A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын 1998 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1997 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 1998 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг цаг тухайд нь хураах, өнгөрсөн онуудаас шилжиж ирсэн авлагыг барагдуулах талаар дорвитой арга хэмжээ авах, нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлтэд санхүү, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагаас тавих хяналт, ажлын уялдааг сайжруулж, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Үндэсний татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд гэрээ байгуулан, ажил олгогч, ажиллагчид, цалин хөлсний талаар харилцан мэдээлэл солилцож, хяналт тавих журам тогтоон мөрдүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

2/ Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу боловсролын салбарт хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн явц, үр дүнг Улсын Их Хуралд улирал тутам мэдээлж байх, орон нутагт хэмнэгдсэн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтыг сайжруулан, түүнийг боловсронгуй болгох механизмыг бий болгох;

З/ эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон хугацаа хэтэрсэн зээлийн хөрөнгийг төлүүлэх асуудлыг 1998 онд багтаан бүрэн шийдвэрлэх;

4/ Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын орлого, эх үүсвэрийн бүрдүүлэлт, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын тогтолцоог хянан үзэж боловсронгуй болгох;

5/ хяналт шалгалтаар тогтоогдсон өмч хөрөнгөтэй холбоотой төлбөр, зөрчлийг тогтоосон хугацаанд барагдуулаагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй нөхцөлд төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг бууруулах буюу санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хяналтын хатуу горим тогтоох;

6/ сумдын хөгжлийн сангаас 1997 онд санхүүжүүлж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээр нэмэлт төсөл санхүүжүүлэх буюу тухайн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан сумдад төсвөөс дахин зээл олгохгүй байх хүртэл арга хэмжээ авах;

7/ төсвөөс хийх хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмыг 1998 оны 1 дүгээр улиралд багтаан баталж, мөрдүүлэх;

8/ төсвийн хөрөнгөөр бараа, материал бэлтгэх болон эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхдээ олон нийтэд ил тод байх нөхцөлийг бүрдүүлэх;

9/ төв, орон нутгийн харилцааг боловсронгуй болгох үүднээс улсын төсвөөс татаас олгохдоо орлого, зарлагын зөрүүгээр бус зах зээлээс алслагдсан байдал, газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харгалзан шилжүүлгээр хуваарилдаг зарчимд шилжих асуудлыг судлан Улсын Их Хуралд танилцуулах.

2.1997-1998 онд гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, эх үүсвэрийн төвлөрүүлэлтийн байдалд шалгалт хийж, 1998 оны намрын чуулганд танилцуулахыг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа/-нд үүрэг болгосугай.

З.Улсын төвлөрсөн төсвийн орлогын биелэлт, төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, төсөвт байгууллагуудын өр авлагын байдалд тавих хяналтыг сайжруулахыг Төсвийн байнгын хороо /А.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ