Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 сарын 01 өдөр
Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Газрын тосны тухай хууль тогтоомж

2.1.Газрын тосны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“газрын тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу, шингэн, хийн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-ийг;

4.1.2.“түүхий тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд шингэн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдлийг;

4.1.3.“байгалийн хий” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хийн төлөвт дангаар орших нүүpс-устөpөгчийн нэгдлийг;

4.1.4.“уламжлалт бус газрын тос’’ гэж байгалийн битум, шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хийг;

4.1.5.“нүүрсний давхаргын метан хий” гэж нүүрсжих явцад нүүрсэнд хуримтлагдсан хийг;

4.1.6.“газрын тостой холбогдсон үйл ажиллагаа” гэж газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, борлуулах, татан буулгахтай холбогдсон үйл ажиллагааг;

 4.1.7.“эрэл” гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг;

4.1.8.“хайгуул” гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг;

4.1.9.“үнэлгээ” гэж нээлтийн цооногоор илрүүлсэн хуримтлал нь үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх ажлыг;

4.1.10.“хайгуулын талбай” гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хайгуул хийхээр зарласан талбайг;

4.1.11.“гэрээлэгч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компанийг;

4.1.12.“оператор компани” гэж гэрээлэгчийн газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч компанийг;

4.1.13.“туслан гүйцэтгэгч” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгэхээр гэрээлэгчтэй, эсхүл оператор компанитай гэрээ байгуулсан, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдийг;

4.1.14.“бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.15.“ашиглалтын талбай” гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн талбайг;

4.1.16.“ашиглалт” гэж газрын тос, уламжлалт бус газрын тосны орд ашиглалтын бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг;

4.1.17.“бүтээн байгуулалт” гэж олборлолтын байгууламж, дамжуулах хоолой, дэд бүтцийг хүргэлтийн цэг хүртэл барихыг;

4.1.18.“олборлолт” гэж хүргэлтийн цэг хүртэлх бүтээн байгуулалтаас бусад олборлохтой холбогдсон бүх үйл ажиллагааг;

4.1.19.“татан буулгалт” гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;

4.1.20.“нээлтийн цооног” гэж газрын тосны хуримтлалыг илрүүлсэн цооногийг;

4.1.21.“нээлт” гэж хайгуулын цооногоор тогтоосон газрын тосны хуримтлалыг;

4.1.22.“олборлолтын туршилт” гэж эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэх энэ хуулийн 22.4-т заасан хугацааны олборлолтыг;

4.1.23.“газрын тосны орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтөөр газрын хэвлийд үүссэн, чанар, нөөц нь тогтоогдсон газрын тосны хуримтлал бүхий бүтэц, давхарга зүйн онцлогоор төстэй нэг буюу хэд хэдэн хураагуурыг;

4.1.24.“үр ашигтай нээлт” гэж тухайн үеийн техник, технологийн түвшинд ашиглахад эдийн засгийн үр ашигтай газрын тосны хуримтлал бүхий хураагуурыг;

4.1.25.“хүргэлтийн цэг” гэж Засгийн газар болон гэрээлэгчид гэрээний дагуу ногдох газрын тосыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэмжиж, хуваах цэгийг;

4.1.26.“нөөц ашигласны төлбөр” гэж олборлосон газрын тосонд ногдуулах төлбөрийг;

4.1.27.“хайгуулын ажлын зардал” гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

4.1.28.“бүтээн байгуулалтын зардал” гэж энэ хуулийн 4.1.17-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

4.1.29.“үйл ажиллагааны зардал” гэж ашиглалтын талбайд бүтээн байгуулалтын болон татан буулгалттай холбогдон гарсан зардлаас бусад газрын тос олборлохтой холбогдон гарах зардлыг;

 4.1.30.“татан буулгалтын зардал” гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, олборлолтын цооногийг хаах, барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг;

 4.1.31.“өртөг нөхөгдөх зардал” гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг;

 4.1.32.“өpтөгт газрын тос” гэж газрын тосноос энэ хуулийн 4.1.31-д заасан зардлыг нөхөхөд зориулж энэ хуулийн 32.3-т заасан хувиар тооцсон газрын тосыг;

 4.1.33.“ашигт газрын тос” гэж хүргэлтийн цэг дээр хэмжсэн нийт газрын тосноос энэ хуулийн 4.1.26, 4.1.32-т заасан газрын тосыг хасаад Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд хуваах газрын тосыг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Газрын тосны өмчлөл

5.1.Газрын хэвлий болон гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн өмчид хамаарна.

5.2.Төр газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, ашиглах зөвшөөрөл олгох замаар өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг батлах;

6.1.2.улсын тусгай хамгаалалттай газар нутагт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг хуулийн дагуу хязгаарлах, эсхүл хориглох.

Хэвлэх

 7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 7.1.Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 7.1.1.газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

 7.1.2.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих;

 7.1.3.энэ хуулийн 6.1.2-т зааснаас бусад тусгай хэрэгцээний газарт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэх;

 7.1.4.нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах; газрын тосны бүртгэл, тооцоо; уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журмыг батлах;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 7.1.5.нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг гэрээлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны биет бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төвлөрүүлэх;

 7.1.6.Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос болон өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах давуу эрхийг эдлэх;

 7.1.7.улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, газрын тосны орд тогтоогдсон тохиолдолд түүнийг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах;

 7.1.8.бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

7.1.9.улсын хилийн зурваст газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэх;

7.1.11.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих зөвшөөрөл олгох;

7.1.12.бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлах;

7.1.13.энэ хуулийн 11.2.17-д заасан гэрээний загварыг батлах.

Хэвлэх

8 дугаар зүйл.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 8.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 8.1.1.газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;

 8.1.2.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

 8.1.3.газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага; газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага; газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага; гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай; газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах; газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмыг батлах;

 8.1.4.хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах;

 8.1.5.хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

 8.1.6.газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

 8.1.7.газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд холбогдох байгууллагатай хамтран шалгалт хийх;

 8.1.8.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

 8.1.9.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм батлах;

 8.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох;

 8.1.11.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих саналыг Засгийн газарт өргөн мэдүүлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

9.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 9.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

 9.1.2.хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах;

 9.1.3.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;

 9.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх, үүргээ биелүүлэхтэй нь холбогдсон асуудлаар зөвлөгөө, чиглэл өгөх;

 9.1.5.газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөнийг хянах, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх;

 9.1.6.ашиглалтын талбайн хэмжээ, түүний хилийн заагийн булангийн цэгийн солбицлыг гэрээлэгчтэй харилцан тохиролцох;

 9.1.7.газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;

 9.1.8.гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх; 

 9.1.9.газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, энэ хуулийн 30, 31, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх;

 9.1.10.хайгуул, ашиглалтын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах;

 9.1.11.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах;

 9.1.12.газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан боловсруулах журам батлах, мөрдүүлэх;

 9.1.13.хайгуул, ашиглалтын талбайг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах;

 9.1.14.байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд газрын тос хадгалах зөвшөөрөл олгох;

 9.1.15.газрын тос, уламжлалт бус газрын тосыг тээвэрлэх асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах;

 9.1.16.газрын тосны барилга байгууламж, дамжуулах хоолойн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, дүгнэлт гаргуулах;

 9.1.17.туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын техникийн шаардлагыг хянах;

 9.1.18.газрын тосны хуримтлал, орд нь хоёроос дээш хайгуул, ашиглалтын талбай дамнасан тохиолдолд энэ хуулийн 25.5, 25.6-д заасны дагуу зохицуулах;

 9.1.19.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах стандарт, дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

 9.1.20.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хуульд заасан үндэслэлээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоох, тус шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх;

 9.1.21.бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад гаргах;

9.1.22.гэрээлэгч нь хайгуулын хугацаанд байгалийн хий хайх үүргээ биелүүлээгүй бол тухайн талбайд байгалийн хийн чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлах;

 9.1.23.хуульд заасан бусад чиг үүрэг.

10 дугаар зүйл.Нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг

10.1.Нутгийн захиргааны байгууллага газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 10.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах.

10.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн дүгнэлт гаргах;

10.2.2.энэ хуулийн 10.2.1-д заасан дүгнэлт гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах;

10.2.3.татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах.

10.3.Сум, дүүргийн Засаг дарга газрын тосны асуудлаар дараах үүргийг хэрэгжүүлнэ:

10.3.1.харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, зөрчил гаргавал зөрчлийг таслан зогсоох, арилгуулах;

10.3.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.

10.4.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавихыг хориглоно:

10.4.1.энэ хууль, бүтээгдэхүүн хуваах гэрээ болон сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийлгүүлэх;

10.4.2.хүмүүнлэгийн зорилгоос бусад зорилгоор аливаа хандив, тусламж шаардах, санхүүжилт хүсэх;

10.4.3.улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа санхүүжилт гаргуулах. 

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЭЭЛЭГЧ

 11 дүгээр зүйл.Гэрээлэгчийн эрх, үүрэг

 11.1.Гэрээлэгч дараах эрх эдэлнэ:

 11.1.1.гэрээний дагуу энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д зааснаас бусад өөрт ногдох газрын тосыг захиран зарцуулах;

 11.1.2.гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ энэ хуульд заасны дагуу бусдад шилжүүлэх;

 11.1.3.шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр жилийн төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах;

 11.1.4.энэ хуулийн 13.1-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн бол эскроу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан авах;

 11.1.5.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаах;

 11.1.6.гэрээлэгчийн захиргааны зардал нь тухайн жилийн өртөг нөхөх зардлын тав хүртэл хувь байх.

 11.2.Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ:

 11.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх;

 11.2.2.гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах;

 11.2.3.жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх;

 11.2.4.Засгийн газар энэ хуулийн 7.1.6-д заасан давуу эрх эдлэх тохиолдолд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ, нөхцөлөөр нийлүүлэх;

 11.2.5.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох.

 11.2.6.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;

11.2.7.үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах;

11.2.8.ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, түүнчлэн ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах; 

 11.2.9.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;

 11.2.10.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

 11.2.11.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

 11.2.12.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

 11.2.13.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж, төрийн захиргааны байгууллагаар хянуулах;

 11.2.14.санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог энэ хуулийн 7.1.4-т заасан журмын дагуу үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;

 11.2.15.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоон, нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх;

 11.2.16.үйл ажиллагааны тайлан, хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх;

 11.2.17.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

11.2.18.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

11.2.19.газрын тосыг орон нутаг, улсын болон олон улсын чанартай замд хүргэх замын төрөл түүнчлэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад шаардагдах хөрөнгийг орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах;

11.2.20.гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх.

 11.3.Монгол Улсын аж ахуйн нэгжийн хүрэлцээ, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдаж байгаа шаардлагад нийцэхгүйгээс шалтгаалан гэрээлэгч энэ хуулийн 11.2.5-д заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд түүнийг зохих ёсоор нотолсон бол төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр уг үүргээс бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж болно.

 11.4.Оператор компани нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 11.2.1-11.2.8, 11.2.12-11.2.20-д заасан үүргийг хүлээнэ.

 11.5.Туслан гүйцэтгэгч нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 11.2.1, 11.2.7, 11.2.10-11.2.12, 11.2.15-д заасан үүргийг хүлээнэ.

Хэвлэх

 12 дугаар зүйл.Гэрээг цуцлах

 12.1.Бүтээгдэхүүн хуваах гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална:

 12.1.1.хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;

 12.1.2.захиалгын баримт бичиг болон хэлэлцээ хийх явцад нэмж ирүүлсэн баримт бичиг нь хууль бус болохыг эрх бүхий байгууллага гэрээ батлагдсанаас хойш тогтоосон;

 12.1.3.газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар гэрээлэгч худал мэдээ, мэдээлэл, тайлан өгснөөс улсад үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;

 12.1.4.хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх, үүргээ гэрээлэгч хууль бусаар шилжүүлсэн, энэ хуулийн 34.7, 34.8-д заасан эрх, үүргээ шилжүүлэхдээ энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд холбогдох төлбөрийг шилжүүлээгүй;

 12.1.5.гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой зөрчсөн;

 12.1.6.гэрээлэгч нь энэ хуулийн 14.7-д заасан төлбөрийн хэмжээг худал мэдээлсэн.

 12.2.Гэрээлэгч газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн, эсхүл онц байдал, давагдашгүй хүчин зүйл нэг ба түүнээс дээш жил үргэлжилбэл гэрээг цуцлах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.

 12.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

 12.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.3-т заасан дүгнэлтийг 30 хоногийн дотор хянан үзэж, холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

 12.5.Энэ хуулийн 12.1-д заасан үндэслэлээр бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөж олгохгүй бөгөөд энэ хуулийн 11.2.9-д зааснаар эскроу дансанд байршуулсан мөнгийг байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, шаардлагатай тохиолдолд хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад зарцуулж, үлдсэн мөнгийг гэрээлэгчид буцаан олгоно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Гэрээний биелэлтийг дүгнэх

 13.1.Гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дараах үзүүлэлтээр дүгнэнэ:

 13.1.1.гэрээлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх;

 13.1.2.гэрээлэгч байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгасан эсэх;

 13.1.3.гэрээлэгч хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвар, төлбөр, хураамжийг төлж барагдуулсан эсэх;

 13.1.4.гэрээлэгч эд хөрөнгийн өмчлөлийг шийдвэрлэсэн эсэх;

 13.1.5.гэрээлэгч хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн эсэх;

 13.1.6.энэ хуулийн 11.2.10-т заасан үүргийн биелэлт.

 13.2.Төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дүгнэхдээ холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оролцуулна.

 13.3.Гэрээг хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн бол энэ хуулийн 11.1.4-т заасан эрх үүснэ.

Хэвлэх

 14 дүгээр зүйл.Гэрээлэгч эрх, үүргээ бусдад шилжүүлэх

14.1.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхлээр нь, эсхүл гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.

 14.2.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг бусдад шилжүүлэх тохиодолд хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргана.

 14.3.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

 14.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.3-т заасан дүгнэлтийг хянан үзээд 30 хоногийн дотор Засгийн газарт саналаа хүргүүлж, холбогдох шийдвэр гаргуулна.

 14.5.Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тохиолдолд гэрээлэгч, төрийн захиргааны байгууллага болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээдийн хооронд гурван талт гэрээ байгуулна.

 14.6.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 34.7, 34.8-д заасан төлбөрийг төлнө.

 14.7.Гэрээлэгч болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээд эрх, үүрэг шилжүүлэхэд төлсөн төлбөрийн хэмжээг шударгаар мэдээлнэ.

 14.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.3-т заасан дүгнэлт гаргахдаа хайгуул хийсэн хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаарх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг харгалзан үзнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРЭЛ

15 дугаар зүйл.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл

15.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэнэ.

15.2.Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно.

15.3.Нэг хуулийн этгээдэд олгох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайн хэмжээг газрын тосны сав газрын геологийн тогтоцыг харгалзан төрийн захиргааны байгууллага тогтооно.

15.4.Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

 16 дугаар зүйл.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлт гаргах

 16.1.Хуулийн этгээд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг заана:

 16.2.1.эрэл хийх талбайн байршил, хэмжээ;

16.2.2.эрлийн хугацаанд хийх ажлын ерөнхий хөтөлбөр;

16.2.3.техникийн хүчин чадал, хүний нөөцийн чадавх;

16.2.4.төлөвлөсөн ажлыг санхүүжүүлэх санхүүгийн боломж, эх үүсвэр;

16.2.5.тухайн жилд гүйцэтгэх эрлийн ажлын төлөвлөгөө, төсөл.

16.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.1-д заасан эрэл хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд судалж, шийдвэр гаргана.

16.4.Тухайн талбайд эрэл хийх хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хуулийн этгээд гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага харьцуулсан дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

16.5.Төрийн захиргааны байгууллага эрэл хийх шийдвэр гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана:

16.5.1.хүсэлт гаргагч нь техник, технологи, мэргэжлийн болон санхүүгийн чадавхтай эсэх;

16.5.2.эрлийн ажлын арга, аргачлал нь олон улсын жишигт нийцсэн эсэх;

16.5.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө.

16.6.Энэ хуулийн 16.3, 16.4-т заасан шийдвэрийг үндэслэн газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх гэрээг гурав хүртэл жилийн хугацаагаар байгуулна.

16.7.Эрлийн гэрээний эрх, үүргийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэхийг хориглоно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Эрлийн ажлын үр дүн, бүтээгдэхүүн хуваах гэрээ

17.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй.

17.2.Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ.

 17.3.Эрэл хийсэн этгээд доор дурдсан нөхцөлийг тусгасан бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг боловсруулж төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:

 17.3.1.ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь;

 17.3.2.нөөц ашигласны төлбөрийн хувь;

 17.3.3.өртөгт газрын тосны хязгаарын хувь;

 17.3.4.хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ;

 17.3.5.байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээ;

 17.3.6.сургалтын урамшууллын хэмжээ;

 17.3.7.гэрээнд гарын үсэг зурсны урамшууллын хэмжээ;

 17.3.8.олборлолт эхэлсний урамшууллын хэмжээ;

 17.3.9.олборлолт нэмэгдүүлсний урамшууллын хэмжээ;

 17.3.10.орон нутгийг хөгжүүлэх урамшууллын хэмжээ;

 17.3.11.төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг;

17.3.12.Засгийн газарт санал болгох бусад ашигтай нөхцөл.

17.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

17.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана.

17.6.Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

17.7.Энэ хуулийн 17.4-т заасан хэлэлцээ хийх явцад талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол газрын тосны эрлийн талбайг энэ хуулийн 19.1-д заасны дагуу хайгуулын талбайгаар зарлана.

17.8.Нэг талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалт явуулах тохиолдолд гэрээлэгч нь нэг байж болох бөгөөд төрөл тус бүрээр нь гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл авна.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХАЙГУУЛ

18 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

18.1.Энэ хуулийн 17.6-д заасан гэрээлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

18.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

18.2.1.бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар;

18.2.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

18.2.3.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

18.2.4.энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.

18.3.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.1, 18.2-т заасан баримт бичгийг хянан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар дараах этгээдэд олгож, сунгана:

18.3.1.эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан;

18.3.2.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан.

18.4.Газрын тосны хайгуулын хугацаа найм хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно.

18.5.Уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

18.6.Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно.

18.7.Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно.

18.8.Төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 хоногийн дотор, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн эхний улиралд багтаан батална.

18.9.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээлэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгах хүсэлтээ ирүүлнэ:

18.9.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

18.9.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

18.9.3.сунгасан хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;

18.10.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.9-д заасан баримт бичгийг хянаж хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл энэ хуульд заасан хугацаагаар сунгана.

18.11.Төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

18.12.Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах

19.1.Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана:

 19.1.1.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон төрийн захиргааны байгууллагаас ялгасан талбай;

 19.1.2.эрэл хийсэн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан;

 19.1.3.урьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд хайгуул хийхээс татгалзаж талбайгаа буцааж өгсөн, эсхүл удаа дараа зөрчил гаргаснаас эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;

 19.1.4.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж талбайг буцаан авсан;

19.1.5.энэ хуулийн 9.1.22, 11.1.5, 17.7 -д болон 12 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан;

19.1.6. хуульд заасан бусад.

19.2.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гурваас доошгүй удаа зарлана.

19.3.Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын талбайн хэмжээг газрын тосны сав газрын геологийн тогтоцыг харгалзан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Хайгуулын талбайн захиалга хүлээн авах

 20.1.Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

 20.2.Хайгуулын талбайн захиалгыг төрийн захиргааны байгууллагад битүүмжлэн ирүүлэх ба түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

 20.2.1.захиалагчийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг;

 20.2.2.захиалагч, түүний хөрөнгө оруулагчийн танилцуулга;

 20.2.3.захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг, түүнд эрх олгосныг нотлох баримт;

 20.2.4.захиалагчийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотлох баримт бичиг;

 20.2.5.хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа;

 20.2.6.хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсөв;

 20.2.7.энэ хуулийн 34.5-д заасан үйлчилгээний хөлсийг төлсөн баримт;

 20.2.8.захиалагч нь түншлэл байвал түүний оролцогч талуудын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, оролцох хувь, хэмжээ.

 20.3.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайн захиалга хүлээн авсан эсэх талаар ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр мэдэгдэнэ.

 20.4.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага захиалагчийн талаарх мэдээллийг гэрээ байгуулах хүртэл гуравдагч этгээдэд задруулахгүй.

Хэвлэх

 21 дүгээр зүйл.Сонгон шалгаруулалтын дүнг гаргах

 21.1.Төрийн захиргааны байгууллага гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу үнэлгээ хийж энэ хуулийн 17.3-т заасан үндсэн нөхцөлөөс Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн захиалагчийг ялагчаар тодруулан энэ тухай сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ.

 21.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сонгон шалгаруулалтын ялагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг тохиролцож, энэ хуулийн 17.5-д заасан шийдвэр гарсан тохиолдолд энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна.

Хэвлэх

 22 дугаар зүйл.Үнэлгээ, олборлолтын туршилт

 22.1.Гэрээлэгч хайгуулын цооногоос газрын тос илэрснээс хойш 15 хоногийн дотор энэ тухай төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж, цооногийг бүртгүүлнэ.

 22.2.Гэрээлэгч цооногийг бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор уг цооногт туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэн нээлтийн цооног мөн эсэхийг тодорхойлж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх бөгөөд газрын тосны нээлтийн цооног бүртгэгдсэн тохиолдолд 90 хоногийн дотор үнэлгээний хөтөлбөр, төслийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

 22.3.Гэрээлэгч үнэлгээний хөтөлбөрөөр үр ашигтай нээлт мөн эсэхийг тогтоож, нөөцийн үнэлгээг тусгасан үнэлгээний ажлын тайланг үнэлгээний ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

 22.4.Цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байна.

 22.5.Олборлолтын туршилтаар олборлосон түүхий тосыг худалдаж, экспортолж болох бөгөөд нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна.

 22.6.Олборлолтын туршилтын хугацаа дууссанаас хойш ашиглалт эхэлтэл тухайн цооногийн олборлолтыг зогсооно.

Хэвлэх

 23 дугаар зүйл.Баялаг, нөөц

 23.1.Гэрээлэгч баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог энэ хуулийн 8.1.3-т заасан газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

 23.2.Гэрээлэгч нөөцийн тооцооны тайланг хайгуулын хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагаар хянуулж, төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, төрийн захиргааны төв байгууллагаар нөөцийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргуулна.

 23.3.Төрийн захиргааны төв байгууллага Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батална.

 23.4.Гэрээлэгч болон төрийн захиргааны байгууллагын хүсэлтээр нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээ, газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөндлөнгийн байгууллага, эсхүл шинжээчээр дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах зардлыг гэрээлэгч хариуцна.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АШИГЛАЛТ

24 дүгээр зүйл.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

 24.1.Газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргана.

 24.2.Гэрээлэгч ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс ашиглалтын хугацаа эхэлнэ.

 24.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрээлэгчид олгож, сунгана.

 24.4.Гэрээлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

 24.4.1.газрын тосны нөөц бүртгэсэн тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

 24.4.2.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;

 24.4.3.орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө;

 24.4.4.ашиглалтын үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;

 24.4.5.эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын байр зүйн зураг дээр ашиглалтын талбайн булангийн цэгүүдийн солбицлыг градус, секундээр тодорхойлж тэмдэглэсэн зураг;

 24.4.6.энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.

 24.5.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд гэрээлэгч дараах баримт бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

 24.5.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, үндэслэл;

 24.5.2.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

 24.5.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

24.5.4.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

 24.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 90 хоногийн дотор энэ хуулийн 24.4.5-д заасны дагуу ашиглалтын талбайн хилийн хэмжилт хийж, шав тэмдэг тавих ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

 24.7.Төрийн захиргааны төв байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Хэвлэх

 25 дугаар зүйл.Газрын тосны ашиглалт

 25.1.Гэрээлэгч хайгуулын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор ашиглалтын үйл ажиллагаа явуулах эсэх тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болгож, тухайн талбайд ашиглалт явуулах этгээдийг энэ хуулийн 20, 26 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна.

 25.2.Газрын тосны ашиглалтын хугацаа 25 хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно.

 25.3.Уламжлалт бус газрын тосны ашиглалтын хугацаа 30 хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага нэг удаа тав хүртэл жилээр сунгаж болно.

 25.4.Гэрээлэгч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ дэд бүтэц, байгаль орчны асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авна.

 25.5.Газрын тосны орд, газрын тосны хуримтлалтай хураагуур нь хоёр ба түүнээс дээш, ашиглалтын талбайн хил заагийг дамнан байрших тохиолдолд гэрээлэгчид нь хамтран ашиглах гэрээ байгуулан ашиглалтын нэгдсэн төлөвлөгөө, төсөв боловсруулж төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

 25.6.Гэрээлэгч нь энэ хуулийн 25.5-д заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн газрын тосны хуримтлалтай хураагуурыг хэрхэн ашиглах талаарх шийдвэрийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомж, шинжлэх ухааны аргачлалд үндэслэн шийдвэрлэнэ.

 25.7.Гэрээлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 60 хоногийн дотор ашиглалтын эхний жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

 25.8.Гэрээлэгч ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө, төсвийн төслийг хуанлийн өмнөх жил дуусахаас 90 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

 25.9.Гэрээлэгч баталгаат нөөцөөс ашиглалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд энэ хэсэг олборлолтын туршилтад хамаарахгүй.

 25.10.Гэрээлэгч газрын тосны ордын нөөцийг ашиглах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

Хэвлэх

 26 дугаар зүйл.Ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах

 26.1.Дараах тохиолдолд ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана:

 26.1.1.газрын тосны нөөцийг хүлээн авсан тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаагүй;

 26.1.2.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон;

 26.1.3.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахаас татгалзаж талбайг буцааж өгсөн;

 26.1.4.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомж зөрчсөний улмаас түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон талбайг буцаан авсан;

 26.1.5.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж талбайг буцааж авсан;

 26.1.6.шүүхийн шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан талбайд энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гэрээлэгчийг сонгон шалгаруулна.

 26.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.2-т заасан сонгон шалгаруулалтын ялагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг тохиролцож, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан хуулийн этгээдтэй энэ хуулийн 17.5, 17.6-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.

 27 дугаар зүйл.Газрын тосны хэмжилт, үнэ

27.1.Олборлосон газрын тосны хүргэлтийн цэгийг төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно.

27.2.Хүргэлтийн цэгийн байршлын талаар талууд 30 хоногийн дотор тохиролцож чадаагүй бол төрийн захиргааны байгууллага хүргэлтийн цэгийг тогтооно.

27.3.Хүргэлтийн цэг дээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэнэ.

27.4.Төрийн захиргааны байгууллага хяналтын цэгийг тогтоож болно.

 27.5.Төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч газрын тосны үнийг олон улсын зах зээл дээр борлуулж байгаа ижил төстэй шинж чанартай газрын тосны үнийг үндэслэн тогтооно.

27.6.Олборлолтын туршилт болон олборлолтын явцад олборлосон газрын тосыг хүргэлт болон хяналтын цэг дээр эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хэмжих төхөөрөмжөөр хэмжинэ.

27.7.Хэмжих төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу хэмжилт алдаатай хийгдсэн тохиолдолд алдаа гарсан хугацааг хэмжилт алдаатай болсныг мэдсэн өдрөөс өмнө нь хэмжих төхөөрөмжийг хянаж шалгасан өдрийн хоорондох хугацааны дундах өдрөөс эхлэн тооцно.

27.8.Хэмжих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор мэргэшсэн, хөндлөнгийн байгууллагыг ажиллуулах ба үүнтэй холбогдон гарах зардал, төлбөрийг гэрээлэгч бүрэн хариуцна.

Хэвлэх

 28 дугаар зүйл.Газрын тос хадгалах

28.1.Олборлосон газрын тосыг дараах байдлаар хадгалж болно:

 28.1.1.газрын тос хадгалах байгууламж барьж ашиглах;

 28.1.2.тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч ашиглах.

 28.2.Энэ хуулийн 28.1.2-т заасан хураагуурт газрын тосыг юүлэх болон буцаан гаргахдаа энэ хууль болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу хэмжинэ.

Хэвлэх

 29 дүгээр зүйл.Газрын тосыг тээвэрлэх

 29.1.Олборлосон газрын тосыг төмөр зам, тусгай зориулалтын автомашин, эсхүл дамжуулах хоолойгоор тээвэрлэнэ.

29.2.Гэрээлэгч газрын тосыг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэх тохиолдолд холбогдох төрийн захиргааны байгууллагаас баталсан замын төрөл, стандартыг мөрдөнө.

 29.3.Гэрээлэгч ашиглалтын талбайд үйлдвэрлэлийн зориулалт бүхий дамжуулах хоолой барьж болох ба уг дамжуулах хоолой нь гэрээний хугацаанд гэрээлэгчийн өмч байх бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсны дараа энэ хуулийн 39.1-д заасны дагуу шийдвэрлэгдэнэ.

 29.4.Гэрээлэгч газрын тосыг борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих бол энэ тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

29.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор саналаа Засгийн газарт хүргүүлж, зохих шийдвэр гаргуулна.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨР, ЗАРДАЛ, ӨРТӨГ НӨХӨЛТ, БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ

30 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг хуваарилах

30.1.Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.

30.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гэрээт талбайн н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд гурван америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

30.3.Хайгуулын хугацааг сунгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд найман америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

30.4.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд 100 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

30.5.Ашиглалтын хугацааг сунгасан тохиолдолд гэрээт талбайн жилийн төлбөр н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд 200 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

30.6.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна.

30.7.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн санхүүгийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор төлнө.

30.8.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 30.7-д заасан хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 30.2-30.5-д заасан төлбөрийн гуравны нэгтэй тэнцэх торгуулийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нэмж тооцон төлнө.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Нөөц ашигласны төлбөр, түүнийг хуваарилах

31.1.Газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь олборлосон түүхий тос, байгалийн хийн 5-15 хувь байна.

31.2.Уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь 5-10 хувь байна.

31.3.Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.

31.4.Засгийн газарт ногдох түүхий тосны жил бүрийн борлуулалтын орлогын гурван хувийг Газрын тосны салбарыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

32 дугаар зүйл.Өртөг нөхөгдөх зардал, өртөгт газрын тосыг тооцох

32.1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шааpдагдах бүх заpдлыг гэpээлэгч хаpиуцна.

32.2.Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө.

32.3.Өртөгт газрын тосны хэмжээ нь тухайн жилд олборлосон нийт газрын тосноос нөөц ашигласны төлбөрт ногдох газрын тосыг хасаад үлдэх тосны 40 хүртэл хувь байх ба уламжлалт бус газрын тосны хувьд энэ хуульд заасан холбогдох журмын дагуу зохицуулна.

32.4.Бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох үед өртөг нөхөгдөх зардлаас нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг гэрээлэгчид олгохгүй. 

32.5.Хайгуулын үеийн олборлолтын туршилтын зардал нь хайгуулын ажлын зардалд хамаарна.

32.6.Өртөг нөхөгдөх зардалд энэ хуулийн 30.2-30.5, 30.8, 31.1-31.2, 34 дүгээр зүйлд заасан төлбөр хамаарахгүй.

32.7.Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй.

32.8.Засгийн газар гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардалд хүү төлөхгүй.

Хэвлэх

33 дугаар зүйл.Бүтээгдэхүүн хуваалт

33.1.Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана.

33.2.Ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээг хоногт олборлох газрын тосны хэмжээтэй уялдуулан бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхойлон заана. 

Хэвлэх

34 дүгээр зүйл.Бусад төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлс

34.1.Гэрээнд гарын үсэг зурсны, олборлолт эхэлсний, олборлолт нэмэгдүүлсний болон сургалтын урамшууллыг энэ хуулийн 17.3-т заасан сонгон шалгаруулалтад захиалагчаас санал болгосон хувь, хэмжээгээр гэрээнд тусгана.

34.2.Гэрээлэгч нь сургалтын болон орон нутаг хөгжүүлэх урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгээс бусад төлбөрийг улсын төсөвт шилжүүлнэ.

34.3.Сургалтын урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

34.4.Орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлнэ.

34.5.Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс 20000 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төрийн захиргааны байгууллагын дансанд төвлөрүүлнэ.

34.6.Гэрээлэгч хайгуулын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд 100000 америк доллар, ашиглалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд 250000 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

34.7.Гэрээлэгч гэрээний эрх, үүргээ шилжүүлэхдээ хайгуулын талбайд нээлт тогтоогдохоос өмнө 20000 америк доллар, нээлт тогтоогдсоны дараа 50000 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

34.8.Ашиглалтын үед гэрээний эрх, үүргээ шилжүүлбэл 100000 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭ ТАЙЛАН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

35 дугаар зүйл.Мэдээ материал, үр дүнгийн тайлан

35.1.Гэрээлэгч хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайлан, анхдагч мэдээ материалыг хуанлийн тухайн жил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

35.2.Гэрээлэгч судалгаа, боловсруулалт, тайлал, лабораторийн туршилт, шинжилгээ хийх зорилгоор чулуун дээж, газрын тос, хий, шингэн болон анхдагч мэдээ материалыг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.

35.3.Гэрээлэгч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн газрын тос, хий, шингэн, чулуун дээжийн шинжилгээний үр дүн болон чулуун дээж, анхдагч мэдээ материалыг тухайн жилийн ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

Хэвлэх

36 дугаар зүйл.Санхүүгийн мэдээ тайлан гаргах

36.1.Гэрээлэгч нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

36.2.Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана.

Хэвлэх

37 дугаар зүйл.Санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт

37.1.Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан хяналт шалгалтаар гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтыг хянан баталгаажуулна.

37.3.Төрийн аудитын байгууллага хараат бус мэргэжлийн хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж энэ хуулийн 37.1-д заасан санхүүгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлж болно.

37.4.Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө.

Хэвлэх


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

38 дугаар зүйл.Онц байдал, давагдашгүй хүчин зүйл

38.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл түүний зарим хэсэгт онц байдал зарласан тохиолдолд Засгийн газаp гэpээлэгчид ногдох газрын тос, уламжлалт бус газрын тос, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нөхөх олговортойгоор дайчилж болно.

38.2.Монгол Улсад дайны болон дайн бүхий байдал үүссэн тохиолдолд гэрээлэгчийн тухайн үеийн техник, технологи, үйлдвэрлэл явуулах аюулгүй нөхцөлд тохируулан олбоpлолтыг дээд хэмжээнд хүpтэл нэмэгдүүлэхийг гэpээлэгчээс шааpдаж болно.

38.3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх

39.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгчийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, эсхүл дуусгавар болсны дараа өмчлөх асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан хөрөнгийг Засгийн газар шилжүүлэн авахаас татгалзсан тохиолдолд гэрээлэгч нь татан буулгалтыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх

40.1.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын явцад худаг, өвөлжөө, намаржаа, хаваржаа, хувийн болон нийтийн зориулалттай орон байр, бусад барилга байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нь бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.

40.2.Гэрээлэгч энэ хуулийн 40.1-д заасан барилга байгууламж, эд хөрөнгийг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг бүрэн хариуцна.

40.3.Энэ хуулийн 40.1-д заасан эд хөрөнгийн хариуцлагыг гэрээлэгч биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Даатгал

41.1.Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, эд хөрөнгө, ашиг сонирхлоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын даатгалын эрх бүхий компаниар даатгуулж болно.

41.2.Монгол Улсын даатгалын эрх бүхий компани нь энэ хуулийн 41.1-д заасан даатгалыг хийхээс татгалзсан тохиолдолд гадаад улсын даатгалын хуулийн этгээдээр даатгуулж болно.

Хэвлэх

42 дугаар зүйл.Бусад ашигт малтмал илрэх, талбай давхцах 

42.1.Хайгуулын явцад байгалийн хийн агууламж илэрсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэх бөгөөд тухайн гэрээлэгчтэй байгалийн хийн талаар тусад нь гэрээ байгуулж болно.

42.2.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосноос өөр ашигт малтмал илрүүлбэл төрийн захиргааны байгууллагад 15 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд уг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

42.3.Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана.

42.4.Энэ хуулийн 42.3-т зааснаар ажиллах боломжгүй бол уг асуудлыг энэ хуулийн 7.1.10-т заасны дагуу шийдвэрлэнэ.

42.5.Засгийн газар энэ хуулийн 42.4-т зааснаар шийдвэрлэхдээ аль нэг талын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул, ашиглалтын үед гарсан бүх зардлыг тусгай зөвшөөрөл авсан тал нь нөхөн төлнө.

Хэвлэх

43 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх

43.1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн болон бусад маргааныг төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Хариуцлага хүлээлгэх

44.1.Газрын тосны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараах захиргааны шийтгэл ногдуулна:

44.1.1.төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол хууль бусаар цуглуулсан судалгааны материал, холбогдох эд зүйлийг хурааж иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

44.1.2.тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын тосны хайгуул хийсэн, олборлосон бол хууль бусаар олсон орлого, олборлосон газрын тосыг хурааж тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.3.хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол олсон орлогыг хурааж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.4.гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.5.эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт, бичгийн хувийг энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулан авч, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.6.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол олсон орлогыг хурааж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг энэ хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж, борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан буюу бууруулахыг завдсан бол олборлосон газрын тосны хэмжээ болон үнийн зөрүүг тооцон улсын орлогод нөхөн төлүүлж, тухайн хугацаанд олсон орлогын 50 хувиар торгох;

44.1.9.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуугаас дөрвөн зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 11.2.5-11.2.8, 11.2.12-т заасан үүргээ биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавиас гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.11.хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж болон анхдагч материалыг үрэгдүүлсэн, устгасан бол тэдгээрийг нөхөн бүрдүүлж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуулын ажлын анхдагч болон үр дүнгийн тайлан, холбогдох материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

44.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.14.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.15.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учирсан хохирол болон хохирлыг арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавиас гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

44.1.16.гэрээлэгч нь энэ хуулийн 18.8, 25.7, 25.8-д заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44.1.17.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

44.1.18.Гэрээлэгч нь энэ хуулийн 11.2.9-11.2.11, 11.2.13, 11.2.15, 11.2.17,11.2.18, 11.2.20-д заасныг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

44.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нэг зөрчлийг давтан гаргасан эсхүл энэ хуульд заасан зөрчилд өмнө нь хоёр удаа захиргааны хариуцлага хүлээсэн боловч дахин зөрчил гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

44.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын тосны тухай хууль тогтоомж зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

44.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.3.Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээсэн, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг өмнө нь хоёр удаа хүлээсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

45 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

45.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу байгуулсан гэрээнд энэ хуулийн 17.3.1, 17.3.6-17.3.11, 30.2, 30.4, 32.2, 32,3, 33.1, 33.2-т заасан төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Хэвлэх