A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВТ

ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.11, Засгийн газрын тухай хуулийн 7.1, 8.3-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэгт 2014 онд батлагдсан зардлаас дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцахаар шалгарсан суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилтэд Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын "Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал" гэсэн эдийн засгийн ангиллаас "Эргэж төлөгдөх зээл"-ийн ангилал хооронд шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголоор дээрх зохицуулалтыг хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Засгийн газрын "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг дараах байдлаар өөрчилсүгэй:

"3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3, 5 дугаар хавсралт, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай."

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР