A

A

A

Бүлэг: 1979

ГТЕГ-ын даргын 2016-01-28-ны А/22 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2009-13-д/

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дугаар A/207 Улаанбаатар хот

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар 13.9, 27 дугаар зүйлийн 27.6.2, 27.6.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь :

Нэг. Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 2.1.3, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт 4.61гэсэн дараахь утга бүхий заалтыг тус тус нэмсүгэй. Үүнд:

1.1. "2.1.3 Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан нөхцлөөр өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжсэн тохиолдолд уг этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргаж болно."

1.2. "3.1.5 Энэ журмын 2.1.3-д заасан этгээдийн хувьд өөрчлөн байгуулсан тухай эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан компанийн тухайд хуваах баланс, компанийн дүрэм зэрэг өөрчлөн байгуулалтын дүнд татвар төлөх эрх, үүрэг шилжсэнийг нотлох баримтыг үндэслэнэ."

1.3. "4.61Энэ журмын 4.6-д заасан нягтлах шалгалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд үндэслэх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хянаж үзэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд татвар төлөгчийн байр агуулах, ажлын байранд нь үзлэг тооллого, ажлын зураг авалт хийх замаар татвар төлөгчийн бүртгэлийн ажил хариуцсан байцаагч хэрэгжүүлнэ."

Хоёр. "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.6, 4.11, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.3, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

2.1. "4.6 Шаардлагатай тохиолдолд татварын алба иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг хянан үзэхдээ хуулийн үндэслэл, санхүү, татварын тайланг үнэн зөв, бодитой гаргасан эсэхийг нягтлан шалгах ба шийдвэр гаргах хугацаа нь энэ журмын 4.5-д заасан хугацаанд багтахааргүй бол энэ тухай иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ."

2.2. "4.11 Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээг ТЕГ-ын төрийн захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн нэгжээс харъяа татварын албанд олгоно."

2.3. "6.2 Гэрчилгээнд тусгагдсан мэдээлэл өөрчлөгдөх бүрт татварын алба татвар төлөгчийн хүсэлтээр гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг хийх бөгөөд гэрчилгээг нөхөн олгох тохиолдолд хуучин гэрчилгээг хүчингүй болгож, дахин олгоно."

2.4. "7.2.1 Татвар төлөгчийг харъяалах татварын албаны татвар төлөгчийн бүртгэлийн ажил хариуцсан нэгж нь "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт" (Хавсралт № 5)-ыг нээж, тухайн татвар төлөгчийн эрсдэлийг тодорхойлуулахаар эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгжид шилжүүлэх ба эрсдэлийн нэгжээс гаргасан дүгнэлтэд үндэслэн эрсдэлтэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын ажил хариуцсан нэгжид шилжүүлж, энэ тухай бүртгэл хөтөлнө. Эрсдэлгүй гэж үзсэн татвар төлөгчийг хяналтанд шалгалтанд хамруулахгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлээс хасна."

2.5. "7.2.3 "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт" болон "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг үндэслэн татвар төлөгчийн харъяалах татварын албаны даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч нэмэгдсэн өртгийн албан татварын илүү, дутуу үлдэгдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ."

2.6. "8.1 Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн бүртгэлийн ажил хариуцсан нэгжээс улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг татварын албаны цахим хуудсаар мэдээлнэ."

3. "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл" (Маягт ТТБ-01-А)-ыг 1 дүгээр хавсралт, "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх шийдвэрийн хуудас" (Маягт ТА-25)-ыг 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

5. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газар (Д.Баяраа), Татварын хяналт шалгалтын удирдлага, аргазүйн газар (Б.Даваацэрэн), Эрсдэлийн удирдлагын газар (Д.Хүрэлчулуун)-т болон УТОХГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай.