одоо гаргахгүй бол Үндсэн хуулийн энэ тухай заалтаас ухарсан хэрэг болох уу гэсэн асуулт гардаг. Энэ талаар ухарч няцсан юм байхгүй гэж хариулах бүрэн үндэс бий... Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно ... гэж Үндсэн хуульд заасан нь нэг талаар Газрыг өмчлүүлж ч болох, нөгөө талаар өмчлүүлэхгүй байж ч болох утга санааг адилхан илэрхийлж байгаа билээ.
... Монгол Улсад газрыг хувьд өмчлүүлэх бодит нөхцөл бололцоо бүрдээгүй байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг гаргах шаардлагагүй гэж үзэж байна" гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас Улсын Их Хуралд хандаж гаргасан илгээлтдээ "... Үндсэн хуульд газрыг иргэдэд өмчлүүлж болно гэж заасан нь үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Зарим нам хэсэг бүлгийн үзэл баримтлал, саналыг үндэсний ашиг сонирхлоос, түүнийг хуульчлан баталгаажуулсан Үндсэн хуулиас дээгүүр тавих эрх бидэнд байхгүй..." гэжээ.
Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулаагүй орхисон болон Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үндсэн хуулиар шийдчихсэн асуудлыг шийдэгдээгүй мэтээр Улсын Их Хурал үзэж байгаа нь харамсалтай байна гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож хэлэхдээ: "... Монгол улсын иргэний газар өмчлөх эрхийг хязгаарласан, хойшлуулсан зүйл байхгүй. Газар өмчлөх эрх нээлттэй байгаа бөгөөд иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гартал л иргэдийн газар өмчлөх эрх хязгаарлагдмал байгаа гэж үзэж болно.
Улсын Их Хурал иргэнд газар өмчлүүлэх асуудлыг хойшлуулахдаа соёл иргэншлийн асуудлыг болон Монголын төрт ёсны түүхэнд газрыг өмчлүүлж байсан явдал байхгүй байгаа зэргийг харгалзсан болно" гэжээ.
ХЯНАВАЛ:
Одоогийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ёсоор Монгол Улсын иргэд газар өмчлөх үндсэн эрхтэй болохыг Цэцийн хуралдааны явцад санал нэгтэй нотолсоныг тэмдэглэж байна.
Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийнхээ дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх асуудлыг тусгай хуулиар зохицуулахаар шийдвэрлэхдээ иргэний газар өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын болон Иргэний хуульд заасныг үндэслэн байна.
Энэ нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно", Газрын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Иргэдэд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохих хуулиар зохицуулна" гэсэн заалтуудаар батлагдаж байна.
Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ бүлэгт заасан "газар өмчлөгч" гэснийг "төр" гэж ойлгоно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг хуулиар зохицуулах тухай заалт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй бөгөөд Улсын Бага Хурлаас 1993 онд багтаан батлан гаргах хуулиудын жагсаалтад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль биш, Монгол Улсын газрын тухай хууль орсон байна. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан Иргэний газар өмчлөх эрхийг үгүйсгэсэн, түүнчлэн Үндсэн хуулийн хавсралт хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулиудаар иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хуулиар хамгаалалгүй орхисон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Үндсэн хуулийн бусад заалтыг зөрчжээ гэсэн иргэн Д.Ламжавын гомдлын шаардлага тодорхойгүй байгаа учраас иргэн Д.Ламжавын энэ талаархи хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс магадлал гарган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон дҮгнэлт гаргах нь:
Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 6 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзсүгэй.
ДАРГА Г.НЯМДОО
ГИШҮҮД Л.БААСАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ЭНХБААТАР