A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  11  сарын  13  өдөр     

    Дугаар  69 

     Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:

1/Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах;

2/Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах;

3/нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ авах;

4/Монгол Улсын төсвийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах;

5/улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгох.

3.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх;

2/2015-2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх;

3/Монголбанк, Засгийн газар хооронд макро эдийн засгийн нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах.

4.Төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.

5.Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.

7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД