A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

ТӨСВИЙГ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалтыг үндэслэн, бүх шатны төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр дор дурдсан асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, төсвийн ерөнхийлөн захирагчид болон Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус үүрэг болгосугай:

1) чиг үүргийн давхардалтай эсхүл нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар удирдлагын зардлыг бууруулах;

2) Засгийн газрын тусгай сангуудын зориулалт, зохицуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох, давхардлыг арилгах, зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор улсын төсвөөс дийлэнх санхүүжилтээ авдаг тусгай сангуудыг төсөвт шингээх, биеийг нь даалгах, Засгийн газрын тусгай сан, үндэсний зөвлөл, хороо, төслийн ажлын албадыг харьяалагдах төсвийн захирагчийн үндсэн харьяалалд нэгтгэх замаар татан буулгах;

3) бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхтгох;

4) төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог 50 хувиар бууруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;

5) төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаар, түүнийг бууруулах хэмжээг Улсын Их Хурлаас, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орон тооны хязгаарыг Засгийн газраас тус тус тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

6) төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөс олгох хувьсах зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан ялгавартай тогтоож байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах.

2. Төсвөөс санхүүжилттэй боловч өөрийн орлогоор санхүүжилтийн тодорхой хэсгээ бүрдүүлдэг төсвийн байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх замаар улсын төсвөөс үе шаттайгаар гаргах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус үүрэг болгосугай:

1) төсвийн ерөнхийлөн захирагч, зарим яамдын харьяанд байгаа амралт сувилал, зуслан, спорт хороо, зарим урлаг, соёлын байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх, хувьчлах замаар төсвөөс гаргах;

2) төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх замаар төсвөөс олгох татаасыг үе шаттайгаар бууруулах, төсвөөс гаргах;

3) яамд, төрийн захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах хоол хүнсний хангамж, цэвэрлэгээ, засвар, харуул хамгаалалт зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлэх газруудыг нэгтгэх, зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх.

3. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ төсвийн зардал хэмнэх талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай:

1) төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүйгээр зардал хэмнэх боломжийг дайчлах;

2) улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах;

3) шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх;

4) "Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх;

5) гадаад албан томилолтын зардлыг бууруулах, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн тоог цөөлөх, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх;

6) улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх;

7) хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчдийн тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах;

8) төрөөс иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшилд үзүүлж байгаа үйлчилгээг цахим технологи, сүлжээ ашиглан чирэгдэлгүй хурдан, шуурхай хүргэх замаар төсвийн урсгал зардлыг бууруулах, энэ чиглэлээр шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

9) орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд нийцүүлж спорт заал, соёлын төв зэрэг төсөвт байгууллагын барилга байгууламжийг төвлөрсөн дулааны системд холбох, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаалт зэрэг бусад үр ашигтай арга, технологи нэвтрүүлэх замаар түлш, халаалтын зардал хэмнэх, цаашид ийм төрлийн зардлыг тогтмол түвшингээр төсөвлөх, улмаар үе шаттай бууруулах;

10) дүрэмт хувцсыг эдэлгээний хугацаанаас илүү хугацаагаар хэрэглэж хэмнэлт гаргасан тохиолдолд хэмнэсэн зардлын 50 хувиар ажилтныг урамшуулах, дүрэмт хувцасны загварыг 5 жилийн дотор өөрчлөхгүй байх, дүрэмт болон нормын хувцас зайлшгүй хэрэглэх шаардлагатай салбар, байгууллага, төрийн албан хаагчийг тодорхойлж холбогдох хуульд өөрчлөлт оруулах.

4. Яам, агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр болон тэдгээрийн хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад зорилгоор өөрийн байгууллага, хамт олныг рекламдах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулах, цуврал олон ангит кино хийхгүй бөгөөд баяр ёслол, байгууллага, салбарын ой, тэмдэглэлт өдөр зохион байгуулахтай холбогдуулан төсвийн хөрөнгөөр цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхийг хориглосугай.

5. Бүх шатны төсвийн эрх захирагчдад төсөв хэмнэх сонирхол төрүүлэх механизм бий болгох зорилгоор холбогдох эрх зүйн актуудад дараах чиглэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай:

1) төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэж ажилласны үр дүнд хэмнэгдэх цалингийн зардлыг бусад төрийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулдаг болох;

2) төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны болон нэмэлт орлогын тухайн төсвийн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр тухайн байгууллагад үлдээх, дараагийн төсвийн жилд он дамжуулан зарцуулахыг зөвшөөрөх, гэрэл цахилгаан, дулааны зардлын хэмнэлтийг бараа, үйлчилгээний бусад зардлын зүйлд шилжүүлэн зарцуулахыг зөвшөөрөх;

3) төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхдээ цалин хөлс, тогтмол болон бусад урсгал зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчаас боловсруулсан саналын дагуу төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлэх.

6. Төрийн захиргааны төв байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд тусгах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналын хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

7. Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг орлогын бүрдүүлэлтийн байдалтай уялдуулан нэгдсэн удирдлагаар хангаж, дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ