A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  Улаанбаатар хот





Дугаар 07

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим
12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог хүрэлцэн ирээгүй болно.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гаргасан өргөдөлдөө:
“Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтын 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 гэсэн таван заалт Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын тухай хуулийн:
-7.3.1.өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны дарга, Засгийн газрын гишүүнээр сонгох, томилох санал хураалтын үед;
-7.3.3.өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах эсэх асуудлаар санал хураах үед;
-7.3.4.өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар санал хураах үед;
-7.3.5.өөрийг нь сэжигтнээр албадан саатуулах, цагдан хорих, гэр, албан өөрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн өөрт нь шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар санал хураах үед;
-7.3.6.Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн тус тус энэ хуулийн  7.1.5 -д заасан таслах эрхийг эдлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна.
Улсын Их Хурлын аливаа бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох нь ард түмний элч мөний хувьд Улсын Их Хурлын гишүүнд Үндсэн хуулиар олгогдсон, анхдагч гэж хэлж болох, бүрэн эрх юм. Хэдэн жилийн өмнө Харвардын Университетээс зохион байгуулсан чөлөөт зах зээлтэй улсуудын наяад улс төрийн намыг хамарсан хөндлөнгийн судалгаагаар “улс төрийн нам гэдэг бол төрийн эрх мэдлийг авах үндсэн сонирхол бүхий бүлэг хүмүүс” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Төрийн эрх мэдлийн төлөө нам бүлгүүдийн хооронд бие биенээ унагах гэсэн улс төрийн тэмцэл өрнөж байдаг Улсын Их Хурал шиг ийм байгууллагад гишүүний энэхүү анхдагч эрхийг хязгаарлах нь зарим тохиолдолд Улсын Их Хурлын сонгуулиар буй болсон албан ёсны олонхийг үгүйсгэх, улмаар хууль зүйн үндэслэлгүй сэдэлтийг өөгшүүлэх, Улсын Их Хурлаас нийгмийн нийтлэг эрх ашигт буюу ард түмний хүсэл зоригт нийцээгүй шийдвэр гарахад нөлөөлж болох юм.
Энэхүү хязгаарлалтыг нам, эвслийн үндсэн сонирхол, түүнтэй холбоотой сонирхлын зөрчлөөс жижиг хувийн сонирхлын зөрчлөөр тайлбарлах ёсгүй. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний таслах эрхийг хуулиар хязгаарлах нь гишүүний халдашгүй байдлыг хөндөн Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“1.Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэдгийг “Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих эрхгүй, харин Үндсэн хууль, түүнтэй нийцэн гарсан бусад хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхнийг хуульчлагдсан байна гэж үзэж болохгүй, Монголын ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо гэх сэтгэл, шударга үнэнийг эрхэмлэх ёсон зэрэг зүйлийг Улсын Их Хурлын гишүүн хүн эрхэмлэн баримтлах учиртай” гэж тайлбарласан байна.
Энэхүү тайлбарыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад биечлэн оролцсон хуульчид хийсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хийгдсэн тайлбар гэж үзэх үндэслэлтэй.
Улсын Их Хурлын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны даргаар сонгох, Засгийн газрын гишүүнээр томилох, өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгах болон сэжигтнээр албадан саатуулах, цагдан хорих, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар, түүнчлэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах явцад холбогдох гишүүнийг тухайн санал хураалтад оролцуулах эсэх асуудлаар маргаан багагүй үүсдэг байсан. Иймээс Улсын Их Хурлын гишүүн ийнхүү таслах эрхгүй байх заалтуудыг 2001 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, албан тушаалд сонгох, томилох, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх, өөрт нь итгэл хүлээлгэх эсэх гэх мэт Улсын Их Хурлын гишүүний хувьд зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураахад таслах эрхгүй байхаар заасан. Энэ нь нэг талаасаа Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн гагцхүү шударга үнэнийг эрхэмлэн дээдэлж ажиллах, аливаа сонирхлын зөрчилгүй байх талаас нь харгалзсан хэрэг юм. Нөгөө талаар Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч болж нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж бодлого тодорхойлох аливаа асуудлаар санал хураалтад оролцох эрхийг хасаж байгаа явдал биш гэж үзсэн.
Аливаа хүний эрх нь нөгөө хүний эрхийг хохироох үндэслэл болохгүй байх, нөгөө талаас ёс зүйн талаас хандаж хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож болох ерөнхий зарчмыг баримтлахыг шаарддаг. Дэлхийн ихэнх оронд энэ зарчмын хүрээнд парламентын гишүүдийн зарим үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоон мөрдүүлдэг. Тухайлбал, парламентын улс орнуудын нийтлэг жишгээр Улсын Их Хурлын гишүүний албаны үйл ажиллагаа, албан томилолт, шагнал, бэлэг дурсгалын зүйлийг хүлээн авах, сонгуулийн үйл ажиллагаа явуулахад хуулиар тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон. Үүний нэгэн адилаар хандаж Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхол, түүний нийгмийн болон албаны үүрэгтэй нь харшилдах байдал гаргахгүй байх үндэслэлээр зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураах үед таслах эрх эдлэхгүй байхаар хуульчилсан.
“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байгаа, түүнчлэн Парламентын гишүүний бүрэн эрхэд дээр дурдсанаар хязгаарлалт тогтоож болох ерөнхий зарчим үйлчилдэг тул зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно.
2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол түүнээс эрх, үүргээ саадгүй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх явдлыг хангасан Үндсэн хуулийн чухал зарчмын нэг юм. Гэхдээ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, тайлбар зэрэгт Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийхийг хориглохыг хэлнэ гэж тайлбарласан байна.
Үүнтэй уялдуулан авч үзвэл Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтуудаар хуульчлан баталгаажуулсан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалтай холбогдсон бусад асуудлыг зохицуулсан заалтууд ч энэ хүрээнд багтаж байгаа.
Дэлхийн ихэнх оронд гэмт хэргийн газар дээр нь саатуулаагүй л бол шүүгч хэргийг бодитойгоор тогтоотол парламентын гишүүнийг баривчилж хорих эрх хэнд ч байдаггүй бөгөөд аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн танхимын гишүүний эсрэг шүүхийн зарга үүсгэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүний халдашгүй байдал гэдэг нь улс орнуудын нийтлэг жишгээр аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн гишүүний эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг өдөөж болохгүй байх зарчмаар илэрхийлэгддэг бөгөөд энэ парламентын гишүүний халдашгүй эрхийн талаар дэлхийн улс орнуудад үйлчилдэг нийтлэг эрх зүйн ойлголт юм.
Oлон улсын эрх зүйн хэм хэмжээнд иргэний “халдашгүй эрх чөлөөтэй байх” гэдэг өргөн хүрээгээр авч үзвэл хүний хувийн чөлөөт байдал, эд хөрөнгө, орон сууц, захидал харилцааны нууцад хуульд заасан журмаас гадуур хэн ч халдахгүй байхаар тайлбарладаг. НҮБ-ын 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1948 оны Эрүү шүүлт болон бусад харгис, хүнлэг бус, доромжилсон харьцаа, шийтгэлийн эсрэг олон улсын гэрээ, бичгүүд, 1966 оны Иргэний болон улс төрийн тухай Пакт зэрэгт хуульчлан заасны дагуу хууль бусаар нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглохыг ойлгодог. Энэ ойлголт нь ийнхүү олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн халдашгүй байдлын ойлголт байна.
”Халдашгүй” гэсэн үгийн язгуур утгыг авч үзвэл /Цэвэлийн тайлбарт/ “халдаж болшгүй”, “ойртох аргагүй” гэдгээр тайлбарласан байна. Энэ тайлбараас ч үзэхэд хүний үйл ажиллагаанд бус харин аливаа хүний бие /эрх чөлөөнд/, эд зүйлд халдаж болохгүй гэж ойлгогдож байна.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь улс орнуудын нийтлэг жишгээр Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтуудаар илэрхийлэгдэж байгаа тул Улсын Их Хурлын гишүүний таслах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.
Гурав. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэмэлт өргөдөлдөө:
“Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3.1, 7.3.6 заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно”, мөн хуулийн 7.3.3, 7.3.4, 7.3.5 заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй. Хувийн хэвшлийн байгууллагын удирдлага нь хувийн сонирхлоороо нэгдсэн хүмүүсээс буюу тийм этгээдүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн байдаг тул санал өгөх эрхэд зөөлөн хязгаарлалт байж болдог.
Жишээ нь, удирдах зөвлөлийн гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар сонирхлын зөрчилтэй байгаа тул би санал хураалтад оролцохгүй гэж болдог. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд тас хориглосон байна. Маргаан үүсгэгдсэн өргөдлийн тайлбарт ч Улсын Их Хурлын гишүүний санал өгөх бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй тухай тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй эсвэл энэхүү эрхийг түдгэлзүүлээгүй буюу зохих зөвшөөрлийг аваагүй байгаа үед тухайн гишүүний санал өгөх эрхийг хасч байгаа нь дээр иш татсан Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Хорин гуравдугаар зүйлийн 1, 2; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.
1.Парламентын гишүүдийн санал өгөх, таслах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлахыг хуулиар хориглодог нь ардчилсан эрх зүйт төрийн үндсэн зарчим болно.
Бусад салбар хуулийн хувьд тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн санал өгөх эрх нь нээлттэй байдаг.
2.”Ашиг сонирхлын зөрчилтэй”, мөн “зөвхөн өөртэй нь холбогдолтой асуудлыг хэлэлцэх” гэх мэт үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний санал өгөх эрхийг хуулиар хязгаарласан нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан шинжийг агуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1, 2; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.
2. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.3, 7.3.4, 7.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Хорин гуравдугаар зүйлийн 1; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.
3. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 дахь заалтын үйлчлэлийг 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
П.ОЧИРБАТ
Ж.АМАРСАНАА
Ц.САРАНТУЯА