A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • АЮУЛТАЙ ЗАРИМ ХИМИЙН БОДИС БОЛОН ПЕСТИЦИДИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХАД ХЭРЭГЛЭХ УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШИЛЦӨХ ЖУРМЫН ТУХАЙ РОТТЕРДАМЫН КОНВЕНЦ
Бүлэг: 1979

АЮУЛТАЙ ЗАРИМ ХИМИЙН БОДИС БОЛОН ПЕСТИЦИДИЙГ

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХАД ХЭРЭГЛЭХ

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШИЛЦӨХ ЖУРМЫН ТУХАЙ

РОТТЕРДАМЫН КОНВЕНЦ

Удиртгал

 ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

Олон улсын хэмжээнд худалдаалж байгаа аюултай зарим химийн бодис болон пестицид нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хортой нөлөөтэйг харгалзан,

Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Риогийн Тунхаглалын зохих заалтууд болон “Хортой болоод аюултай бүтээгдэхүүнийг хууль бусаар хил дамжуулан тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг хамруулан химийн хорт бодисыг хүрээлэн буй орчинд халгүйгээр ашиглах” тухай ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 19 дүгээр бүлгийг үндэслэн,

Химийн бодисын олон улсын худалдаанд мэдээлэл солилцох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан Лондонгийн зарчим (цаашид “Нэмэлт өөрчлөлт оруулсан Лондонгийн зарчим” гэнэ) болон Пестицидийг хуваарилах болон ашиглах талаарх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэглээий олон улсын код (цаашид Хэрэглээний олон улсын код гэнэ)-од тусгагдсан сайн дурын үндсэн дээр урьдчилан мэдээлж зөвшилцөх журмыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гүйцэтгэсэн ажлыг анхааралдаа авч,

Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд Талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүгийн болон техникийн тусламж авах, ялангуяа химийн бодисыг зохистой ашиглах үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг нөхцөл байдал, шаардлага байгааг анхааран үзэж,

Зарим орнуудад химийн бодисыг дамжин өнгөрүүлэх талаар мэдээлэл авах тодорхой шаардлага байгааг тэмдэглэж,

Пестицидийг хуваарилах болон ашиглах талаархи Хэрэглээний олон улсын код болон НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн Химийн бодисын олон улсын худалдаа хийх ёс зүйн кодод тусгагдсан сайн дурын стандартуудыг анхааралдаа авч бүх улс оронд химийн бодисыг зүй зохистой ашиглах арга туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэйг хүлээн зөвшөөрч,

Экспортлогч Талын нутаг дэвсгэрээс гарч байгаа аюултай химийн бодисыг Нэмэлт өөрчлөлт оруулсан Лондонгийн зарчим болон Хэрэглээний олон улсын кодод тусгагдсан шаардлагын дагуу хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг найдвартай хамгаалахаар савлаж, зохих ёсоор шошгожуулсан байх нөхцөлийг хангахыг эрмэлзэн,

Тогтвортой хөгжилд хүрэхэд худалдааны болон байгаль орчны бодлогууд нэг нь нөгөөгөө харилцан дэмжиж байх ёстойг хүлээн зөвшөөрч,

Энэ Конвенцийн заалтуудыг ямар ч тохиолдолд түүний Талуудаас химийн бодисын олон улсын худалдаа болон хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг нь өөрчлөх байдлаар тайлбарлахгүйг онцлон тэмдэглэж,

Ийнхүү дурдсан нь энэ Конвенц болон олон улсын бусад гэрээ хэлэлцээрүүдэд дэс дараалал тогтоох зорилго агуулаагүй хэмээн ойлгож,

Хүний эрүүл мэнд түүний дотор хэрэглэгчид, ажилчид болон хүрээлэн буй орчныг олон улсын хэмжээнд худалдаалж байгаа аюултай зарим химийн бодис болон пестицидийн үзүүлж болох хортой нөлөөллөөс хамгаалах шийдвэр төгс байгаагаа илэрхийлж;

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Зорилго

Энэ Конвенцийн зорилго нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг аюултай зарим химийн бодисын хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглахад хувь нэмэр оруулахын тулд уг бодисуудын шинж чанарын талаар харилцан мэдээлэл солилцох, импортлох болон экспортлох асуудлыг үндэсний түвшинд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, гарсан шийдвэрийг Талуудад хүргэх замаар аюултай зарим химийн бодисыг олон улсын хэмжээнд худалдаалахад Талуудын хүлээх хамтын хариуцлага болон хамтран ажиллах хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршино.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Энэ Конвенцийн зорилгод:

(а)“Химийн бодис” гэж өөрийн үндсэн буюу хольц болон бэлтгэц байдлаар байгаа үйлдвэрлэлийн аргаар буюу байгалиас гаргаж авсан химийн бодисыг хэлэх бөгөөд түүнд ямар нэг амьд биет үл хамаарна. Энэхүү химийн бодис нь пестицидийн /онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүнийг оруулан/ болон үйлдвэрлэлийн гэсэн зориулалтын ангилалтай байна.

(б)“Хориглосон химийн бодис” гэж хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд эцэслэн журамласан арга хэмжээгээр нэг буюу хэд хэдэн зориулалтын ангиллын хүрээнд бүх төрлийн ашиглалтыг нь хязгаарласан химийн бодисыг хэлнэ. Түүнд хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчныг хамгаалах бодит шаардлагын үүднээс анх удаагийн хэрэглээг нь зөвшөөрөөгүй түүнчлэн үйлдвэрлэлийн улмаас дотоодын зах зээлээс хасагдсан буюу дотоодод хэрэглэх асуудлыг цаашид авч хэлэлцэхгүй болсон химийн бодисууд хамаарна.

(в)“Онцгой хязгаарласан химийн бодис” гэж хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд эцэслэн журамласан арга хэмжээгээр нэг буюу хэд хэдэн зориулалтын ангиллын хүрээнд бүх төрлийн ашиглалтыг нь хязгаарласан боловч зарим онцгой тохиолдолд ашиглахыг зөвшөөрсөн химийн бодисыг хэлнэ. Түүнд хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчныг хамгаалах бодит шаардлагын үүднээс бараг бүх төрлийн хэрэглээг нь зөвшөөрөөгүй түүнчлэн үйлдвэрлэлийн улмаас дотоодын зах зээлээс хасагдсан буюу дотоодод хэрэглэх асуудлыг цаашид авч хэлэлцэхгүй болсон химийн бодисууд хамаарна.

(г)“Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн” гэж хөдөө аж ахуйн хортон шавьж устгах зориулалтаар үйлдвэрлэсэн бөгөөд ашиглалтын нөхцөлийн дагуу ганц буюу хэд хэдэн удаа хэрэглэсний дараа богино хугацааны дотор хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд онцгой аюул учруулах химийн бодисыг хэлнэ.

(д)“Эцэслэн журамласан арга хэмжээ” гэж ямар нэг химийн бодисыг хориглох буюу онцгой хязгаарлахын тулд тухайн Талаас цаашид дахин журамлах шаардлагагүйгээр авсан арга хэмжээг хэлнэ.

(е)“Экспорт” болон “Импорт” гэж тэдгээрийн тус тусын утгаар нэг Талаас нөгөө Талд химийн бодис шилжүүлэхийг хэлэх бөгөөд харин цэвэр дамжин өнгөрөх үйл ажиллагаа түүнд үл хамаарна.

(ё)“Тал” гэж энэ Конвенциор үүрэг хүлээхээ зөвшөөрсөн бөгөөд тэдний хувьд уг Конвенц хүчин төгөлдөр болсон улс буюу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

(ж)“Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж аль нэг бүс нутгийн бие даасан улсууд хамтран байгуулсан бөгөөд энэ Конвенциор зохицуулагдах асуудлуудыг хариуцах эрх мэдлийг гишүүн улсуудаас нь олгосон, дотоод журмынхаа дагуу энэ Конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, дэмжих буюу нэгдэн орох эрх олгогдсон байгууллагыг хэлнэ.

(з)“Химийн бодисын магадлах хороо” гэж 18 дугаар зүйлийн 6 дахь заалтад тусгагдсан туслах байгууллагыг хэлнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Конвенцийн үйлчлэх хүрээ

1.Энэ Конвенцид дараахь бодисууд хамаарна. Үүнд:

(а)Хориглосон болон онцгой хязгаарласан химийн бодис

(б)Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

2.Энэ Конвенцид дараахь бодисууд үл хамаарна. Үүнд:

(а)Мансууруулах эмийн зүйлс болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд

(б)Радио идэвхт материал

(в)Хог хаягдал

(г)Химийн зэвсэг

(д)Хүн болон малын эмийн зүйлсийг оруулсан эмийн бодисууд

(е)Хоол хүнсэнд нэмж хэрэглэдэг химийн бодисууд

(ё)Хоол хүнс

(ж)Хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд нөлөөлөхөөргүй тоо хэмжээгээр дараахь зорилгоор импортлож буй химийн бодисууд. Үүнд:

(i) Судалгаа шинжилгээний зориулалтаар буюу

(ii)Хувь хүн өөрийн ахуйн хэрэгцээнд шаардагдах тоо хэмжээгээр импортлох

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Үндэсний томилогдсон байгууллагууд

1.Тал тус бүр түүний нэрийн өмнөөс энэ Конвенцийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх олгогдсон үндэсний нэг буюу хэд хэдэн байгууллагыг томилно.

2.Тал тус бүр өөрийн томилсон үндэсний байгууллагыг зорилтоо хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй нөөц боломжоор хангахыг эрмэлзэнэ.

3.Тал тус бүр энэ Конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болох өдрөөс хэтрүүлэлгүйгээр өөрийн томилсон үндэсний байгууллага буюу байгууллагуудын нэр болон хаягийг Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Тал тус бүр ийм байгууллага буюу байгууллагуудынхаа нэр болон хаягийг өөрчлөгдөхөд нэн даруй Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

4.Нарийн бичгийн дарга нарын газар 3 дугаар заалтын дагуу авсан мэдээллийг нэн даруй Талуудад тараана.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Хориглосон болон онцгой хязгаарласан

Химийн бодисын талаарх журам

1.Эцэслэн журамласан арга хэмжээ авсан Талууд энэ тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэнэ. Ийм мэдэгдлийг аль болох хурдан буюу эцэслэн журамласан арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор өгөх бөгөөд түүнд I хавсралтын дагуу шаардагдах мэдээллийг оруулна.

2.Тал тус бүр түүний хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болсон өдөр Нэмэлт өөрчлөлт оруулсан Лондонгийн зарчим болон Хэрэглээний олон улсын кодын хүрээнд урьд өмнө гаргасан бөгөөд дахин мэдэгдэх шаардлагагүй эцэслэн журамласан арга хэмжээгээ оролцуулахгүйгээр тухайн өдрийг хүртэл авч хэрэгжүүлж буй эцэслэн журамласан арга хэмжээнүүдийнхээ тухай Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэнэ.

3.Нарийн бичгийн дарга нарын газар 1 болон 2 дугаар заалтын дагуу хүлээн авсан мэдэгдлийг аль болох хурдан буюу ямар ч тохиолдолд 6 сараас хэтрүүлэлгүйгээр уг мэдэгдэлд I хавсралтын дагуу шаардагдах мэдээлэл орсон эсэхийг шалгана. Хэрэв мэдэгдэлд шаардлагатай мэдээлэл орсон бол Нарийн бичгийн дарга нарын газар авсан мэдээллийнхээ тоймыг бүх Талуудад нэн даруй илгээнэ. Хэрэв мэдэгдэлд шаардлагатай мэдээлэл ороогүй бол уг мэдэгдлийг ирүүлсэн Талд энэ тухай мэдээлнэ.

4.Нарийн бичгийн дарга нарын газар 6 сар тутам 1 болон 2 дугаар заалтын дагуу хүлээн авсан мэдээллийн товч тоймд I хавсралтын дагуу шаардагдах бүх мэдээллийг агуулаагүй мэдэгдлүүдийн талаарх мэдээллийг тусган Талуудад хүргүүлж байна.

5.Нарийн бичгийн дарга нарын газар тодорхой нэг химийн бодисын талаар өөрийн шалгаж тогтоосны дагуу I хавсралтын шаардлагыг хангасан тухай мэдэгдэл Урьдчилан мэдээлж зөвшилцөх журмыг хэрэглэх зорилгоор хуваасан хоёр бүс тус бүрээс дор хаяж нэг нэгийг авсан бол эдгээр мэдэгдлийг Химийн бодисын магадлах хороонд илгээнэ. Урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авах журмыг хэрэглэх зорилгоор хуваах бүсүүдийн бүрэлдэхүүнийг Талуудын Бага хурлын анхдугаар чуулганаар зөвшилцөх журмаар баталж шийдвэрлэнэ.

6.Химийн бодисын магадлах хороо эдгээр мэдэгдэлд орсон мэдээллийг хянаж II хавсралтад өгөгдсөн шалгуурын дагуу тухайн химийн бодисыг Урьдчилан мэдээлж, зөвшилцөх журамд хамааруулан III хавсралтад оруулах эсэх талаар Талуудын Бага хуралд зөвлөмж өгнө.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Онцгой аюултай пестицидийн

Бүрэлдэхүүний талаарх журам

1.Өөрийн нутаг дэвсгэр дээр ашиглалтын нөхцөлийн дагуу хэрэглэсэн онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүнээс үүдсэн асуудалтай тулгарсан бөгөөд энэ Конвенцид оролцогч хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай аль нэг орон уг онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүнийг III хавсралтад оруулах саналыг Нарийн бичгийн дарга нарын газарт тавьж болно. Тал нь саналаа бэлтгэхдээ зохих эх үүсвэрээс авсан техникийн тодорхойлолт болон мэдээнд үндэслэж болно. Уг саналд IҮ хавсралтын 1 дүгээр хэсэгт шаардагдах мэдээллийг тусгана.

2.Нарийн бичгийн дарга нарын газар 1 дүгээр заалтын дагуу санал хүлээн авсны дараа аль болох хурдан буюу ямар ч тохиолдолд 6 сараас хэтрүүлэлгүйгээр уг саналд IҮ хавсралтын 1 дүгээр хэсэгт шаардагдах мэдээлэл орсон эсэхийг шалгана. Хэрэв саналд шаардлагатай мэдээлэл орсон бол Нарийн бичгийн дарга нарын газар авсан мэдээллийнхээ тоймыг бүх Талуудад нэн даруй илгээнэ. Хэрэв саналд шаардлагатай мэдээлэл ороогүй бол уг саналыг гаргасан Талд энэ тухай мэдээлнэ.

3.Нарийн бичгийн дарга нарын газар 2 дугаар заалтын дагуу ирүүлсэн саналтай холбогдуулан IҮ хавсралтын 2 дугаар хэсэгт тусгагдсан нэмэлт мэдээлэл цуглуулна.

4.Тухайн онцгой аюултай пестицидийн хувьд 2 болон 3 дугаар заалтын шаардлагууд биелэгдвэл Нарийн бичгийн дарга нарын газар уг санал болон холбогдох мэдээллийг Химийн бодисын магадлах хороонд илгээнэ.

5.Химийн бодисы магадлах хороо саналд тусгагдсан мэдээлэл болон цуглуулсан нэмэлт мэдээллийг хянаж IҮ хавсралтын 3 дугаар хэсэгт өгөгдсөн шалгуурын дагуу тухайн химийн бодисыг Урьдчилан мэдээлж зөвшилцөх журамд хамааруулан III хавсралтад оруулах эсэх талаар Талуудын Бага хуралд зөвлөмж өгнө.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Химийн бодисыг III хавсралтад оруулах

1.Химийн бодисын магадлах хороо III хавсралтад оруулахаар өөрийн зөвлөмж болгосон химийн бодис тус бүрийн талаар шийдвэр гаргуулах баримт бичгийн төсөл бэлтгэнэ. Шийдвэр гаргуулах энэхүү баримт бичиг нь дор хаяж I хавсралтад агуулагдах мэдээлэлд үндэслэсэн байх бөгөөд эцэслэн журамласан арга хэмжээнд хамаарах зориулалтын ангиллаас өөр ангиллын химийн бодисын ашиглалтын талаарх мэдээллийг мөн агуулсан байх ёстой.

2. 1 дүгээр заалтад өгөгдсөн зөвлөмжийг шийдвэр гаргуулах баримт бичгийн төслийн хамт Талуудын Бага хуралд хүргүүлнэ. Талуудын Бага хурал тухайн химийн бодисыг Урьдчилан мэдээлж зөвшилцөх журамд хамааруулах, III хавсралтад оруулах болон шийдвэр гаргуулах баримт бичгийн төслийг батлах эсэх зэргийг шийдвэрлэнэ.

3.Талуудын Бага хурлаас химийн бодисыг III хавсралтад оруулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг гаргуулах баримт бичгийг баталсны дараа Нарийн бичгийн дарга нарын газар энэ тухай нэн даруй бүх Талуудад мэдээлнэ.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Урьдчилан мэдээлж зөвшилцөх сайн дурын

журамд орсон химийн бодисууд

III хавсралтад орсноос өөр бөгөөд Талуудын Бага хурлын анхдугаар чуулган болох өдрөөс өмнө Урьдчилан мэдээлж зөвшилцөх сайн дурын журамд орсон химийн бодисыг III хавсралтад оруулах шийдвэрийг уг хавсралтад оруулахад тавигдах бүх шаардлагыг хангасан гэж үзсэн нөхцөлд Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар шийдвэрлэнэ.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Химийн бодисыг III хавсралтаас хасах

1.Хэрэв аль нэг Тал тухайн химийн бодисыг III хавсралтад оруулах шийдвэр гарах үед байгаагүй мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газарт өгч, тэр мэдээллийн улмаас уг химийн бодис II болон IҮ хавсралтад өгөгдсөн зохих шалгуурыг цаашид хангаж чадахгүй болвол Нарийн бичгийн дарга нарын газар тэрхүү мэдээллийг Химийн бодисын магадлах хороонд хүргүүлнэ.

2.Химийн бодисын магадлах хороо 1 дүгээр заалтын дагуу хүлээн авсан мэдээллийг хянана. Химийн бодисын магадлах хороо III хавсралтаас хасуулахаар өөрийн зөвлөмж болгосон химийн бодис тус бүрийн хувьд II буюу IҮ хавсралтын зохих шалгуурт үндэслэн шинээр шийдвэр гаргуулах баримт бичгийн төсөл бэлтгэнэ.

3. 2 дугаар заалтад тусгагдсан зөвлөмжийг шинээр шийдвэр гаргуулах баримт бичгийн төслийн хамт Талуудын Бага хуралд хүргүүлнэ. Талуудын Бага хурал тухайн химийн бодисыг III хавсралтаас хасах, шинээр шийдвэр гаргуулах баримт бичгийг батлах эсэхийг шийдвэрлэнэ.

4.Талуудын Бага хурлаас химийн бодисыг III хавсралтаас хасахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг гаргуулах баримт бичгийг баталсны дараа Нарийн бичгийн дарга нарын газар энэ тухай нэн даруй бүх Талуудад мэдээлнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ

III хавсралтад орсон химийн бодисыг

импортлохтой холбогдсон үүрэг

1.Талууд III хавсралтад орсон химийн бодисыг импортлох талаар цаг тухайд нь шийдвэр гаргахтай холбогдсон зохих хууль зүйн болон захиргааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2.Талууд 7 дугаар зүйлийн 3 дугаар заалтад тусгагдсан шийдвэр гаргуулах баримт бичгийг явуулсан өдрөөс хойш аль болох түргэн хугацаанд буюу 9 сараас хэтрүүлэлгүйгээр тухайн химийн бодисын цаашдын импортын талаар Нарийн бичгийн дарга нарын газарт хариу мэдээлэл өгнө. Хэрэв аль нэг Тал уг хариу мэдээлэлдээ ямар нэгэн өөрчлөлт хийвэл тэр тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй мэдэгдэнэ.

3. 2 дугаар заалтад өгөгдсөн хугацаа хэтэрсэн тохиолдолд Нарийн бичгийн дарга нарын газраас тухайн Талд хариу мэдээллээ яаралтай өгөхийг бичгээр мэдэгдэнэ. Хэрэв тухайн Тал хариу мэдээллээ өгч чадахгүй бол Нарийн бичгийн дарга нарын газар боломжтой нөхцөлд 11 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын сүүлийн өгүүлбэрт заасан хугацааны дотор хариу мэдээлэл өгөхөд нь туслалцаа үзүүлнэ.

4. 2 дугаар заалтын дагуух хариу мэдээллийг дараахь хэлбэрүүдийн аль нэгээр өгнө. Үүнд:

(а)Хууль зүйн болон захиргааны арга хэмжээнүүдэд нийцсэн эцсийн шийдвэр:

(i)импортыг зөвшөөрөх

(ii)импортыг үл зөвшөөрөх

(iii)импортыг тусгай нөхцөлтэйгээр зөвшөөрөх, буюу

(б)Дараахь зүйлийг тусгасан түр хариу:

(i)тусгай нөхцөлтэйгээр болон нөхцөлгүйгээр импортыг зөвшөөрсөн түр

 хариу, буюу түр хугацаанд импортыг үл зөвшөөрөх түр хариу

(ii) эцсийн шийдвэр гаргах асуудлыг идэвхтэй авч хэлэлцэж байгаа тухай мэдэгдэл

(iii)Нарийн бичгийн дарга нарын газарт буюу эцэслэн шийдвэрлэсэн арга хэмжээнийхээ талаар мэдэгдсэн Талд хандаж нэмэлт мэдээлэл авах талаар гаргасан хүсэлт

(iv)Химийн бодист үнэлгээ өгөхөд тусламж авах талаар Нарийн бичгийн дарга нарын газарт гаргасан хүсэлт.

5. 4 дэх заалтын (а) буюу (б)-гийн дагуу өгөгдөх хариу нь III хавсралтад орсон химийн бодисын ангилал буюу ангиллуудад хамаарна.

6.Эцсийн шийдвэрт түүнийг гаргахад үндэслэсэн хууль зүйн болон захиргааны арга хэмжээнүүдийн тайлбарыг хавсаргана.

7.Талууд түүний хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс хэтрүүлэлгүйгээр III хавсралтад орсон химийн бодис бүрээр Нарийн бичгийн дарга нарын газарт хариу мэдээлэл ирүүлнэ. Нэмэлт өөрчлөлт оруулсан Лондонгийн зарчим болон Хэрэглээний олон улсын кодын дагуу ийм хариу мэдээлэл өгсөн Тал дахин өгөх шаардлагагүй.

8.Талууд энэ зүйлийн дагуу өөрийн хууль зүйн болон захиргааны арга хэмжээтэй уялдуулан эрх мэдлийн хүрээнд байгаа холбогдох этгээдүүдэд хариу мэдээллийг нээлттэй болгоно.

9.Хэрэв дээрх 2 болон 4 дүгээр заалт, мөн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу химийн бодисыг импортлохыг үл зөвшөөрөх, буюу зөвхөн тусгай нөхцөлийн дагуу импортлохыг зөвшөөрөх шийдвэр гаргасан Тал уг үйлдлээ гүйцэтгээгүй байгаа бол нэгэн зэрэг хориглох буюу дараахь хоёр тохиолдлын хувьд адил төстэй нөхцөл байдал тогтооно. Үүнд:

(а)Ямар нэг эх үүсвэрээс химийн бодис импортлох;

(б) дотооддоо ашиглахаар химийн бодисыг дотооддоо үйлдвэрлэх;

10.Нарийн бичгийн дарга нарын газар өөрийн хүлээн авч буй хариу мэдээллийн талаар бүх Талуудад зургаан сар тутам мэдээлж байна. Энэ мэдээлэлд шийдвэр гаргахад үндэслэсэн хууль зүйн болон захиргааны арга хэмжээний талаар байгаа тайлбарыг оруулна. Нарийн бичгийн дарга нарын газар хариу мэдээллийг дамжуулж чадаагүй тохиолдлуудын талаар Талуудад мэдээлнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

III хавсралтад орсон химийн бодисыг экспортлохтой

холбогдсон үүрэг

1.Экспортлогч Талууд:

(а)10 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн хариу мэдээллийг эрх мэдлийн хүрээндээ байгаа холбогдох этгээдүүдэд мэдэгдэх хууль зүйн болон захиргааны зохих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

(б)10 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас Талуудад хариун мэдээллийг анх мэдэгдсэн өдрөөс хойш зургаан сараас хэтрүүлэлгүйгээр хариу мэдээлэл бүрт тусгагдсан шийдвэрийн биелэлтийг хууль, эрх мэдлийн хүрээндээ байгаа экспортлогч нараар хангуулах хууль зүйн болон захиргааны зохих арга хэмжээ авна.

(в)Хүсэлт гаргасан импортлогч Талуудад дараахь тохиолдолд зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

(1)10 дугаар зүйлийн 4 дүгээр заалт болон энэ зүйлийн 2 (в) заалтын дагуу арга хэмжээ авахад шаардагдах нэмэлт мэдээлэл авах.

(2)Химийн бодисыг хүчинтэй хугацааных нь туршид аюулгүй ашиглах боломж, чадавхийг бэхжүүлэх

2.Хэрэв аль нэг импортлогч Тал хариу мэдээлэл ирүүлээгүй буюу түр шийдвэр агуулаагүй түр хариу ирүүлсэн онцгой тохиолдолд Талууд III хавсралтад орсон химийн бодисыг дараахь тохиолдлуудаас бусад үед түүнд экспортлохгүй. Үүнд:

(а)тухайн химийн бодисыг импортолж байх үед түүнийг импортлогч Тал химийн бодис хэмээн бүртгэж авах.

(б)тухайн химийн бодисыг импортлогч Тал урьд нь ашиглаж байсан болон импортолж байсан тухай үндэслэл байгаа болон түүний ашиглалтыг хориглох шийдвэр гаргаагүй байх.

(в)Импортлогч Талын томилсон үндэсний байгууллагаар дамжуулан экспортлогч Тал тухайн химийн бодисыг экспортлох хүсэлт тавьж, импортлуулах тодорхой зөвшөөрөл авна. Импортлогч Тал ийм хүсэлтийг 60 хоногийн дотор барагдуулж, Нарийн бичгийн дарга нарын газарт өөрийн шийдвэрийн тухай шуурхай мэдэгдэнэ.

Нарийн бичгийн дарга нарын газар 10 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу аль нэг Тал хариу мэдээллээ ирүүлээгүй болон ямар нэгэн түр шийдвэр агуулаагүй түр хариу ирүүлсэн тухай Талуудад анх мэдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсний дараа Экспортлогч Талууд энэ заалтын дагуу хүлээх үүргээ 1 жилийн хугацаагаар хэрэгжүүлж эхэлнэ.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Экспортын мэдэгдэл

1.Өөрийн нутаг дэвсгэр дээр ашиглахыг хориглосон болон онцгой хязгаарласан химийн бодисыг экспортолж байгаа Тал импортлогч Талд экспортын мэдэгдэл өгнө. Экспортын мэдэгдэлд Ү хавсралтад орсон мэдээллийг тусгана.

2.Тухайн химийн бодисын хувьд эцэслэн журамласан арга хэмжээ авагдсаны дараа анхны экспорт хийхийн өмнө экспортын мэдэгдэл өгнө. Түүнээс хойш экспортын мэдэгдлийг аль нэг хуанлийн жилд анхны экспорт хийхийн өмнө өгнө. Экспорт хийхээс өмнө мэдэгдэл өгөх шаардлагаас импортлогч Талын үндэсний томилогдсон байгууллага татгалзаж болно.

3.Экспортлогч Тал аль нэг химийн бодисын хориглолт, онцгой хязгаарлалттай холбоотой томоохон өөрчлөлт оруулсан эцэслэн журамласан арга хэмжээ авбал импортлогч Талд экспортын шинэчилсэн мэдэгдэл өгнө.

4.Импортлогч Тал нь эцэслэн журамласан арга хэмжээ авсны дараа хүлээн авсан анхны экспортын мэдэгдлийг авсан тухайгаа хариу мэдээлнэ. Хэрэв экспортлогч Тал экспортын мэдэгдлээ явуулснаас хойш гучин өдрийн дотор хариу аваагүй бол хоёр дахь мэдэгдлээ явуулна. Экспортлогч Тал нь өөрийн өгсөн хоёрдахь мэдэгдлээ импортлогч Талд хүргэх талаар хүчин чармайлт гаргана.

5. 1 дэх заалтад тусгагдсан Талын хүлээх үүрэг дараахь тохиолдолд хүчингүй болно. Үүнд:

(а)Тухайн химийн бодис III хавсралтад орох;

(б)Импортлогч Тал тухайн химийн бодисын талаар 10 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газарт хариу мэдэгдэл ирүүлэх;

(в)Нарийн бичгийн дарга нарын газар 10 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу уг хариу мэдэгдлийн тухай Талуудад мэдээлэх;

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Экспортлогдож буй химийн бодисыг дагалдах мэдээлэл

1.Талуудын Бага хурал III хавсралтад орсон бие даасан болон хэсэг бүлэг химийн бодисын хувьд гаалийн кодын тодорхой Нэгдсэн системийг гаргаж мөрдүүлэхэд Дэлхийн гаалийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ. Дээр дурдсан химийн бодисуудад кодын систем мөрдөгдөж эхлэхэд экспортлогдож байгаа химийн бодис бүрийн тээвэрлэлтийн бичиг баримтад зохих кодыг тавьсан байхыг Талууд шаардана.

2.Талууд импортлогч Талын аль нэг шаардлагыг хөндөхгүйгээр III хавсралтад орсон химийн бодисууд болон экспортлогч Талын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглосон буюу онцгой хязгаарласан химийн бодисуудыг экспортлоход олон улсын холбогдох стандартын дагуу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл, хорт нөлөө үзүүлэхгүй байлгахын тулд хангалттай мэдээлэл агуулсан шошго хийх шаардлагыг тавина.

3.Талууд импортлогч Талын аль нэг шаардлагыг хөндөхгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчин буюу хүний эрүүл мэндийг хамгаалах үүднээс шошгожуулах шаардлага тавигдсан химийн бодисыг экспортлоход олон улсын холбогдох стандартын дагуу хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд эрсдэл, хорт нөлөө үзүүлэхгүй байлгахын тулд хангалттай мэдээлэл агуулсан шошго хийх шаардлага тавьж болно.

4. 2 дахь заалтад дурдагдсан мэргэжлийн зорилгоор ашиглах химийн бодисуудын хувьд экспортлогч Тал бүр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загвар бүхий хамгийн сүүлийн үеийн аюулгүй мэдээ агуулсан хүснэгтийг импортлогч Талуудад явуулахыг шаардана.

5.Шошгон дээрх болон аюулгүйн мэдээ агуулсан хүснэгтийн мэдээллийг боломжийн хэрээр импортлогч Талын нэг буюу хэд хэдэн албан ёсны хэлээр өгнө.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Мэдээлэл солилцох

1.Талууд энэ Конвенцийн зорилгод нийцүүлэн дараахь зүйлүүдэд зохих дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

(а)Энэ Конвенцийн хүрээнд химийн бодисуудын талаар тэдгээрийн хор аюул, экологийн хор аюул болон аюулгүйн мэдээллийг оруулсан судалгаа шинжилгээний, техникийн, эдийн засгийн болон хууль зүйн мэдээлэл солилцох;

(б)Энэ Конвенцийн зорилгод нийцэх дотооддоо гаргасан зохицуулалтын арга хэмжээний талаарх өргөн мэдээллийг өгөх;

(в)Химийн бодисын нэг буюу хэд хэдэн төрлийн ашиглалтыг ихээхэн хязгаарласан дотоодын зохицуулалтын арга хэмжээний тухай мэдээллийг бусад Талуудад шууд буюу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан өгөх;

2.Энэ Конвенцийн дагуу мэдээлэл солилцож байгаа Талууд харилцан тохирсон мэдээллийн нууцыг хадгална.

3.Энэ Конвенцийн зорилгод дараахь мэдээллийг нууц бус мэдээлэл гэж үзнэ. Үүнд:

(а)5 болон 6 дугаар зүйлд нийцүүлэн I болон IҮ хавсралтад өгөгдсөн мэдээлэл.

(б)13 дугаар зүйлийн 4 дэх заалтад дурдсан аюулгүйн мэдээллийн хүснэгтэд орсон мэдээлэл.

(в)Химийн бодисын хугацаа дуусах он, сар, өдөр

(г)Хор хөнөөлийн ангилал, эрсдэлийн шинж төрх болон аюулгүй ажиллагааны зөвлөмж зэргийг хамарсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл.

(д)Хор аюул болон экологийн хор аюулын туршилт шинжилгээний нэгдсэн дүн.

4.Энэ Конвенцийн зорилгод химийн бодисыг үйлдвэрлэсэн огноог ихэнх тохиолдолд нууц гэж үзэхгүй.

5.Өөрийн нутаг дэвсгэр дээгүүр III хавсралтад орсон химийн бодисыг дамжин өнгөрүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл шаардах Тал өөрийн хэрэгцээний талаар Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлж болох бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газар бүх Талуудад энэ тухай мэдэгдэнэ.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

Конвенцийг хэрэгжүүлэх

1.Талууд энэ Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдаж болох дэд бүтэц болон дотоодын байгууллагуудыг бий болгох, бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ арга хэмжээнд зохих шаардлагын үүднээс үндэсний түвшинд хууль тогтоомж гаргах, өөрчлөх болон захиргааны арга хэмжээ авах зэрэг ажлууд орохын зэрэгцээ дараахь үйл ажиллагааг хамруулж болно. Үүнд:

(а)Химийн бодисыг аюулгүй ашиглах мэдээлэл зэргийг агуулсан үндэсний бүртгэлийн болон мэдээллийн сан байгуулах;

(б)Химийн аюулгүй байдлын талаар санаачилга гарган ажиллаж буй үйлдвэрийг хөхиүлэн дэмжих;

(в)16 дугаар зүйлийн заалтуудын дагуу сайн дурын үндсэн дээр гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх;

2.Талууд химийн бодистой харьцах, аюул ослын үеийн арга ажиллагаа, дүрэм заавар болон III хавсралтад орсон химийн бодисуудтай харьцуулахад хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай адил төстэй химийн бодисуудын талаарх мэдээллийг олон нийтэд зохих ёсоор хүргэх ажлыг бататгана.

3.Талууд энэ Конвенцийг дэд бүсийн, бүсийн болон дэлхийн дахины түвшинд хэрэгжүүлэхэд шууд буюу эрх бүхий олон улсын байгууллагаар дамжуулан хамтран ажиллана.

4.Энэ Конвенцийн ямар ч заалт хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд Талуудын зүгээс Конвенцид тусгагдсанаас илүү хатуу арга хэмжээ авах эрхийг хязгаарлахгүй бөгөөд ийм арга хэмжээ нь энэ Конвенц болон олон улсын эрх зүйд нийцэж байх ёстой.

АРВАН ЗУРГАДУГААР

Техникийн тусламж

Талууд хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хэрэгцээ шаардлагыг харгалзан энэ Конвенцийг хэрэгжүүлэхээр химийн бодисын ашиглалтыг удирдан зохицуулах чадавхи болон дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай техникийн тусламж үзүүлэхэд хамтран ажиллана. Химийн бодисыг зохицуулах талаар илүү дэвшилтэт хөтөлбэртэй Талууд химийн бодисын ашиглалтыг түүний хэрэглээний хугацааных нь туршид удирдан зохицуулах чадавхи болон дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх сургалтыг оролцуулсан техникийн тусламжийг үзүүлнэ.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Дагаж мөрдөх

Талуудын Бага хурал энэ Конвенцийг Талууд дагаж мөрдөж байгаа эсэхийг тодорхойлох болон дагаж мөрдөөгүй нь тогтоогдвол хэрхэн хандах талаар баримтлах журам болон зохион байгуулалтын механизм бий болгож батална.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Талуудын Бага хурал

1.Үүгээр Талуудын Бага хурлыг үүсгэн байгуулна.

2.Талуудын Бага хурлын анхдугаар чуулганыг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал нар хамтран хуралдуулна. Цаашид Талуудын Бага хурлын ээлжит чуулганыг Бага хурлын анхны чуулганаар тогтоосон хугацаанд тогтмол зарлан хуралдуулна.

3.Талуудын Бага хурлын ээлжит бус чуулганыг Бага хурлаас шаардлагатай гэж үзсэн буюу аль нэг Талын бичгээр өгсөн хүсэлтийн дагуу Талуудын доод тал нь гуравны нэг нь дэмжсэн тохиолдолд хуралдуулна.

4.Талуудын Бага хурал нь өөрийн болон туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны болон санхүүгийн дүрэм, журам, тэрчлэн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн талаар анхныхаа чуулганаар зөвшилцөж, батална.

5.Талуудын Бага хурал нь Конвенцийн хэрэгжилтийг байнга хэлэлцэж үнэлэлт өгнө. Тэрээр Конвенциор хүлээлгэсэн үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд үүний тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

(а)Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг байгуулах;

(б)Олон улсын эрх бүхий байгууллагууд, Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;

(в)Конвенцийн зорилгод хүрэхэд шаардагдах нэмэлт арга хэмжээг хэлэлцэж хэрэгжүүлэх;

6.Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар энэхүү Конвенцийн хүрээнд зарим үүргүүдийг хүлээж ажиллах Химийн бодисын магадлах хороо гэж нэрлэгдэх туслах байгууллагыг байгуулна. Үүнтэй холбогдуулан:

(а)Химийн бодисын магадлах хорооны гишүүдийг Талуудын Бага хурлаас томилно. Хорооны гишүүд цөөн тооны Засгийн газраас томилсон химийн бодисын ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Хорооны гишүүдийг газар зүйн байршлын тэнцүү хуваарилалтыг үндэс болгон хөгжингүй болон хөгжиж буй Талуудын адил тэгш оролцоог ханган томилно.

(б)Талуудын Бага хурал нь Хорооны гүйцэтгэх ажил, зохион байгуулалт болон үйл ажиллагааны талаар шийдвэр гаргана.

(в)Хороо нь өөрийн гаргах зөвлөмжийг зөвшилцөх журмаар шийдвэрлүүлэхэд бүх хүчин чармайлт гаргана. Хэрэв бүх хүчин чармайлт үр дүнгүй болж зөвшилцөлд хүрж чадаагүй бол санал асуулгад оролцож байгаа гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.

7.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, тэрчлэн энэхүү Конвенцийн оролцогч Тал биш аль нэг улс Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцож болно. Энэхүү Конвенцийн хамрах асуудлаар мэргэшсэн дотоодын буюу олон улсын, засгийн газрын буюу төрийн бус ямар ч байгууллага Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт илэрхийлсэн бол хуралд оролцогч Талуудын гуравны нэгээс илүү нь татгалзаагүй тохиолдолд хуралд оролцуулж болно. Ажиглагчдыг хуралд оролцуулах асуудлыг Талуудын Бага хурлаар батлах журмаар зохицуулна.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Үүгээр Нарийн бичгийн дарга нарын газрыг үүсгэн байгуулна.

2.Нарийн бичгийн дарга нарын газар нь дараахь ажил үүргийг эрхлэн гүйцэтгэнэ.

Үүнд:

(а)Талуудын Бага хурал болон түүний туслах байгууллагуудын хуралдааныг зохион байгуулах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх;

(б)Талууд түүний дотор хөгжиж байгаа болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хүсэлтээр Конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлэх;

(в)Олон улсын холбогдох бусад байгууллагуудын Нарийн бичгийн дарга нарын газартай шаардлагатай үйл ажиллагаагаа зохицуулах;

(г)Талуудын Бага хурлын ерөнхий удирдамж зааврын дагуу өөрийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад шаардагдаж болох захиргааны зохицуулалтад орох болон гэрээ хэлцэл хийх;

(д)Энэхүү Конвенцийн хүрээнд Нарийн бичгийн дарга нарын газарт холбогдсон болон Талуудын Бага хурлаас хүлээлгэж болох бусад ажил үүргүүдийг хэрэгжүүлэх;

3.Энэхүү Конвенцийн хүрээнд Нарийн бичгийн дарга нарын газрын ажил үүргийг НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал нар хамтран гүйцэтгэх бөгөөд шаардлагатай асуудлуудыг харилцан тохиролцож, Талуудын Бага хурлаар батлуулан ажиллана.

4.Хэрэв Нарийн бичгийн дарга нарын газар ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол Талуудын Бага хурлаас санал асуулгад оролцож буй Талуудын дөрөвний гурваас дээш дийлэнхийн саналаар түүний ажил үүргийг эрх бүхий олон улсын нэг буюу хэд хэдэн байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж болно.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Маргаан шийдвэрлэх

1.Талууд нь тэдний хооронд Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдон гарсан ямар нэгэн маргааныг хэлэлцээний буюу өөрсдийн сонгон авсан бусад аргаар эв зүйгээр шийдвэрлэнэ.

2.Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах үед буюу түүнд нэгдэн орох, мөн түүнээс хойш ямар ч үед бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага биш аливаа Тал Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдсон ямар ч маргааны тухайд дор дурдсан шийдвэрлэх арга замын аль нэгийг буюу хоёуланг хүлээн зөвшөөрч буй бусад Талтай үүссэн маргаанаа шийдвэрлэхдээ заавал дагаж мөрдөнө гэдгээ Эх хадгалагчид ирүүлэх батламж бичигтээ мэдэгдэж болно. Үүнд:

(а)Талуудын Бага хурлаас хавсралтаар баталсан журмын дагуу аль болох богино хугацаанд арбитраар хянан хэлэлцүүлэх;

(б)Маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлэх;

3.Конвенцийн Тал болох бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 2 дахь заалтын (а)-д дурдсан журмын дагуу арбитрын шүүхтэй төстэй мэдэгдэл гаргаж болно.

4. 2 дахь заалтын дагуу хийсэн мэдэгдэл нь түүнд заасан нөхцлийн дагуу хүчинтэй байх хугацаа дуусах хүртэл буюу түүнийг цуцлах тухай мэдэгдлээ Эх хадгалагчид бичгээр өгснөөс хойш гурван сарын турш хүчин төгөлдөр байна.

5.Хэрэв маргалдагч Талууд өөрөөр тохироогүй бол мэдэгдлийн хүчинтэй байх хугацаа дуусах, түүнийг цуцлах болон шинээр мэдэгдэл хийх зэрэг нь арбитрын шүүх болон Олон улсын шүүхээр хянагдаж буй асуудлыг ямар нэг байдлаар хөндөхгүй.

6.Хэрэв маргалдагч Талууд 2 дахь заалтын дагуу түүнтэй адил буюу өөр ямар ч журмыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдний хооронд маргаан байгааг нэг Тал нь нөгөөдөө мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын дотор шийдвэрлэж чадаагүй бол маргалдагч Талуудын аль нэгний хүсэлтээр маргааныг Эвлэрүүлэх комисст шилжүүлнэ. Эвлэрүүлэх комисс зөвлөмж болгосон илтгэл гаргана. Эвлэрүүлэх комисстой холбогдсон нэмэлт журмыг Талуудын Бага хурал хоёрдугаар чуулганаасаа хэтрүүлэлгүйгээр хавсралтаар батална.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах

1.Аль ч Тал энэ Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно.

2.Энэ Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг Талуудын Бага хурлаар батална. Нарийн бичгийн дарга нарын газар ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцүүлэх хурал эхлэхээс доод тал нь зургаан сарын өмнө Талуудад хүргүүлнэ. Нарийн бичгийн дарга нарын газар санал болгож буй нэмэлт өөрчлөлтийн тухай энэ Конвенцид гарын үсэг зурсан Талуудад мэдэгдэх бөгөөд Эх хадгалагчид мөн мэдээлэл өгнө.

3.Талууд энэ Конвенцид оруулах ямар нэг нэмэлт өөрчлөлтийг зөвшилцөх журмаар шийдвэрлэхэд бүх хүчин чармайлтаа дайчлана. Хэрэв бүх хүчин чармайлт үр дүнгүй болж зөвшилцөлд хүрээгүй бол хуралдааны санал асуулгад оролцож байгаа Талуудын дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ.

4.Эх хадгалагч нь нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлуулах, хүлээн зөвшөөрүүлэх буюу батлуулахаар бүх Талуудад явуулна.

5.Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухайгаа Эх хадгалагчид бичгээр мэдэгдэнэ. 3 дахь заалтын дагуу баталсан нэмэлт өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн Талуудын хувьд Талуудын доод тал нь дөрөвний гурав нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш ямар нэг Тал уг нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай батламж бичгээ Эх бичиг хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногоос эхлэн уг нэмэлт өөрчлөлт тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болно.

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Хавсралтуудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

1.Энэ Конвенцийн хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болох бөгөөд хэрэв өөрөөр заагаагүй бол Конвенциос иш татах нь түүний хавсралтуудаас иш татсантай адил байх болно.

2.Хавсралтад зөвхөн шинжлэх ухаан-техник, захиргааны болон журмын чанартай асуудлыг оруулна.

3.Энэ Конвенцид шинээр хавсралт нэмж оруулах санал гаргах, батлах, хүчин төгөлдөр болгоход дараахь журмыг баримтална. Үүнд:

(а)Нэмэлт хавсралтыг 21 дүгээр зүйлийн 1, 2 болон 3 дахь заалтуудад тусгагдсан журмын дагуу санал болгож, батлуулна.

(б)Нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй аль нэг Тал энэ тухайгаа уг хавсралтыг баталсан тухай Эх хадгалагч мэдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор түүнд бичгээр мэдэгдэнэ. Эх хадгалагч ийм мэдэгдэл авсан тухай бүртээ нэн даруй бүх Талуудад мэдэгдэнэ. Оролцогч Тал нь нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай өмнө өгсөн мэдэгдлээ ямар ч үед цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд уг хавсралт тухайн Талын хувьд доорхи (в) заалтын дагуу хүчин төгөлдөр болно.

(в)Нэмэлт хавсралтыг баталсан тухай Эх хадгалагч мэдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа уг хавсралт (б) заалтын дагуу мэдэгдэл өгөөгүй бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.

4.III хавсралтаас бусад тохиолдолд энэ Конвенцийн хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, батлах болон хүчин төгөлдөр болгох үйл ажиллагаа нь Конвенцид нэмэлт хавсралт оруулах санал гаргах, батлах болон хүчин төгөлдөр болгохтой адил журмын дагуу явагдана.

5.III хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, батлах болон хүчин төгөлдөр болгох үйл ажиллагааг дараахь журмаар зохицуулна. Үүнд:

(а)III хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, батлах үйл ажиллагааг 5-9 дүгээр зүйлүүд болон 21 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад тусгагдсан журмын дагуу зохицуулна.

(б)Талуудын Бага хурал батлах шийдвэрээ зөвшилцөх журмаар гаргана.

(в)III хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахаар гаргасан шийдвэрийг Эх хадгалагч нэн даруй Талуудад мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлт нь шийдвэрт тодорхойлон заасан өдөр бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.

6.Хэрэв шинээр оруулсан нэмэлт хавсралт буюу хавсралтад оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэ Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой бол тэрхүү нэмэлт хавсралт буюу хавсралтад оруулсан нэмэлт өөрчлөлт нь Конвенцид оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчинтэй болтол хүчин төгөлдөр болохгүй.

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Санал өгөх эрх

1.Доорх 2 дахь заалтад зааснаас бусад тохиолдолд энэ Конвенцийн Тал тус бүр нэг санал өгнө.

2.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нь өөрийн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар энэ Конвенцийн Талууд болох гишүүн улсуудынхаа тоотой тэнцүү тооны саналтайгаар санал хураалтад оролцох эрх эдэлнэ. Хэрэв гишүүн улсуудын аль нэг нь санал өгөх эрхээ эдэлж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагууд санал өгөх эрх эдлэхгүй бөгөөд эсэргээрээ байгууллагаар төлөөлөгдөж санал хураалтад оролцсон орон дангаараа санал өгөх эрхгvй.

3.Энэ Конвенцийн зорилгод “оролцон санал өгөгч Талууд” гэдэг нь санал хураалтад оролцон дэмжих буюу дэмжихгүй санал өгөгч Талуудыг хэлнэ.

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Гарын үсэг зурах

1.Энэ Конвенц бүх улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд гарын үсэг зурахад Роттердам хотноо 1998 оны 9 дүгээр сарын 11-нд, Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 1998 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1999 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд нээлттэй байна.

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх,

батлах ба нэгдэн орох

1.Энэ Конвенцийг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батална. Конвенцид гарын үсэг зурах хугацаа дууссан өдрөөс эхлэн түүнд улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн орох явдал нээлттэй болно. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгийг Эх хадгалагчид хадгалуулна.

2.Нэг ч гишүүн улс нь Конвенцийн Тал болоогүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны аль нэг байгууллага Конвенцийн Тал болоход Конвенциор хүлээлгэх бүх үүргийг өөртөө хүлээнэ. Мөн ийм байгууллагын хувьд түүний нэг буюу хэд хэдэн гишүүн улс энэ Конвенцийн Тал болсон тохиолдолд уг байгууллага болон тэдгээр гишүүд Конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд тус тусын хүлээх хариуцлагын талаар шийвэр гаргана. Ийм тохиолдолд уг байгууллага болон тvvний гишvvн орнууд Конвенциос урган гарч байгаа эрхийг давхардуулан эдэлж болохгүй.

3.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичигтээ Конвенциор зохицуулагдах асуудлуудаар өөрийн эдлэх эрхийн хэр хэмжээг мэдэгдэнэ. Мөн эдгээр байгууллагууд нь өөрийн эдлэх эрхийн хэр хэмжээг өөрчилсөн бол энэ тухай Эх хадгалагчид мэдээлэх бөгөөд тэр нь бусад Талуудад мэдээлнэ.

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох

1.Энэ Конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай тавь дахь батламж бичгийг Эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай тавь дахь батламж бичгийг хадгалуулснаас хойш уг Конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон улс буюу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд дээр дурдсан батламж бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер хоногийн дараа уг Конвенц хүчин төгөлдөр болно.

3.1 ба 2 дахь заалтуудын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Эх хадгалагчид өгсөн ямар нэг баримт бичгийг түүний гишүүн орнуудаас өгсөн нэмэлт баримт бичиг гэж үзэхгүй.

ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Тайлбар

Энэ Конвенцид ямар нэгэн тайлбар хийж болохгүй.

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Конвенциос гарах

1.Аль нэг Тал түүний хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жил өнгөрсний дараа ямар ч үед Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгснөөр Конвенциос гарч болно.

2.Конвенциос гарах нь Эх хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа буюу уг мэдэгдэлд тусгайлан заасан хугацаа өнгөрсний дараа хvчинтэй болно.

ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Эх хадгалагч

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ Конвенцийн Эх хадгалагч байна.

ГУЧДУГААР ЗҮЙЛ

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Энэ Конвенцийн эх хувийг англи, араб, испани, хятад, орос болон франц хэлээр адил хүчинтэй үйлдэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэ Конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун ерэн найман оны есдүгээр сарын аравны өдөр Роттердам хотноо үйлдэв.

I ХАВСРАЛТ

5 ДУГААР ЗҮЙЛИЙН ДАГУУ ХИЙХ МЭДЭГДЭЛД

ШААРДАГДАХ МЭДЭЭЛЭЛ

Мэдэгдэлд дараахь зүйлс орно. Үүнд:

1.Химийн шинж чанар, үүний илрэлт болон хэрэглээний төрлүүд:

(а)Ерөнхий нэр

(б)Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн номенклатур (жишээлбэл Онолын болон хавсарга химийн олон улсын холбоо) байгаа нөхцөлд түүнд орсон химийн нэр:

(в)Худалдааны нэр болон бэлдэцийн нэр

(г)Кодын дугаар: Химийн шинжилгээний тойм бэлтгэх албаны дугаар, Гаалийн кодын Нэгдсэн системийн болон бусад дугаарууд

(д)Ангилалд хамааруулах шаардлагатай химийн бодисуудыг аюулын зэргээр ангилсан мэдээлэл

(е)Химийн бодисын ашиглалтын төрлүүд

(ё)Физик-хими, хор аюул, экологийн хор аюулын шинж чанар

2.Эцэслэн журамласан арга хэмжээ:

(а)Эцэслэн журамласан арга хэмжээтэй холбогдсон мэдээлэл. Үүнд:

(i)Эцэслэн журамласан арга хэмжээний товч тойм

(ii)Ашигласан дүрэм журмын баримт бичгүүд

(iii)Эцэслэн журамласан арга хэмжээ хүчин төгөлдөр болох он, сар, өдөр

(iv)Эцэслэн журамласан арга хэмжээг эрсдлийн аль буюу хор хөнөөлийн үнэлгээний үндсэн дээр гаргасан эсэхийг бичих, хэрэв тийм бол үнэлгээний талаарх мэдээллийг ашигласан холбогдох бичиг баримтын хамт мэдээлэх

(v)Хүний эрүүл мэнд, түүний дотор хэрэглэгчид болон ажиллагсдын эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой эцэслэн журамласан арга хэмжээ авсан шалтгаан

(vi)Хүний эрүүл мэнд түүний дотор хэрэглэгчид болон ажиллагсдын эрүүл

мэнд, хүрээлэн буй орчинд учруулах хор хөнөөл болон эрсдлийн талаарх товч тойм, эцэслэн журамласан арга хэмжээнээс үүдэх үр дагавар

(б)Эцэслэн журамласан арга хэмжээ авагдсан ангилал болон ангиллууд:

(i)Эцэслэн журамласан арга хэмжээгээр хориглосон ашиглалтын төрлүүд

(ii)Ашиглалтын зөвшөөрөгдсөн төрлүүд

(iii)Үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон болон ашигласан химийн

 бодисын тоо хэмжээний үнэлгээ

(в)Эцэслэн журамласан арга хэмжээ нь бусад улс болон бүс нутгийн хувьд хэр хамаатай болохыг заах

(г)Дараахь асуудлуудыг хамарсан бусад мэдээлэл. Үүнд:

(i )Эцэслэн журамласан арга хэмжээний нийгэм-эдийн засгийн үр дагаврын үнэлгээ

(ii)Ижил төстэй химийн бодисууд, тэдгээртэй холбогдон гарах эрсдэл болон доорх зүйлийг хамарсан мэдээлэл. Үүнд:

Хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх нэгдсэн стратеги

Цэвэр технологийг оролцуулсан үйлдвэрлэлийн арга болон үйл ажиллагаа

II ХАВСРАЛТ

ХОРИГЛОСОН БОЛОН ОНЦГОЙ ХЯЗГААРЛАСАН

ХИМИЙН БОДИСЫГ III ХАВСРАЛТАД ОРУУЛАХ

ШАЛГУУР

Химийн бодисын магадлах хороо нь 5 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газарт ирүүлсэн мэдэгдлүүдэд шүүмж хийхэд дараахь үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

(а)Эцэслэн журамласан арга хэмжээг хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд авч хэрэгжүүлснийг нотлох.

(б)Эцэслэн журамласан арга хэмжээг эрсдлийн үнэлгээний үр дүнд гаргасан болохыг тогтоох. Энэ үнэлгээ нь тухайн Талын голлох нөхцөлүүдийг хамарсан шинжлэх ухааны мэдээ материалд хийсэн шүүмжид тулгуурласан байна. Энэ зорилгоор баримт бичиг үйлдэхэд дараахь шаардлагыг хангана. Үүнд:

(i)Мэдээ материалыг шинжлэх ухааны үндэслэлтэй аргаар гаргаж авсан байх.

(ii)Мэдээ материалыг тоймлож, баримт бичигт оруулахдаа шинжлэх ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим болон дүрэм журамд үндэслэх.

(iii)Эцэслэн журамласан арга хэмжээ авахдаа ийм арга хэмжээ авч байгаа Талын голлох нөхцөлүүдийн эрсдлийн үнэлгээнд тулгуурлах.

(в)Эцэслэн журамласан арга хэмжээ нь химийн бодисыг III хавсралтад оруулах хангалттай үндэслэл болох эсэхийг дараахь байдлыг харгалзан тодорхойлох. Үүнд:

(i)Эцэслэн журамласан арга хэмжээ нь химийн бодисын ашиглалтын тоо хэмжээ болон төрлийг эрс багасгасан болон багасгах эсэх.

(ii)Эцэслэн журамласан арга хэмжээ нь мэдэгдэл ирүүлсэн Талын хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд учрах эрсдлийг бодитойгоор багасгасан буюу ихээхэн хэмжээгээр багасгах эсэх.

(iii)Эцэслэн журамласан арга хэмжээ авах үндэслэл нь зөвхөн газар зүйн хязгаарлагдмал орчин буюу хязгаарлагдмал нөхцөл байдалд үйлчлэх эсэх.

(iv)Тухайн химийн бодисыг олон улсын хэмжээнд худалдаалж буй нотолгоо байгаа эсэх.

(г)Химийн бодисыг санаатайгаар зүй бусаар ашиглаж байгаа нь түүнийг III хавсралтад оруулах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхааралдаа авах.

III ХАВСРАЛТ

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШИЛЦӨХ ЖУРАМД

ХАМААРАХ ХИМИЙН БОДИСУУД

 Химийн бодисууд

Олон улсын код

Зориулалтын

Ангилал

2.4.5-Т ба түүний давс болон нийлмэл эфирүүд

93-76-5

Пестицид

Алдрин

309-00-2

Пестицид

Бинапакриль

485-31-4

Пестицид

Каптафол

2425-06-1

Пестицид

Хлордан

57-74-9

Пестицид

Хлордимеформ

6164-98-3

Пестицид

Хлоробензилат

510-15-6

Пестицид

ДДТ

50-29-3

Пестицид

Делдрин

60-57-1

Пестицид

Динитро-орто-кресол болон түүний давсууд /аммонийн, калийн, натрийн давс зэрэг/

534-52-1

2980-64-5

5787-96-2

2312-76-7

Пестицид

Диносив болон түүний давсууд болон нийлмэл эфирүүд

88-85-7

Пестицид

1.2-дибромэтан, ЭДВ

106-93-4

Пестицид

Этилийн дихлорид

07-06-2

Пестицид

Этилийн исэл

75-21-8

Пестицид

Флуорацитамид

640-19-7

Пестицид

НСН изомерийн холимогууд

608-73-1

Пестицид

Гептахлор

76-44-8

Пестицид

Гексахлорбензин

118-74-1

Пестицид

Линдан

58-89-9

Пестицид

Мөнгөн усны нэгдлүүд, мөнгөн усны органик бус нэгдлүүд, алкил мөнгөн усны нэгдлүүд, алкилоксиалкил буюу мөнгөн усны арил нэгдлүүд

Пестицид

5 хлор фенол

87-86-5

Пестицид

Нэг кротофос (600 гр/литр идэвхт бодис бүхий шингэн хэлбэрт уусмал/

6923-22-4

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Метамидфос /600 гр/литр идэвхт бодис бүхий шингэн хэлбэрт уусмал/

10265-92-6

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Фосфоамидон /1000 гр/литр идэвхт бодис бүхий шингэн хэлбэрт уусмал/

13171-21-6

(E) & (Z) изомерийн холимог

23783-98-4

(Z) – изомерт

297-99-4

(Ү)-изомерт

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Метил-паратион

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Эмульсийн концентрац нь 19.5%

40% 50% –ийн хэлбэрийн 60% -ийн идэвхт бодис бүхий 1.5 % -ийн тоосонцор агуулсан 2 % ба 3 % -ийн идэвхт бодис бүхий/

298-00-0

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Паратион /суспензээс бусад аэрозоль, тоосонцор, эмульс, буурцагт хэлбэртэй/

56-38-2

Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүн

Кросидолит

12001-28-4

Үйлдвэрлэлийн

Олон хлорт бифенилүүд (РВВ)

59080-40-9 ажирЭ

27858-07-7 мисЭ

13654-09-6 бвиЭ

Үйлдвэрлэлийн

Олон хлорт бифенилүүд (РСВ)

1336-36-3

Үйлдвэрлэлийн

Олон хлорт терфенилүүд (РСТ)

61788-33-3

Үйлдвэрлэлийн

Трис (2.3 дибромпропил фосфатууд)

126-72-7

Үйлдвэрлэлийн

IҮ ХАВСРАЛТ

ОНЦГОЙ АЮУЛТАЙ ПЕСТИЦИДИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ

III ХАВСРАЛТАД ОРУУЛАХАД ШААРДАГДАХ МЭДЭЭЛЭЛ

БОЛОН ШАЛГУУР

1 дүгээр хэсэг. Санал гаргагч Талаас шаардагдах баримт бичгүүд:

6 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу санал гаргасан баримт бичиг нь дараахь мэдээллийг агуулсан байна. Үүнд:

(а)Аюултай пестицидийн бүрэлдэхүүний нэр

(б)Бүрэлдэхүүнд агуулагдах идэвхтэй болон бусад орц бодисын нэр

(в)Бүрэлдэхүүнд агуулагдах идэвхтэй бодисын харьцангуй хэмжээ

(г)Бүрэлдэхүүний төрөл

(д)Хэрэв байгаа бол үйлдвэрлэгчийн нэр болон худалдааны нэр

(е)Санал гаргагч Талд уг бүрэлдэхүүнийг өргөн хэрэглэж буй зөвшөөрөгдсөн хэлбэрүүд

(ё)Бүрэлдэхүүнийг хэрхэн ашигласан болон ямар хор уршиг илэрсэн зэргийг оруулан аюултай тохиолдол бүрийн тухай хийсэн нарийвчилсан тайлбар

(з)Санал гаргагч Талаас энэхүү аюултай тохиолдлын хариуд авсан болон авахаар төлөвлөж буй зохицуулалт, захиргааны болон бусад арга хэмжээ.

2 дугаар хэсэг. Нарийн бичгийн дарга нарын газраас цуглуулах мэдээлэл

6 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас аюултай пестицидийн бүрэлдэхүүнтэй холбогдсон мэдээллийг цуглуулах бөгөөд дараахь мэдээллийг хамруулна. Үүнд:

(а)Бүрэлдэхүүний физик-хими шинж чанар, хор аюул болон экологийн хор аюул

(б)Бусад орнуудад боловсруулах, хэрэглэхтэй холбогдуулан гаргасан хязгаарлалтын талаарх мэдээлэл

(в)Бусад орнуудад пестицидийн бүрэлдэхүүнтэй холбогдон гарсан аюултай тохиолдлын тухай мэдээлэл

(г)Бусад Талууд, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, түүнчлэн үндэсний болон олон улсын бусад эх үүсвэрүүдээс өгсөн мэдээлэл.

(д)Эрсдэл болон аюулын үнэлгээ

(е)Бүртгэлийн тоо, үйлдвэрлэл, худалдааны хэмжээ зэрэг пестицидийн бүрэлдэхүүний хэрэглээний цар хүрээг илтгэсэн мэдээлэл

(ё)Пестицидийн бусад бүрэлдэхүүнүүд, тэдгээртэй холбогдсон аюултай тохиолдлууд

(з)Хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх хувилбар аргууд

(ж)Химийн бодисын магадлах хорооноос энэ асуудалтай холбоотой гэж үзсэн бусад мэдээлэл

3 дугаар хэсэг. Онцгой аюултай пестицидийн бүрэлдэхүүнийг III хавсралтад оруулах шалгуур

Химийн бодисын магадлах хороо нь 6 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн саналыг авч хэлэлцэхдээ дараахь зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

(а)Пестицидийн бүрэлдэхүүнийг санал гаргагч Талын нийтээр хүлээн зөвшөөрсөн аргаар ашигласан нь аюултай тохиолдолд хүргэснийг илтгэсэн мэдээллийн найдвартай байдал

(б)Ийм аюултай тохиолдол нь уур амьсгал, нөхцөл байдал болон пестицидийн бүрэлдэхүүний ашиглалтын төрлөөр ойролцоо бусад улс орнуудад хэрхэн хамаарах

(в)Шаардлагатай дэд бүтэцгүй улс орнуудад зохих ёсоор өргөн хэрэглэгдэж чадахгүй байж болох техник технологитой холбогдуулан боловсруулах болон ашиглах талаар хийсэн хязгаарлалт

(г)Бүртгэгдсэн сөрөг үр дагаврыг ашигласан пестицидийн бүрэлдэхүүний тоо хэмжээтэй харьцуулсан байдал

(д)Пестицидийн бүрэлдэхүүнийг санаатайгаар зүй бусаар ашиглаж байгаа нь түүнийг III хавсралтад оруулах хангалттай шалтгаан болохгүй байх зэрэг болно.

Ү ХАВСРАЛТ

ЭКСПОРТЫН МЭДЭГДЭЛД ШААРДАГДАХ МЭДЭЭЛЭЛ

1.Экспортын мэдэгдэл дараахь мэдээллийг агуулна. Үүнд:

(а)Экспортлогч болон импортлогч Талуудын үндэсний томилогдсон байгууллагуудын нэр хаяг.

(б)Импортлогч Тал руу экспорт хийхээр төлөвлөсөн он,сар, өдөр

(в)Хориглосон болон онцгой хязгаарласан химийн бодисын нэр, 5 дугаар зүйлийн дагуу Нарийн бичгийн дарга нарын газарт өгөх I хавсралтад заасан мэдээллийн тойм. Хэрэв хольц болон бэлдцэд нэгээс илүү химийн бодис орсон бол бодис тус бүрээр мэдээлэл өгнө.

(г)Химийн бодисыг импортлогч Талын ямар зэрэглэлд оруулах, уг зэрэглэлийн хүрээнд хэрхэн ашиглах талаар хийсэн мэдээлэл

(д)Химийн бодисын хортой нөлөөллийг багасгах талаар авах урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдээлэл

(е)Хольц буюу бэлдэц байх тохиолдолд хориглосон болон онцгой хязгаарласан химийн бодисын найрлага

(ё)Импортлогчийн нэр, хаяг

(з)Импортлогч Талын үндэсний томилогдсон байгууллагад хэрэг болох Экспортлогч Талын үндэсний томилогдсон байгууллагад бэлэн байгаа ямар нэг нэмэлт мэдээлэл

2.Экспортлогч Тал энэхүү 1 дүгээр заалтад дурдсан мэдээлэлд нэмэлт болгон I хавсралтад заасан иймэрхүү мэдээллийг импортлогч Талаас хүсэлт болгосны дагуу гаргаж өгнө.