A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 1994 ОНЫ ТАРИФ, ХУДАЛДААНЫ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР
Бүлэг: 1979

1994 ОНЫ ТАРИФ, ХУДАЛДААНЫ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН

6 ДУГААР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ

1 дүгээр зүйл

Зарчим

Демпингийн эсрэг арга хэмжээг зөвхөн 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн заалтуудын дагуу эхлүүлж, явуулах мөрдөн шинжилгээний дүнд хэрэглэнэ. Демпингийн эсрэг хууль тогтоомж буюу дүрэм журмын үндсэн дээр арга хэмжээ авч байгаа тохиолдолд 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийг хэрэглэхийг дараахь заалтуудаар зохицуулна.

2 дугаар зүйл

Демпингийг тодорхойлох

2.1.Барааг нэг улсаас нөгөө улс уруу экспортлож буй экспортын үнэ нь тухайн бараатай адил бөгөөд экспортлогч улс дахь хэрэглээнд зориулсан бараанд худалдааны ердийн явцад тогтоодог харьцуулах үнээс доогуур байвал тухайн барааг демпингтэй, өөрөөр хэлбэл өөр орны зах зээлд хэвийн өртгөөсөө доогуур үнээр нэвтэрч байгаа гэж энэхүү хэлэлцээрийн зорилгоор үзнэ.

2.2 Экспортлогч орны дотоодын зах зээлийн ердийн худалдааны явцад дээрх адил барааг худалддаггүй, эсхүл экспортлогч орны зах зээлийн өвөрмөц байдлын буюу дотоодын зах зээлд борлуулсан хэмжээ бага байгаагийн улмаас уг борлуулалтын талаар зохистой харьцуулалт хийх боломжгүй тохиолдолд демпингийн ялгаврыг зохих гуравдагч оронд экспортолсон адил барааны харьцуулах үнэ (хэрэв тухайн үнэ нь төлөөлөл болохуйц бол)-тэй эсхүл үйлдвэрлэгч орны үйлдвэрлэлийн өртөг дээр зохих хэмжээний захиргааны, борлуулалтын болон нийтлэг зардал болон ашгийг нэмсэнтэй харьцуулан тодорхойлно.

2.2.1 Нэгж барааны үйлдвэрлэлийн зардал (тогтмол болон хувьсах) дээр захиргааны, худалдааны болон нийтлэг зардлыг нэмснээс доогуур үнээр экспортлогч орны дотоодын зах зээл дэх ижил барааны худалдааг, эсхүл гуравдагч оронд хийсэн худалдааг хэрэв эрх бүхий байгууллагууд эдгээр худалдаа нь урт хугацааны туршид дорвитой тоо хэмжээгээр бүх зардлаа боломжийн хугацаанд бүх зардлаа нөхөх боломжгүй үнээр хийгдсэн гэж тодорхойлсон бол үнийн шалтгаанаар худалдааны ердийн явцад хийгдээгүй гэж үзэж, ердийн өртгийг тодорхойлоход хэрэгсэхгүй байж болно. Хэрэв борлуултын үед нэгжид ногдох зардлаас бага байгаа үнэ нь шалгалтын үеийн нэгжид ногдох дундаж зардлаас их байх тохиолдолд ийм үнийг боломжийн хугацаанд зардлаа нөхсөн үнэ гэж үзнэ.

2.2.1.1 Зардлыг 2 дахь хэсгийн зорилгоор тооцохдоо мөрдөн шинжилэгдэж буй экспортлогч, эсхүл үйлдвэрлэгчийн бүртгэлийн баримтыг үндэслэх бөгөөд эдгээр баримт нь экспортлогч орны нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцсэн бөгөөд мөрдөн шинжилэгдэж буй барааны үйлдвэрлэл, худалдаатай холбогдсон зардлыг зүй зохистой тусгасан байх ёстой. Эрх бүхий байгууллага нь зардлын задаргаа үнэн зөв болох талаархи боломжтой бүх нотолгоог, үүний дотор шалгалтын явцад экспортлогч, эсхүл үйлдвэрлэгчийн гаргаж өгөх үзүүлэлтүүдийг анхааралдаа авах бөгөөд эдгээр задаргаа нь элэгдэл хорогдлын зохих хугацаа, түүнчлэн хөрөнгө оруулалтын нөхвөр болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бусад зардлыг тодорхройлох тухайд экспортлогч буюу үйлдвэрлэгч уламжлан баримталж ирсэн байвал зохино. Хэрэв энэ хэсгийн дагуу задаргаа нь тусгагдаагүй бол үйлдвэрлэлийг тухайн үе болон цаашид хөгжүүлэхэд шаардагдах байнгын бус зардлыг, эсхүл үйлдвэрлэлийг эхлэн бүрдүүлэхэд нөлөөлөх нөхцөл байдлуудыг харгалзан зардлын тооцоонд залруулга хийнэ.

2.2.2 2дахь хэсгийн зорилгоор, захиргааны, худалдааны болон нийтлэг зардлын, түүнчлэн ашгийн хэмжээ нь шалгагдаж буй экспортлогч, эсхүл үйлдвэрлэгчийн ижил барааны ердийн худалдаанд хамаарах борлуулалт болон үйлдвэрлэлтэй холбоотой бодит тоо баримтад үндэслэсэн байх ёстой. Энэ хэмжээг ийм үндэслэлээр тодорхойлох боломжгүй тохиолдолд:

(i)тухайн ерөнхий ангилалд хамаарах барааг гарал үүслийн орны дотоодын зах зээлд үйлдвэрлэх буюу борлуулахтай холбогдуулан шалгагдаж буй экспортлогч буюу үйлдвэрлэгчийн зүгээс төлсөн буюу зарцуулсан бодит зардлын дүн;

(ii)тухайн ерөнхий ангилалд хамаарах барааны гарал үүслийн орны дотоодын зах зээлийн үйлдвэрлэл буюу борлуулалтын хувьд шалгагдаж буй экспортлогч буюу үйлдвэрлэгчийн төлсөн буюу зарцуулсан дундажлан жигнэсэн бодит зардлын дүн;

(iii)тухайн ерөнхий ангилалын барааг гарал үүслийн орны дотоодын зах зээлд бусад экспортлогч буюу үйлдвэрлэгч борлуулах нөхцөлд гол төлөв олдог ашгаас хэтрээгүй ашигийг бий болгохуйц бусад боломжтой аргуудыг тус тус үндэслэн тогтооно.

2.3.Экспортын үнэ байхгүй, эсхүл экспортлогч болон импортлогч хийгээд гуравдагч талын хоорондын холбоо, эсхүл нөхөн төлбөрийн тохиролцооны улмаас экспортын үнэ нь эрх бүхий албан тушаалтнуудад итгэл төрүүлэхгүй байгаа бол экспортын үнийг импортлосон бүтээгдэхүүнрийг бие даасан худалдан авагчид анх дамжуулан худалдсан үнэд үндэслэн тогтоож болно, эсхүл хэрэв бүтээгдэхүүнийг бие даасан худалдан авагчид дамжуулан худалдаагүй буюу импортлосон байдлаар нь худалдаагүй тохиолдолд эрх бүхий байгууллагаас боломжийн гэж үзсэн үндэслэлийн дагуу тогтооно.

2.4.Экспортын үнэ болон хэвийн өртгийн хооронд шударга харьцуулалт хийх ёстой. Энэ харьцуулалтыг худалдааны ижил үе шатанд, гол төлөв үйлдвэрээс ачуулах шатанд, мөн аль болох адил цаг хугацаанд хийсэн борлуулалтуудын хувьд хийвэл зохино. Үнийн харьцуулалтад нөлөөлж буй ялгаа, үүний дотор борлуулалт, татвар ногдуулалт, худалдааны түвшин, тоо хэмжээ, физик шинж чанарт хамаарах нөхцөл, болзол болон үнийн харьцуулалтад нөлөөлж байгаа нь нотлогдсон бусад аливаа ялгааг тохиолдол тус бүрт зохих ёсоор харгалзан тохируулга хийнэ. 3 дахь хэсэгт дурдсан тохиолдлуудад импортлох болон дахин борлуулахын хооронд төлсөн татвар, хураамж зэргийг бодолцсон зардал, түүнчлэн олсон ашгийн тухайд засварлалуудыг хийнэ. Хэрэв эдгээр тохиолдолд үнийн харьцуулалт хөндөгдвөл эрх бүхий байгууллага нь экспортын засварчилсан үнэд үндэслэсэнтэй адил түвшинд хийгдсэн худалдааны ердийн өртгийг тогтоох бөгөөд эсхүл энэ хэсэгт дурдсан зохих залруулга хийж болно. Эрх бүхий байгууллага нь шударга харьцуулалт хийхэд ямар мэдээлэл шаардлагатай байгаа талаар талуудад мэдээлэх бөгөөд нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдуулж эдгээр талд зохисгүй хүндрэл учруулахгүй.

2.4.1.4 дэх хэсэгт дурдсан харьцуулалт нь валют хөрвүүлэхийг шаардаж байгаа бол ийнхүү хөрвүүлэхдээ худалдсан өдрийн ханшийг баримтлах бөгөөд чингэхдээ гадаад валютыг урьдчилан худалдан авах нь холбогдох экспортын худалдаатай шууд холбоотой бол зах зээлд худалдах нь урьдчилсан худалдааны ханшийг хэрэглэнэ. Ханшны хэлбэлзлийг харгалзахгүй бөгөөд мөрдөн шинжилгээний явцад эрх бүхий байгууллага арилжааны ханшны тогтвортой хандлагыг мөрдөн шинжилгээний хугацааны туршид экспортын үнэд тусгаж засвар хийлгэхийн тулд дор хаяж 60 хоногийн хугацааг экспортлогчдод олгоно.

2.4.2.Шударга харьцуулалтыг зохицуулж буй 4 дэх хэсгийн заалтын дагуу демпингийн ялгаа байгааг мөрдөн шинжилгээний явцад тогтоохдоо харьцуулалт хийж болох бүхий л экспортын хэлцлийн дундажлан жигнэсэн хэвийн өртгийг дундажлан жигнэсэн хэвийн үнэтэй нь, эсхүл хэвийн өртгийг тодорхой хэлцэл бүрийн экспортын үнэтэй харьцуулж тогтооно. Хэрэв экспортын үнэ нь өөр өөр худалдан авагч, бүс нутаг буюу цаг хугацааны хувьд мэдэгдэхүйц ялгаатай гэж эрх бүхий байгууллага тогтоовол, түүнчлэн жигнэсэн дундажуудын буюу тодорхой хэлцлүүдийн харьцуулалтыг хэрэглэх замаар яагаад тэдгээр ялгааг зохих ёсоор харгалзан үзэх боломжгүй талаар тайлбар өгч байгаа бол дундажлан жигнэсэн ердийн өртгийг экспортын тодорхой хэлцлийн үнэтэй харьцуулж болно.

2.5.Бүтээгдэхүүнийг жинхэнэ гарал үүслийн орноос импортлогч гишүүн рүү шууд биш, харин аль нэг зуучлагч орноос экспортолсон тохиолдолд экспортлож буй орноос импортлогч гишүүнд худалдсан үнийг экспортлогч орон дахь харьцуулалт хийвэл зохих үнэтэй харьцуулбал зохино. Гэхдээ жишээ нь бүтээгдэхүүн экспортлогч орноор ердөө л дамжин илгээгдсэн, эсхүл тэдгээр бүтээгдэхүүн экспортлогч оронд үйлдвэрлэгдэггүй, эсхүл экспортлогч оронд харьцуулалт хийж болохуйц үнэ байхгүй бол жинхэнэ гарал үүслийн орны үнэтэй харьцуулалтыг хийж болно.

2.6.Энэхүү хэлэлцээрт “ижил бүтээгдэхүүн” гэдэг нэр томъёо нь ижил бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл хэлэлцэгдэж буй бүтээгдэхүүнтэй бүх талаар яг адилхан, эсхүл яг тийм бүтээгдэхүүн байхгүй бол бүхий л талаар адил биш боловч хэлэлцэгдэж буй бүтээгдэхүүнтэй ойролцоо шинж үзүүлэлт бүхий өөр бүтээгдэхүүн байна гэж тайлбарлана.

2.7.Энэ зүйл нь 1994 оны ТХЕХ-ийн 1 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёрдахь Нэмэлт заалтад харшлахгүй.

3 дугаар зүйл

Хохирлыг тодорхойлох

3.1.1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийн зорилгоор хохирлыг тодорхойлохдоо эерэг нотолгоонд үндэслэх бөгөөд (а) демпингийн импортын хэмжээ болон дотоодын зах зээл дэх ижил барааны үнэд үзүүлж буй демпингийн импортын үр нөлөө; түүнчлэн (b) эдгээр бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчдэд эдгээр импортын үзүүлж буй үр дагаврыг тус тус бодитой судлахыг шаардана.

3.2.Демпингийн импортын хэмжээний тухайд гэвэл мөрдөн шинжлэх байгууллагууд нь импортлогч гишүүний үйлдвэрлэл буюу хэрэглээтэй харьцуулахад демпингийн импорт үнэмлэхүй болон харьцангуй үзүүлэлтээрээ мэдэгдэхүйц өссөн эсэхийг авч үзнэ. Үнэд үзүүлж буй демпингийн нөлөөний хувьд мөрдөн шинжлэх байгууллагууд нь импортлогч гишүүн орны ижил төрлийн бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад демпингийн импортын улмаас үнэ мэдэгдэхүйц буурсан эсэх, эсхүл эдгээр импортын нөлөөн дор үнэ ямар нэгэн байдлаар мэдэгдэхүйц хэмжээгээр дарамтлагдсан, эсхүл тийм импорт байгаагүйсэн бол мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх байсанд саад болох эсэхийг тогтоох ёстой. Гэхдээ эдгээр хүчин зүйлийн аль нэг нь дангаараа, эсхүл зарим нь хамтдаа гарцаагүй тодорхойлох ач холбогдолтой байж чадахгүй.

3.3.Демпингийн эсрэг мөрдөн шинжилгээг нэгээс дээш тооны орноос нийлүүлсэн аль нэг барааны хувьд нэгэн зэрэг хийж байгаа тохиолдолд эдгээр импортын нөлөөллийн нийлмэл үзүүлэлтийг мөрдөн шинжилгээний байгууллага нь (а) орон тус бүрээс хийсэн импортын хувьд тогтоосон демпингийн ялгавар нь 5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тодорхойлсон эс хэрэгсэх de minimis-ээс илүү бөгөөд орон бүрээс хийж байгаа импортын хэмжээ үл ялих төдий биш; түүнчлэн (b) импортын нөлөөний нийлбэр үнэлгээ нь импортлогдож буй бараануудын хоорондох хийгээд импортын болон үндэсний төсөөтэй барааны хоорондох өрсөлдөөнд зохих нөлөөтэй байх нөхцөл тогтоно.

3.4.Демпингийн импортын үндэсний холбогдох аж үйлдвэрт үзүүлж буй нөлөөллийг судлахдаа эдийн засгийн асуудалд хамаарах бүхий л хүчин зүйл, үзүүлэлт, үүний дотор борлуулалт, ашиг, үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь, хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын орлого, хүчин чадлын ашиглалтын бодит болон болзошгүй бууралт; дотоодын үнэд нөлөөлж буй хүчин зүйлс; демпингийн ялгаврын үзүүлэлтүүд; бэлэн мөнгөний эргэлт, эд хөрөнгийн нөөц, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, санхүү өсөлтийн хурдац болон хөрөнгө оруулалтыг татах чадавхид үзүүлж буй бодит болон болзошгүй сөрөг нөлөөллийг авч үзнэ. Энэ жагсаалт нь бүхнийг хамаараагүй бөгөөд эдгээр хүчин зүйлийн аль нэг нь дангаараа, эсхүл зарим нь хамтдаа гарцаагүй тодорхойлох ач холбогдолтой байж чадахгүй.

3.5.Демпингийн импорт энэхүү хэлэлцээрийн агуулгын хүрээнд 2 болон 4 дэх хэсэгт заасан демпингийн нөлөөллийн дагуу хохирол учруулж байгааг илтгэн харуулсан байвал зохино. Демпингийн импорт болон дотоодын үйлдвэрлэлд учирсан хохирлын хоорондын уялдаа хамаарлыг эрх бүхий байгууллагад байгаа холбогдох бүх нотлох баримтыг судлах үндсэн дээр нотлон харуулна. Эрх бүхий байгууллага нь дотоодын үйлдвэрлэлд хохирол учруулж буй демпингийн импортын бус аливаа мэдэгдэж байгаа хүчин зүйлийг мөн судлах ёстой бөгөөд эдгээр хүчин зүйлийн учруулж буй хохирлыг демпингийн импортод хамааруулж болохгүй. Үүнтэй холбогдон хамааруулж болох хүчин зүйлс нь inter alia демпингийн бус үнээр борлуулсан импортын хэмжээ болон үнэ, эрэлтийн бууралт, эсхүл хэрэглээний бүтэц дэх өөрчлөлт, гадаадын болон дотоодын үйлдвэрлэгчдийн худалдааг хязгаарлах дадал, тэдгээрийн хоорондох өрсөлдөөн, технологийн ололт, үндэсний үйлдвэрлэлийн экспортын түвшин болон бүтээмж зэргийг хамаарна.

3.6.Демпингийн импортын нөлөөллийг үндэсний үйлдвэрлэлийн ижил барааны хувьд тодорхойлохдоо үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрлэгчдийн гүйцэтгэж буй борлуулалт, ашиг зэрэг тухайн үйлдвэрлэлд хамаарах үзүүлэлтийг тус бүрт нь салган авч үзэх бололцоотой нөхцөлд гүйцэтгэнэ. Тухайн барааг тийнхүү салган авч үзэх боломжгүй бол демпингийн импортын нөлөөллийг тухайн бараатай хамгийн төсөөтэй бүлэг буюу нэр төрөлд багтах шаардлагатай мэдээллийг өгч чадахүйц жижигрүүлсэн бүлэг барааны үйлдвэрлэлд хийсэн судалгаанд түшиглэн тодорхойлно.

3.7.Материаллаг хохирлын заналхийллийг ердийн мэдэгдэл, таамаглал, цаашдын төлөвд бус, харин бодит баримтад тулгуурлан тодорхойно. Байдал өөрчлөгдөн демпингийн улмаас хохирол учруулахуйц нөхцөл бүрэлдэж байгаа нь урдаас мэдэгдэж, тэрээр зайлшгүй болох нь тодорхой байх ёстой. Материаллаг хохирлын заналхийлэл байгааг илрүүлэн тодорхойлохдоо эрх бүхий байгууллага inter alia дараахь хүчин зүйлийг авч үзнэ:

(i)дотоодын зах зээлд демпингийн импортын өсөлтийн хурдац ихээхэн нэмэгдэж импорт дорвитой өсөхүйц байдал үүсч;

(ii)импортлогч гишүүний зах зээлд демпингийн экспортыг дорвитой өсгөхөд хангалттай боломж экспортлогчийн хувьд бүрдээд байгаа, эсхүл экспортын боломж бүрдэх нь зайлшгүй болоод байгаа, мөн нэмэгдэж буй экспортыг шингээн авах бусад зах зээлийн боломжийг харгалзан;

(iii)дотоодын үнийг мэдэгдэхүйц бууруулах, эсхүл дарамтлах нөлөө үзүүлэхүйц үнээр импорт орж ирэх, гэхдээ нэмэгдэл импортын эрэлтийг бий болгох магадлал хангалттай байгааг;

(iv)мөрдөн шинжилгээ явуулж буй барааны нөөц.

Эдгээр хүчин зүйлийн аль нэг дангаараа шийдвэрлэх ач холбогдолтой биш байж болох боловч, тухайн хүчин зүйлүүдийг нийтэд нь авч үзэхэд цаашид демпингийн экспорт хийгдэх нь зайлшгүй бөгөөд хамгаалалтын арга хэмжээ авахгүй нөхцөлд материаллаг хохирол зайлшгүй учирна гэсэн дүгнэлтэд хүргэхүйц байх ёстой.

3.8.Демпингийн импортын улмаас хохирол учрах аюул бий болсон тохиолдолд демпингийн эсрэг арга хэмжээ авах асуудлыг туйлын болгоомжтой авч үзэж, шийдвэрлэнэ.

4 дүгээр зүйл

Дотоодын үйлдвэрлэлийн тодорхойлолт

4.1.Энэхүү хэлэлцээрийн зорилгод “дотоодын үйлдвэрлэл” гэдэг нэр томъёонд ижил бүтээгдэхүүний үндэсний нийт үйлдвэрлэгчдийг, эсхүл үйлдвэрлэлийн нийлбэр нь тухайн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийн зонхилох хэсгийг бүрдүүлж байгаа үйлдвэрлэгчдийн хэсгийг хамааруулна. Гэхдээ үүнд дараахь тохиолдлыг хамааруулахгүй:

(i)үйлдвэрлэгч нь экспортлогч, эсхүл импортлогчтой холбоотой, эсхүл демпингийн нөлөөнд орсон гэж тооцогдож буй барааг өөрөө импортлодог тохиолдолд “үндэсний үйлдвэрлэгч” гэдэг нэр томъёо нь бусад үйлдвэрлэгчийн үлдсэн хэсэгт хамаарна гэж тайлбарлагдана;

(ii)онцгой тохиолдолд гишүүн орны нутаг дэвсгэр нь тухайн үйлдвэрлэлийн хувьд хоёр буюу түүнээс дээш өрсөлдөн буй хэсэгт хуваагдаж болох бөгөөд эдгээр хэсэг бүр дэх үйлдвэрлэгчид нь тус бүрдээ биеэ даасан салбар мэтээр дараахь тохиолдолд тооцогдож болно: (а) зах зээлийн тухайлсан хэсэг доторхи үйлдвэрлэгчид асуудал нь хөндөгдөж байгаа барааныхаа нийт буюу бараг бүх үйлдвэрлэлээ тэрхүү зах зээлдээ борлуулж буй болон; түүнчлэн (b) тухайн зах зээл дэх эрэлт нь тухайн нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт орших асуудал нь хөндөгдөж буй тухайн барааны үйлдвэрлэгчийг зүгээс ямар нэг дорвитой хэмжээгээр хангагдахгүй байгаа бол дотоодын нийт үйлдвэрлэлийн зонхилох хэсэгт хохирол учруулаагүй ч гэсэн тухайн тусгаарлагдмал зах зээлд демпингийн импорт төвлөрсөн бөгөөд цаашилбал тухайн барааг бүхэлд нь буюу бараг бүхэлд нь тэрхүү зах зээл дээр нийлүүлдэг үйлдвэрлэгчид хохирол учруулсан бол хохирол учруулах явдал байгаа гэж тооцно.

4.2.Дотоодын үйлдвэрлэлийг тодорхой бүс нутгийн үйлдвэрлэгчийн тухайд, өөрөөр хэлбэл зах зээлийг 1 (ii) хэсэгт тодорхойлсон утгаар авч үзэж буй бол демпингийн эсрэг татварыг тэрхүү бүс нутгийн хүрээнд эцэслэн хэрэглэгдэх бараанд л ногдуулна. Импортлогч гишүүн орны хууль тогтоомжид демпингийн эсрэг татварыг дээрх үндэслэлээр ногдуулахыг зөвшөөрдөггүй нөхцөлд импортлогч гишүүн нь демпингийн эсрэг татварыг зөвхөн дараахь тохиолдолд хязгаарлалтгүй ногдуулж болно: (а) экспортлогчид тухайн бүс нутагт демпингийн үнээр экспорт хийхийг зогсоох боломжийг олгосон, эсхүл 8 дугаар зүйлийн дагуу баталгаа өгөх боломжийг олгосон боловч тийм баталгааг нэн даруй өгөөгүй болон; түүнчлэн (b) тухайн бүс нутагт нийлүүлэлт хийж буй холбогдох үйлдвэрлэгчийн зөвхөн тухайн бараанд эдгээр татварыг ногдуулах боломжгүй.

4.3.Хоёр буюу түүнээс дээш орон 1994 оны ТХЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн (а) хэсгийн заалтын дагуу нэг бүхэл, нэгдсэн зах зээл гэж үзэхэүйц интеграцийн түвшинд хүрсэн бол тэрхүү интеграцчлагдсан бүх нутагт буй аж үйлдвэрийг 1 дэх хэсэгт дурдсан дотоодын үйлдвэрлэлтэй адилтган авч үзнэ.

4.4.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтуудыг энэ зүйлийн тухайд мөрдөнө.

5 дугаар зүйл

Мөрдөн шинжилгээг эхлүүлэх, хэрэгжүүлэх

5.1.Байгаа гэж тооцогдож буй демпингийг илрүүлэн тогтоох, түүний түвшин, нөлөөллийг тодорхойлох мөрдөн шинжилгээг 6 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үндэсний аж үйлдвэр, эсхүл түүний нэрийн өмнөөс бичгээр ирүүлсэн өргөдлийн дагуу эхлүүлнэ.

5.2.1 дэх хэсэгт дурдсан өргөдөл нь: (а) демпингийн; (b) 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийн утгаар энэхүү хэлэлцээрт тайлбарласны дагуу учирсан хохирлын; түүнчлэн (с) демпингийн импорт болон учирсан гэх хохирлын хоорондох шалтгаант холбооны талаархи нотолгоог тусгасан байна. Холбогдох нотолгоогоор баталгаажаагүй дан ганц мэдэгдлийг энэ хэсгийн шаардлагыг хангахад хүрэлцээтэй гэж үзэхгүй. Өргөдөл нь өргөдөл гаргагчийн олж болох дараахь мэдээллийг агуулсан байна:

(i) өргөдөл гаргагчийн нэр, хаяг, тодорхойлолт, ижил барааны дотоодын үйлдвэрлэлд түүний эзлэх хэмжээ болон үнийн дүнгийн талаархи мэдээлэл. Өргөдлийг дотоодын аж үйлдвэрийн салбарын нэрийн өмнөөс бичгээр хийсэн бол ижил барааны сонирхогч бүхүйлдвэрлэгчийн жагсаалтыг (эсхүл ижил барааны дотоодын үйлдвэрлэгчдийн холбоодын) хавсаргах замаар өргөдөлд холбогдох салбарыг тодорхой заах бөгөөд, түүнчлэн ижил төрлийн барааны дотоодын үйлдвэрлэлд тэдгээр үйлдвэрлэгчдийн эзэлж буй тоо хэмжээ, үнийн дүнг бололцооны хэрээр тодорхойлон заана;

(ii)демпингийн хэмээгдэж буй барааны бүрэн тодорхойлолт, түүний гарал үүслийн буюу экспортын орон буюу орнууд, мэдэгдэж буй экспортлогч, эсхүл гадаадын үйлдвэрлэгч тус бүрийн нэр, хаяг, тодорхойлолт болон тухайн барааны импортлогч этгээдийн жагсаалт;

(iii)асуудал хөндөгдөж буй бараа гарал үүслийн буюу экспортлогч орон буюу орнуудын дотоодын зах зээлд эцсийн хэрэглээнд зориулан (эсхүл шаардлагатай бол тухайн барааны гарал үүслийн буюу экспортлогч орноос буюу орнуудаас гуравдагч аливаа орон буюу орнуудад зарагдаж буй үнийн, эсхүл уг барааны тооцооны өртгийн тухай мэдээлэл) худалдаж буй үнийн тухай мэдээлэл, түүнчлэн экспортын үнийн, эсхүл шаардлагатай бол тухайн барааны импортлогч гишүүний нутаг дэвсгэрт бие даасан худалдан авагчид анхлан худалдсан үнийн тухай мэдээлэл;

(iv)демпингийн хэмээгдэж буй импортын өсөлтийн явц, эдгээр импортын дотоодын зах зээл дэх ижил барааны үнэд үзүүлж буй үр нөлөө, улмаар уг импортын дотоодын салбарт үзүүлж буй үр дагаварыг үндэсний үйлдвэрийн байдлын талаар 3 дугаар зүйлийн 2 болон 4 дэх хэсэгт дурдсан үзүүлэлтүүдийн дагуу холбогдох хүчин зүйл, хамаарлаар нь нотолгоожуулан үзүүлсэн мэдээлэл.

5.3.Эрх бүхий байгууллага нь өргөдөлд дурдсан нотолгооны үнэн зөв, бодит байдлыг нягтлан шалгаж мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэх хангалттай үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.

5.4.Өргөдлийн ижил барааны дотоодын үйлдвэрлэгчид дэмжиж буйн болон эсэргүүцэж байгаагийн түвшинг шалгасны үндсэн дээр уг өргөдөл дотоодын салбараас эсхүл түүний нэрийн өмнөөс хийснийг эрх бүхий байгууллага тодорхойлох хүртэл 1 дэх хэсэгт дурдсаны дагуу мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхгүй. Ижил барааны үндэсний аж үйлдвэрийн өргөдлийг дэмжиж байгаа буюу эсэргүүцэж байгааг тухайн хэсэгт ногдох нийт үйлдвэрлэлийн 50 хувиас доошгүйг үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчид дэмжиж байгаа бол өргөдлийг “дотоодын аж үйлдвэр, эсхүл түүний нэрийн өмнөөс” өгөгдсөн гэж үзнэ. Хэрэв ижил барааны дотоодын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 25-аас дээшгүй хэсгийг хангаж буй үйлдвэрлэгчид өргөдлийг дэмжиж байвал мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхгүй.

5.5.Мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэх тухай шийдвэр гараагүй байхад эрх бүхий байгууллага мөрдөн шинжилгээ үүсгэн эхлүүлэх тухай өргөдлийг нийтэд зарлахаас зайлсхийнэ. Гэхдээ зохих ёсоор нотолгоожсон өргөдлийг хүлээн авсны дараа эрх бүхий байгууллагууд мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхийн өмнө холбогдох экспортлогч гишүүн орны засгийн газарт мэдэгдэнэ.

5.6.Эрх бүхий холбогдох байгууллагууд онцгой нөхцөл байдалд мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэх талаар дотоодын аж үйлдвэр, эсхүл түүний нэрийн өмнөөс бичгээр гаргасан өргөдлийг хүлээн авалгүйгээр санаачлан эхлүүлэхээр шийдвэрлэсэн бол тэдгээр нь мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхийг зөвтгөж буй 2 дахь хэсэгт тайлбарлан дурдсаны дагуу демпинг, хохирол хийгээд тэдгээрийн уялдаа холбооны талаар хангалттай нотолгоо байгаа тохиолдолд сая хэрэг бүрдүүлнэ.

5.7.Демпинг болон хохирлын аль алины нотолгоог: (а) мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэх эсэх тухай шийдвэр гаргахад; (b) цаашид энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу түр арга хэмжээ хэрэглэж болох хамгийн эхний өдрөөс оройтуулалгүй хэрэгжвэл зохих мөрдөн шинжилгээний явцад харгалзан үзвэл зохино.

5.8.Демпингтэй, эсхүл хохиролтой холбогдсон асуудлыг үргэлжлүүлэн шалгахад хангалттай нотолгоо байхгүй гэдэнт эрх бүхий холбогдох байгууллагууд тогтоомогц 1 дэх хэсэгт дурдсан өргөдлийг хэрэгсэхгүй болгож мөрдөн шинжилгээг даруй зогсооно. Демпингийн ялгавар нь de minimis, эсхүл демпингийн импортын бодит буюу цаашдын хэмжээ буюу хохирол нь ялихгүй гэж эрх бүхий байгууллага үзвэл мөрдөн шинжилгээг мөн нэн даруй зогсооно. Ялгавар нь экспортын үнийн дүнгийн 2 хувиас бага байвал ялгаврыг de minimis гэж үзнэ. Тодорхой нэг орноос хийж буй демпингийн импортын хэмжээ нь импортлогч гишүүний ижил барааны 3 хувиас хэтрэхгүй байвал демпингийн импортыг гол төлөв ялихгүй гэж үзнэ. Чингэхдээ дангаар нь аваад ззвэл импортлогч гишүүний ижил барааны 3 хувиас хэтрэхгүй байгаа орнуудын нийлбэр дүн нь импортлогч гишүүний ижил барааны импортын 7 хувиас хэтрэхгүй байвал зохино.

5.9.Демпингийн эсрэг шалгалтын ажиллагаа нь гаалийн бүрдүүлэлтийн журамд хүндрэл учруулах ёсгүй.

5.10.Мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлснээс хойш онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд, нэг жилийн дотор ямар ч тохиолдолд 18 сараас илүүгүй хугацаанд дуусгах ёстой.

6 дугаар зүйл

Нотолгоо

6.1.Эрх бүхий байгууллагуудад шаардагдаж буй мэдээллийн талаар демпингийн эсрэг мөрдөн шинжилгээг сонирхогч бүх талд мэдэгдэхийн сацуу хөндөгдөж буй мөрдөн шинжилгээнд холбогдолтой гэж үзсэн бүх нотолгоог бичгээр гаргах бүрэн бололцоог тэдэнд олгоно.

6.1.1.Демпингийн эсрэг мөрдөн шинжилгээнд хэрэглэх асуулгыг хүлээж авч буй экспортлогч буюу гадаадын үйлдвэрлэгчид хариулт өгөхөд нь дор хаяж 30 хоногийн хугацаа олгоно. Энэ 30 хоногийн хугацааг сунгах тухай аливаа хүсэлтийг зохих ёсоор авч үзэх бөгөөд үндэслэл байгаа нөхцөлд хугацааг бодит боломж байвал сунгавал зохино;

6.1.2.Сонирхогч нэг талын бичгээр гаргасан нотолгоог мэдээллийн нууцлалыг хамгаалах шаардлагатай нийцүүлж мөрдөн шинжилгээнд оролцож буй бусад талд даруй хүргүүлнэ;

6.1.3.Мөрдөн шинжилгээг эхэлмэгц, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу эрх бүхий байгууллагууд бичгээр ирүүлсэн өргөдлийн бүрэн эх бичвэрийг нь мэдэгдэж буй экспортлогч болон экспортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд, түүнчлэн хүсэлт гаргасны дагуу сонирхогч бусад талд хүргүүлнэ. 5 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийн нууцлалыг хамгаалах шаардлагыг хангахад зохих анхаарал тавина.

6.2.Демпингийн эсрэг мөрдөн шинжилгээний туршид сонирхогч бүх тал эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байх ёстой. Эл зорилгоор эрх бүхий байгууллагууд нь хүсэлт тавигдсан тохиолдолд эсрэг үзэл бодол илэрхийлэгдэн харилцан няцаасан тайлбар өгөх нөхцөлийг хангахын тулд сонирхогч бүх талыг уулзалт хийх боломжоор хангах ёстой. Боломжийг ийнхүү олгохдоо мэдээллийн нууцлал болон талуудын зохих таатай байдлыг харгалзан үзнэ. Аль ч тал уулзалтад заавал оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд ийнхүү оролцоогүй нь тухайн талын ашиг сонирхолд хохирол учруулах шалтгаан болохгүй. Сонирхсон талууд зохих үндэслэлтэй нөхцөлд нэмэгдэл мэдээллээ амаар өгөх эрх мөн эдлэнэ.

6.3. 2 дахь хэсэгт заасан амаар өгсөн мэдээллийг эрх бүхий байгууллагууд хожим нь бичгээр нотлон өгөх тэр хэмжээгээр харгалзан үзэх бөгөөд түүнийг 1 дэх хэсгийн 2 дахь дэд хэсэгт заасны дагуу сонирхогч бусад талд мэдээлнэ.

6.4.Сонирхогч бүх талыг тэдгээрийн хэрэгт холбогдол бүхий демпингийн эсрэг мөрдөн шинжилгээнд эрх бүхий байгууллагуудыг ашиглаж буй, 5 дахь хэсэгт тодорхойлсны дагуу нууц биш бүх мэдээллийг үзэх болон эдгээр мэдээллийн үндсэн дээр тайлбар илтгэлээ бэлтгэх боломцоог эрх бүхий байгууллагууд цаг тухайд боломжийн хэрээр олгоно.

6.5.Шинж байдлаараа нууц (жишээ нь, мэдээллийг задруулснаар өрсөлдөгчид нь өрсөлдөөний мэдэгдэхүйц давуу талыг олгож болох, эсхүл мэдээллийг задруулснаар мэдээллийг өгч буй этгээдэд буюу тийнхүү өгч буй этгээдэд тэрхүү мэдээллийг өгсөн этгээдэд мэдэгдэхүйц сөрөг үр нөлөө учирч болох), эсхүл мөрдөн шинжилгээнд оролцогч талуудаас нууцлах үндсэн дээр өгч буй аливаа мэдээлэлд эрх бүхий байгууллагууд зохих үндэслэл байгаа нөхцөлд мөн тийм нөхцөлөөр хандана. Ийм мэдээллийг түүнийг ирүүлсэн талын тусгайлсан зөвшөөрөлгүйгээр задруулж болохгүй.

6.5.1.нууцалсан мэдээлэл ирүүлж байгаа талуудаас тэдгээрийнхээ нууц бус хураангуйг гаргаж өгөхийг эрх бүхий байгууллагууд шаардана. Эдгээр хураангуй нууцалсан байдлаар өгсөн мэдээллийн үндсэн агуулгыг ойлгогдохуйцаар нарийн тодорхой гаргасан байвал зохино. Онцгой нөхцөл байдалд мэдээллийг хураангуйлах боломжгүй тухай эдгээр талууд мэдэгдэж болно. Эдгээр онцгой нөхцөл байдалд хураангуйг яагаад бэлтгэж болохгүй байгаа шалтгааны талаар тайлбарлана;

6.5.2.Мэдээллийг нууцлах хүсэлтийг үндэслэлгүй гэж эрх бүхий байгууллагууд үзэх, эсхүл мэдээлэл өгөгч нь мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг хүсэхгүй байх, эсхүл мэдээллийг ерөнхий буюу хураангуй хэлбэрээр нээлттэй болгохыг зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд холбогдох эх сурвалжаас мэдээлэл үнэн зөв болохыг нотлоогүй нөхцөлд эрх бүхий байгууллагууд уг мэдээллийг хэрэгсэхгүй байж болно.

6.6. 8 дахь хэсэгт зааснаас бусад нөхцөл байдалд сонирхогч талуудаас ирүүлж буй дүгнэлтүүдийн үндэслэл болж буй мэдээллүүдийг эрх бүхий байгууллагууд мөрдөн шинжилгээний явцад үнэн зөв гэдэгт итгэлтэй болох ёстой.

6.7.Ирүүлсэн мэдээллийг шалгах буюу нэмэгдэл тодотгол авахын тулд эрх бүхий байгууллагууд нь холбогдох пүүсүүдийн зөвшөөрөл авсан асуудал нь хөндөгдөж буй гишүүний засгийн газрын төлөөлөгчдөд мэдэгдсэн хийгээд тэрхүү гишүүн нь мөрдөн шинжилгээ явуулахыг татгалзаагүй нөхцөлд бусад гишүүний нутаг дэвсгэрт шаардагдах мөрдөн шинжилгээ явуулж болно. Бусад гишүүний нутаг дэвсгэрт явуулах мөрдөн шинжилгээг 1 дүгээр хавсралтад заасан журмын дагуу явуулна. Мэдээллийн нууцлалыг хадгалах шаардлагыг хангах үндсэн дээр эрх бүхий байгууллагууд нь мөрдөн шинжилгээний дүнг, эсхүл түүний хураангуйг 9 дэх хэсгийн дагуу тухайн мөрдөн шинжилгээнд хамаарал бүхий пүүсүүдэд танилцуулах бөгөөд тэдгээр дүгнэлтийг өргөдөл гаргагчид ч нээлттэй болгоно.

6.8.Аль нэг сонирхогч тал шаардлагатай мэдээллээр хангахаас татгалзах, эсхүл түүнийг зохистой цаг хугацаанд гаргаж өгөхгүй байх, эсхүл мөрдөн шинжилгээнд мэдэгдэхүйц саад учруулж зэрэг тохиолдолд тухайн үед олдож байгаа баримт сэлтийн үндсэн дээр эерэг буюу сөрөг тодорхойлолтыг урьдчилсан болон эцсийн байдлаар гаргаж болно. Энэ хэсгийг хэрэглэхэд 2 дугаар хавсралтын заалтуудыг мөрдөнө.

6.9.Эцсийн тодорхойлолтыг гаргахаас өмнө эрх бүхий байгууллагууд нь эцэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл болгохын тулд авч хэлэлцэж байгаа баримт сэлтийн талаар сонирхсон бүх талд мэдээлнэ. Энэхүү мэдээллээр сонирхогч талуудыг өөрсдийнхөө сонирхлыг хамгаалахад хүрэлцэхүйц хугацааны өмнөөс урьдчилан хангана.

6.10.Эрх бүхий байгууллагууд нь зарчмын хувьд холбогдох мөрдөн шинжилгээ хийгдэж буй бүтээгдэхүүний экспортлогч буюу үйлдвэрлэгч тус бүрийн хувьд демпингийн ялгаврыг тухайлан тооцох ёстой. Экспортлогч, үйлдвэрлэгч, импортлогчдын тоо, эсхүл бүтээгдэхүүний нэр төрөл дэндүү олноос болж дурдсан тооцоог хийх практик боломжгүй бол эрх бүхий байгууллага нь шалгалтыг сонирхсон тал буюу бүтээгдэхүүнийг түүвэрлэн сонголт хийх үндсэн дээр хязгаарлан хийж болно. Чингхэдээ зохистой тоо хэмжээний талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж байгаа мэдээллийн дагуу сонгон авсан загварт суурилсан мөрдөн шинжилгээг явуулахад тохиромжтой тухайн орны хамгийн дорвитой экспортын тоо хэмжээний тухайд явуулна.

6.10.1.Энэ хэсгийн дагуу экспортлогч, үйлдвэрлэгч, импортлогч болон бүтээгдэхүүний нэр төрлийн талаархи сонголтыг холбогдох экспортлогч, үйлдвэрлэгч, импортлогчтой зөвлөлдөж, тэдний зөвшөөрлийг авбал зохино;

6.10.2.Эрх бүхий байгууллагуудад нь энэ хэсэгт зааснаар шалгалтын хүрээг хязгаарласан тохиолдолд анхлан сонгож аваагүй боловч мөрдөн шинжилгээний явцад авч үзвэл зохих шаардлагатай мэдээллийг хугацаанд нь ирүүлсэн аливаа экспортлогч, эсхүл үйлдвэрлэгчийн хувьд демпингийн ялгаврыг тусгайлан тодорхойлно. Гэхдээ экспортлогч буюу үйлдвэрлэгчийн тоо нь хэт олон байгаагаас ганцаарчлан шалгах нь эрх бүхий байгууллагын хувьд дарамт учруулах болон мөрдөн шинжилгээг хугацаанд нь дуусгахад саад болохоор байвал үүнд хамаарахгүй. Сайн дурын хариуг хэрэгсэхгүй байж болохгүй.

6.11.Энэхүү хэлэлцээрийн зорилгод “сонирхогч тал” гэдэгт:

(i)мөрдөн шинжилгээнд хамрагдаж байгаа бүтээгдэхүүний экспортлогч буюу гадаадын үйлдвэрлэгч буюу импортлогч, эсхүл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, экспортлогч буюу импортлогч худалдаа буюу бизнесийн холбооны гишүүдийн дээлэнх нь;

(ii)экспортлогч гишүүний засгийн газар;

(iii)импортлогч гишүүний ижил бараа үйлдвэрлэгч, эсхүл импортлогч гишүүний нутаг дэвсгэрт ижил бараа үйлдвэрлэдэг худалдааны болон бизнесийн холбооны дийлэнхийг тус тус хамааруулна.

Энэ жагсаалт нь дотоод буюу гадаадын дээр дурдсанаас бусад талыг сонирхогч талд хамааруулахад гишүүдэд саад болохгүй.

6.12.Мөрдөн шинжилгээнд хамрагдаж байгаа барааг үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгч, түүнчлэн бүтээгдэхүүнийг гол төлөв жижиглэн худалдааны түвшинд борлуулж буй тохиолдолд хамаарах хэрэглэгч байгууллагуудын төлөөлөгчдийг эрх бүхий байгууллага нь демпинг, хохирол, учир шалтгааны талаархи мөрдөн шинжилгээнд хамаарах мэдээлэл ирүүлэх боломжоор хангана.

6.13.Эрх бүхий байгууллагууд нь сонирхогч талуудад, ялангуяа жижиг компаниудад шаардлагатай мэдээлэл ирүүлэхэд нь учирч буй аливаа хүндрэлийг анхааралдаа авч, тэдэнд аливаа боломжтой туслалцаа үзүүлнэ.

6.14.Дээр дурдсан журам нь мөрдөн шинжилгээг нэн даруй санаачлан эхлэх эерэг ч бай сөрөг чбай урьдчилсан, эсхүл бүрэн тодорхойлолт гаргах, эсхүл түр болон эцсийн арга хэмжээг энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу авч хэрэгжүүлэхэд эрх бүхий байгууллагад дээр тогтоосон журам саад болохыг зорилгогүй.

7 дугаар зүйл

Түр арга хэмжээ

7.1.Түр арга хэмжээг зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:

(i)мөрдөн шинжилгээг 5 дугаар зүйлийн заалтуудын дагуу санаачлан эхэлсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн сонирхогч бүх талд мэдээлэл ирүүлэх болон саналаа илэрхийлэх зохих боломж олгосон;

(ii)демпинг, түүний улмаас дотоодын аж үйлдвэрт учирсан хохирлын талаар урьдчилан нотлогдсон тодорхойлолт өгөгдсөн; болон

(iii)тэдгээр арга хэмжээ нь мөрдөн шинжилгээний явцад учрах хохирлыг таслан зогсооход зайлшгүй гэж холбогдох эрх бүхий байгууллага үзсэн.

7.2.Түр арга хэмжээ нь түр татвар, эсхүл болж өгвөл демпингийн эсрэг татварын урьдчилсан үнэлгээтэй тэнцэх хэмжээний дэнчин-мөнгөн хөрөнгө буюу өрийн бичиг хэлбэртэй байж болох бөгөөд тэрээр демпингийн ялгаврын урьдчилсан үнэлгээнээс их бай ж болохгүй. Үнэлгээний дүнтэй тэнцэх мөнгийг барьцаалах нь зохистой түр арга хэмжээ мөн. Чингэхдээ ердийн татвар болон демпингийн эсрэг татварын үнэлгээний дүнг цохон заах бөгөөд үнэлгээний дүнтэй тэнцэх мөнгийг бусад түр арга хэмжээний нэгэн ижил нөхцөлөөр саатуулан барих ёстой.

7.3.Түр арга хэмжээг мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлснээс хойш 60 хоногоос багагүй хугацаа өнгөрөхөөс өмнө хэрэглэж болохгүй.

7.4.Түр арга хэмжээг дөрвөн сараас илүүгүй аль болох богино хугацаагаар, эсхүл тухайн худалдааны мэдэгдэхүйц хэсгийг төлөөлж буй экспортлогчдын хүсэлтийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр зургаан сараас илүүгүй хугацаагаар хязгаарлан хэрэглэнэ. Хэрэв эрх бүхий байгууллага нь мөрдөн шинжилгээний явцад демпингийн ялгавраас багаар тогтоосон татвар нь хохирлыг арилгахад хангалттай эсэхийг авч үзэж байгаа нөхцөлд эдгээр хугацаа нь зургаа болон есөн сар байж болно.

7.5.Түр арга хэмжээг хэрэглэхдээ 9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг мөрдөнө.

8 дугаар зүйл

Үнийн талаар хүлээх үүрэг

8.1.Аливаа экспортлогчоос үнээ эргэж хянаж үзэх буюу тухайн бусад демпингийн үнээр экспорт хийхээ зогсоох талаар сайн дураараа үүрэг авч демпингийн хортой үр дагаврыг арилгасан талаар эрх бүхий байгууллагад итгэл төрүүлсэн нөхцөлд хэргийг шалгах ажлыг түр арга хэмжээ буюу демпингийн эсрэг татвар нэвтрүүлэхгүйгээр түр зогсоох буюу дуусгавар болгож болно. Ийм үүргийн дагуу хүлээх үнийн өсөлт нь демпингийн ялгаврыг арилгахад шаардагдахаас илүү байж болохгүй. Дотоодын аж үйлдвэрт учруулж буй хохирлыг арилгахад хангалттай нөхцөлд тэрхүү үнийн өсөлт нь демпингийн ялгавраас доогуур байх нь зүйтэй.

8.2.Демпинг байгааг, түүнчлэн уг демпингийн улмаас хохирол учирсныг импортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд урьдчилсан байдлаар нотлох дүгнэлт гаргаагүй бол экспортлогчдоос үнийн талаар үүрэг авахаар зэхэх буюу хүлээн авахгүй.

8.3.Санал болгож буй үүргийг жишээ нь одоогийг буюу болзошгүй экспортлогчдын тоо хэт олон, эсхүл улс төрийн нийтлэг баримтлал зэрэг бусад шалтгааны улмаас эрх бүхий байгууллага практикийн хувьд хүлээж авах боломжгүй гэж үзвэл тэдгээр үүргийг хүлээж авах бай болно. Шаардлага гарсан тохиолдолд практик боломжтой бол эрх бүхий байгууллагууд үүргийг хүлээж авах нь зохисгүй гэж үзсэн шалтгааны талаар экспортлогчид мэдэгдэх бөгөөд энэ асуудлаар саналаа илэрхийлэх боломжийг экспортлогчид боломжийн хэрээр олгоно.

8.4.Хэрэв экспортлогч хүсэх юмуу, эсхүл эрх бүхий байгууллагууд шийдвэрлэснээр холбогдох үүргийг хүлээж авсан нөхцөлд ч демпинг байгаа хийгээд түүний хохиролтой холбогдох мөрдөн шинжилгээг зэрэгцүүлэн хийж болно. Хэрэв демпинг, эсхүл хохирол байхгүй талаар дүгнэлт гаргасан нахцөлд хүлээсэн үүргийг аяндаа хүчингүй болгох бөгөөд харин уг тодорхойлолт нь үнийн үүрэгтэй голлон холбогдож буй нөхцөлд энэ нь хамаарахгүй. Эдгээр тохиолдолд холбогдох үүргийг энэхүү хэлэлцээрийн заалттай нийцүүлэн боломжит хугацааны туршид мөрдсөн хэвээр байлгахыг эрх бүхий байгууллагууд шаардаж болно. Демпинг байгаа болон хохирлын талаар нотолсон дүгнэлт гаргасан нөхцөлд холбогдох үүрэг нь өөрийнхөө болзол болон энэхүү хэлэлцээрийн заалтуудын дагуу мөрдөгдсөөр байх ёстой.

8.5.Үнийн талаар авах үүргийн талаар импортлогч гишүүн орны эрх бүхий байгууллагууд санал гаргаж болох бөгөөд харин аль ч экспортлогчийг энэ талаар үүрэг авахыг албадаж болохгүй. Экспортлогч тийм үүргийн талаар санал болгодоггүй, эсхүл тийм саналыг хүлээж авахгүй байгаа нь асуудлыг авч хэлэлцэхэд хор уршиг учруулахгүй. Гэхдээ демпингийн импортыг үргэлжлүүлэх нь хохирлын заналхийлэл илүү бодитой болж байгааг эрх бүхий байгууллагууд тогтоох эрхтэй.

8.6.Импортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд үүрэг хүлээн авсан экспортлогчоос эдгээр үүргийн биелэлтийн талаар мэдээлэл тогтмол ирүүлэхийг, түүнчлэн холбогдох үзүүлэлтийг шалгахыг зөвшөөрөхийг шаардаж болно. Хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд импортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд энэхүү хэлэлцээрийн дагуу түүний заалттай нийцүүлэн яаралтай арга хэмжээ авах, үүний дотор бэлэн байгаа мэдээллийн үндсэн дээр урьдчилсан арга хэмжээг нэн даруй тогтоон мөрдүүлж болно. Эдгээр тохиолдолд эцэслэн тогтоосон татварыг урьдчилсан татварыг нэвтрүүлэхээс 90 хоногоос илүүгүй хугацааны өмнө орж ирсэн бүтээгдэхүүнд энэхүү хэлэлцээртэй нийцүүлэн тогтоож болно. Харин үүргийг зөрчихөөс өмнө орж ирсэн бүтээгдэхүүний хувьд татварыг ийнхүү буцаан ногдуулж болохгүй.

9 дүгээр зүйл

Демпингийн эсрэг татварыг нэвтрүүлэх, хураан авах

9.1.Демпингийн эсрэг татвар тогтоох бүх шаардлага хангагдсан тохиолдолд түүнийг тогтоох эсэх шийдвэрийг гаргах, демпингийн эсрэг татвар нь демпингийн ялгавартай адил буюу доогуур байхыг импортлогч гишүүний эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Тэрхүү ногдуулалт нь гишүүн бүх орны нутаг дэвсгэрт хэр баргийн шинжтэй татварийн түвшин нь демпингийн ялгавараас доогуур тэгэхдээ тэрхүү доогуур түвшин нь дотоодын ж үйлдвэрт учирч буй хохирлыг арилгахуйц байвал зохимжтой.

9.2.Аль нэг барааны хувьд демпингийн эсрэг татвар тогтоож байгаа бол тэрхүү демпингийн эсрэг татварыг демпинг үүсгэн хохирол учруулж буй гэж тогтоогдсон бүх эх үүсвэрээс үүдэлтэй барааг ялгаварлан алагчлахгүйгээр холбогдох тохиолдол бүрт зохих хэмжээгээр тогтооно. Тэгэхдээ энэхүү хэлэлцээрийн нөхцөлийн дагуу үнийн үүрэг хүлээсэн эх үүсвэрээс гаралтай импортод энэ нь хамаарахгүй. Холбогдох барааны нийлүүлэгч, эсхүл, нийлүүлэгчдийг эрх бүхий байгууллагууд нэрлэн заана. Хэрвээ асуудалд нэг орноос хэд хэдэн нийлүүлэгч холбогдсоны улмаас тэдгээр бүх нийлүүлэгчийг практик дээр нэрлэн заах бололцоогүй бол эрх бүхий байгууллагууд холбогдох нийлүүлэгч орныг нэрлэн зааж болно. Хэрвээ асуудалд нэгээс илүү орноос хэд хэдэн нийлүүлэгч холбогдсон бол эрх бүхий байгууллагууд, эсхүл холбогдох бүх нийлүүлэгчийг, эсхүл, чингэх нь бололцоогүй бол холбогдол бүхий нийлүүлэгч орныг нэрлэж заана.

9.3.Демпингийн эсрэг татвар нь 2 дугаар зүйлийн дагуу тогтоосон демпингийн ялгавараас илүүгүй байна.

9.3.1.Демпингийн эсрэг татварын дүнг нөхөн ногдуулах үндсэн дээр тодорхойлж байгаа бол демпингийн эсрэг татвар төлөх эцсийн хариуцлагыг тогтоох ажлыг аль болох богино хугацаанд, демпингийн эсрэг татварын дүнг эцэслэн тогтоох хүсэлтийг хүлээн авснаас хойш гол төлөв 12 сарын дотор, ямар ч тохиолдолд 18 сараас оройтуулалгүйгээр гүйцэтгэвэл зохино. Буцаан олгох төлбөрийг богино хугацаанд, энэ дэд хэсгийн дагуу эцсийн хариуцлагыг тодорхойлсноос хойш гол төлөв 90 хоногийн дотор хэрэгжүүлнэ. Буцаан олгох төлбөрийг 90 хоногийн дотор хийгээгүй аливаа тохиолдолд хүсэлт тавигдсаны дагуу эрх бүхий байгууллагууд холбогдох тайлбарыг өгнө;

9.3.2.Демпингийн эсрэг татварын дүнг ирээдүйг бодолцон урьдчилан тогтоосон бол демпингийн ялгавраас давуулж төлсөн аливаа татварыг хүсэлтийн дагуу даруй буцааж төлөх нөхцөлийг тусгаж өгнө. Демпингийн ялгавраас давуулж төлсөн аливаа тийм татварыг эргүүлж төлөх ажиллагааг демпингийн эсрэг татвар ногдуулах барааны импортлогчоос, холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлсэн эргүүлэн төлөх хүсэлтийг тавьснаас 12 сарын дотор, ямар ч тохиолдолд 18 сарын дотор гүйцэтгэнэ. Эргүүлэн төлөхөөр зөвшөөрөгдсөн төлбөрийг дээр дурдсан шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор гүйцэтгэнэ;

9.3.3.Экспортын үнийг 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу тооцоонд авч буй нөхцөлд нөхөн төлбөр хийх үү, хийвэл ямар хэмжээгээр хийх вэ гэдгийг тогтоохдоо эрх бүхий байгууллагууд нь ердийн өртгийн аливаа өөрчлөлт, импорт болон дахин борлуулалтын хооронд гарч буй зардлын аливаа өөрчлөлт, тэрчлэн дараа дараагийн шатны борлуулалтын үнэд нөлөөлж болох борлуулалтын үнийн аливаа өөрчлөлтийг зохих ёсоор бодолцох бөгөөд хэрвээ дээр дурдсан талаар баттай нотолгоо байгаа бол экспортын үнийг демпингийн эсрэг төлөгдсөн татварыг хасалгүйгээр тооцож гаргана;

9.4.Эрх бүхий байгууллагууд асуудлыг авч үзэхдээ 6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн хоёрдахь өгүүлбэрийн хүрээнд хязгаарлаж байгаа тохиолдолд асуудлыг нь авч үзээгүй экспортлогч буюу үйлдвэрлэгчээс нийлүүлж буй импортод ногдуулах демпингийн эсрэг аливаа татвар нь дор дурдсанаас давж үл болно:

(i)сонгож авсан экспортлогч буюу үйлдвэрлэгчийн хувьд тогтоосон демпингийн ялгаврын дундажлан жигнэсэн үзүүлэлт;

(ii)демпингийн эсрэг татвар төлөх хариуцлагыг хүлээгдэж буй ердийн өртгийн үндсэн дээр тооцож буй тохиолдолд сонгож авсан экспортлогч буюу үйлдвэрлэгчийн хувьд тогтоосон дундажлан жигнэсэн ердийн өртөг болон ганцаарчлан авч үзээгүй экспортлогч буюу үйлдвэрлэгчийн экспортын үнийн зөрүү.

Энэ тохиолдолд демпингийн аливаа тэг, эсхүл демпингийн үл хэрэгсэх ялимгүй ялгаа, тэрчлэн 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдлын дагуу тогтоосон демпингийн ялгаврыг эрх бүхий байгууллагууд энэхүү хэлэлцээрийн зорилгоор анхааралдаа авахгүй. 6 дугаар зүйлийн 10.2 дахь дэд хэсэгт тусгагдсаны дагуу шаардлагатай мэдээлэл ирүүлсэн, асуудлыг нь авч үзээгүй экспортлогч буюу үйлдвэрлэгчээс нийлүүлж буй импортод эрх бүхий байгууллагууд нь ганцаарчилсан татвар буюу хэвийн өртгийг нэвтрүүлж мөрдөнө.

9.5.Бараанд импортлогч гишүүн оронд демпингийн эсрэг татвар ногдуулж байгаа бол эрх бүхий байгууллагууд нь мөрдөн шинжилгээнд хамрагдах хугацаанд тухайн барааг импортлогч орон уруу экспортлоогүй экспортлогч орон дахь экспортлогч буюу үйлдвэрлэгчид зориулсан демпингийн ялгаврын ганцаарчилсан хэмжээг тодорхойлох зорилгоор яаралтай авч үзнэ. Тэгэхдээ экспортлогч орон дахь тэдгээр экспортлогч буюу үйлдвэрлэгч нь бараанд нь демпингийн эсрэг татвар ногдуулж байгаа экспортлогч орон дахь экспортлогч буюу үйлдвэрлэгчтэй холбогдолгүй гэдгээ баталж чадсан байх нөхцөлтэй. Энэхүү судалгааг импортлогч гишүүн орон дахь ердийн татварыг тогтоох, судлах үйл явцтай харьцуулахад хурдавчилсан үндсэн дээр санаачлан хэрэгжүүлнэ. Судалгааг явуулж буй хугацаанд тэдгээр экспортлогч, эсхүл үйлдвэрлэгчийн импортод демпингийн эсрэг татвар ногдуулахгүй. Гэхдээ эрх бүхий байгууллагууд нь үнэлгээг түр зогсоох болон, эсхүл судалгааны явцад тэдгээр үйлдвэрлэгч буюу экспортлогчийн зүгээс демпинг байгаа нь тогтоогдвол демпингийн эсрэг татварыг судалгаа эхэлсэн өдөр хүртэл буцаан хэрэглэх баталгааг хангахыг шаардаж болно.

10 дугаар зүйл

Буцаан хэрэглэх

10.1.Түр арга хэмжээ болон демпингийн эсрэг татварыг 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу шийдвэр гарсны дараагаар хэрэглээнд орсон бараанд ногдуулах бөгөөд энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд дагаж мөрдөгдөнө.

10.2.Хохирол (гэхдээ хохирол учруулах аюул, эсхүл салбарыг бий болгоход учирч буй материаллаг саад биш) байгааг эцэслэн тогтоосон, эсхүл түр арга хэмжээ аваагүйсэн бол демпингийн импортын нөлөөн дор хохирол учруулна гэж үзэж эцэслэн тогтоосон нөхцөлд демпингийн эсрэг татварыг завсрын арга хэмжээг (хэрвээ ийм арга хэмжээг нэвтрүүлсэн бол) хэрэглэсэн хугацаанд буцаан ногдуулж болно.

10.3.Демпингийн эсрэг татвар нь төлбөр нь хийгдсэн буюу хийгдэх түр татвараас, эсхүл баталгаа хангах зорилгоор тогтоосон төлбөрөөс өндөр бол зөрүүг нь нөхөн тооцохгүй. Хэрвээ демпингийн эсрэг татвар нь төлбөр нь хийгдсэн буюу хийгдэх түр татвараас, эсхүл баталгаа хангах зорилгоор тогтоосон төлбөрөөс доогуур бол тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зөрүүг нь нөхөн төлүүлэх буюу татварын хэмжээг тодотгон тооцно.

10.4. 2 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд хохирлын аюул, эсхүл материаллаг саад (гэхдээ хохирол хараахан учраагүй) байгаа нь тогтоогдсон нөхцөлд демпингийн эсрэг эцэслэсэн татварыг хохирлын аюул, эсхүл материаллаг саад байгааг тогтоосон өдрөөс ногдуулж болох бөгөөд завсрын арга хэмжээг хэрэглэх явцад бэлнээр төлсөн дэнчинг буцаан олгож, өрийн аливаа үүргийг яаралтай цуцлана.

10.5.Эцсийн дүгнэлт сөрөг гарсан тохиолдолд завсрын арга хэмжээг хэрэглэх явцад бэлнээр төлсөн аливаа дэнчинг буцаан олгож, өрийн аливаа үүргийг яаралтай цуцлана.

10.6.Демпингийн эсрэг эцэслэсэн татварыг завсрын арга хэмжээг хэрэглэж эхлэхээс 90-ээс илүүгүй хоногийн өмнөөс хэрэглээнд шилжсэн бараанд ногдуулж болох бөгөөд тэгэхдээ эрх бүхий байгууллагууд асуудлыг нь хэлэлцэж буй барааны талаар дараахь шийдвэр гаргасан байна:

(i)өмнө нь демпинг байж, хохирол учирч байсан, эсхүл экспортлогч демпинг хэрэглэж ирсэн бөгөөд тэрхүү демпинг нь хохирол учруулж болохыг импортлогч мэдэж байсан;

(ii)харьцангуй богино хугацааны туршид ямар нэг барааг их хэмжээгээр импортлосны улмаас хохирол учирсан, тэрээр тодорхой хугацаа, демпингийн импортын хэмжээ, тэрчлэн бусад нөхцөл байдал (импортын барааны нөөцийн хурдацтай өсөлт) -ыг бодолцвол тэрээр демпингийн эсрэг эцэслэсэн татварын засварлах нөлөөг мэдэгдэхүйц сулруулах бололцоотой. Гэхдээ тэрхүү татварыг сонирхогч импортлогчид өөрсдийнхөө санал дүгнэлтийг илэрхийлэх боломжийг олгосон нөхцөлд л хэрэглэнэ.

10.7.Мөрдөн шинжилгээг санаачилсныг эхлүүлсний дараагаар эрх бүхий байгууллагууд 6 дахь хэсэгт тусгагдсаны дагуу демпингийн эсрэг татварыг буцаан ногдуулахад шаардлагатай үнэлгээ буюу ногдуулалтыг түр зогсоох зэрэг арга хэмжээг авч болно. Үүний тулд тэдгээр нь энэ хэсэгт тэрхүү тусгагдсан нөхцөлийг биелүүлэхтэй холбогдсон хангалттай хэмжээний нотолгоотой байвал зохино.

10.8.Мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхээс өмнө зах зээлд орсон барааны хувьд 6 дахь хэсгийн дагуу аливаа татварыг буцаан ногдуулахгүй.

11 дүгээр зүйл

Демпингийн эсрэг татвар болон үнийн талаар авсан

үүргийн үйлчлэх хугацаа,тэдгээрийг хянан үзэх

11.1.Демпингийн эсрэг татварыг зөвхөн хохирол учруулж буй демпингийн эсрэг үйлчлэхэд л шаардлагатай хугацааны туршид зохистой цар хэмжээгээр мөрдөнө.

11.2.Зөв зүйтэй тохиолдолд, эрх бүхий байгууллагууд татварыг үргэлжлүүлэн ногдуулах шаардлагын, эсхүл өөрийнхөө санаачилгаар, эсхүл демпингийн эсрэг эцэслэсэн татварыг нэвтрүүлснээс хойш зохистой хугацаа өнгөрсний дараагаар, аливаа сонирхогч талын хүсэлтээр авч үзэж болно. Тэрхүү тал нь тийнхүү дахин авч үзэх зайлшгүй шаардлага байгаа тухай баталгаатай мэдээллийг ирүүлэх ёстой. Татварыг үргэлжлүүлэн мөрлөх нь демпингийг саармагжуулахад шаардлагатай эсэх, татварыг халах буюу өөрчилвөл хохирол үргэлжилсээр байх буюу шинээр үүссэн эсэх асуудлыг авч үзэхийг сонирхогч талууд эрх бүхий байгууллагаас хүсэх эрхтэй. Хэрвээ энэ хэсэгт дурдсаны дагуу авч үзсэний дүнд эрх бүхий байгууллагууд демпингийн эсрэг татварыг цаашид зөвтгөх боломжгүй гэж үзвэл түүний үйлчлэлийг нэн даруй зогсооно.

11.3. 1 болон 2 дахь хэсгийн заалтыг анхааралдаа авах ёстой боловч демпингийн эсрэг аливаа эцэслэсэн татварын үйлчлэлийг түүнийг нэвтрүүлснээс 5 жилээс оройтуулалгүйгээр (эсхүл 2 дугаар хэсгийн дагуу хамгийн сүүлд хянан авч үзсэн өдрөөс, хэрвээ ийнхүү хянан үзсэн нь демпинг, хохирлын аль алиныг нь хамарсан бол, эсхүл энэхүү хэсгийн дагуу хийгдсэн бол) эрх бүхий байгууллагууд хянан үзэх явцад энэхүү өдрөөс урьд өөрийн санаачилгаар, эсхүл үндэсний аж үйлдвэрээс буюу түүний нэрийн өмнөөс зохих ёсоор үндэслэн өгсөн хүсэлтийн дагуу дуусгавар болгоно. Гэхдээ татварын үйлчлэлийг зогсоох нь демпинг болон хохирлыг үргэлжлүүлэх буюу сэргээнэ гэж шийдвэрлээгүй нөхцөлд л тийнхүү дуусгавар болгоно. Татварыг тэрхүү хянан үзсэний дүнг гартал хүчин төгөлдөр байлгаж болно.

11.4.Нотолгоо болон дэг журамд хамаарах 6 дугаар зүйлийн заалт нь энэ зүйлийн дагуу хийгдэж байгаа аливаа хянан үзэлтэд дагаж мөрдөгдөнө. Аливаа тийм хянан үзэлтийг богино хугацаанд гүйцэтгэх бөгөөд хянан үзэж эхэлснээс хойш гол төлөв 12 сарын дотор дуусгавар болгоно.

11.5.Энэ зүйлийн заалтыг 8 дугаар зүйлийн дагуу тогтоогдох үнийн үүргийн хувьд mutatis mutandis зарчмаар хэрэглэнэ.

12 дугаар зүйл

Гаргасан шийдвэрийг нийтэд мэдээлэх,

тайлбарлах

12.1.Эрх бүхий байгууллагууд 5 дугаар зүйлийн дагуу демпингийн эсрэг мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлэхийг нөхцөлдүүлж байгаа хангалттай нотолгоо байгаад итгэлтэй байгаа бол бараа нь тэрхүү мөрдөн шинжилгээнд хамрагдаж байгаа гишүүн буюу гишүүд болон тэрхүү мөрдөн шинжилгээг сонирхож болно гэж эрх бүхий байгууллагуудын үзэж буй бусад сонирхогч талд мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.

12.1.1.Мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлсэн тухай нийтэд зориулсан мэдэгдэл нь дараахь мэдээллийг агуулсан буюу бусад тусгай илтгэлийн хэлбэрээр нийтийн хүртээл болгоно:

(i)экспортлогч орны буюу орнуудын болон холбогдох барааны нэр;

(ii)мөрдөн шинжилгээг санаачлан эхлүүлсэн он, сар, өдөр;

(iii) болзошгүй демпингийг нотолж байгаа өргөдөл дахь үндэслэл;

(iv)хохирол байгаа талаарх тодорхойлолтыг суурилсан хүчин зүйлийн товч агуулга;

(v)сонирхсон талууд өөрийнхөө тайлбарыг илгээх ёстой хаяг;

(vi)сонирхогч талууд саналаа хүргүүлбэл зохих хугацаа.

12.2.Нийтэд зориулсан мэдэгдлийг аливаа урьдчилсан, эсхүл эцэслэсэн эерэг ч бай, сөрөг ч бай шийдвэрийн тухайд 8 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан аливаа шийдвэрийн тухайд, тийм үүргийн үйлчлэлийн дуусгавар болсон тухайд, демпингийн эсрэг эцэслэсэн татварын дуусгавар болсон тухайд тус тус хийнэ. Тийм мэдэгдэл бүр нь эрх бүхий байгууллагуудын зарчмын ач холбогдолтой гэж үзсэн баримт сэлт болон хуулийн хэм хэмжээний үндсэн дээр хийсэн санал дүгнэлтийг агуулах буюу шаардлагатай хэмжээгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэдгээр мэдэгдэл, мэдээлэл бүрийг бараа нь дурдсан тодорхойлолт буюу үүргийг бүрдүүлж буй гишүүн буюу гишүүдэд, тэрчлэн мөрдөн шинжилгээний явцад сонирхолтой болох нь тодорхой сонирхогч талуудад хүргэнэ.

12.2.1.Завсрын арга хэмжээг нэвтрүүлсэн тухай нийтэд зориулсан мэдээлэл нь демпинг болон хохирол байгаа тухайг агуулсан буюу хангалттай байдлаар дэлгэрэнгүй тайлбарыг агуулсан байх бөгөөд холбогдох үндэслэлийг хүлээж авах буюу үгүйсгэж байгаа баримт сэлт, хуулийн заалтыг зааж дурдсан байна. Тэдгээр мэдэгдэл буюу мэдээлэл нь нууц мэдээллийг хамгаалах явдлыг зохих ёсоор хангасан байх ёстой бөгөөд дараахь мэдээллийг агуулсан байвал зохино, тухайлбал:

(i)нийлүүлэгчдийн нэр, энэ нь боломжгүй бол холбогдох нийлүүлэгч орнууд;

(ii)бүтээгдэхүүний гаалийн зорилгыг хангахуйц тодорхойлолт;

(iii)демпингийн ялгаврын тооцоо, тэрчлэн экспортын үнэ болон 2 дугаар зүйлд дурдсан ердийн өртгийг тооцон гаргахад ашиглаж буй аргачлалын талаархи тайлбар;

(iv)3 дугаар зүйлд дурдсан дагуу хохирол байгааг тогтооход хамаарах үндэслэл;

(v)тийнхүү нэвтрүүлэн мөрдөх болсны үндсэн шалтгаан.

12.2.2.Эцэслэсэн татвар тогтоосон, эсхүл үнийн талаар үүрэг хүлээсэн тухай эерэг шийдвэр гаргасан нөхцөлд мөрдөн шинжилгээг хаасан буюу зогсоосон тухай нийтэд зориулсан мэдээлэл нь баримт болон хуулийн хэм хэмжээний талаархи асуудалд холбогдох бүх мэдээллийг, тэрчлэн эцэслэсэн арга хэмжээг нэвтрүүлэх буюу үнийн талаар үүрэг авах шалтгааныг мэдээллийн итгэмжлэлийг хангах шаардлагыг бодолцон агуулсан буюу тусгайлсан мэдээлэл хэлбэрээр нийтийн хүртээл болгоно. Мэдэгдэл буюу мэдээлэл нь, ялангуяа 2.1 дэд хэсэгт дурдсан мэдээлэл, тэрчлэн холбогдох үндэслэлийг хүлээн авах буюу үгүйсгэх шалтгааны талаар экспортлогч болон импортлогчдоос гаргасан үндэслэл, эсхүл шаардлага, тэрчлэн 6 дугаар зүйлийн 10.2 дэд хэсгийн дагуу гаргасан аливаа шийдвэрийн үндэслэлийг тус тус агуулсан байна;

12.2.3. 8 дугаар зүйлийн дагуу үүрэг хүлээсэнтэй холбогдуулан мөрдөн шинжилгээг хаах буюу зогсоох тухай нийтэд зориулсан мэдээлэл нь тухайн үүргийн итгэмжлэгдсэн бус хэсгийг агуулах буюу тусгайлсан мэдээлэл хэлбэрээр нийтийн хүртээл болгоно.

12.3.Энэ зүйлийн заалтууд нь 11 дүгээр зүйлийн дагуу хянан үзэхийг үүсгэн санаачлах болон дуусгавар болгох түүнчлэн 10 дугаар зүйлийн дагуу татварыг буцаан хэрэглэх талаар шийдвэр гаргах тухайд mutatis mutandis зарчмын үндсэн дээр хэрэглэгдэнэ.

13 дугаар зүйл

Шүүхээр хянан үзэх

Үндэсний хууль тогтоомж нь демпингийн эсрэг арга хэмжээ агуулсан заалт бүхий гишүүн бүр эцсийн шийдвэрийг шуурхай хянан үзэхэд чиглэсэн захиргааны ажиллагаа болон эцсийн шийдвэрийг 11 дүгээр зүйлийн утгаар хянан үзэхтэй холбогдсон шүүх, арбитр, эсхүл захиргааны байгууллага болон эл зорилгоор дэг журамтай байвал зохино. Тэдгээр байгууллага болон дэг нь холбогдох шийдвэр гаргадаг болон хянан үзэх байгууллагаас үл хамааралтай байна.

14 дүгээр зүйл

Гуравдагч орны нэрийн өмнөөс хэрэгжүүлэх демпингийн

эсрэг арга хэмжээ

14.1.Демпингийн эсрэг арга хэмжээг гуравдагч орны нэрийн өмнөөс тогтоон нэвтрүүлэх хүсэлт бүхий өргөдлийг холбогдох гуравдагч орны эрх бүхий байгууллагаас гаргана.

14.2.Тэдгээр өргөдлөө импорт нь демпинг үүсгэж байгаа үнийн тухай мэдээлэл, тэрчлэн байгаа гэж тооцогдож буй демпингийн гуравдагч орны дотоодын аж үйлдвэрт хохирол учруулж буйг харуулсан дэлгэрэнгүй мэдээллээр баримтжуулсан байна. Гуравдагч орны засгийн газар нь импортлогч орны эрх бүхий байгууллагуудад шаардагдаж болох нэмэгдэл мэдээллийг өгөхөд аливаа дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

14.3.Импортлогч орны эрх бүхий байгууллагууд нь тэдгээр хүсэлтийг авч үзэхдээ байгаа гэж тооцогдож буй демпингийн гуравдагч орны холбогдох салбарт үзүүлж буй нөлөөг бүхэлд нь, өөрөөр хэлбэл хохирлыг байгаа гэж үзэж буй демпингийн тухайн салбарын импортлогч орон уруу хийж буй экспорт төдийгүй тухайн салбарын нийт экспортын тухайд тооцно.

14.4.Хэрэг үүсгэн шалгах, эс шалгах тухай шийдвэр нь импортлогч орноос хамаарна. Импортлогч орон арга хэмжээ авах талаар бэлтгэл хангагдсан гэж шийдвэрлэвэл Барааны худалдааны зөвлөлд уг арга хэмжээг зөвшөөрүүлэх хүсэлттэйээр хандах санаачилгыг импортлогч орон гаргана.

15 дугаар зүйл

Хөгжиж байгаа гишүүн орнууд

Хөгжиж байгаа гишүүн орнууд Демпингийн эсрэг арга хэмжээг энэхүү Хэлэлцээрийн дагуу хэрэглэх асуудлыг авч үзэхдээ хөгжингүй орнууд нь хөгжиж буй орнуудын онцлог байдлыг тусгайлан бодолцоно гэдгийг зөвшөөрч байна. Энэхүү хэлэлцээрт тусгагдсан хамгаалалтын зохистой арга хэмжээг хөгжиж байгаа орнуудын чухал сонирхлыг хөндөхөд хүрч байгаа демпингийн эсрэг арга хэмжээг хэрэглэхээс өмнө авч үзэх ёстой.

II ХЭСЭГ

16 дугаар зүйл

Демпингийн эсрэг практикийн хороо

16.1.Бүрэлдэхүүнд нь гишүүн бүрийн төлөөлөгч орох Демпингийн эсрэг практикийн хороо (цаашид энэхүү хэлэлцээрт “Хороо” гэх) -г үүгээр байгуулж байна. Хороо нь өөрийн даргаа сонгон жилд хоёроос доошгүй удаа, тэрчлэн энэхүү хэлэлцээрт тусгагдсаны дагуу аль нэг гишүүний хүсэлтээр хуралдана. Хороо нь түүнд энэхүү хэлэлцээрээр буюу гишүүдээс даалгасан үүргийг биелүүлж, хэлэлцээрийн хэрэгжилт, эсхүл, түүний зорилгыг биелүүлэхтэй холбогдсон аливаа асуудлаар зөвлөлдөөн хийх боломжийг гишүүдэд олгоно. ДХБ-ын нарийн бичгийн дарга нарын газар нь Хорооны нарийн бичгийн дарга нарын үүрэг гүйцэтгэнэ.

16.2.Шаардлагатай бол Хороо нь туслах албадыг байгуулж болно.

16.3.Өөрийнхөө үүргийг биелүүлэх явцдаа Хороо болон аливаа туслах албад нь зохистой гэж үзсэн хэнтэй зөвлөлдөж, ямар ч эх үүсвэртэй зөвлөлдөх буюу мэдээлэл авч болно. Гэхдээ мэдээлэл авахын тулд гишүүний хууль зүйн эрх мэдэлд багтдаг эх үүсвэрт хандахын өмнө Хороо буюу туслах албад нь энэ талаар холбогдох гишүүнд мэдэгдэнэ. Тэрээр гишүүний болон зөвлөлдөөн хийх ёстой пүүсийн зөвшөөрлийг авна.

16.4.Гишүүд демпингийн эсрэг түр болон эцэслэн авсан бүх арга хэмжээнийхээ талаар Хороонд илтгэнэ. Эдгээр илтгэлийг бусад гишүүнээр судлуулахаар Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. Гишүүд түүнчлэн, хагас жилийн үндсэн дээр өмнөх 6 сард нэвтрүүлсэн демпингийн эсрэг аливаа арга хэмжээний талаар илтгэл ирүүлнэ. Хагас жилийн илтгэлийг тохиролцсон стандарт хэлбэрээр ирүүлнэ.

16.5.Гишүүн бүр (а) 5 дугаар зүйлд дурдсан мөрдөн шинжилгээг үүсгэж, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй эрх бүхий байгууллагуудын талаар; болон (b) тэдгээр мөрдөн шинжилгээг үүсгэж, хэрэгжүүлэх үндэсний дэгийн талаар Хороонд мэдэгдэж байна.

17 дугаар зүйл

Зөвлөлдөх, маргаан зохицуулах

17.1.Энэхүү хэлэлцээрт өөрөөр тусгагдаагүй бол энэхүү хэлэлцээрийн дагуух зөвлөлдөөн, маргааны зохицуулалтын хувьд Маргаан шийдвэрлэх талаар харилцан ойлголцох баримт бичгийг мөрдөнө.

17.2.Энэхүү хэлэлцээрийн үйлчлэлд хамаарах аливаа асуудлаар бусад гишүүний хийсэн илтгэл, хүсэлтэд гишүүн бүр нааштай хандаж, холбогдох зөвлөлдөөн хийх зохистой боломж олгоно.

17.3.Энэхүү хэлэлцээрийн дагуу шууд буюу дам үүсч байгаа аливаа давуу тал үгүй болж байгаа, эсхүл багасаж байгаа, эсхүл аливаа зорилгод хүрэхэд бусад гишүүн буюу гишүүдийн улмаас хүндэрч байна гэж аль нэг гишүүн үзэж байгаа бол уг асуудлаар харилцан зохицсон шийдвэрт хүрэхийн тулд тэрээр зөвлөлдөөн хийх хүсэлтийг бичгээр холбогдох гишүүн болон гишүүдэд тавьж болно. Зөвлөлдөөн хийх талаар бусад гишүүнээс ирсэн аливаа хүсэлтэд гишүүн бүр найрсгаар хандана.

17.4.Зөвлөлдөөний талаар хүсэлт гаргасан гишүүн 3 дахь хэсгийн дагуу хийсэн зөвлөлдөөний дүнд харилцан зохицсон шийдвэрт хүрч чадаагүй гэж үзвэл, тэрчлэн импортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд демпингийн эсрэг эцэслэсэн татвар нэвтрүүлсэн, эсхүл үнийн талаар үүрэг хүлээсэн бол тэрээр асуудлыг Маргаан шийдвэрлэх байгууллагад (МШБ) шилжүүлж болно. Хэрвээ түр арга хэмжээ нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн хийгээд тэдгээр арга хэмжээ нь 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна гэж зөвлөлдөөн хийх талаар хүсэлт гаргасан гишүүн үзвэл энэхүү гишүүн нь асуудлыг МШБ-д шилжүүлж болно.

17.5.Гомдол гаргасан талын хүсэлтээр МШБ нь асуудлыг дараахь нөхцөл байдалд туллгуурлан шалгах хөндлөнгийн хэсгийг байгуулна:

(i)энэхүү хэлэлцээрийн дагуу шууд буюу дам бий болж байгаа давуутай тал ямар байдлаар үгүй болж байгаа, эсхүл багасч байгааг, эсхүл хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхэд хүндрэл учирч байгааг дурдан гишүүний зүгээс бичгээр гаргасан мэдэгдэл болон;

(ii)импортлогч гишүүний эрх бүхий байгууллагад үндэсний холбогдох дэг журмын дагуу мэдэгдсэн баримт сэлт.

17.6. 5 дугаар хэсэгт дурдсан асуудлыг судлан шалгахдаа:

(i)хөндлөнгийн хэсэг нь өөрийнхөө дүгнэлтэд эрх бүхий байгууллагууд баримт сэлтийг зөв тогтоосон эсэх болон баримт сэлтэд өгөх тэдгээрийн үнэлгээ нь шударга хийгээд бодитой эсэхийг тогтооно. Баримт сэлтийг зөв тогтоосон бөгөөд тэдгээрт өгсөн үнэлгээ нь шудрага, бодитой байлаа ч гэсэн хөндлөнгийн хэсэг өөр дүгнэлтэд хүрч болно. Энэ нь гэхдээ үнэн гэж няцаах үндэслэл болохгүй;

(ii)хөндлөнгийн хэсэг нь хэлэлцээрийн холбогдох заалтыг олон улсын түгээмэл эрхийг тайлбарладаг ердийн журмын дагуу тайлбарлана. Хэрвээ хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу нэгээс илүү тооны зөвшөөрсөн тайлбар олдохоор байгааг хөндлөнгийн хэсэг тогтоовол, эрх бүхий байгууллагаас авсан арга хэмжээ нь тэдгээр зөвшөөрсөн тайлбарын аль нэгэнд тулгуурласан бол хэлэлцээрт нийцэж байна гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн хэсэг гаргана.

17.7.Хөндлөнгийн хэсэгт ирүүлсэн нууц мэдээллийг тийм мэдээллийг ирүүлсэн хувь этгээд, албан буюу эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр нийтэд задлаж болохгүй. Хэрвээ эдгээр материалыг хөндлөнгийн хэсгээс хүссэн, гэтэл тэрээр дурдсан мэдээллийг задлах зөвшөөрөлгүй бол мэдээллийг ирүүлсэн хувь этгээд, албан буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрсөн нууц бус хураангуйг бэлтгэж өгнө.

III ХЭСЭГ

18 дугаар зүйл

Төгсгөлийн заалтууд

18.1.Бусад гишүүнээс демпингийн үнээр хийж байгаа экспортын эсрэг аливаа тодорхой арга хэмжээг 1994 оны ТХЕХ-ийн заалтуудад нийцүүлэн энэхүү хэлэлцээрт тайлбарласнаас өөрөөр авч болохгүй

18.2.Энэхүү хэлэлцээрийн аль ч заалтын тухайд бусад гишүүнийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг тайлбар хийж болохгүй.

18.3.Аливаа гишүүний ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон өдрөөс буюу түүний дараагаар өгсөн өргөдлийн дагуу үүсгэн санаачилж буй, мөрдөгдөж буй арга хэмжээг мөрдөн шинжлэх болон хянан үзэхэд энэхүү хэлэлцээрийн заалтуудын 3.1 болон 3.2 дэд хэсгүүдийг харгалзан дагаж мөрдөнө.

18.3.1. 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хөрөнгийг буцааж өгөх журмын хүрээнд демпингийн ялгаврыг тооцох тухайд демпингийн нотлох баримтыг хамгийн сүүлчийн удаа тогтоосон буюу хянан үзэхэд ашигласан дүрмийг мөрдөнө;

18.3.2. 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн зорилгоор мөрдөгдөж буй демпингийн эсрэг арга хэмжээг аливаа гишүүний хувьд ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хожуу биш эхлэн нэвтрүүлсэн гэж тооцно. Харин гишүүний тухайн үед мөрдөгдөж буй үндэсний хууль тогтоомж нь энэ заалтад дурдсан төрлийн заалтыг агуулж байгаа тохиолдолд энэ нь хамаарахгүй.

18.4.Гишүүн бүр өөрийн хууль тогтоомж, захиргааны журам, зохицуулалтыг түүний тухайд ДХБ–ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос оройтуулалгүйгээр энэхүү хэлэлцээрийн заалтууд тухайн гишүүний хувьд мөрдөгдөж болох хэмжээг нь бодолцон тэдгээрийг нийцүүлэхтэй холбогдсон ерөнхий болон тодорхой шинжтэй, шаардлагатай бүх алхмыг авч хэрэгжүүлнэ.

18.5.Гишүүн бүр өөрийн хууль тогтоомжид, зохицуулалтад оруулж буй энэхүү хэлэлцээрт хамаарал бүхий аливаа өөрчлөлт хийгээд тэрчлэн тэдгээр хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбогдсон өөрчлөлтийн талаар Хороонд мэдээлж байна.

18.6.Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт үйлчлэлийг түүний зорилгыг анхааралдаа авах үндсэн дээр Хороо жил бүр хянан үзэж байна. Хянан үзэж байгаа хугацаанд гарсан өөрчлөлтийн талаар Хороо нь жил бүр Барааны худалдааны зөвлөлд мэдэгдэж байна.

18.7 Энэхүү хэлэлцээрийн хавсралтууд нь түүний салшгүй хэсэг мөн.

ХАВСРАЛТ 1

6 ДУГААР ЗҮЙЛИЙН 7 ДАХЬ ХЭСГИЙН ДАГУУ

МӨРДӨН ШИНЖИЛГЭЭГ ГАЗАР ДЭЭР НЬ ЯВУУЛАХ ЖУРАМ

1.Мөрдөн шинжилгээг үүсгэн санаачилсаны дараа экспортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд болон сонирхолтой гэдэг нь тогтоогдсон пүүсүүдэд мөрдөн шинжилгээг газар дээр нь хийхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн байвал зохино.

2.Мөрдөн шинжилгээ хийх бүлгийн бүрэлдэхүүнд онцгой нөхцөл байдалд засгийн газрын бус шинжээчдийг оруулахаар төлөвлөж байгаа бол энэ талаар экспортлогч гишүүний пүүсүүд болон эрх бүхий байгууллагуудад энэ талаар мэдээлсэн байх ёстой. Нууцын шаардлагыг зөрчсөн тохиолдолд засгийн газрын бус тэдгээр шинжээчдэд үр дүнтэй шийтгэл ногдуулах ёстой.

3.Экспортлогч гишүүний сонирхогч пүүсүүдийн зүгээс тодорхой илэрхийлэгдсэн зөвшөөрөл газар дээр нь очих өдрийг эцэслэн тогтоохоос өмнө өгөгдсөн байх нь ердийн практик байвал зохино.

4.Сонирхогч пүүсүүдийн зөвшөөрлийг авмагц очиж шалгахаар төлөвлөгдөж байгаа пүүсийн нэр, хаяг, тэрчлэн тохирсон хугацааны талаар экспортлогч гишүүний эрх бүхий байгууллагуудад мэдэгдэл өгнө.

5.Очиж шалгах талаар хангалттай хугацааны өмнөөс тэдгээр пүүсүүдэд урьдчилан мэдэгдсэн байвал зохино.

6.Асуулгуудыг тайлбарлан өгөх зорилгоор газар дээр нь зөвхөн экспортлогч пүүсийн хүсэлтээр очно. Тийнхүү очихыг (а) импортлогч гишүүний эрх бүхий байгууллагууд асуудал нь хөндөгдөж буй гишүүний төлөөлөгчдөд мэдэгдсэн болон; (b) сүүлчийнх нь тийнхүү ирэхийг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд л гүйцэтгэж болно.

7.Газар дээр нь хийх мөрдөн шинжилгээний гол зорилго нь ирүүлсэн мэдээллийг шалгах буюу нарийвчилсан нэмэгдэл мэдээ авах явдал учраас түүнийг холбогдох пүүс эерэгээр тохироогүй бол асуултуудын хариуг авмагц хэрэгжүүлэх бөгөөд харин экспортлогч орны засгийн газар мөрдөн шинжилгээний эрх бүхий байгууллагаас очих гэж байгааг мэдсэн, түүнийг эсэргүүцэхгүй байх ёстой, цаашилбал газар дээр нь очихоос өмнө шалгах ёстой мэдээллийн ерөнхий агуулгын талаар тэрчлэн, нэмж шаардагдах аливаа мэдээллийн талаар холбогдох пүүсүүдэд мэдэгдсэн байвал зохино. Тэгэхдээ энэ нь өмнө нь ирүүлсэн материалын хүрээнд нарийвчлан тодотгохыг газар дээр нь хүсэхийг хориглохгүй.

8.Экспортлогч гишүүдийн эрх бүхий байгууллагууд хийгээд пүүсүүдийн зүгээс тавьсан мөрдөн шинжилгээг амжилттай явуулахад чухал ач холбогдолтой хүсэлт, асуултад боломжийн хэрээр газар дээр очихоос өмнө хариулт өгнө.

ХАВСРАЛТ 2

6 ДУГААР ЗҮЙЛИЙН 8 ДАХЬ ХЭСГИЙН УТГААР

БЭЛЭН БАЙГАА ХАМГИЙН САЙН МЭДЭЭЛЭЛ

1.Мөрдөн шинжилгээг санаачлан үүсгэсний дараагаар хамгийн богино хугацаанд аливаа сонирхогч талуудаас шаардагдаж байгаа мэдээлэл, тэрчлэн тэдгээр мэдээллийн хариуг сонирхогч тал ирүүлэх арга хэлбэрийн талаар эрх бүхий байгууллагууд тодорхой заана. Эрх бүхий байгууллагууд, тэрчлэн мэдээлэл боломжийн хугацаанд өгөгдөөгүйг сонирхогч талд ойлгуулж эрх бүхий байгууллагууд нь бэлэн байгаа баримтыг үүний дотор мөрдөн шинжилгээг үүсгэн эхлүүлэх талаар дотоодын үйлдвэрлэлээс ирүүлсэн өргөдөлд байгаа мэдээлэлд түшиглэн тодорхойлолтыг гаргаж болно.

2.Эрх бүхий байгууллага нь тэрчлэн хариуг тодорхой хэлбэрээр (жишээ нь компьютерийн соронзон хальс), эсхүл компьютерийн хэлээр ирүүлэхийг сонирхогч талаас хүсч болно. Ийм хүсэлт тавьсан тохиолдолд эрх бүхий байгууллагууд нь хариуг хүсэлт болгож буй хэлбэрээр, эсхүл компьютерийн хэлээр өгч чадах сонирхогч талын хэр тааруу боломжийг бодолцох ёстой бөгөөд тухайн талын ашигладаг системээс өөр компьютерийн систем ашиглах талаар тэрхүү талаас хүсч болохгүй. Хэрвээ сонирхогч тал компьютержсэн тооцоо хөтөлдөггүй, хэрвээ тавьсан хүсэлтэд хариулах нь сонирхогч талд илүүц хүндрэл учруулах, жишээ нь нэмэгдэл зардал ажил их хэмжээгээр шаардагдах бол эрх бүхий байгууллагууд компьютержсэн хариу өгөхийг шаардаж болохгүй.

3.Шалган нягталж болохуйц, мөрдөн шинжилгээнд нэмэгдэл хүндрэлгүйгээр ашиглагдаж болохуйцаар бэлтгэгдсэн зохих цаг хугацаанд нь ирүүлсэн, холбогдох эрх бүхий байгууллагуудын хүсэлтийн дагуу компьютерийн илэрхийлэл, эсхүл хэлээр илэрхийлэгдсэн бүх мэдээллийг тодорхойлолтыг гаргахад ашиглана. Хэрвээ аль нэг тал давуутайд үзсэн илэрхийлэл, эсхүл, компьютерийн хэлээр хариу ирүүлээгүй бөгөөд 2 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдал бүрдсэн гэж эрх бүхий байгууллагууд үзвэл хариуг давуутайд үзсэн илэрхийлэл, эсхүл компьютерийн хэлээр ирүүлж чадахгүй байгаа нь мөрдөн байцаалтад мэдэгдэхүйц саад болсон гэж үзэхгүй.

4.Тодорхой илэрхийлэл хэлбэрээр (жишээ нь соронзон тууз) ирүүлсэн мэдээллийг эрх бүхий байгууллагууд боловсруулах боломжгүй бол мэдээллийг эрх бүхий байгууллагууд хүлээж авч болохуйц хэвлэмэл материалын буюу бусад аливаа хэлбэрээр ирүүлэх ёстой.

5.Ирүүлсэн мэдээлэл нь аль ч талаас нь авч үзсэн төгс биш байлаа гэсэн сонирхогч тал өөрийнхөө боломжийн дээд хэмжээгээр ажилласан бол тэдгээр мэдээллийг эрх бүхий байгууллагууд анхааралдаа авахгүй байх үндэслэл болохгүй.

6.Хэрвээ нотолгоо буюу мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй бол мэдээллийг ирүүлсэн талд энэ тухайн шалтгааныг яаралтай мэдэгдэх бөгөөд мөрдөн шинжилгээний хугацаатай уялдуулах үндсэн дээр түүнд зохистой цаг хугацаанд цаашид нэмэгдэл тайлбар өгөх боломжийг олгоно. Хэрвээ тайлбарыг эрх бүхий байгууллагууд хангалтгүй гэж үзвэл тэдгээр нотолгоо мэдээллийг хэрэгсээгүйн шалтгааныг хэвлэн нийтлэгдэх тодорхойлолтод зааж мэдээлнэ.

7.Хэрвээ эрх бүхий байгууллагууд өөрсдийнхөө дүгнэлтийг, үүний дотор хэвийн өртөгт хамаарахыг мэдээллийн хоёрдогч эх үүсвэрт, үүний дотор мөрдөн шинжилгээг үүсгэн санаачилсан тухай мэдээлэлд тулгуурлаж байгаа бол тэдгээр нь үүнд туйлын болгоомжтой хандах ёстой. Эдгээр нөхцөлд эрх бүхий байгууллагууд нь практик боломжтой үед өөрсдийнхөө мэдэлд байгаа бусад бие даасан эх үүсвэрийг жишээлбэл, үнийн хэвлэмэл жагсаалт, импортын албан ёсны статистик, гаалийн тайлан, тэрчлэн бусад сонирохогч талаас мөрдөн шинжилгээний явцад авсан мэдээллүүдийг ашиглан шалгах ёстой. Хэрвээ сонирхогч тал хамтран ажиллах, энэ байдлаар холбогдох мэдээлэл эрх бүхий байгууллагад зохих мэдээлэл өгөгдөхгүй бол, энэ байдал нь тухайн тал хамтран ажилласан бол түүний тухайд бүрдэх байснаас бага таатай нөхцөл бүрдүүлэхэд хүрнэ.