A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Хөдөөгийн малчин өрх гэр бүлдээ 6 настай хүүхдээ харж асрах, аж ахуйгаа эрхлэх амьдралын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 1 дүгээр ангийн сургалтыг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн, дүйцсэн хөтөлбөр, хувилбарт хэлбэрээр зохион байгуулахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

Хоёр.Хөдөөгийн сургуулийн дотуур байранд амьдран сурч буй бага насны хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бий болгохтой холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

1/Зургаан настай хүүхдэд сургалт, хөгжил, сэтгэл зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчтай харилцах хүүхэд хөгжлийн багш болон дотуур байранд суух зургаан настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан шийдвэрлэх;

2/Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй уялдуулан шаардлагатай өрөө тасалгааг бий болгож эдгээрт шаардагдах тоног, төхөөрөмж, тавилга, хэрэгслээр хангах.

Гурав.Зарлигийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн мөрдсүгэй.

Дөрөв.Зарлигийн биелэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан мэдээлж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ