A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 346

Улаанбаатар хот

ЭБОЛА ВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ,

БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 45/25 дугаар зөвлөмжийг үндэслэн Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн боомт болон Чингис хаан Олон улсын нисэх буудлын зорчигчдын эрүүл мэндийн хяналт, халдвар эсэргүүцэх арга хэмжээ, тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.

2. Эбола вируст халдвараас сэргийлэх, болзошгүй аюулын үед бэлэн байдлыг хангахад шаардагдах хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, нөөц бүрдүүлэх, холбогдох салбаруудын бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.

3. Эбола вируст халдварын тандалт, оношилгоо, эмчилгээ, халдвараас сэргийлэх арга хэмжээний заавар, журмыг гарган эрүүл мэндийн болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад мөрдүүлж хэрэгжүүлэх, холбогдох сургалт зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.

4. Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол Улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.

5. Эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дамжин өнгөрсөн зорчигчдын мэдээллийг агаарын болон төмөр замын тээврийн компаниудаас урьдчилан авч, хилийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст мэдээлэл өгч байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг хариуцагч С.Эрдэнэ, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нарт үүрэг болгосугай.

6. Эбола вируст халдвараас сэргийлэх талаар хүн амд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Д.Наранбаатар нарт үүрэг болгосугай.

7. Шаардлагатай тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвийг Эбола вируст халдвартай өвчтөнийг тусгаарлан эмчлэх эмнэлэг болгон ажиллуулах төлөвлөгөө гарган, бэлэн байдлыг хангахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгасугай.

8. Эбола вируст халдварын тархвар судлал, эмнэлзүйн явц, оношилгоо, эмчилгээний арга зүйн талаар судалгаа хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

9. Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг ажиллуулахад шаардагдах 477,389.000 (дөрвөн зуун далан долоон сая гурван зуун наян есөн мянган) төгрөгийн зардлын төсвийг хавсралтаар баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайдын үүргийг хариуцагч Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ