Хэвлэх DOC Татаж авах
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр                                                  Дугаар 176                                      Улаанбаатар хот

      

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийн эх үүсвэрт шаардагдах 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Төслийг санхүүжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан эх үүсвэрийн зарцуулалтын зээлийн хүүг жилийн 7 хувиар тооцож, олгосон зээлийн хүүгийн зөрүү 2 хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                 Н.АЛТАНХУЯГ

    Хөдөлмөрийн сайд                                                 Я.САНЖМЯТАВ

Сангийн сайд                                                          Ч.УЛААН

Эдийн засгийн хөгжлийн сайд                               Н.БАТБАЯР