A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ КАРТАГЕНЫ ПРОТОКОЛ
Бүлэг: 1979

БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН

БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ КАРТАГЕНЫ ПРОТОКОЛ

 

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

 

Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц /цаашид Конвенц гэх/-ийн Хэлэлцэн

тохирогч Талууд болохын хувьд,

 

Конвенцийн 19 дүгээр зүйлийн 3, 4 мөн түүнчлэн 8 дугаар зүйлийн ё, 17 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн,

 

Биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэхүйц орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан, алив хувиргасан амьд организмыг олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхэд онцгой анхаарч, биоаюулгүй байдлыг хангах тухай Протоколыг боловсруулах, тухайлбал, урьдаас үндэслэлтэй зөвшилцөх зохих журмыг хянан хэлэлцэхэд бэлтгэх тухай Конвенцийн Талуудын 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Бага Хурлын II/5 дугаар шийдвэрийг мөн үндэс болгон,

 

Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Рио-де Жанейрогийн Тунхаглалын 15 дугаар Зарчимд тусгагдсан урьдчилан сэрэмжлэх арга хэмжээг дахин баталж,

 

Орчин үеийн биотехнологийн хурдацтай тархалт ба түүний биологийн төрөл зүйлд үзүүлж болох сөрөг нөлөөлөл болон хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүйгээс үүдсэн олон нийтийн улам бүр өсөн байгаа болгоомжлолыг анхааран,

 

Орчин үеийн биотехнологийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүйгээр зөв тодорхойлон хөгжүүлбэл хүний хөгжил, сайн сайханд асар их хувь нэмэр оруулж болохыг хүлээн зөвшөөрч,

 

Генетикийн олон янз байдлын болон гарал үүслийн төвүүд нь хүн төрөлхтөнд онцгой чухал ач холбогдолтойг мөн хүлээн зөвшөөрч,

 

Олон улс орон, ялангуяа хөгжиж байгаа улс орнууд хувиргасан амьд организмаас үүдэлтэй нь тогтоогдсон буюу цаашид гарч болзошгүй эрсдэлийн онцлог, хамрах хүрээтэй үйл ажиллагаагаа уялдуулах боломж хязгаарлагдмал байгааг анхааралдаа авч,

 

Хүрээлэн буй орчин ба худалдааны талаар хийгдэж буй хэлэлцээрүүд нь тогтвортой хөгжлийг хангах үүднээс харилцан бие биенээ дэмжиж байх ёстойг хүлээн зөвшөөрч,

 

Энэхүү Протокол нь одоо мөрдөгдөж байгаа олон улсын аливаа хэлэлцээрийн хүрээнд Талуудын эрх, үүргийг өөрчлөх эх үндэс болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж,

 

Дээр дурдсан хэсэг нь энэхүү Протоколыг бусад олон улсын хэлэлцээрт харъяалуулах зорилго агуулаагүй гэдгийг ойлгож,

 

 Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ЗОРИЛГО

 

Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Рио-де Жанейрогийн Тунхаглалын 15 дугаар Зарчимд тусгагдсан урьдчилан сэрэмжлэх арга хэмжээ авах зарчмын дагуу энэхүү Протоколын зорилго нь орчин үеийн биотехнологийн үр дүнд бий болсон биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлж, мөн хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүй хувиргасан амьд организмыг аюулгүй дамжуулах, боловсруулах, хэрэглэх зохих түвшний хамгаалалтыг хангах, ялангуяа олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх үед онцгой анхаарахад оршино.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.Талууд энэхүү Протоколын хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд зохих хууль эрх зүйн, захиргааны болон бусад арга хэмжээнүүдийг авна.

 

2.Талууд нь хувиргасан амьд организмыг гарган авах, тэдгээрийг зохицуулах, тээвэрлэх, ашиглах, дамжуулах ба чөлөөлөх үйл ажиллагааг биологийн төрөл зүйл ба хүний эрүүл мэндэд эрсдэлгүйгээр буюу аль болох бага эрсдэлтэйгээр гүйцэтгэх нөхцлийг хангана.

 

3.Энэхүү Протоколын заалтууд нь улс орнуудын олон улсын эрх зүйн дагуу байгуулагдсан газар нутгийн тэнгис болон улс орнуудын өөрийн эдийн засгийн онцгой бүс, далайн эрэг орчмын хил газарт олон улсын эрх зүйн дагуу эдлэх тэдгээрийн бүрэн эрх ба эрх мэдэлд, мөн түүнчлэн бүх улс орнуудын усан ба агаарын хөлгүүдээр зорчих олон улсын эрх зүй болон олон улсын зохих баримт бичигт тусгагдсан эрх, эрх чөлөөнд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй болно.

 

4.Хэрэв энэхүү Протоколын зорилго, үндэслэлд харшлахгүй бөгөөд тухайн Талын олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгтэй нийцэж байвал Талын зүгээс биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах ба тогтвортой ашиглахад чиглэсэн бөгөөд энэ Протоколд тусгагдсанаас илүү үр дүн үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Протоколын аливаа зүйл нь эрхийг хязгаарлах байдлаар тайлбарлагдахгүй болно.

 

5.Талууд зохих зохих үед бэлэн байгаа шинжээчийн мэдлэг, олон улсын чуулга уулзалтууд дээр хүний эрүүл мэндийн эрсдэлийн асуудалтай уялдуулан гаргасан баримт бичиг болон ажлын үр дүнг анхааралдаа авахыг эрмэлзэнэ.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

НЭР ТОМЪЁОГ ХЭРЭГЛЭХ

 

Энэхүү Протоколын зорилгод нийцүүлэн нэр томъёог дараахь байдлаар ойлгоно:

 

a)“Талуудын Бага хурал” гэж Конвенцийн Талуудын Бага хурлыг;

 

б)”Битүү системд ашиглах” гэж хувиргасан амьд организмын гадаад орчинтой харьцах болон түүнд нөлөөлөхөөс үр дүнтэйгээр хязгаарлах тусгай арга хэмжээг явуулах зорилго бүхий байгууламж, төхөөрөмж ба бусад физик байгууламжийн хүчин чадлын хүрээнд явагдаж буй бүх төрлийн үйл ажиллагааг;

 

в)“Экспорт” гэж нэг Талаас нөгөө Тал руу зориудаар хил дамжуулан шилжүүлэхийг;

 

г)“Экспортлогч” гэж хувиргасан амьд организмын экспортыг зохион байгуулж байгаа Талын хууль, эрх мэдлийн хүрээнд харъяалагддаг хуулийн этгээд ба хувь хүмүүсийг;

 

д)“Импорт” гэж нэг Тал руу нөгөө Талаас зориуд хил дамжуулан шилжүүлэхийг;

 

е)“Импортлогч” гэж хувиргасан амьд организмын импортыг хийж буй Талын хууль, эрх мэдлийн хүрээнд харъяалагддаг хуулийн этгээд ба хувь хүмүүсийг;

 

ё)“Хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий аливаа амьд организмыг;

 

ж)“Амьд организм” гэж генетикийн материалыг дамжуулах буюу нийлэгжүүлэх чадвар бүхий аливаа биологийн биетийг, үржих чадваргүй организм, вирусууд, вироидуудыг;

 

з)”Орчин үеийн биотехнологи” гэж:

 

а)эрлийз ДНХ болон эс ба эрхтэнцэрт шууд ДНХ тарих зэргийг хамарсан нуклейны хүчлийг in vitro-д ашиглах аргууд,

 

б)ангилал зүйн хувьд овгоос дээш ялгаатай организмуудын эсийг нийлүүлэхэд тулгуурласан аргууд

 

и)“Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүсийн тусгаар тогтносон улсуудын байгуулсан, энэ Протоколоор зохицуулах асуудлуудыг шийдвэрлэх бүрэн эрхийг эдгээр гишүүн орнууд нь олгосон, өөрийн дотоод журмын дагуу энэхүү Протоколыг соёрхон батлах, батлах, хүлээн зөвшөөрөх буюу түүнд нэгдэн орох бүрэн эрх бүхий байгууллагыг;

 

й)“Олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх” гэж Протоколд нэгдэн орсон нэг Талаас нөгөө Тал руу хувиргасан амьд организмыг шилжүүлэх, мөн 17, 24 дүгээр зүйлд зааснаар Протоколд нэгдэж орсон Талаас Протоколд нэгдэн ороогүй Тал руу олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхийг хэлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ХАМРАХ ХҮРЭЭ

 

Энэхүү Протокол нь биологийн төрөл зүйлийг хамгаалах ба тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэхүйц, мөн хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүй хувиргасан амьд организмуудыг олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх, дамжин өнгөрөх, боловсруулах ба ашиглах асуудлыг хамарна.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

 

ЭМИЙН БЭЛДМЭЛҮҮД

 

4 дүгээр зүйлд заасныг үл харгалзан, Талуудын импортлох шийдвэр гаргахаас өмнө хувиргасан амьд организмын талаар эрсдэлийн үнэлгээ хийх аливаа эрхийг хөндөхгүйгээр энэхүү Протокол нь олон улсын бусад холбогдох хэлэлцээр болон байгууллагуудын дүрмээр зохицуулагддаг, хүнд зориулсан эмийн бэлдмэлүүдийг олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхэд хамаарахгүй болно.

 

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

ДАМЖИН ӨНГӨРӨХ БА БИТҮҮ СИСТЕМД АШИГЛАХ

 

1.4 дүгээр зүйлд заасныг үл харгалзан, дамжин өнгөрүүлэгч Талын өөрийн нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэхийг зохицуулах, мөн 2 дугаар зүйлийн 3-т заасан тодорхой хувиргасан амьд организмыг өөрийн нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх тухай энэхүү Талын аливаа шийдвэрийг Биоаюулгүйн зуучлагчид гаргаж өгөх эрхийг хөндөхгүйгээр энэхүү Протоколын урьдаас мэдээлж зөвшилцөх журамтай холбогдолтой заалтууд нь дамжин өнгөрч буй хувиргасан амьд организмд хамаарагдахгүй болно.

 

2. 4 дүгээр зүйлд заасныг үл харгалзан мөн Талын импортлох шийдвэр гаргахаас өмнө хувиргасан амьд организмын эрсдэлийн үнэлгээ явуулах, өөрийн хууль, эрх мэдлийн хүрээнд битүү системд ашиглахад стандарт тогтоох аливаа эрхийг хөндөхгүйгээр урьдаас мэдээлж зөвшилцөх журамтай холбоотой энэхүү Протоколын заалтууд нь импортлогч Талын стандартын дагуу явагдах битүү системд ашиглах зориулалт бүхий хувиргасан амьд организмыг олон улсын хилээр дамжуулан өнгөрүүлэхэд хамаарагдахгүй болно.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШИЛЦӨХ ЖУРМЫГ ХЭРЭГЛЭХ НЬ

 

1.Протоколын 5,6 дугаар зүйл болон урьдаас мэдээлж зөвшилцөх тухай 8,9,10,12 дугаар зүйлд заасан журмыг импортлогч Талын хүрээлэн буй орчинд зориудаар нутагшуулахаар хувиргасан амьд организмыг зориудаар анхлан олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхээс өмнө мөрдөнө.

 

2.“Хүрээлэн буй орчинд зориудаар нутагшуулах” тухай дээрх 1 дэх заалт нь хүнс, тэжээл, боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмд үл хамаарна.

 

3.Протоколын 11 дүгээр зүйл нь хүнс, тэжээл, боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмыг анхлан олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхэд хэрэглэнэ.

 

4.Урьдаас мэдээлж зөвшилцөх журам нь энэ Протоколын Талуудын Хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурлын шийдвэрт биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн хувиргасан амьд организмыг зориудаар олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхэд хамаарахгүй болно.

 

НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

МЭДЭГДЭЛ ӨГӨХ

 

1.Экспортлогч Тал нь 7 дугаар зүйлийн 1 дэх заалтын үйлчлэх хүрээнд хамрагдах хувиргасан амьд организмыг зориудаар олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхээс өмнө импортлогч Талын эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэл өгөх буюу өгөхийг экспортлогчоос шаардана. Мэдэгдэл нь хамгийн товч гэхэд I хавсралтад тусгасан мэдээллийг агуулсан байна.

 

2.Экспортлогч Тал нь экспортлогчийн гаргасан мэдээллийн үнэн зөв эсэх, хууль эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулна.

 

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

МЭДЭГДЭЛ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ ХАРИУ ӨГӨХ

 

1.Импортлогч Тал нь мэдэгдэл авсан тухайгаа түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ер хоногийн дотор мэдэгдэл өгөгчид бичгээр мэдэгдэнэ.

 

2.Уг хариу бичигт дараахь зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:

 

a)мэдэгдэл хүлээн авсан огноо;

 

б)мэдэгдэлд 8 дугаар зүйлд заасан prima facie (анхан шатны) мэдээлэл байгаа эсэх тухай;

 

в)цаашид импортлогч Талын дотоодын зохицуулалтын хүрээнд эсвэл 10 дугаар зүйлд заасан журмыг мөрдөх эсэхийг тодорхойлох,

 

3.Дээрх 2 дахь заалтын в-д дурдсан дотоодын зохицуулалтын хүрээ нь нь энэхүү Протоколд нийцэж байна.

 

4.Импортлогч Тал мэдэгдэл хүлээн авсан тухайгаа батлахгүй байгаа нь олон улсын хилээр зориудаар дамжуулан шилжүүлэх хөдөлгөөнийг зөвшөөрч байна гэж ойлгохгүй.

 

АРАВДУГААР ЗҮЙЛ

 

ШИЙДВЭР ГАРГАХ ЖУРАМ

 

1.Импортлогч Талын гаргаж байгаа шийдвэрүүд нь 15 дугаар зүйлтэй нийцэж байх ёстой.

 

2.Импортлогч Тал 9 дүгээр зүйлд заасан хугацаанд мэдэгдэл өгөгчид олон улсын хилээр зориуд дамжуулан шилжүүлэх хөдөлгөөнийг гүйцэтгэж болох эсэх тухай бичгээр мэдээлнэ. Үүнд:

 

а)зөвхөн импортлогч Тал зөвшөөрсөн тухайгаа бичгээр мэдэгдсэний дараа эсвэл,

 

б)ер хоногоос доошгүй хугацааны дараа зөвшөөрсөн тухайгаа давтан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр

 

3.Мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш хоёр зуун далан өдрийн дотор импортлогч Тал нь мэдэгдэл өгөгч ба Биоаюулгүйн зуучлагчид дээрх 2 дахь заалтын а-д дурдсан шийдвэрийнхээ тухай дараахь маягаар бичгээр мэдээлнэ. Үүнд:

 

a)тодорхой нөхцөлтэйгээр эсвэл нөхцөлгүйгээр импорт хийхийг зөвшөөрч, мөн энэ шийдвэрийг тэрхүү хувиргасан амьд организмыг дараагийн удаа импортоор нийлүүлэхэд хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээллийг оруулан;

 

б)импортыг хориглож;

 

в)өөрийн дотоодын зохицуулалтын хүрээнд буюу I Хавсралттай нийцсэн холбогдох нэмэгдэл мэдээллийг нэхэмжлэхдээ импортлогч Тал хариугаа явуулах хугацааг тооцох ба холбогдох нэмэлт мэдээллийг хүлээх ёстой өдрийн тоог тооцохгүйг; эсвэл

 

г)мэдэгдэл өгөгчид энд заасан хугацаа нь тодорхой хугацаагаар сунгагддаг болохыг мэдээлнэ.

 

4.Эргэлзээгүй зөвшөөрөхөөс бусад тохиолдолд дээрх 3 дахь заалтын хүрээнд гаргасан шийдвэрт уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг дурьдах ёстой.

 

5.Хэрэв импортлогч Тал мэдэгдэл хүлээн авснаас хойш хоёр зуун далан өдрийн дотор шийдвэрээ мэдэгдээгүй бол энэ нь олон улсын хилээр зориудаар дамжуулан шилжүүлэхийг түүний зүгээс зөвшөөрсөн гэж ойлгохгүй.

 

6.Импортлогч Талын биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндийг эрсдүүлэхээр хувиргасан амьд организмаас үүдэх болзошгүй сөрөг нөлөөний хэмжээг тодорхойлох шинжлэх ухааны хангалттай мэдээлэл, мэдлэг дутагдалтайгаас шинжлэх ухааны баталгаа байхгүй байгаа нь дээрх нөлөөг арилгах буюу бууруулах үүднээс хувиргасан амьд организмын импортын талаар дээрх 3 дахь заалтад дурдсаны дагуу Талыг холбогдох шийдвэр гаргахад саад болох ёсгүй.

 

7.Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурал нь анхны хуралдаанаараа импортлогч Талыг шийдвэр гаргахад дэмжлэг болохуйц зохих журам, механизмын талаар шийдвэр гаргана.

 

АРВАН НЭГДҮГЭЭР

 

ХҮНС, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН БОЛОН БОЛОВСРУУЛАХ

 ЗОРИУЛАЛТААР ШУУД ХЭРЭГЛЭХ ХУВИРГАСАН

АМЬД ОРГАНИЗМЫН ТАЛААРХ ЖУРАМ

 

1.Хувиргасан амьд организмын зах зээл дээрх борлуулалтыг оролцуулан дотоодын хэрэглээний талаар эцсийн шийдвэр гаргасан Тал нь хувиргасан амьд организм нь олон улсын хилээр дамжуулагдан хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх зүйл болох тухай шийдвэр гаргаснаас хойш арван таван хоногийн дотор Биоаюулгүйн зуучлагчаар дамжуулан Талуудад мэдээлэх ёстой. Энэ мэдээлэл нь хамгийн товч гэхэд II Хавсралтад заасан мэдээллийг оруулсан байх ёстой. Тал нь мэдээллийн хувийг Нарийн бичгийн дарга нарын газарт Биоаюулгүйн зуучлагчийг ашиглах зөвшөөрөл байхгүй тухайгаа урьдчилан мэдэгдсэн Талуудын үндэсний зохицуулах төвүүдэд бичгээр өгнө. Энэ заалт нь хээрийн туршилтын талаарх шийдвэрт хамаарахгүй.

 

2.Дээрх 1 дэх заалтын дагуу шийдвэр гаргаж байгаа Тал нь хүсэлт гаргагчийн өгсөн мэдээллийн үнэн зөв эсэх, хууль зүйн шаардлага хангаж байгааг баталгаажуулна.

 

3.II Хавсралтын б-д заасан байгууллагаас аливаа Тал нь нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.

 

4.Тал нь энэхүү Протоколын зорилготой нийцүүлэн тухайн орны дотоодын зохицуулалтын хүрээнд хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэхээр хувиргасан амьд организмыг импортлох талаар шийдвэр гаргаж болно.

 

5.Аливаа Тал нь хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын импортын тухай үндэсний аливаа хууль, дүрэм, журам, заавруудыг хэрэв байдаг бол Биоаюулгүйн зуучлагчид хувилж өгнө.

 

6.Дээрх 4 дэх заалтад заасантай адил дотоодын зохицуулалт байхгүй хөгжиж буй орнууд буюу шилжилтийн эдийн засагтай орнууд болох Талууд нь өөрийн хууль, эрх мэдлийн хүрээнд эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх 1 дэх заалтад мэдээлэл нь өгөгдсөн хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын анхны импортоос өмнө гаргаж буй шийдвэр нь дараахь нөхцлүүдийг харгалзан үзсэн гэдгийг Биоаюулгүйн зуучлагчаар дамжуулан мэдэгдэнэ. Үүнд:

 

а)III Хавсралтын дагуу эрсдлийн үнэлгээ хийгдсэн, ба

 

б)хоёр зуун далан өдрөөс хэтрэхгүйгээр урьдчилан таамаглаж болохоор хугацаанд шийдвэр гаргасан.

 

7.Дээрх 6 дахь заалтад заасны дагуу Тал нь өөрийн шийдвэрийн талаар мэдэгдээгүй бол энэ нь хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын анхны импортын талаар хэрэв Тал нь өөрөөр заагаагүй бол зөвшөөрсөн ба татгалзсан гэж үзэх нөхцөл болохгүй.

 

8.Импортлогч Тал нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүй хувиргасан амьд организмын сөрөг нөлөөний цар хүрээний талаар холбогдох шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэг хангалтгүйгээс шинжлэх ухааны баталгаа байхгүй байгаа нь дээрх нөлөөг бууруулахын үүднээс хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын импортын талаар Талыг шийдвэр гаргахад саад болох ёсгүй.

 

9.Тал нь хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын хувьд санхүү, техникийн туслалцаа, чадавхи бий болгох шаардлагатай байгаагаа илэрхийлж болно. Энэ шаардлагыг хангахад Талууд нь 22, 28 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах ёстой.

 

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНАХ

 

1.Импортлогч Тал нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүй тухай шинжлэх ухааны шинэ мэдээлэлтэй уялдуулан ямар ч үед олон улсын хилээр зориудаар дамжуулан шилжүүлэх тухай өөрийн шийдвэрээ дахин хянаж, өөрчилж болно. Ийм тохиолдолд тухайн Тал нь энэ тухайгаа гуч хоногийн дотор шийдвэрт дурдсанаар шилжүүлэх тухай урьдчилан мэдэгдсэн аливаа мэдэгдэл өгөгч болон Биоаюулгүйн зуучлагчид мэдээлж, шийдвэрийн үндэслэл болсон шалтгаанаа тайлбарлана.

 

2.Экспортлогч Тал буюу мэдэгдэл өгөгч нь импортлогч Талд 10 дугаар зүйлийн дагуу түүнийг гаргасан шийдвэрээ дахин хянах хүсэлтийг дараахь тохиолдолд гаргаж болно. Үүнд:

 

а)шийдвэр гаргах үндэслэл болсон эрсдлийн үнэлгээний үр дүнд нөлөөлж чадах нөхцөл байдал бий болсон, эсвэл

 

б)шинжлэх ухааны буюу техникийн холбогдолтой нэмэлт мэдээлэл бий болсон.

 

3.Импортлогч Тал ийм хүсэлтэд ер хоногийн дотор бичгээр хариу өгөх бөгөөд уг шийдвэрийн үндэслэл болсон шалтгааны тухай хариулт өгнө.

 

4.Импортлогч Тал өөрийн үзэмжээр дараа дараагийн импортын хувьд эрсдлийн үнэлгээ хийхийг шаардаж болно.

 

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

ХЯЛБАРЧИЛСАН ЖУРАМ

 

1.Импортлогч Тал нь энэхүү Протоколын зорилгод нийцүүлэн хувиргасан амьд организмыг зориудаар олон улсын хилээр дамжуулан аюулгүйгээр шилжүүлэх явдлыг хангасан зохих арга хэмжээг авсан тохиолдолд Биоаюулгүйн зуучлагчид дараахь тохиолдлуудыг урьдаас тодорхой зааж болно. Үүнд:

 

а)олон улсын хилээр зориудаар дамжуулан шилжүүлэх нь импортлогч Талд шилжүүлэх тухай мэдэгдэл өгөхтэй нэгэн зэрэг хийх тохиолдлууд; ба

 

б)урьдаас мэдээлж зөвшилцөх журмаас чөлөөлөгдсөн хувиргасан амьд организмуудыг шилжүүлэх тохиолдол

 

Дээрх (а) дэд хэсэгт дурдсан мэдэгдлүүд нь дараагийн удаа ижил Тал руу ижил нөхцөлтэйгээр шилжүүлэхэд хэрэглэгдэж болно.

 

2.Дээрх 1 дэх заалтын “а”-д дурдсан мэдэгдэлд тусгах шаардлагатай зориудаар олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх тухай мэдээлэл нь I Хавсралтад заасан мэдээлэл байна.

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ХОЁР ТАЛЫН, БҮС НУТГИЙН БОЛОН

ОЛОН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮД БА ХЭЛЦЛҮҮД

 

1.Талууд нь энэхүү Протоколын зорилготой нийцүүлэн хувиргасан амьд организмыг олон улсын хилээр дамжуулан шилжүүлах талаар хоёр талын, бүс нутгийн болон олон талын хэлэлцээр, хэлцлийг хийж болох бөгөөд тэдгээрт хамгаалалтыг энэ Протоколд зааснаас доошгүй түвшинд хийнэ.

 

2.Талууд нь Биоаюулгүйн зуучлагчаар дамжуулан энэхүү Протокол хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хойно хийсэн хоёр талын, бүс нутгийн, олон талын бүх хэлэлцээр, хэлцлүүдийн тухай харилцан мэдээлж байна.

 

3.Энэхүү Протоколын заалтууд нь тийм хэлэлцээр, хэлцэл хийсэн Талуудын хооронд эдгээр хэлэлцээр, хэлцлийн дагуу зориудаар олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх явдлыг хөндөхгүй.

 

4.Аль ч Тал нь өөрийн тал руу орж ирж байгаа тодорхой импортын зүйлд түүний дотоодын дүрэм, журам үйлчилнэ гэдгийг тодорхойлж болох бөгөөд энэ шийдвэрийн тухай Биоаюулгүйн зуучлагчид мэдэгдэнэ.

 

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ

 

1.Энэхүү Протоколын дагуу хийгдэх эрсдлийн үнэлгээ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр III хавсралтын дагуу эрсдлийн үнэлгээ хийх хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хийгдэнэ. Эрсдлийн ийм үнэлгээ нь хамгийн наад зах нь 8 дугаар зүйлд заасан мэдээллүүд болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд хувиргасан амьд организмын үзүүлэх сөрөг нөлөөний магадлалыг тодорхойлох, үнэлэхтэй холбогдсон бусад шинжлэх ухааны нотолгоо баримт дээр тулгуурласан байна.

 

2.Импортлогч Тал нь 10 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргахад шаардлагатай эрсдлийн үнэлгээг хийлгэх асуудлыг хариуцна. Импортлогч Тал нь экспортлогч Талаас эрсдлийн үнэлгээ хийхийг шаардаж болно.

 

3.Хэрэв импортлогч Тал шаардлагатай гэж үзвэл эрсдлийн үнэлгээг хийхтэй холбогдон гарсан санхүүгийн зардлыг мэдэгдэл өгөгч хариуцна.

 

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

ЭРСДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ

 

1.Конвенцийн 8 дугаар зүйлийн ё-д заасныг анхааралдаа авч Талууд нь хувиргасан амьд организмыг ашиглах, боловсруулах, олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхтэй холбоотой эрсдлийн үнэлгээний талаар Протоколын заалтуудаар тодорхойлсон эрсдлийг зохицуулах, багасгах ба хянах зохих механизм, арга хэмжээ болон стратегийг бий болгож дэмжинэ.

 

2.Эрсдлийн үнэлгээний үр дүнд тулгуурласан арга хэмжээг импортлогч Талын нутаг дэвсгэр дээр хувиргасан амьд организмуудын биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зайлуулахад шаардагдах хэмжээнд авч явуулна.

 

3.Талууд хувиргасан амьд организмыг зориудаар бус олон улсын хил дамжуулан шилжүүлэх явдлыг гаргуулахгүй байх, түүний дотор хувиргасан амьд организмыг анхлан чөлөөлөхөөс өмнө эрсдлийн үнэлгээ хийхийг шаардах зэрэг зохих арга хэмжээг авч байна.

 

4.Дээрх 2 дахь заалтыг хөндөхгүйгээр Талууд импортолсон болон дотооддоо бий болгосон аливаа хувиргасан амьд организмыг зориудаар ашиглаж эхлэхээс өмнө түүний амьдралын мөчлөг буюу нөхөн үржилтийн үед зохих хугацааны ажиглалт хийхийг эрмэлзэнэ.

 

5.Талууд дараахь зорилгоор хамтран ажиллана. Үүнд:

 

а)биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөтэй байж болзошгүй хувиргасан амьд организмуудыг буюу хувиргасан амьд организмуудын тодорхой шинж тэмдгүүдийг илрүүлэх, мөн

 

б)тийм хувиргасан амьд организм буюу онцлог шинж тэмдэгтэй харьцах талаар зохих арга хэмжээг авах.

 

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

ЗОРИУД БУСААР ОЛОН УЛСЫН ХИЛЭЭР ДАМЖУУЛАН

ШИЛЖҮҮЛЭХ БА ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ

 

1.Талууд өөрийн харъяаны нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмыг чөлөөлөх үйл ажиллагаа явагдсаны улмаас тэдгээр организмыг зориуд бусаар олон улсын хилээр дамжин шилжих тохиолдол гарах буюу гарч болзошгүй болох, энэ нь тухайн оронд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх асар их сөрөг нөлөөтэй байж болзошгүй үед өртсөн буюу өртөж болзошгүй Улс орнууд, Биоаюулгүйн зуучлагч болон зохих тохиолдолд холбогдох олон улсын байгууллагуудад мэдэгдэхээр зохих арга хэмжээг авна. Тухайн Тал дээр дурдсан нөхцөл байдал үүссэнийг мэдсэн даруйдаа мэдэгдлийг явуулна.

 

2.Талууд энэхүү Протокол тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс оройтолгүйгээр энэ зүйлд заасан мэдэгдлийг хүлээн авах зорилгоор томилогдсон холбоо барих байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Биоаюулгүйн зуучлагчид өгнө.

 

3.Дээрх 1 дэх заалтаас үндэслэн гарч ирэх аливаа мэдэгдэл нь дараахь зүйлүүдийг багтаасан байна. Үүнд:

 

(а)хувиргасан амьд организмын тоо хэмжээ болон холбогдох шинж тэмдэг ба/эсвэл онцгой шинж тэмдгийн талаарх холбогдох мэдээлэл

 

(б)нөхцөл байдлын тухай болон чөлөөлөхөөр төлөвлөсөн өдрийн тухай мэдээлэл, үүсч бий болсон Талд хувиргасан амьд организмыг ашиглаж байгаа талаарх мэдээлэл

 

(в)биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөний талаарх аливаа бэлэн мэдээлэл, мөн эрсдлийг зохицуулах талаар авах боломжтой арга хэмжээний тухай мэдээлэл

 

(г)холбогдох аливаа бусад мэдээлэл ба

 

(д)нэмэлт мэдээлэл авахад холбоо барих байгууллага

 

4.Дээрх 1 дэх заалтад дурдсаны дагуу өөрийн харъяа нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмын чөлөөлөлт явагдсан Талууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд өртсөн болон өртөх боломжтой Улс орнуудтай зохих хариу арга хэмжээг тодорхойлох болон шаардлагатай болон онцгой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлүүлэх үүднээс яаралтай зөвлөлдөнө.

 

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

БОЛОВСРУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БООЖ

БАГЛАХ БА ТАНЬЖ ТОГТООХ

 

1.Энэхүү Протоколын үйлчлэх хүрээнд зориудаар олон улсын хилээр дамжуулан шилжүүлэх хөдөлгөөний объект болсон хувиргасан амьд организмын биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд хувиргасан амьд организмуудыг олон улсын холбогдох дүрэм журам, стандартын дагуу аюулгүй нөхцөл байдлыг хангасны үндсэн дээр боловсруулах, тээвэрлэх болон боож баглах шаардлагатай арга хэмжээг авна.

 

2.Талууд бичиг баримтанд дараахь мэдээлэл дагалдахыг шаардана. Үүнд:

 

(а)хүнс, малын тэжээлийн болон боловсруулах зориулалтаар шууд хэрэглэх хувиргасан амьд организмын тухайд хүрээлэн буй орчинд зориудаар нутагшуулах зориулалтгүй бөгөөд хувиргасан амьд организмыг “агуулж магадгүй” гэдгийг тодорхойлж, нэмэлт мэдээлэл авах тохиолдолд холбоо барих байгууллагыг зааж өгнө. Энэ зорилгоор энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь Протоколыг хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилээс илүүгүй хугацаанд тодорхой шаардлагуудын талаар түүний дотор тэднийг таньж тогтоох шинж тэмдэг болон ялган тодруулах аливаа нэг онцлог шинж тэмдгийн талаар шийдвэр гаргана.

 

(б)битүү системд ашиглахаар зориулагдсан хувиргасан амьд организмын тухайд тэдгээрийг хувиргасан амьд организм гэж тодорхой заасан байх, мөн аюулгүй боловсруулах, хадгалах, тээвэрлэх, ашиглах аливаа шаардлагыг тодорхойлох, нэмэлт мэдээлэлийн талаар холбоо барих болон хувиргасан амьд организмыг илгээж буй хувь хүн болон байгууллагын нэр хаяг зэрэг мэдээллийг тусгасан байна.

 

(в)импортлогч Талын хүрээлэн буй орчинд зориудаар нутагшуулах зориулалттай хувиргасан амьд организмууд болон энэхүү Протоколын хүрээнд хамрагдах аливаа бусад хувиргасан амьд организмуудын тухайд хувиргасан амьд организм гэдгийг тодорхой заасан, тэдний онцлог шинж, таних тэмдгийг тодорхойлсон, аюулгүй боловсруулах, хадгалах, тээвэрлэх, ашиглах аливаа шаардлагыг тусгасан, цаашид мэдээлэл дамжуулахад холбоо барих байгууллага, импортлогч, экспортлогчийн нэр, хаягийг тодруулсан, экспортлогчийн хувьд шилжүүлэх хөдөлгөөнийг энэхүү Протоколын шаардлагын дагуу явуулж байгааг баталсан тухай мэдүүлгийг тус тус агуулсан байна.

 

3.Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь хувиргасан амьд организмыг таньж тогтоох, боловсруулах, боож баглах, тээвэрлэх аргуудын стандартыг боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар бусад холбогдох олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж хэлэлцэнэ.

 

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ҮНДЭСНИЙ ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУД

БА ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАР

 

1.Талууд өөрийн нэрийн өмнөөс Нарийн бичгийн дарга нарын газартай харьцаж байх үндэсний зохицуулагчийг томилно. Мөн Талууд нь энэхүү Протоколын шаардлагын дагуу захиргааны үүргийг гүйцэтгэх энэ үүргийнхээ хувьд тухайн Талыг төлөөлөх бүрэн эрх бүхий нэг буюу хэд хэдэн үндэсний эрх мэдэл бүхий байгууллагыг томилно. Тал нь Үндэсний зохицуулагч болон Үндэсний эрх мэдэл бүхий байгууллагын үүргийг хавсран гүйцэтгэх нэг байгууллагыг томилж болно.

 

2.Талууд энэхүү Протокол тэдний хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хоцролгүй өөрийн Үндэсний зохицуулагч ба Үндэсний эрх мэдэл бүхий байгууллага болон байгууллагуудын нэр хаягийг Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Хэрэв Тал нь нэгээс илүү Үндэсний эрх мэдэл бүхий байгууллага томилох тохиолдолд эдгээр байгууллагуудын тус тусын үүрэг, хариуцлагын талаарх холбогдох мэдээллийг мэдэгдлийн хамт хүргэнэ. Ийм мэдээлэл нь боломжтой бол эрх мэдэл бүхий байгууллага бүрийн хариуцах хувиргасан амьд организмын төрлийн талаарх мэдээллийг наад зах нь агуулсан байх ёстой. Талууд Үндэсний зохицуулагчийг томилох болон Үндэсний эрх мэдэл бүхий байгууллага ба байгууллагуудын нэр хаяг, үүрэгт өөрчлөлт гарсан даруйд нь Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэж байна.

 

3.Нарийн бичгийн дарга нарын газар нь дээрх 2 дахь заалтын дагуу мэдэгдэл хүлээн авсан даруй Талуудад мэдэгдэж, мэдээллийг Биоаюулгүйн зуучлагчид хүргэнэ.

 

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

 

МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БА БИОАЮУЛГҮЙН ЗУУЧЛАГЧ

 

1.Конвенцийн 18 дугаар зүйлийн 3 дахь заалтад дурдсан зуучлах механизмын нэг хэсэг болсон Биоаюулгүйн зуучлагч нь дараахь зорилгоор байгуулагдав. Үүнд:

 

а)хувиргасан амьд организмын хувьд шинжлэх ухааны, техникийн, хүрээлэн буй орчныг хамгаалах болон хууль зүйн мэдээлэл болон туршлага солилцох үйл ажиллагааг хялбар дөхөмтэй болгох; мөн

 

б)Протоколыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнууд түүний дотор ялангуяа буурай хөгжилтэй болон арлын жижиг орнууд, шилжилтийн эдийн засагтай орнууд мөн генетикийн олон янз байдлын ба гарал үүслийн төв улсуудын онцгой хэрэгцээг анхааралдаа авч Талуудад тусална.

 

2.Биоаюулгүйн зуучлагч нь дээрх 1 дэх заатад заасан зорилгоор мэдээлэл дамжуулах сувгийн үүрэг гүйцэтгэнэ. Протоколын хэрэгжилттэй холбогдолтой Талуудын өгч буй мэдээлэлд хүрэх боломжоор хангана. Мөн боломжтой нөхцөлд бусад олон улсын биологийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг солилцох механизмд хүрэх боломжоор хангана.

 

3.Талууд нь мэдээллийн нууцлалыг хадгалах явдлыг үл хөндөн энэхүү Протоколын дагуу Биоаюулгүйн зуучлагчид шаардлагатай аливаа мэдээллийг уг зуучлагчид өгнө. Түүнчлэн:

 

а)Протоколыг хэрэгжүүлэхэд мөрдөгдөж байгаа аливаа хууль, дүрэм журам, заавар болон урьдаас мэдээлж зөвшилцөх журмын дагуу Талуудаас шаардах мэдээлэл

 

б)Хоёр талын, бүс нутгийн болон олон талын аливаа хэлэлцээр,

хэлцлүүд

 

в)Протоколын 15 дугаар зүйл ба зохицуулах үйл явцын хүрээнд хийгдсэн хувиргасан амьд организмын эрсдлийн үнэлгээ, хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт, шаардлагатай нөхцөлд орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан генетик материалын шинэ хослолыг агуулсан хувиргасан амьд организмаас үүсгэн боловсруулсан бүтээгдэхүүний тухай зохих мэдээлэл;

 

г)хувиргасан амьд организмыг чөлөөлөх болон импортлох талаар гаргасан эцсийн шийдвэрүүд;

 

д)33 дугаар зүйлийн дагуу гаргах болон урьдчилан мэдээлж зөвшилцөх журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон тайлан;

 

4.Биоаюулгүйн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах арга барил, ажлын тайланг Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж батлан, цаашдаа дахин хянаж байна.

 

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

 

1.Импортлогч Тал нь энэхүү Протоколын журмын дагуу тогтсон буюу Протоколын урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын хүрээнд импортлогч Талаас шаардах мэдээллүүд дотроос ямар мэдээллийг нууц гэж тогтоохыг мэдэгдэл өгөгчид зөвшөөрнө. Ийм тохиолдолд хүсэлтийн дагуу үндэслэлээ тайлбарлана.

 

2.Хэрэв импортлогч Тал мэдэгдэл өгөгчийн нууц гэж тогтоосон мэдээллийг нууцлах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд мэдэгдэл өгөгчтэй зөвлөлдөж, нийтэд мэдэгдэхээс өмнө өөрийн шийдвэрийн тухай мэдэгдэл өгөгчид мэдээлэн, хүсэлтийн дагуу шалтгааныг тайлбарлан шийдвэрээ нийтэд мэдэгдэхээс өмнө дотооддоо дахин хянан үзэх боломжтой байгаагаа мэдэгдэнэ.

 

3.Талууд энэхүү Протоколын хүрээнд хүлээн авсан мэдээллийн нууцлалыг, түүний дотор Протоколын урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын хүрээнд бий болсон аливаа мэдээллийн нууцыг хадгална. Талууд эдгээр мэдээллийн нууцлалыг хадгалах журмыг бий болгож, мэдээллийн нууцыг тухайн Талын дотоодын хувиргасан амьд организмын үйлдвэрлэлтэй холбоотой нууц мэдээллийг хадгалдаг хэмжээнээс дутуугүйгээр хадгална.

 

4.Импортлогч Тал нь мэдэгдэл өгөгчийн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахгүй.

 

5.Хэрэв мэдэгдэл өгөгч нь мэдэгдлээ буцааж авах буюу буцаасан тохиолдолд Импортлогч Тал нь үйлдвэрлэлийн болон арилжааны холбогдолтой мэдээлэл, түүний дотор судалгаа ба боловсруулалтын тухай мэдээлэл, түүнчлэн импортлогч Тал ба мэдэгдэл өгөгчийн хооронд нууцлалын талаар санал зөрөлдөөнтэй байгаа мэдээллийн нууцлалыг хадгална.

 

6.Дээрх 5 дугаар зүйлд харшлахгүйгээр дараахь мэдээллүүдийг нууц гэж тооцохгүй:

 

(а)мэдэгдэл өгөгчийн нэр, хаяг;

 

(б)хувиргасан амьд организмын ба организмуудын ерөнхий тодорхойлолт;

 

(в)биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний эрсдлийн үнэлгээний дүгнэлт ба

 

(г)Яаралтай нөхцөлд авах аливаа арга хэмжээ, төлөвлөгөө

 

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ

 

1.Талууд нь энэхүү Протоколыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс биоаюулгүй байдлыг хангах шатанд хэрэгцээтэй биотехнологийг оролцуулан биоаюулгүй байдлыг хангах хүний нөөцийн болон зохион байгуулалтын чадавхийг хөгжүүлэх ба/буюу бэхжүүлэх чиглэлээр хөгжиж буй орнууд, түүний дотор ялангуяа буурай хөгжилтэй болон арлын жижиг улсууд, шилжилтийн эдийн засагтай улс орнуудад одоо байгаа олон талын, бүсийн, дэд бүс нутгийн ба үндэсний байгууллагууд, шаардлагатай үед хувийн секторын оролцоотойгоор хамтран ажиллана.

 

2.Хамтын ажиллагаатай холбоотой дээрх 1 дэх заалтад заасныг хэрэгжүүлэх зорилгоор биоаюулгүй байдлыг хангах чадавхийг сайжруулахдаа Конвенцийн холбогдох заалттай нийцүүлэн хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй болон арлын жижиг улсуудын ноу хау ба технологийг хүлээн авах, дамжуулах, санхүүгийн нөөцийн хэрэгцээ байгааг бүрэн хэмжээгээр анхааралдаа авна. Чадавхийг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагаа нь Тал бүрийн харилцан адилгүй нөхцөл байдал, бололцоо, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр биотехнологийн аюулгүй, тохирсон менежментийн чиглэлийн шинжлэх ухаан, техникийн сургалт болон биоаюулгүй байдлыг хангах үүднээс эрсдлийг зохицуулах, эрсдлийн үнэлгээг ашиглах, биоаюулгүй байдлыг хангахад технологийн болон зохион байгуулалтын чадавхийг сайжруулахад чиглэгдэнэ. Биоаюулгүй байдлыг хангах чадавхийг сайжруулахад шилжилтийн эдийн засагтай орнуудын шаардлагыг мөн бүрэн анхаарч үзнэ.

 

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ БА ОРОЛЦОО

 

1.Талууд нь:

 

а)биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хувиргасан амьд организмыг хэрэглэх, боловсруулах ба дамжуулах аюулгүй байдлыг хангах талаар олон нийтийг мэдээллээр хангах, боловсрол олгох үйл ажиллагаа явуулж олон нийтийн оролцоог дэмжинэ. Ингэхдээ Талууд нь бусад улс орон болон олон улсын байгууллагатай аль болох хамтран ажиллана.

 

б)олон нийтэд мэдээлэх ба боловсрол олгох ажил явуулахдаа энэхүү Протоколын дагуу импортолж болох таньж тогтоосон хувиргасан амьд организмын талаарх мэдээллийг хүртээмжтэй болгохыг эрмэлзэнэ.

 

2.Талууд нь өөрийн холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувиргасан амьд организмын талаар шийдвэр гаргах үйл явцдаа олон нийттэй зөвлөлдөж гаргасан шийдвэрийнхээ үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлнэ. Ингэхдээ 21 дүгээр зүйлд заасан мэдээллийн нууцлалыг хадгална.

 

3.Талууд нь Биоаюулгүйн зуучлагчид хандаж мэдээлэл авах бололцоотойг олон нийтэд мэдээлэхийг эрмэлзэнэ.

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ПРОТОКОЛД НЭГДЭЖ ОРООГҮЙ

УЛС ОРНУУД

 

1.Протоколын Талууд ба нэгдэж ороогүй Талуудын хооронд хувиргасан амьд организмыг хил дамжуулан шилжүүлэх нь энэхүү Протоколын зорилготой нийцэж байх ёстой. Талууд нь хил дамжуулан шилжүүлэх талаар Протоколд нэгдэж ороогүй Талуудтай хоёр талын, бүсийн, олон талын хэлэлцээр, хэлцлүүдийг байгуулж болно.

 

2.Талууд нь энэхүү Протоколд нэгдэж ороогүй Талуудад Протоколд нэгдэн орохыг, мөн Биоаюулгүйн зуучлагчид тухайн Талын хууль, эрх мэдлийн хүрээний нутаг дэвсгэрт оруулж ирсэн буюу гарсан, чөлөөлсөн хувиргасан амьд организмын талаарх зохих мэдээллийг өгөхийг дэмжинэ.

 

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

ХУУЛЬ БУСААР ОЛОН УЛСЫН ХИЛ

 ДАМЖУУЛАН ШИЛЖҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨН

 

1.Талууд энэхүү Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хувиргасан амьд организмыг хил дамжуулан шилжүүлэх дотоодын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд хориглох, шаардлагатай үед шийтгэл ногдуулах зохих дотоодын арга хэмжээг баталж хэрэгжүүлнэ. Хил дамжуулан шилжүүлэх ийм хөдөлгөөнийг хууль бус гэж үзнэ.

 

2.Хууль бусаар хил дамжуулан шилжүүлэх хөдөлгөөн явагдсан нөхцөлд хохирсон Тал нь анх үүссэн Талаас тухайн хувиргасан амьд организмыг өөрийн зардлаар эх оронд нь буцаах буюу устгах замаар зайлуулахыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шаардаж болно.

 

3.Талууд өөрт холбогдох хувиргасан амьд организмын хууль бус хил дамжуулан шилжүүлэх хөдөлгөөн гарсан тохиолдолд Биоаюулгүйн зуучлагчид мэдээлнэ.

 

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

 

1.Талууд нь өөрийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэгтэй нийцүүлэн энэхүү Протоколын болон Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дотоодын арга хэмжээний хүрээнд импортын талаар шийдвэр гаргахдаа биологийн төрөл зүйлийг, ялангуяа нутгийн уугуул иргэд, орон нутгийн ард түмэнд ач холбогдол бүхий биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад хувиргасан амьд организмын үзүүлэх нөлөөнөөс үүдэн гарах нийгэм, эдийг засгийн асуудлыг анхааралдаа авна.

 

2.Талууд нь нутгийн уугуул иргэд, орон нутгийн ард түмэнд хувиргасан амьд организмаас үүдэн гарах нийгэм эдийн засгийн аливаа үр дагавруудын тухай мэдээлэл солилцож, шинжилгээ судалгааны ажил явуулахад хамтран ажиллана.

 

ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

ХАРИУЦЛАГА БА ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ

 

Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь анхны хуралдаанаараа хувиргасан амьд организмыг хил дамжуулан шилжүүлэх хөдөлгөөний үр дүнд гарсан хохирлыг арилгах, хариуцлага тооцох талаар мөрдөх олон улсын зохих дүрэм, журам боловсруулах үйл явцыг дэмжиж, энэ асуудлаар олон улсын эрх зүйд хэрэгжиж байгаа үйл явцыг судлаж, харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг дөрвөн жилийн дотор дуусгахад хүч чармайлт тавина.

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

САНХҮҮЖИЛТИЙН МЕХАНИЗМ БА

 САНХҮҮГИЙН НӨӨЦ

 

1.Талууд нь энэхүү Протоколыг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн нөөцийн асуудлыг авч үзэхдээ Конвенцийн 20 дугаар зүйлийн заалтыг харгалзан үзнэ.

 

2.Конвенцийн 21 дүгээр зүйлийн дагуу байгуулагдсан санхүүгийн механизм нь зохион байгуулалтын бүтцийн дагуу энэхүү Протоколын санхүүгийн механизмыг хариуцан удирдана.

 

3.Энэхүү Протоколын 22 дугаар зүйлд чадавхийг сайжруулах талаар Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь дээрх 2 дахь заалтад дурдсан санхүүжилтийн механизмын дагуу удирдамжаар хангах болон Талуудын Бага Хурлаар хэлэлцэхдээ хөгжиж буй улс орон болох Талууд, ялангуяа буурай хөгжилтэй орнууд, арлын жижиг орнуудад санхүүгийн нөөц хэрэгцээтэй байгааг анхааралдаа авна.

 

4.Дээрх 1 дэх заалтын агуулгын хүрээнд Талууд нь хөгжиж буй улс орон болох Талууд ялангуяа буурай хөгжилтэй орнууд, арлын жижиг болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд энэхүү Протоколын зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн чадавхиа сайжруулах шаардлага, хэрэгцээгээ тодорхойлж буй хүчин чармайлтыг мөн анхааралдаа авна.

 

5.Талуудын Бага Хурлаас гарсан холбогдох шийдвэрүүдэд заасан Конвенцийн санхүүгийн механизмд үйлчлэх удирдамж зааврууд болон энэхүү Протоколыг батлахаас өмнө гарсан шийдвэрүүд нь энэхүү зүйлд mutatis mutandis /шаардлагатай нэмэлтүүдийг оруулах/ зарчмаар үйлчилнэ.

 

6.Энэхүү Протоколын заалтуудыг хэрэгжүүлэхэд хөгжингүй орнууд болох Талууд нь хоёр талын, бүсийн, олон талын хамтын ажиллагааны сувгаар дамжуулан хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудыг санхүүгийн болон технологийн нөөцөөр хангаж, ашиглуулна.

 

ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ПРОТОКОЛЫН ТАЛУУДЫН ХУРАЛДААНЫГ ТӨЛӨӨЛӨГЧ

ТАЛУУДЫН БАГА ХУРАЛ

 

1.Талуудын Бага Хурал нь энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлнө.

 

2.Конвенцид нэгдэн орсон боловч энэхүү Протоколд нэгдэн ороогүй улс орнууд нь Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын аливаа хуралд ажиглагчаар оролцож болно. Протоколын Талуудын хуралдааныг Талуудын Бага хурал төлөөлж байгаа үед Протоколын хүрээнд гарах шийдвэрийг зөвхөн Протоколд нэгдэн орсон Талууд гаргана.

 

3.Протоколын Талуудын хуралдааныг Талуудын Бага Хурал төлөөлж байгаа үед Конвенцид нэгдэн орсон Талыг төлөөлөгч Конвенцийн Талуудын Бага хурлын товчооны аливаа гишүүнийг хэрэв тухайн үед уг Тал нь Протоколд нэгдэн ороогүй байгаа бол Протоколын Талуудаас сонгогдсон төлөөлөгч гишүүнээр орлоно.

 

4.Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурал нь энэхүү Протоколын заалтуудыг хэрэгжүүлэхэд байнгын хяналт тавих бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжилтийн үр дүнг сайжруулахад чиглэсэн шийдвэрийг гаргана. Талуудын Бага хурал нь Протоколоор хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

 

(а)Протоколын хэрэгжилттэй холбоотой аливаа асуудлаар шаардлагатай зөвлөмж гаргана.

 

(б)Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг байгуулах

 

(в)Шаардлагатай үед эрх бүхий олон улсын, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, дэмжлэг авах, авахыг эрэлхийлэх

 

(г)Энэхүү Протоколын 33 дугаар зүйлийн дагуу мэдээлэл дамжуулах арга зам, хугацааг тогтоох, эдгээр мэдээлэл болон аливаа туслах байгууллагуудаас ирүүлсэн тайланг хэлэлцэх

 

(д)Энэхүү Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл энэхүү Протоколд болон түүний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр нэмэлт хавсралт нэмж оруулах асуудлыг хэлэлцэж батална.

 

(е)Энэхүү Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад үүргүүдийг гүйцэтгэнэ.

 

5.Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурал нь зөвшилцөх замаар өөр шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд энэхүү Протоколын хүрээнд Талуудын Бага Хурлын mutatis mutandis/шаардлагатай нэмэлтүүдийг оруулах/ үйл ажиллагааны журам болон Конвенцийн санхүүгийн журам тус тус үйлчилнэ.

 

6.Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурлын анхдугаар хуралдааныг энэхүү Протоколыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш төлөвлөсөн Талуудын Бага хурлын эхний хуралдааны үеэр Нарийн бичгийн дарга нарын газраас зарлан хуралдуулна. Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын дараа дараагийн ээлжит хуралдаанууд нь Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал өөрөөр шийдээгүй бол Талуудын Бага Хурлын ээлжит хуралдаануудын үеэр явагдана.

 

7.Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын ээлжит бус хуралдааныг энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь шаардлагатай гэж үзвэл эсвэл аль нэг Талын бичгээр ирүүлсэн саналыг Нарийн бичгийн дарга нарын газраас Талуудад илгээснээс хойш 6 сарын хугацаанд Талуудын гуравны нэгээс багагүй нь дэмжсэн тохиолдолд зарлан хуралдуулна.

 

8.НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын цөмийн энергийн агентлаг мөн дээрх байгууллагуудын гишүүн ба ажиглагч Конвенцийн гишүүн бус орнууд нь энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын хуралдаанд ажиглагчаар оролцож болно. Энэхүү Протоколын хүрээнд хамаарах асуудлаар үйл ажиллагаа явуулдаг Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт тавьсан үндэсний ба олон улсын, засгийн газрын ба төрийн бус аливаа байгууллага, агентлагийг хуралдаанд оролцож байгаа Талуудын гуравны нэгээс багагүй нь дэмжсэн тохиолдолд оролцуулж болно. Энэхүү зүйлд зааснаас бусад тохиолдолд ажиглагчийн оролцох дүрэм, журам нь дээрх 5 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана.

 

ГУЧДУГААР ЗҮЙЛ

 

ТУСЛАХ БАЙГУУЛЛАГУУД

 

1. Конвенцийн болон түүний хүрээнд байгуулагдсан аливаа туслах байгууллагууд нь Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлын шийдвэрээр Протоколд туслаж болох ба ийм тохиолдолд Талуудын хуралдаан нь тухайн байгууллагын хэрэгжүүлэх үүргийг тодорхойлно.

 

2.Протоколд нэгдэж ороогүй Конвенцийн Талууд нь ийм байгууллагуудын аливаа хуралдааны үйл ажиллагаанд ажиглагчаар оролцож болно. Конвенцийн туслах байгууллага нь энэхүү Протоколын туслах байгууллагыг төлөөлж байгаа тохиолдолд Протоколын хүрээнд гарах шийдвэрийг зөвхөн Протоколын Талууд гаргана.

 

3.Конвенцийн туслах байгууллага нь энэхүү Протоколтой холбоотой асуудлаар өөрийн үүргээ биелүүлж байгаа тохиолдолд Конвенцид нэгдэн орсон Талыг төлөөлж байгаа туслах байгууллагын товчооны аливаа гишүүнийг хэрэв тухайн үед уг Тал нь Протоколд нэгдэн ороогүй байгаа бол Протоколын Талуудаас сонгогдсон төлөөлөгч гишүүнээр орлоно.

 

ГУЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

 

1.Конвенцийн 24 дүгээр зүйлийн дагуу байгуулагдсан Нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү Протоколын нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

 

2.Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийн тухай Конвенцийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт энэ Протоколд mutatis mutandus /шаардлагатай нэмэлтүүдийг оруулах/ байдлаар хэрэглэгдэнэ.

 

3.Нарийн бичгийн дарга нарын газрын энэхүү Протоколд зориулан хийж буй үйлчилгээний зардал бусад зардлаас хэр ялгаатай байгаа тэр хэмжээгээр нь энэхүү Протоколын Талууд гаргана. Энэ Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч, Талуудын Бага хурал анхны хуралдаанаараа энэ зорилгод шаардагдах зохих санхүүгийн арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

 

ГУЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

КОНВЕНЦИТЭЙ ХОЛБОГДОХ НЬ

 

Энэхүү Протоколд өөрөөр заагаагүй бол Конвенцийн протоколуудтай холбогдолтой заалтууд нь энэ Протоколд үйлчилнэ.

 

ГУЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ БА ТАЙЛАГНАЛТ

 

Талууд энэхүү Протоколын хүрээнд өөрийн хүлээсэн үүргүүдийн биелэлтийн талаар хяналт шинжилгээ хийх бөгөөд Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурлаас тогтоосон хугацаанд Протоколын Талуудын хуралдааны төлөөлөгч Талуудын Бага хуралд Протоколыг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээнүүдийнхээ тухай тайлагнаж байна.

ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ДАГАН МӨРДӨХ НЬ

 

Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага хурал нь анхны хуралдаанаараа Протоколын заалтуудыг дагаж мөрдөхийг дэмжих хамтын ажиллагааны журам болон зохион байгуулалтын тогтолцоонуудыг хэлэлцэж батлах бөгөөд дагаж мөрдөхгүй тохиолдлуудыг анхааралдаа авна. Эдгээр журам болон тогтолцоонууд нь хэрэгцээтэй тохиолдолд заавар зөвлөлгөө өгөх буюу туслалцаа үзүүлэх тухай заалтуудыг тусгах бөгөөд тэдгээр нь Конвенцийн 27 дугаар зүйлээр бий болгосон маргаан шийдвэрлэх журам, механизмуудаас тусдаа, тэдгээрт харшлагдахгүйгээр хэрэглэгдэнэ.

 

ГУЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

ҮНЭЛГЭЭ БА ДАХИН ХЯНАХ

 

Энэхүү Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурал нь Протоколыг хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа, түүнээс хойш доод тал нь таван жил тутам Протоколын үр дүнгийн үнэлгээг мөн түүнчлэн түүний журам, хавсралтуудын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийж байна.

 

ГУЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ

 

Энэхүү Протокол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Найроби дахь төлөөлөгчийн газарт 2000 оны 5 дугаар сарын 15-наас 26-ны өдрийг дуустал, Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 2000 оны 6 дугаар сарын 5-наас 2001 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал тус тус Улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

ГУЧИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

 

1.Энэхүү Протокол нь Конвенцид нэгдэн орсон Талууд болох улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон баталсан, баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай тавь дахь батламж бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

2.Энэхүү Протоколыг дээрх 1 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр болсны дараа соёрхон баталсан, баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу түүнд нэгдэн орсон улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд соёрхон баталсан, баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай батламж бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш ер дэх өдөр эсвэл эдгээр улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд Конвенц хүчин төгөлдөр болсон өдөр буюу хожуу болохоос хамаарч Протокол хүчин төгөлдөр болно.

 

3.Дээрх 1 ба 2 дахь заалтын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хадгалуулахаар өгсөн аливаа батламж бичгийг уг байгууллагын гишүүн улсуудын хадгалуулахаар өгсөн баримт бичгийн нэмэлт гэж үзэхгүй.

 

ГУЧИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

ТАЙЛБАР

 

Энэхүү Протоколд ямарваа нэг тайлбар хийж үл болно.

 

ГУЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

ПРОТОКОЛООС ГАРАХ

 

1.Аль нэг Талын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дараа ямар ч үед тухайн Тал нь Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгснөөр Протоколоос гарч болно.

 

2.Протоколоос гарах нь Эх хадгалагч мэдэгдэл авсан өдрөөс хойш 1 жилийн дараа буюу гарах тухай мэдэгдэлд заасан хугацаа өнгөрмөгц гарах явдал хүчинтэй болно.

 

ДӨЧДҮГЭЭР ЗҮЙЛ

 

АДИЛ ХҮЧИНТЭЙ ЭХ БИЧВЭРҮҮД

 

Энэхүү Протоколын англи, араб, орос, испани, хятад, франц хэлээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.

 

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Протоколд гарын үсэг зурав.

 

Монреал хотноо 2000 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэв.

 

I Хавсралт

 

8,10,13 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙН ДАГУУ

МЭДЭГДЭЛ ӨГӨХ ХҮРЭЭНД

ШААРДАГДАХ МЭДЭЭЛЭЛ

 

а)Экспортлогчийн нэр, хаяг болон холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл

 

б)Импортлогчийн нэр, хаяг болон холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл

 

в)Хувиргасан амьд организмын нэр, гэрчилгээ, хэрэв байгаа бол экспортлогч Талын биоаюулгүйн түвшний үндэсний ангилал

 

г)Хэрэв мэдэгдэж байгаа бол олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхээр товлосон он сар өдөр эсвэл шилжүүлэх он, сар, өдрүүд

 

д)Биоаюулгүй байдлын холбогдолтой хүлээн авагч-организм буюу эх эцэг организмуудын ангилал зүйн статус, түгээмэл нэр, цуглуулах буюу авах газрын тодорхойлолт

 

е)Хэрэв мэдэгдэж байгаа бол, хүлээн авагч-организм ба/буюу эх эцэг организмуудын гарал үүслийн ба генетикийн олон янз байдлын төв, мөн түүнчлэн амьдрах ба эсвэл түргэн үржиж чадахуйц нөхцөл бүхий амьдрах орчны танилцуулга

 

ё)Биоаюулгүй байдалтай холбогдолтой донор-организм буюу донор-организмуудын ангилал зүйн статус, ерөнхий нэр, цуглуулах буюу олж авах газар

 

ж)Нуклейн хүчлийн буюу түүнд оруулсан өөрчлөлтийн талаарх танилцуулга, хэрэглэсэн арга болон мөн түүнчлэн хувиргасан амьд организмын онцлог шинжийн талаарх танилцуулга

 

з)Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан илрүүлж болохуйц, нөхөн

төлжих генетик материалын шинэ хослолыг агуулсан хувиргасан амьд организмыг буюу түүнийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг, өөрөөр хэлбэл,

хувиргасан амьд организмаас гаралтай бөгөөд боловсрогдсон материалын урьдчилсан ашиглалт

 

и)Дамжуулан шилжүүлэх зориулалттай хувиргасан амьд организмын тоо, хэмжээ

 

й)III Хавсралтын дагуу хийгдсэн эрсдлийн үнэлгээний тухай өмнөх ба одоо байгаа тайлан

 

к)Аюулгүй боловсруулах, хадгалах, тээвэрлэх, ашиглахад хэрэглэх аргууд, зохих тохиолдолд баглаж боох, тэмдэглэх, бичиг баримт бүрдүүлэх, зайлуулахтай холбоотой дүрэм журмууд

 

л)Экспортлогч орны нутаг дэвсгэрийн хүрээнд хувиргасан амьд организмын талаар мөрдөж буй дотоодын зохицуулах статус (жишээлбэл, экспортлогч оронд хориотой эсэх; бусад хязгаарлалт байгаа эсэх; түүнийг чөлөөлөх зөвшөөрөл олгогдсон эсэх) болон экспортлогч оронд хувиргасан амьд организмыг хориглосон тохиолдолд хорьсон шалтгаан буюу шалтгаанууд

 

м)Дамжуулахаар зэхэж буй хувиргасан амьд организмын талаар экспортлогчоос бусад орнуудад илгээсэн аливаа мэдэгдлийн үр дүн, зорилго

 

н)Гаргасан мэдэгдэл бодит байдалтай нийцэж байгаа тухай мэдүүлэг

 

II Хавсралт

 

11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ДАГУУ ХҮНС, ТЭЖЭЭЛИЙН БОЛОН БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГООР

ШУУД ХЭРЭГЛЭХ ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТАЛААР ШААРДАГДАХ МЭДЭЭЛЭЛ

 

а)Дотоодын зориулалтаар ашиглахаар мэдэгдэл өгсөн хүсэлт гаргагчийн нэр

болон холбоо тогтоох мэдээлэл

 

б)Гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх эрх бүхий байгууллагын нэр, холбоо

тогтоох мэдээлэл

 

в)Хувиргасан амьд организмын нэр, гэрчилгээ

 

г)Генийн өөрчлөлт, хэрэглэсэн арга техник, түүний үр дүнд үүссэн хувиргасан амьд организмын шинж чанарын онцлог байдлын тайлбар

 

д)Хувиргасан амьд организмын бусдаас ялгарах онцгой шинж чанарын

талаарх баримт

 

е)Биоаюулгүй байдалтай холбогдолтой хүлээн авагч-организм буюу эх эцэг организмуудын ангилал зүйн статус, түгээмэл нэр, цуглуулах болон олж авах газар

 

ё)Хэрэв мэдэгдэж байгаа бол хүлээн авагч-организм ба/буюу эх эцэг организмуудын гарал үүслийн ба генетикийн олон янз байдлын төв, мөн түүнчлэн амьдрах ба эсвэл түргэн үржиж чадахуйц нөхцөл бүхий амьдрах орчны танилцуулга

 

ж)Биологийн аюулгүйн холбогдолтой донор-организм буюу донор-организмуудын ангилал зүйн статус, түгээмэл нэр, цуглуулах болон олж авах газар

 

з)Хувиргасан амьд организмыг ашиглах батлагдсан зориулалтууд

 

и) III Хавсралтын дагуу хийгдсэн эрсдлийн үнэлгээний тайлан

 

й)Аюулгүй боловсруулах, хадгалах, тээвэрлэх, ашиглах аргууд, баглаж боох, тэмдэглэх, бичиг баримт бүрдүүлэх, зайлуулахтай холбоотой дүрэм журмууд

 

III Хавсралт

 

ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ

 

Зорилго

 

1.Энэхүү Протоколын дагуу хийх эрсдлийн үнэлгээний зорилго нь хувиргасан амьд организмаас хүлээн авч болохуйц орчинд байгаа биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах ба тогтвортой ашиглахад, ялангуяа хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг илрүүлж, үнэлэхэд оршино.

 

Эрсдлийн үнэлгээг ашиглах

 

2.Эрх бүхий байгууллагууд хувиргасан амьд организмын талаар ул суурьтай шийдвэр гаргахдаа эрсдлийн үнэлгээний үр дүнг ашиглана.

 

Үндсэн зарчмууд

 

3.Эрсдлийн үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод хэлбэрээр хийх бөгөөд шинжээчийн зөвлөмж, олон улсын байгууллагуудын боловсруулсан зохих удирдамж зааврыг харгалзан үзнэ.

 

4.Шинжлэх ухааны үндэслэл эсвэл шинжлэх ухааны нэгдсэн санал байхгүй нь эрсдлийн түвшинг тодорхой хэмжээнд авч үзэх, аюул эрсдэл байхгүй буюу байгаа хэмээн үзэх тайлбар болохгүй.

 

5.Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан илрүүлж болохуйц, нөхөн төлжих генетик материалын шинэ хослолыг агуулсан хувиргасан амьд организм, түүнийг агуулсан бүтээгдэхүүнүүд болон өөрөөр хэлбэл, хувиргасан амьд организмаас гарал үүслээс гаргаж авсан боловсруулагдсан материалуудтай холбоотой эрсдлүүдийг хүлээн авч болохуйц орчинд эх төрхөөрөө байгаа хүлээн авагч эсвэл эх эцэг организмуудтай холбогдолтой эрсдлүүдтэй уялдаатай тооцож үзнэ.

 

6.Эрсдлийн үнэлгээг тохиолдол тус бүрээр хийнэ. Хувиргасан амьд организм, тэдгээрийн зориулалт, хүлээн авах орчноос хамааран тохиолдол бүрт шаардагдах мэдээллийн онцлог, нарийвчлалын хэм хэмжээ нь өөр өөр байж болно.

 

Арга зүй

 

7.Эрсдлийн үнэлгээг гүйцэтгэх явцад нэг талаас тодорхой субъектын талаар шаардагдах нэмэлт мэдээллийн хэрэгцээг өсгөх, нөгөө талаас, зарим тохиолдолд бусад субъектын талаарх мэдээлэл төдийлөн ач холбогдолгүй байж болох юм.

 

8.Эрсдлийн үнэлгээг дараахь үе шаттайгаар гүйцэтгэнэ.

 

a)хүлээн авах магадлалтай орчны биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах ба тогтвортой ашиглахад, ялангуяа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хувиргасан амьд организмын генотип болон фенотипийн аливаа шинэ төрхийг илрүүлэх;

 

б)тийм сөрөг үр дагаврын бодитойгоор үүсэх магадлалын цар хэмжээг хувиргасан амьд организмаас хүлээн авах магадлал бүхий орчинд нөлөөлөх магадлалын зэрэглэлийг үнэлэх;

 

в)тийм сөрөг нөлөөлөл бодитой бий болох тохиолдолд учрах үр дагаврыг үнэлэх;

 

г)илэрсэн сөрөг үр дагаврын үүсэх магадлалын үнэлгээнд тулгуурласан хувиргасан амьд организмаас үүдэх нийт эрсдлийн үнэлгээ;

 

д)эрсдлүүд нь хүлээн авахуйц буюу зохицуулагдаж болох эсэх талаар зөвлөмж гаргах, шаардлагатай бол эдгээр эрсдлийг зохицуулах стратегийг тодорхойлох;

 

е)эрсдлийн түвшин тодорхой бус байгаа тохиолдолд сэтгэл түгшээж буй асуудлын талаар нэмэлт мэдээлэл лавлан шаардах замаар эсвэл эрсдлийг зохицуулах зохих стратегийг хэрэгжүүлэх ба/буюу хүлээн авч буй орчинд хувиргасан амьд организмын хяналт шинжилгээ явуулснаар асуудлыг шийдэж болно.

 

Хамаарах асуудлууд

 

9.Тухайн тохиолдлоос хамаарч, эрсдлийн үнэлгээг гүйцэтгэхэд дараахь субъектуудын онцлог шинжийн талаар шинжлэх ухаан, техникийн тодорхой мэдээллийг харгалзан үзнэ.

 

a)хүлээн авагч-организм буюу эх эцэг организм. Ангилал зүйн статус, нийтлэг нэр, гарал үүсэл, генетикийн олон янз байдлын ба гарал үүслийн төвийн тухай мэдээлэл, хэрэв мэдэгдэж байгаа бол түргэн үржиж чадахуйц нөхцөл бүхий амьдрах орчны танилцуулга зэрэг мэдээллийг багтаасан биологийн онцлог шинжүүд;

 

б)донор-организм буюу организмууд.Донор организмын ангилал зүйн статус ба нийтлэг нэр, эх үүсвэр ба биологийн холбогдох онцлог шинжүүд;

 

в)вектор.Векторын онцлог шинжүүд, хэрэв байгаа тохиолдолд таньж тогтоох мэдээлэл, эх үүсвэр буюу гарал үүсэл болон түүний эздийн хүрээ;

 

г)оруулга буюу оруулгууд ба/буюу хувирлын онцлог шинжүүд.

Оруулсан нуклеин хүчлийн ба түүний нөхцөлдүүлэгч шинж төрхийн илрэл буюу бий болгосон хувирлын генетик шинжүүд;

 

д)хувиргасан амьд организм. Хувиргасан амьд организмыг таньж тогтоох бичгүүд ба хувиргасан амьд организмын биологийн онцлог, болон хүлээн авагч-организм буюу эх эцэг организмуудын онцлогууд хоорондын ялгаа;

 

е)хувиргасан амьд организмыг илрүүлэх ба таньж тогтоох. Илрүүлэх ба таньж тогтооход хэрэглэхээр санал болгож буй арга зүй, тэдгээрийн нарийвчлал, мэдрэмж, найдвартай байдал;

 

ё)ирээдүйд ашиглахтай холбоотой мэдээлэл. Хувиргасан амьд

организмыг ирээдүйд ашиглах хэлбэр, түүний дотор хүлээн авагч-

организм буюу эх эцэг организмуудаас ялгаатай ашиглах хэлбэрийн

тухай мэдээлэл;

 

ж)хүлээн авах орчин. Байршил, газар зүй, цаг агаар, экологийн

шинж чанарын мэдээлэл, мөн биологийн төрөл зүйл, хүлээн авч болохуйц орчны гарал үүслийн төвийн тухай холбогдох мэдээлэл.