Хэвлэх DOC Татаж авах
АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 198

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд заасан “сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд” олгох эх үүсвэрээс 5.0 (таван) тэрбум, “ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд” олгох эх үүсвэрээс 15.0 (арван таван) тэрбум, “оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд“ олгох эх үүсвэрээс 10.0 (арван) тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлж, арьс, ширийг гүн боловсруулах болон түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд зориулан арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, түүнийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн эргэн төлөлтийн явцад хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                        Ш.ТҮВДЭНДОРЖ